The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by natsagdorj0618, 2023-02-27 23:12:01

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (3)

3.Хятад-Монголын харилцаа хэвлэл мэдээлэлд 1949-2019 (1500 - 1999)

1550 муугүй мэддэг нь ажилд маань их тустай юм аа. Надад монгол найз олон бий. Ямар нэгэн бэрхшээл гарахад би тэдэнтэй уулзаж ярилцчих жишээтэй. -Манай хоёр орны харилцаа нэг хэсэг нэлээд муудаж байсан...? -Тийм ээ. Түүхийн тухайн үед харилцаа мурий сарий замыг туулж байсан. Би тэр үед ид ажиллаж байсан болохоор сайн мэднэ. Манай хоёр орны харилцааг таван үед хувааж болох юм. Одоо манай хоёр улсын харилцаа дээд хэмжээнд хүрч, тайван тогтвортой байна. Үүнд хоёр улсын элчин сайд, дипломатууд, ард иргэд, төрийн болон төрийн байгууллагуудын хувь нэмэр их бий. Түүнчлэн ний нуугүй хэлэхэд миний бие бага ч атугай хувь нэмэр оруулсан. Цаашид би Хятад Монгол хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө өөрөөс шалтгаалах бүгдийг хийх болно. Мөн хоёр орны найрсаг харилцаа гэсэн энэ их барилгад хэвлэл мэдээллийн ажиллтан та бүгд тоосго нэмдэг гол хүмүүс шүү дээ. -БНХАУ өнгөрсөн жил Косовод үзүүлсэн НАТО-гийн цохилтыг эсэргүүцэж байсан цөөхөн орны нэг, бас Бельград дахь танаы улсын элчин сайдын яамыг бөмбөгдсөн эмгэнэлтэй явдал гарсан. Тухайн үед танай оронд нэлээд ширүүн эсэргүүцэл гарч байсан. Мөн ОХУ-ын Чеченьд явуулж буй ажиллагааны талд байгаагаа танай улс илэрхийлсэн. Харин дэлхийн олон орон үүнийг эсэргүүцэж байгаа шүү дээ. -Косово болон Чечений асуудал дээр манай Засгийн газрын байр суурь их тодорхой. Бид ийм асуудлыг тухайн бүрэн эрхт улсын дотоод хэрэг гэж үздэг. Тэд бүрэн эрхтэй улс учраас өөрсдийн дотоод хэргээ өөрсдөө шийдвэрлэх эрхтэй. Харин тэд хүний эрхийг хамгаална гэсэн нэр барьж зохион байгуулалттай бодлого баримталж байна. Манай элчин сайдын яамыг бөмбөгдсөн нь санаатай, зохион байгуулалттай хэрэг гэж бид үзэж байгаа. Манай ард түмний ч хатуу эсэргүүцэлтэй тулгарсан шүү дээ. Чечень ч гэсэн адил. ОХУ өөрсдийн дотоод хэргээ яаж шийдэх нь тэдний хэрэг. Зарим улс “хүний эрхийг хамгаалах”, “хүмүүнлэгээр оролцох” нэрийдлээр өөрсдийн үзэл бодлыг тулгадаг явдлыг бид буруушаадаг юм. Косовогийн асуудлыг шийдэх гээд пуужингаар харваад байсан нь тухайн газар оршин суух хүмүүсийн амьд явах эрхийг үгүй хийж, хүний эрхийг зөрчиж л байна шүү дээ. 1989 онд БНХАУ-ын Тянь-Ань-Миний талбай дээр хийсэн үйл ажиллагааг зарим орон буруутгадаг. Харин тухайн үед зэвсэг хэрэглэсэн нь зөв байсныг түүх гэрчилнэ. Ер нь хаана ч өөрийн орны тогтвортой байдлыг хангах нь тухайн бүрэн эрхт улсын эрх. -Хэд хоногийн өмнө Тянь-Ань-Миний талбайд дэлбэрэлт болсон. Чухам юуны учир ийм явдал болов оо? -Бидний авсан мэдээгээр бөмбөг дэлбэлсэн тэр хүн сэтгэцийн гажигтай хүн юм билээ. Зарим хүн тэрс үзэлтэн гэж байгаа ч миний бодлоор сэтгэл зүйн гажигтай хүн үүнийг хийсэн. -Ирэх гуравдугаар сарын 18-нд Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль болох тухай ярьж байна. Энэ тал дээр танай орны баримталж буй байр суурь ямар байгаа бол?


1551 -Тайванийн талаархи БНХАУ-ын бодлого тууштай. Эх газар ч арал ч бүгд нэг Хятад орон. Дэлхий дээр нэг л Хятад байх ёстой. Тайваны эрх баригчид НҮБ-д элсэх талаар оролдлого хийсэн ч олонхийн дэмжлэг аваагүй. Ирэх сард Тайвань Ерөнхийлөгчийн сонгууль хийхийг зарлаж, үүнийхээ өмнө “хоёр орон” гэгч онолыг зохиогоод байгаа. Тайваныг удирдагч Ли Дэн Хуй “хоёр орон оршиж байна” гэдэг. Тайваны асуудал БНХАУын дотоод хэрэг бөнөөд бид үүнийг энх тайнаар шийдвэрлэхийг хүсдэг. Гэхдээ гадны тусламж авч, зэвсэг хэрэглэвэл бид ч зүгээр байхгүй. Ирэх сард болох “Ерөнхийлөгчийн сонгууль” гэдэг нь Тайваны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байгаасай гэж бид хүсч байна. -Өнөөгийн Хятад орны байдал? -1976 оноос Дэн Сяо Пин нээлттэй бодлого явуулж эхэлснээс хойш эдийн засгийн нэгдсэн чадавхи ихээхэн нэмэгдсэн. Дотоодын ҮНБ-ний хэмжээгээрээ БНХАУ дэлхийд долдугаарт бичигдсэн. Гэхдээ манай хүн амын тоо их болохоор нэг хүнд ноогдох хэмжээ өөр л дөө. БНХАУ-д ядуурлын түвшинд байгаа хүмүүсийн тоо 20-иод сая. Ард түмний худалдан авах чадвар сайнгүй байгаа. Үүнийг дээшлүүлэх гээд хийх юм их бий. Гэхдээ 2050 он манайд улс гэхэд нэлээд хөгжингүй хэмжээнд хүрнэ. Э.Энэрэл Өдрийн сонин 2000.2.19 №40 Бямба ХКН-ын урилгаар айлчлал хийнэ МҮАН, МАХН-ын төлөөлөгчид өмнө нь Хятадын Коммунист намын урилгаар ажлын айлчлал хийсэн билээ. Энэ удаа МСДН-ын төлөөлөгчид энэ сарын 13-наас 18-нд Хятадад айлчлал хийх гэж байна. Төлөөлөгчид ХКН-ын удирдлагуудтай уулзалт хийж, эдийн засгийн бүс нутгуудаар танилцах аялал хийх юм. Найман хүний бүрэлдэхүүнтэй МСДН-ын төлөөлөгчдийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтанхуяг тэргүүлэх юм. Өдрийн сонин 2000.3.9 №56 Пүрэв УИХ-ын даргыг Ли Пэн, Жу Рунжи нар хүлээн авч уулзлаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчдийг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэн хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Р.Гончигдорж хэлэхдээ, Эрхэм хүндэт таныг манай оронд айлчлан ирснээс зургаан жилийн дараа энэхүү айлчлал болж байна. Парламент хоорондын хамтын харилцаа өөрийн тодорхой бүтцээр дамжин идэвхтэй хэрэгжиж байна. Түүнчлэн хоёр парламентын Хууль зүйн байнгын хороодын хооронд тодорхой харилцаа тогтсонд бид их ач холбогдол өгч, цаашид улам эрчимтэй харилцах хэрэгтэй гэж дурдлаа. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Пэн Хятадын эдийн засгийн байдлыг бүсчлэн үзэхэд, баруун бүс нутгийн хөгжил сайнгүй байхад зүүн бүсийн хөгжил хурдацтай сайн байгаа юм. Иймд бид баруун бүс нутгийн давуу тал, нөөц бололцоог өргөнөөр ашигоахыг чухалчилж байна. Гэхдээ бид “нутгийг сохроор хөгжүүлж болохгүй” гэсэн зарчмыг баримталдаг. Баруун бүсийг хөгжүүлэхийн тулд зам, тээврийн асуудал, усны төслийг хэрэгжүүлнэ гэв.


1552 Үнэхээр эдийн засгийн хөгжил дэвшилд дэд бүтцийн хөгжлийн асуудал асар их ач холбогдолтой билээ. Ялангуяа хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог далайд гарцгүй Монгол Улсын хувьд Орос, Хятадыг холбосон төмөр замыг харилцан ашигтайгаар ашиглаж, үр ашгийг нь нэмэгдүүлэх явдал чухал юм. Түүнчлэн нефтийн хоолойн шугамыг манай нутгаар дамжин өнгөрүүлэх нь Монголын эдийн засгийн хөгжилд нааштай сайнаар нөлөөлнө гэж бид үздэг гэж УИХ-ын дарга Р.Гончигдорж ярилаа. УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи уржигдар хүлээн авч уулзлаа. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэж Монголын ард түмэн ярьдаг. Тиймээс ч Хятадын ард түмэн, түүний удирдлагын явуулж бжй шинэтгэлийн бодлогод манай ард түмэн байнга анхаарал тавьдаг юм. Энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын харилцааны давтамжийг бататгаж, шинэ зууны эхэнд болж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм гэж УИХ-ын дарга Р.Гончигдорж ярианыхаа эхэнд тэмдэглэн хэлэв. БНХАУ-ын төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи хэлэхэдээ хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжихөд түлхэц өгөхийг бид анхаардаг юм. Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалыг манай улсад айлчлах үеэр бид хоёр улсын агаар, авто болон төмөр замын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, одоо зарим арга хэмжээг авч эхлээд байна гээд харин Хятад, Оросын нефтийн хоолойн асуудлаар тайлбар өгөхийг ноён Ерөнхий сайд Жу Рунжи хүссэн юм. Юу гэвэл тус улсын баруун бүсийн нефтийн нөөц хомсдож байгаа тул Дорнод бүсийн нөөцийг ашиглах асуудлыг бид судалж байна. Гэхдээ урьдчилан судалгаа хийх явцдаа Монголын талын саналыг харгалзан үзнэ. Нефтийн хоолойг хаана тавьснас үл хамааран манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжинө гэж найдаж байна гэж тэрбээр онцлов. Өдрийн сонин 2000.3.23 №68 Пүрэв Дэлхий дээр зөвхөн нэг Хятад байдаг Тайваний асуудлаар манай улсын баримталж буй байр суурийн талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч: “Тайваний асуудлаар манай талын баримталж байгаа байр суурь 1998 оны Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэлд тодорхой туссан. Манай зарчмын энэ байр суурь хэвээр байгаа. Мэдэгдэлд: “Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс байдаг. Тайвань бол Хятад Улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэж үздэгээМонголын тал дахин нотлов. Тайваний асуудлаар Хятад Улсын явуулж байгаа “нэг улс хоёр систем”, “энх тайвнаар нэгтгэх” чиг бодлогыг дэмжиж, Тайвань “тсугаар тогтнох”гэгчийг дэмжихгүй гэдгээ монголын тал илэрхийлэв. Хятадын тал үүнд талархаж байгаагаа илэрхийлэв” гэж бичсэн байгаа. Хятадын Засгийн газар саяхан “Тайваний асуудлаар” цагаан ном гаргасныг бид анхааралдаа авсан. Монгол Улс Тайванийг Хятад Улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, БНХАУ-ын Засгийн газар бол Хятад Улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэж


1553 үздэг, албан ёсны харилцаагүй учраас Тайваний сонгуулийн үр дүнд ямар нэг хэлбэрээр баяр хүргэх асуудал байж таарахгүй, харин бид “хоёр эргийн” хооронд энхийн яриа хэлэлцээ явуулахыг дэмжиж байдаг” гэсэн байна. Өдрийн сонин 2000.3.24 №69 Баасан Өмнөд хөршийн өрнөл цаг УИХ-ын Даргын БНХАУ-д хийсэн айлчлалаас үүдсэн сэтгүүлчийн тэмдэглэл 2000 оны гуравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд УИХ-ын дарга Р.Гончигдорж тэргүүтэй төлөөлөгчид өмнөд их хөршийндөө албан ёсны айлчлал хийлээ. Нийтдээ 9,6 сая ам км газар нутгийг эзэлдэг, 1,25 тэрбум хүн амтай их гүрэнтэй хамтын ажиллагаа, харилцан ярилцлагын давтамж хэлхээг үргэлжлүүлэн бэхжүүлэх, хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх зарчим, чиглэл, бодлогыг нотлон батагаажуулах үүднээс хийсэн энэ айлчлал төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу амжилттай өндөрлөв. Бээжин хотод Хятадын төр, засгийн өндөрлөгүүдтэй уулзан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээг хийж, тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Эдийн засгийн онцгой бүс нутгууд болон тэдгээрийн хөгжил, мандлын хэр хэмжээтэй танилцах үүднээс Хятадын зүүн хязгаар Шанхай хот, өмнөд хил Хайнань муж, Санья хотод очиж, сүүлийн 20 жилд боссон үйлдвэрлэижлтийн гайхамшигт хийгээд эзэнгүй арлыг худалдаа, аялал жуулчлалын төв болгохоор сүүлийн хэдхэн жилд хэрхэн бүтээн босгож буйн үлгэр жишээтэй танилцлаа. Энэ хэдхэн өдрийн хугацаанд Бүх Хятадын аж ахуй, уламжлал, шинэчлэлтэй гүйцэд танилцах ямар ч боломжгүй ч харсаар, үзсээр яваад цуцахыг бодоход энэ улсад аргагүй л дэлхийн таван хүний нэг нь ажиллаж, аж төрж буй нь мэдрэгдэж байлаа. Гэлээ ч олон хүний нөөц нэг хэрэг, харин энэ олныг хооллож тэр тусмаа зохион байгуулан ажиллуулж чадаж байгаа нь Хятадын онцлог байж болох талтай. Угаас талхаа олж идэхийн төлөө ширүүн тэмцэлд хатуужсан хятадын ард түмэн шинэ зуунд итгэлтэй орж, өөрсдийнхөө оргил цагийг хүлээн шургуу хөдөлмөрлөж байна. Тэнд хөдөлмөр өрнөж байна. Тэнд хөдөлмөр, бүтээн байгуулалтаас өөр юу ч байхгүй гэж болмоор. Айлчлалын өмнөхөн гуравдугаар сарын эхээр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн ес дэх удаагийн чуулган хуралдаж өндөрлөжээ. Энэ хурал дээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1999 оны төлөвлөгөөний биелэлт, 2000 оны хөгжлдийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, Хятад орон есдүгээр таван жилийнхээ барианы оныг амжилттай үдэж, аравдугаар таван жилтай золгох гэж буйг онцлон тэмдэглэжээ. УИХ-ын даргыг БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэн анх түрүүн хүлээн авч уулзсан юм. УИХ-ын дарга энэ уулзалт дээр эдийн засгийн бүс нутгуудын хөгжлийн стратеги, бодлогуудын талаар БХАТИХ-аас гаргаж буй шийдвэр, хууль тогтоомжийг анхааран судлах зүйл бөгөөд хоёр орны хооронд хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл хэмээн онцлон тэмдэглэсэн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн ирээдүй өөд шууд чиглэсэн үг байсан болов уу. Хариуд нь ноён Ли Пэн бид “бүс нутгийг сохроор хөгжүүлж болохгүй” зэрэг зарчмыг баримталдаг, одооо хоцроод байгаа баруун


1554 бүсийг хөгжүүлэхийн тулд зам, тээвэр, усны асуудлыг шийднэ гэснийг зориуд энд тэмдэглэе. БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын төлөөлөгчдийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи хоёр дахь өдөр нь хүлээн авч уулзлаа. Монголчууд бид өөр хоорондоо монгожуу царайтай хэмээн шуугидаг энэ хүн цагтаа Шанхай хотыг хөл дээр нь босгосон гавьяатан гэж тооцогддог ажээ. Энэ уулзалт дээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны чиг шугамыг сайшаахын хамт зарим нэг чухал аусудлаар санал солилцсон нь Орос, Хятадын нефть дамжуулах хоолойн тухай байсан гэхэд болно. Ноён Жу Рунжи энэ талаар урьдчилсан судалгаа хийгдэж байгаа, эцсийн шийдвэрийг гаргах үед Монголын талын саналыг харгалзана гэснээс өөр, тоймтой зүйл хэлээгүй боловч үүнийг бичигчийн хувьд Монголоор энэ хоолой дайрч гарахгүй нь гэж санагдав. Мэдээж хэрэг Хятад улс хаашаа хоолой татвал өөрт ашигтайг юунаас ч илүү үздэг бөгөөд хоолой дагаж хөгжил цэцэглэхийг сайн тооцоолсон бололтой. Ямар боловч тэрбээр нефть хоолой хаагуур тавигдснаас үл хамааран хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжинө гэсэн үгийг онцлов. Дараагийн өдөрт гурван цаг онгоцоор, гурван цаг машинаар довтолгож очсон газар бол Хятадын өмнөд хязгаарын халуун бүсэд оршдог Хайнань арал, Санья хот байлаа. Хайнань арал 6,5 сая хүн амтай, түүний засаг захиргааны төв нь Хайкоу хот, аялал, жуулчлалын төв нь Санья хот юм байна. АНУ-ын Хавайн арлуудтай нэг өргөрөгт орших энэ арал цэвэр агаар, тааламжтай уур амьсгалаараа олон арван мянган жуулчныг өөртөө татдаг ажээ. Бээжингээс тэнд очиж буцахад 400 ам доллар хангалттай бөгөөд ирсэн зочдыг шулуун цардмал замын хөгжингүй сүлжээ, 50 гаруй тохилог зочид буудал бүхий тохилог орчин хүлээн авна. Хятадын өндөр настнууд олноор амьдардаг энэ нутагт өнгөрсөн жилд хоёр сай жуулчин амарчээ. Хайнань мужийн бүлээн эрэг, дулаан амьсгалыг хоёр хоногийн дараа орхин өндөр харш, үнэмлэхүй хөгжлийн оргил Шанхайд буусан юм. Өдгөө 14 сая орчим хүнтэй энэ хот 1840 оноос Англи, Франц, Япончуудын загасны аж ахуйд түшиглэн боссон түүхтэй. 1978 оноос энэ хот нээлттэй бүс болсноор, уг хотын нэг дүүрэг Пу Дүнийг 1990 оноос эдийн засгийн тусгай бүс болгон зарласнаар автомашин, гэр ахуйн бараа, хүнд болон химийн үйлдвэрийн том төв болон хувирчээ. Ерөөс Хааны музей, гар урлалын үйлдвэрлэл зэрэг хятад онцлогтой уламжлалыг үзэж харахын дэлгэц дээр яагаад ч бүдгэрэхгүй XXI зууны өнгө төрх харагдаад байх нь содон. Эдийн засгийн шинэтгэл, өөрчлөлтийг эрчимтэй хийж буй Хятад орон энэ мэтээр “социалист зах зээлийн системийн” онолоо хөгжүүлсээр байвал, магадгүй, хагарал, задралын аюулгүйгээр улс төрийн шинэчлэлтэй золгох нэгэн цагийг эзлэх боломжтой санагдлаа. Ямар ч байсан ардчилал гэдэг үггүй зах зээл байдгийг энэ оронд зорчсон хэдэн өдөр сайтар мэдэж авлаа. Ирэх 50 жилд хятад улс хөгжлийн хурдцаараа дэлхийд тэргүүлнэ гээд байдгийг ч гадарлалаа. Сонгодог зах зээлийн онол дундаж багтаамжтай, өөрөөр хэлбэл, 50-200 сая хүнтэй зах зээлд зориулагдсан боловсруулагдсан гэж ярьдаг. Тэгвэл хэт том, нэг тэрбумын багтаамжтайн хувьд, тухайлбал Хятадад боловсруулагдаж байгааг сонсч үзсний


1555 хувьд эрс бага, хоёрхон саяын багтаамжтай Монголд зориулагдсан онол байдагт улам итгэж эхэлснээр энэхүү тэмдэглэлийг өндөрлөв. Д.Гантуяа Өдрийн сонин 2000.3.31 №75 Баасан Сайд нарын хэвлэлийн бага хурал хийлгэв “Биологийн төрөл зүйлийг хил дамжуулан хамгаалах хандлага, туршлага, хэтийн төлөв” сэдэвт Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талын уулзалт симпозиум гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Симпозиумын хүрээнд хил дамнасан тусгай хамгаалалттай газруудыг байгуулах, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж, санхүүжилт авахад хамтын хүчин чармайлт гаргахын чухлыг тэмдэглэлээ. Тус симпозиумын дараа Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Банзрагч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд хөрш ОХУ-ын Байгаль орчны улсын хорооны орлогч дарга БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах захиргааны дэд сайд нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хил дамжин нутагладаг ховор ан амьтдыг оршин байгаа орон нутаг нь хамгаалах ёстой бөгөөд ийн нутаг дамжин амьдардаг амьтдыг улс орон өмчилдөггүй аж. Манай гурван улсыг дамжин амьдардаг 350 гаруй биологийн төрөл зүйл байдаг юм байна. Байгаль орчны сайд С.Мэндсайхан хөрш орнуудын төлөөлөгчдийн тэргүүнийг хүлээн авч ярилцлаа. ОХУ-ын Байгаль орчныг хамгаалах улсын хорооны дарга, Хятадын Байгаль орчныг хамгаалах захиргааны дэд сайд нар сайд С.Мэндсайханыг өөр өөрийн оронд тааламжтай үедээ айлчлахыг урилаа. Д.Маш Өдрийн сонин 2000.4.1 №76 Бямба Р.Гончигдорж БНХАУ, БНСУ-д айлчлаад ирлээ БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэн, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Жүн Гю нарын урилгаар БНХАУ, БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн УИХ-ын дарга Р.Гончигдорж өчигдөр эх орондоо буцаж ирлээ. Түүнийг УИХ-ын дэд дарга До.Ганболд, Гадаад харилцааны сайд Н.Туяа, Хууль зүйн сайд Д.Ганболд, БНСУ, БНХАУаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чой Ён Чул, Хуан Жакуй нар угтан авав. УИХ-ын дарга Р.Гончигдорж Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд сурвалжлагч, сэтгүүлчидтэй уулзаж айлчлалын талаар ярилцсан юм. -Таныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жу Рунжитэй уулзах үед хий дамжуулах хоолойн тухай яригдсан. Энэ талаар БНХАУ ямар байр суурьтай байсан бэ? -БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жу Рунжитэй уулзах үед Монгол Улс оршин байгаа бүс нутгийнхаа интеграцчлал, дэд бүтцийн хөгжилд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолой энэ салбарын томоохон төслийн нэг. Үүнийг Монгол Улсын нутгаар дамжуулан өнгөрүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн. БНХАУ дотооддоо байгаа Шинжань, Уйгурын хийн нөөцийг дотроо дамжуулах бодлоготой байдаг. ОХУ-аас дамжуулах хийн хоолойг хаагуур тавих вэ гэдгийг судалж шинжлэх ажил байна. Монгол Улс үүнд оролцох сонирхолтой байгааг бүрэн дүүрэн ойлгодог гэж Жу Рунжи дарга хэлж байна лээ.


1556 -Хоёр оронд айлчлах үеэр хэлэлцсэн гол асуудал юу байв? -БНХАУ-ын хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гаргасан мэдэгдэл, сайн хөршийн харилцааг бүх салбарт эрчимжүүлэн хэрэгжүүлэхийн тулд хоёр талын өндөр дээд хэмжээний уулзалтыг байнга явуулдаг. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жу Рунжиг Монгол Улсад айлчлуулах урилгыг уламжилсан. Жу Рунжи дарга Монголд айлчилна гэсэн хариу хэлсэн. Хэдийд айлчлах вэ гэдгээ нарийвчлан тогтооно гэсэн. Энэ айлчлал Хятад, Монголын харилцаанд тодорхой алхам болно. Өдрийн сонин 2000.4.1 №76 Бямба Монголчууд Тяньжинаас Эрээн хүртэл машинаа жолоодно Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тамгын хэлтсийн дарга Д.Мөнхбаатартай уулзлаа. -Таныг саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хамт БНХАУ-д айлчлаад ирсэн гэж сонслоо. Энэ айлчлалын гол зорилго болон хэлэлцсэн асуудлынхаа талаар сонирхуулахгүй юу? -Тийм ээ. Би саяхан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн урилгаар Монгол Улсын ҮАБЗийн айлчлалын бүрэлдэхүүнд оролцоод ирлээ. Энэ үеэр олон чухал уулзалт болсон. Гэхдээ Гаалийн ерөнхий байгууллагын ажилтны хувьд Хятадын Гаалийн ерөнхий газрын дэд даргатай уулзсан маань надад илүү ойр дөхөм байлаа. Энэ уулзалт дээр дэд даргаас гадна Хятадын гаалийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, сургалтын төвийн захирал зэрэг хүмүүс ирсэн. Хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь 1993 онд байгуулсан хоёр улсын Засгийн газрын хоорондохь гаалийн асуудлаархи хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцсон юм. Энэ хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгохын тулд аль аль талаасаа идэвхтэй ажиллах шаардлагатай гэдэгтэй санал нийлсэн. Мөн хоёр улсын гадаад худалдааны статистик мэдээлэл зөрүүтэй гарч байгаа зөрчлийг арилгах талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн Монгол Улсын нутагт БНХАУ-аас спиртийг хууль бусаар их хэмжээгээр оруулж ирж байгаа тухай ярьж, энэ зөрчлийг арилгахад хамтарч ажиллах, Монголын иргэд БНХАУ-ын Тяньжин боомтоос автомашиныг Хятадын нутаг дэвсгэрт өөрсдөө жолоодож Эарээн хүртэл явуулах талаар Хятадын талд хүсэлт гаргасан. -Үүнийг Хятадын тал хэрхэн хүлээж авсан бэ? -Ер нь их нааштай хүлээж авсан. Бидний тавьсан асуудалд их анхааралтай хандаж, энэ талаар судлан, хамтарч ажиллах тухай ярьсан. Мөн Хятадын Гаалийн ерөнхий газрын дэд даргын хэлснээр 2000 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөнд БНХАУ-ын ГЕГ-ын дарга зургадугаар сард Монголд айлчлахаар төлөвлөснийг мэдэгдсэн. Энэ айлчлалыг манайхан бэлтгэл ажлаа эхлээд байна. Д.Ариун Өдрийн сонин 2000.4.6 №80 Пүрэв Гадаад хэргийн сайдууд хэлэлцээ хийв БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Туяа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Жясюаньтай энэ сарын 24-нд хэлэлцээ хийв.


1557 Сайд нар Монгол, Хятадын харилцааны зарим тодорхой асуудлыг хэлэлцэж, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдалд тэр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх чиг шугамыг баримталж байгаагаа харилцан нотлов. Хоёр орны хооронд өндөр дээд хэмжээнд харилцан айлчилж, улс төрийн яриа хэлэлцээ тогтмол хийж байгаа нь монгол, хятадын ард түмний итгэлцэл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг мөн онцлон тэмдэглэжээ. Монголын тал хоёр орны худалдаа, түүний дотор хил орчмын худалдааг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн яамдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хилийн шугамыг хмтран шалгах асуудлыг онцлон ярьсан байна. Мөн боловсрол, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөв. Хятадын тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Монголын талын саналд нааштай хандаж байгаагаа илэрхийлж, хоёр улсын хилийг хамтран шалгах ажлыг гурван жилийн дотор багтаан дуусгах санал тавьжээ. Монгол Улс НҮБ-ын ЭЗНЗ-ийн тогтвортой хөгжлийн комиссын сонгуульд нэрээ дэвшүүлснийг дэмжихээ Хятадын тал мэдэгдсэн байна. Мөн НҮБ-ын ЕА-гаас баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын тал Тайванийн асуудлаархи байр сууриа дахин тайлбарлажээ. Зудын хохирлыг арилгахад зориулан Хятадын Засгийн газар Монголд нэг сая юанийн эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч байдалд болж, мөн өдрийн орой Гадаад хэргийн сайд Тан Жясюань сайд Н.Туяаг хүндэтгэн зоог барив гэж ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газраас мэдээллээ. Өдрийн сонин 2000.4.26 №97 Лхагва БНСУ, БНХАУ-аас мал, амьтны гаралтай бараа, бүтээгдэхүүн импортлохыг түр хугацаагаар хориглолоо Манай хөрш зэргэлдээ болон худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай Азийн зарим оронд мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэж мал, амьтан олноор өвчилж, ихээхэн хохирол гарч байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн эрүүзл мэндэд ноцтой хор уршиг учруулж болзошгүй байгаа тухай “Өдрийн сонин” өмнөх дугаартаа мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөө аж ахуйн улсын хяналтын албанаас тодорхой арга хэмжээ авч эхэллээ. Үүний нэг нь БНСУ, БНХАУ-аас амьд мал, амьтан, шувуу, мах, махан болон сүүн бүтээгдэхүүн, өндөг, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, үр, үр хөврөлийг улсын хилээр импортлох, дамжин өнгөрүүлэхийг өчигдөрөөс эхлэн түр хугацаагаар хориглолоо. Мөн БНХАУ-тай хил залгаа болон Монгол Улсын хилийн боомтуудаар бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, бүх зорчих


1558 хөдөлгөөнд тавих хяналтыг эрс сайжруулж, тээврийн хэрэгсэл бүрийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулан зорчигчдын гар тээшийг нэг бүрчлэн шалгасны дараа нэвтрүүлж байхаар болжээ. Хөдө аж ахуй, улсын хяналтын албанаас БНХАУ-тай хиллэдэг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн засаг дарга нарт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, хүн хүч, эм урвалж, багаж, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодистой байх үүрэг өгсөн төдийгүй гоц халдварт өвчин гарч болзошгүй байгаа хил дагуух сумдын мал эмнэлгийн байгууллага, хилийн хороо, суманд даруй мэдэгдэхийг даалгасан байна. Тэрчлэн мах, махан бүтээгдэхүүн, өндөг зэрэгт тавих шалгалтыг сайжруулахын зэрэгцээ ойрын үед БНХАУ-аас Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүй импортлон Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт худалдаж байгаа тахианы мах, өндөг зэргийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллахыг дээрх хот, аймгуудын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нарт үүрэг болгожээ. Д.Оюунтуяа Өдрийн сонин 2000.4.27 №98 Пүрэв Оюутнууд хятад хэлээр уралджээ Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны зургаан жилийн ойг тохиолдуулж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудын дунд анх удаа “Хятад хэлний тэмцээн”-ийг зохион байгууллаа. Оюутнууд эх хэлийг нь судалж буй орны тухай мэдээгээр өөр хоорондоо өрсөлдөж, хятад жүжиг, дуугаар уралдсан энэ тэмцээн бүхэлдээ хятад хэлээр явагдсан байна. БНХАУ-ын Элчин сайдын яам, Олон улс Судлалын хүрээлэн, Монголын Радиогийн хятад хэлний редакцийн ажилтнуудын шүүсэн уг тэмцээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд түрүүлж, “Улаанбаатар” их сургууль, “Хэл шинжээч” дээд сургуулийн оюутнууд удаалжээ. Э.Элбэрэл Өдрийн сонин 2000.5.2 №102 Мягмар Эрээнд байгаа монгол иргэдийг хил нэвтрүүлэх болов Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ сарын 5-нд боллоо. Хуралдаанаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх талаар авч хэлэлцэн, авах нэмэлт арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Дорноговь аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг удирдан зохион байгуулах Улсын байнгын онцгой комиссын штабын даргаар Байгаль орчны сайд, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга С.Мэндсайханыг томилов. Гоц халдварт өвчний голомтод байгаа адуунаас бусад малыг устгах ажлыг долоо хоногийн дотор багтаан зохион байгуулах, устгасан малын сэгийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор хорио цээрийн дүрэм зааврын дагуу булшлах, халдваргүйжүүлэх, голомтоос гадна байгаа мал сүргийг вакцинжуулах ажлыг Иргэний хамгаалалтын дайчилгааны журмаар арав хоногийн дотор дуусгах, малыг нь устгасан айл


1559 өрх, тэдний ам бүл, устгагдсан малын судалгааг газар дээр нь нарийвчлан гаргаж албажуулах, гоц халдварт өвчний голомтод орж мал нь устгагдсан айл өрхөд хорио цээрийг цуцалснаас хойш долоо хоногийн дотор багтаан малыг нөхөн олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Штабын дарга С.Мэндсайхан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Дорноговь аймгийн Засаг арга Л.Ишдорж нарт даалгалаа. Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл сумын малын гоц халдварт өвчний голомтод өртөж малаа усгуулсан өрхийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан хорио цээрийн хугацаанд шаардагдах хүнсний зүйлийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас баталсан нормативын дагуу улсын нөөцөөс гаргах, уг хүнсний бүтээгдэхүүнийг нэр бүхий сумдын малаа усгуулсан айл өрхөд Улсын байнгын онцгой комиссын зардлаар хүргүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгав. Мөн Дорноговь аймгийн нутагт зээр болон бусад зэрлэг амьтанд малын гоц халдварт шүлхий өвчний халдвар байгаа эсэхийг тодруулах судалгаа, шинжилгээ хийх мэргэжлийн хэсгийг томилон ажиллуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. БНХАУ-ын Эрээн хотод хорио цээрийн улмаас хүлээлгэж байгаа манай улсын бүх төрлийн автомашин, тэдгээрийн зорчигчдыг нэг удаагийн арга хэмжээ болгон улсын хил нэвтрүүлж Замын-Үүдэд ирүүлэх, эдгээр автомашин, зорчигчид болон Замын-Үүдэд саатуулагдаад байгаа автомашинтай иргэдийг ариун цэвэр, хорио цээрийн зохих дүрэм, журмын дагуу халдваргүйжүүлэх арга хэмжээ авч нарийн зохион байгуулалттайгаар иргэний хамгаалалтын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бүсээс гаргах ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны сайд, штабын дарга С.Мэндсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Л.Ишдорж нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Өдрийн сонин 2000.5.9 №109 Мягмар Буцалтгүй тусламжаар Хятадад оюутан сургана Гэгээрлийн сайд А.Баттөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуйг хүлээн авч уулзаж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн таван сая юанийн зардлаар монгол оюутнуудыг Хятадад сургах асуудлаар ярилцжээ. Хятадад сургах оюутныг сонгон шалгаруулах ажлыг Хятадын Элчин сайдын яам хариуцаж байгаа аж. Манай талаас сонгон шалгаруулалтад оролцуулах зарим чухал мэргэжлээр суралцах хүмүүс болон Хятадад хэлний бэлтгэл хийсэн хүүхдийг дахин могнолд хэлний бэлтгэл хийлгэлгүйгээр сургах зэрэг асуудлыг гэрээнд тусгахыг Гэгээрлийн сайд хүсчээ. Элчин сайд Хуан Жаку энэ саналыг Засгийн газартаа танилцуулаад аль болох хурдан шийдэхэд санаа тавихаа илэрхийлсэн байна. Хоёр тал санал тохиролцсоны дараа гэрээнд гарын үсэг зурах бөгөөд энэхүү буцалтгүй тусламжаар 40 гаруй хүнийг Хятадад сургах юм байна. М.Бат Өдрийн сонин 2000.5.10 №110 Лхагва


1560 Дамжин өнгөрөх тээврийн асуудлаар уулзалт эхэллээ Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын Нарийн бичгийн даргын газартай хамтран зохион явуулж буй Дамжин өнгөрөх тээврийн асуудлаар БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг хянан хэлэлцэх анхдугаар уулзалт өчигдөр Улаанбаатар хотноо ажлаа эхэллээ. Гадаад харилцааны яамны хурлын танхимд болсон уулзалтын нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Н.Туяа, НҮБ-ын ХХ-ийн Суурин төлөөлөгч Д.Гарднер, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын НБДГ-ын далайд гарцгүй болон жижиг арлуудын асуудал эрхэлсэн нэгжийн дарга Е.Мбүли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Хуан Зякуй, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин Л.М.Дерковский нар оролцжээ. Манай улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНКТАД-тай хамтран Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дамжин өнгөрөх тээврийн асуудлаар Зүүн хойд Азийн орнуудын дамжин өнгөрөх тээврийн асуудлаар Зүүн хойд Азийн орнуудын Зөвлөлдөх уулзалтыг 1997 онд Улаанбаатар хотноо зохион явуулсан юм. Эл уулзалтаас гаргасан шийдвэрийн дагуу ЮНКТАД-ын НБДГ-аас Дамжин өнгөрөх тээврийн асуудлаар БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг 1998 онд боловсруулсан ба түүнийг олон улсын шинжээчээр хянуулж, яриа хэлэлцээ хийх үндэс болгон 1999 оны дөрөвдүгээр сард ОХУ, БНХАУ, Монголын талд хүргүүлсэн ажээ. НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын нарийн бичгийн дарга нарын Далайд гарцгүй болож жижиг ардын асуудал эрхэлсэн нэгжийн дарга Е.Мбүлитэй манай сурвалжлагч уулзлаа. -Далайд гарцгүй манайх шиг орны хувьд дамжин өнгөрөх тээврийн манай улсын эдийн засаг, гадаад худалдаанд гүйцэтгэх үүрэг нөлөө ямар байдаг вэ? -Транзит тээврийн ач холбогдол нь Монгол шиг далайд гарцгүй оронд тээврийн зардлыг багасгах аль болохоор хурдан шуурхай болгоход гол ач холбогдолтой -Дамжин өнгөрөх тээвэр бүс нутгийн тухайлбал Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ? -Монгол улс далайд гарцгүй орны хувьд ийм хэлэлцээр байгуулснаараа тодорхой үр ашигийг нь хүртэнэ. Тухайлбал хөрш хоёр улсын Монголоор дамжих тээврийн асуудлыг хамарч байгаа, бүр цаашилбал энэ гурван орноор дамжин өнгөрдөг бусад улс орны тээврийн асуудалд ч ашгаа өгөх юм. Далайд гарцгүй орны хувьд импорт нь экспортоосоо илүү гараад байдаг. Иймээс Монгол улсын хувьд экспортынх нь хэмжээг нэмэгдүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын шугамаар ч гэсэн экспортыг хөгжүүлэхийн тулд шат дараалсан арга хэмжээ авдаг. Шат дараалсан арга хэмжээний хамгийн эцсийнх нь тээврийн зардлыг багасгах асуудал бөгөөд ингэснээр тухайн улс орнууд экспортынхоо үнийг багасгах ёстой болдог. -Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын дамжин өнгөрөх тээврийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хянан хэлэлцэх анхдугаар уулзалтын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?


1561 -Уулзалтын үр дүнг тодорхойлж хэлэхэд арай эрт байна. Өнөөдрийн уулзалтаар төлөөлөгчдийн хэлсэн үгийг харахад энэ үйл явцыг эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа санагдсан. Яг тодорхой баримт бичиг дээр төвлөрч ажиллах үйл явц нь эхэлсэн. Энд нэлээд идэвхтэй, нарийн асуудлыг хөндөж ярьж байгаа. Үр дүн нь гарна гэдэгт итгэж байна. Нэмж хэлэхэд ийм асуудлыг урамшуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш чухал үүрэгтэй. Олон нийтэд энэ үйл явцын үр дүн хэрхэн өрнөж байгаа талаар мэдээлэл өгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж би бодож байна. Танай улс шиг ийм улсын экспорт импортынх нь өртгийн нь 80-аад хувь нь тээврийн зардалд зарцуулагддаг. Үүнийг багасгаснаар бараа худалдан авч байгаа хүмүүс бараагаа хямд үнээр авах болно. Ингэснээр бизнесийн үйл ажиллагаа нь ч сайжирна. Мөн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж өгдөг. Д.Мөнгөндалай Өдрийн сонин 2000.5.16 №115 Мягмар Айлчлалын үр дүнг үнэлэв Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Туяагийн БНХАУ-д хийсэн айлчлал нь БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, айлчлалын мөрөөр хийх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Н.Туяад үүрэг болгов. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ удаагийн айлчлал Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх чиг шугамыг тууштай баримталж байгааг дахин нотолж, хоёр талын итгэлцлийг бэхжүүлэх, дээд болон өндөр хэмжээний айлчлалуудын үзэл санаа, тохиролцооны үндсэн дээр харилцааны тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад зохих ач холбогдолтой боллоо гэж дүгнэлээ. Мөн олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон бодлого, байр сууриа тайлбарласан нь хоёр тал олон улсын тавцанд хамтран ажиллах итгэлцлийг бэхжүүлэхэд чухал алхам болсон гэж үзлээ. Өдрийн сонин 2000.5.18 №117 Пүрэв Олон улсын харилцааны монголын галт тэрэг хөдөллөө Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын чиглэлд Монголын төмөр замын олон улсын харилцааны суудлын 23/24 дүгээр галт тэрэг өчигдөрөөс аялж эхэллээ. Аяллын энэ ээлжийг төмөр замын ажилтан Б.Долгорсүрэн даргалж, замд гарчээ. Олон улсын харилцааны суудлын галт тэргийг Хятад, Монголын төмөр замын байгууллагууд нэг нэг жилээр ээлжлэн явуулдаг аж. Энэ жилийн хувьд Монгол Улс дагнах бөгөөд аялалд 13 вагон гаргаж байгаа юм. Энэ чиглэлийн галт тэргэнд гурваас дээш жил ажилласан тэргүүний 28 үйлчлэгчийг шалгаруулан явуулж байгаа аж. Д.Маш Өдрийн сонин 2000.5.26 №125 Баасан Зян Зэминь, В.Путин нар баяр хүргэлээ Ардын хувьсгалын 79 жилийн ой, үндэсний их баярыг тохиолдуулан БНХАУ-ын дарга Зян Зэминь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид, БНХАУ-ын БХАТИХ-ын


1562 Байнгын хорооны дарга Ли Пэн УИХ-ын дарга Р.Гончигдоржид, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи Ерөнхий сайд Р.Амаржаргалд, БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Тан Зясюань Гадаад харилцааны сайд Н.Туяад тус тус баяр хүргэж илгээлт ирүүллээ. БНХАУ-ын дарга Зян Зэминь илгээлтдээ “Сүүлийн жилүүдэд эрхэмсэг ноён Ерөнхийлөгч таны удирдлагаар Монголын ард түмэн нийгмийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, эдийн засгаа өөд татах талаар баярлууштай амжилт олсон явдалд миний бие баяр хүргэж байна. Өдгөө Хятад Монгол хоёр улсын бүх салбар дахь найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Ялангуяа эрхэмсэг ночн Ерөнхийлөгч таны 1998 онд БНХАУ-д, миний бие өнгөрсөн онд танай улсад хийсэн төрйн айлчлал Хятад, Монголын урт удаан хугацааны тогтвортой, эрүүл саруул, харилцан итгэлцэлтэй сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтоож, энэхүү харилцааны агуулгыг баяжуулав. Үүнд би тун их баяртай байна. Хятад, Монголын харилцааг шинэ зуунд улам хөгжүүлэхэд миний бие эрхэмсэг ноён тантай хамт үргэлж чармайлт гаргахад бэлэн байна. Эрхэмсэг ноён танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргалын ерөөлийг дэвшүүлье” гэжээ. Мөн үндэсний их баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид, ЛХУ-ын Гадаад хэргийн сайд И.Иванов Гадаад харилцааны сайд Н.Туяад тус тус баяр хүргэж илгээлт ирүүлэв. Ерөнхийлөгч В.Путин илгээлтдээ “Орос, Монголын хоорондын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа манай хоёр орон, ард түмний эрх ашгийн үүднээс цаашид бүх салбарт улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч танд болон таны төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст эрүүл энх, ажлын амжилт, найрамдалт Монголын ард түмэнд хөгжил цэцэглэл, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ. Өдрийн сонин 2000.7.15 №164 Бямба Ие Шюаньпинтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр БНХАУ-ын Хятадын ард түмний Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны орлогч дарга Ие Шюаньпин тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, БНХАУ-аас манай улсад үзүүлж буй эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг манай орны хөгжилд бодитой нөлөө үзүүлж байгааг цохон дурдсанд ноён Ие Шюаньпин БНХАУ эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх найрсаг бодлогоо цаашид үргэлжлүүлэн явуулна гэж мэдэгдлээ. Өдрийн сонин 2000.8.17 №192 Пүрэв 100 сая юанын хөнгөлөлттэй зээлээр уурхай байгуулна “Хятад Улсаас Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгох тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн дагуу тус улсаас Монгол Улсад олгох 100 сая юанын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай асуудлыг хэлэлцээд, Хятадын талын санал болгосны дагуу уг хөнгөлөлттэй зээлийг бүхэлд нь


1563 Төмөртийн овооны цайрын ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг санхүүжүүлэхэд ашиглах нь зүйтэй гэж үзэв. Өдрийн сонин 2000.10.12 №240 Пүрэв Хятад улс баруун бүсээ хөгжүүлнэ Тэрбум илүү хүнтэй өмнөд хөршийнд долоон гол дарга байдаг гэнэ. Тэдний нэг нь саяхан манай оронд айлчилсан Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга ноён Вэй Зяншинь аж. Тэрээр улс төрийн намын урилгаар Монгол Улсад 1996 оноос хойш айлчилсан хамгийн том зочин юм байна. Ноён Вэй Зяншинь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад бараалхахдаа БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн найрамдалт сайн хөршийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлж байв. Монголын тал ч БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Төлөөлөгчдийн яриан дундаас сонирхол татахуйц зүйл гэвэл өмнөд хөршийн ирэх арван жилийн хөгжлийн төлвийн талаар танилцуулсан явдал байв. 1990-2000 онд эдийн засгаа өндөр хурдацтай хөгжүүлж, шинэ шинэ бүсийг нээлттэй болгож ирсэн тус улс 2010 онд улс ардын аж ахуйнхаа хөгжлийг хоёр дахин эрчимжүүлэх зорилт тавьжээ. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд стратегийн шинжтэй зохицуулалт хийж ажиллах шаардлага гарчээ. Түүний нэг хэсэг нь баруун бүс нутгаа нээн хөгжүүлэх явдал аж. УИХ-аар энэ өдрүүдэд Монгол Улсын умард, өмнөд, өрнө, дорно хэсгийг холбох “Мянганы зам” нэртэй төсөл хэрэгжүүлэх тухай яригдаж байгаа бөгөөд үүнд парламент стратегийн ач холбогдол өгч байгаа юм. Ноён Вэй Зяншинь БНХАУ-ын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх, мянганы зам барих ажлыг уялдуулж болох юм гэсэн санал хэлжээ. Хятадын тал Чаргайтын усан цахилгаан станцын зураг төслийг хийлцсэн, үүнтэй холбогдуулж энэ станцыг барихад Хятад улс зээл тусламж үзүүлж болох юм гэсэн яриа ч болсон байна. Хятадын талын хөрөнгө оруулалттай ажлуудыг хийх талаар бас ярилцжээ. Өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн үр дүнгээс үл хамааран хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн ёсоор Хятадын Коммунист намын төлөөлөгчид өмнө нь харилцаатай байсан МҮАН, МСДН-ын төлөөлөгчидтэй уулзав. Сөрөг хүчин болсон ч Ардчилсан хүчнийхэнтэй уламжлалт харилцаагаа үргэлжлүүлнэ гээд намуудын дарга нарыг БНХАУ-д урьжээ. “Ардчилсан холбоо” эвслийг засгийн эрх барьж байх үед хоёр улсын харилцаа өндөр төвшинд хүрч Ерөнхийлөгч нар харилцан айлчилсныг Хятадын тал өндрөөр үнэлсэн байна. Зочид Тэрэлжид зугаалж, ноён Вэй Зяньшин хурдан удмын хээр үрээтэй болжээ. Тэднийг УИХ, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ө.Энхтүвшин угтаж үдэв. Монголд суугаа Хятадын ЭСЯ-ныхан, энд ажиллаж буй хятад иргэд зочдыг төрийн далбаагаараа далласаар үдлээ. Д.Цэцэг Өдрийн сонин 2000.11.1 №257 Лхагва С.Чулуунбаатарыг Ерөнхий консулаар томиллоо


1564 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар гадаадад ажиллах томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан С.Будыг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Чулуунбаатарыг уг ажилд томиллоо. Тэрбээр урьд нь УБХ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Өдрийн сонин 2000.11.6 №261 Даваа 2001 он Өдрийн сонин БНХАУ-ын Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжи Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярт эмгэнэл илэрхийлж цахилгаан утас ирүүлэв. Уг цахилгаан утсанд “Танай улсын МИАТ компанийн “Ми-8” нисдэг тэрэг золгүйгээр осолдсон мэдээг хүлээн авсантай холбогдуулан амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бэртсэн хүмүүс болон тэдний гэр бүл, ар гэрийнхэнд гүн харамсал илэрхийлж байна” гэжээ хэмээн Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газраас мэдээллээ. Өдрийн сонин 2001.1.18 №015 Пүрэв БНХАУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэв Манай оронд тохиолдсон цас зудын гамшгийг гэтлэн давахад зориулан БНХАУ-ын Засгийн газраас хоёр сая юанийн буцалтгүй тусламж, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 150 мянган юанийн үнэ бүхий эд материалын тусламж үзүүлэх болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ли Сяньянь Гадаад хэргийн яаманд мэдэгджээ. Өдрийн сонин 2001.2.6 №031 Мягмар БНХАУ яагаад “Фа Лунь Гун”-гийн асуудлыг зохицуулах хэрэгтэй вэ? Өнөөдөр БНХАУ-ын хувьд хурцадмал байгаа асуудлын талаар манай улсад суугаа тус улсын ЭСЯ-наас ирүүлсэн тайлбарыг дор нийтлэв. “Фа Лунь Гун” гэдэг байгууллага нь дэлхийн улс орнуудын буруу номлолтой зарим харгис шашинтай адил шинж тэмдэгтэй. Тухайлбал, хүн төрөлхтөн, нийгэм, шинжлэх ухааны эсрэг буруу номлол, сургаал дэлгэрүүлэх, сүсэгтэн олны оюун санааг хянан удирдах, аж ахуйг хууль бусаар эрхлэх, нягт хянадаг зохион байгуулалт бүхий системтэй байх, гишүүдээ нийгмийн хэв журмыг бусниулахад өдөөн хатгах зэрэг шинж чанартай байна. 1996 оноос хойш Ли Хунжи болон түүний тэргүүлсэн “Фа Лунь Гун” байгууллага нь төр, засгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн газрууд, их, дээд сургуулиуд, тэр ч байтугай хувь хүний гэр оронд хэдэн зуун удаа дайран орж, 300-гаас дээш хүний бүрэлдэхүүнтэй жагсаал цуглааныг 80 шахам удаа хууль бусаар зохион байгуулсан юм. Энэ нь нийгмийн


1565 дэг журмыг зөрчиж, иргэдийн хэвийн аж амьдралд ноцтой саад болж, хүний үг хэлэх эрх чөлөө болон аюулгүй байдалд ноцтой халдсан хэрэг билээ. Бүрэн бус тооцоогоор БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр тус байгууллагын 1400 гаруй сүсэгтэн өвчтэй мөртлөө эмчлүүлэхээс татгалзснаас амь эрсдэж, түүнчлэн олон гишүүд сэтгэцийн өвчтэй болж, гэр бүлээсээ салсан бөгөөд олон хүн нь нас барав. Саяхан таван дасгалч нь Тянь-Ань-Миний талбайд өөрсдийгөө галдаж, нэг нь нас нөгчиж, дөрөв нь түлэгдсэн гашуудалт явдал болсон. Энэхүү хэрэг гарсны дараа дээрх дөрвөн хүн хэвлэл мэдээллийнхэнд өөрсдийгөө “Фа Лунь Гун”-гийн гишүүн мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч тус байгууллага үгүйсгэсэн юм. Учир юу вэ гэвэл дасгалчдыг өөрсдийгөө галдахыг дэмжсэн нь хүмүүсийн үзэн ядалтыг төрүүлнэ гэдгийг тэд сайн мэдэж байна. Энэ нь бидэнд тус байгууллагын харгис шашны мөн чанарыг улам тов тодорхой харуулсан юм. Ихэнх гишүүд нь зөвхөн биеэ чийрэгжүүлэх зорилготой бөгөөд Ли Хунжи болон түүний тэргүүлсэн байгууллагын улс төрийн зорилгыг сайн мэдэхгүй байна. Гэвч олонхи сүсэгтэн хэрэг явдлын үнэн байдалтай танилцаад, “Фа Лунь Гун” байгууллагаас гарав. Хятад улсын Засгийн газар, хууль тогтоомжийг биелүүлэх холбогдох байгууллага “Фа Лунь Гун”-гийн тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд энгийн дасгалчдад ятган хүмүүжүүлэх бодлого баримталж, тус байгууллагыг ашиглаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг зөрчих гэмт хэргийг үйлдсэн этгээдийг чанга арга хэмжээ авч шийтгэх хэрэгтэй. БНХАУ-ын Засгийн газар “Фа Лунь Гун”-гийн тухай асуудлыг шийдвэрлэхэд хуулийн дагуу арга хэмжээ авч, иргэний үндсэн эрх чөлөө ба хүний эрхийг сахин хамгаалдаг юм. Энэ нь Хятад улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин хамгаалах явдал мөн бөгөөд бүх Хятадын ард түмний тууштай сайшаал дэмжлэгийг хүлээж байна. “Фа Лунь Гун”-гийн тухай асуудлыг ашиглаж Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хов жив хэлэх аливаа үйлдлийг БНХАУ-ын Засгийн газар эрс эсэргүүцэж байна. Өдрийн сонин 2000.2.16 №040 Баасан Хоёр сая юанийн буцалтгүй тусламжийг шатахуунд зарцуулна Монгол Улсын Засгийн газарт байгалийн гамшгийг гэтлэн давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газраас хоёр сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай ирүүлсэн солилцох захидлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Цахилгаанд олголоо. Буцалтгүй тусламжийн нэг сая юанийг нь нефтийн бүтээгдэхүүн авах хүсэлт тавихаар болжээ. Өдрийн сонин 2001.2.21 №044 Лхагва Ардчилсан нам, ХКН-ын хооронд тогтоосон харилцаа үргэлжилнэ


1566 Ардчилсан намын дарга Д.Дорлигжав БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуйг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Элчин сайд Хуан Жакуй Ардчилсан нам, ХКН-ын хоорондын харилцааны асуудлыг хөндөн ярьжээ. Ардчилсан намын дарга Д.Дорлигжав шинэчлэгдэн зохион байгуулагдсан Ардчилсан намд орсон МҮАН, МСДН-ын ХКН-тай урьд тогтоосон харилцаа хэвээр үргэлжилнэ гэдгийг нотлов. Өдрийн сонин 2001.2.22 №045 Пүрэв Ирэх сарын 1-нээс хоёр боомтыг нээнэ БНХАУ-тай хил залгаа Өмнөговь аймгийн Шивээ-хүрэн, Ховд аймгийн Байтаг дахь түр боомтыг ирэх гуравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд нээхээр болжээ. Манай улсад малын гаралтай шүлхий өвчин гарсантай холбогдуулан Хятад улс манай улсаас малын гаралтай түүхий эдийг зөвхөн мэргэжлийн байгууллагаас баталгаажсан мал эмнэлэг, эрүүл ахуйн гэрчилгээг үндэслэн экспортоор гаргахыг зөвшөөрөх болсон билээ. Үүнд, угаасан ноос, ноосон топс, преслэсэн ноос, угаасан ноолуур, зумласан нойтон арьс, зумласан хатаасан арьс зэрэг түүхий эд орж байгаа юм. Г.Билгүүн Өдрийн сонин 2001.2.27 №047 Мягмар П.Очирбат: Боаогийн чуулга уулзалтад Хятадууд их анхаарсан Өнгөрсөн сарын 25-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнан мужид болсон Боаогийн Азийн чуулга уулзалтыг анхлан байгуулах ажиллагаанд манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцсон билээ. Түүнтэй энэ чуулга уулзалтын тухай ярилцлаа. -Та өнгөрсөн долоо хоногт Хятадын Хайнан мужид болсон Боаогийн Азийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. Энэ нь чухам ямар уулзалт байв? -Азид анх удаа байгуулагдаж буй төрийн бус энэ байгууллага нь Азийн орнуудын нийгэм, эдийн засгийн байдлыг судлах, бодлогыг тодорхойлох, бизнесийн орчныг аятай байлгах, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах зэрэг олон асуудлыг шийдэх зориулалттай байгуулагдсан олон улсын байгууллага юм. -“Boao Forum for Asia” буюу Боаогийн Азийн чуулга уулзалт нь Азийн бусад байгууллага болох АПЕК, АСЕАН зэргээс ямар ялгаатай юм бэ? -АПЕК, АСЕАН зэрэг байгууллага нь улс төрийн байгууллага юм. Харин Боаогийн чуулга уулзалт нь төрийн болон ашгийн бус байгууллага. Ази тивийн байгаль, хүн хүчний их нөөц, технологийн дэвшил зэргийг бүс нутаг, улс болгонд хүргэх боломжийг ашиглан, тэр хэмжээгээрээ Азийг дэлхийн тавцанд гаргах, нөлөөг нь ихэсгэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулах юм. -Манай улс “Боаогийн чуулга уулзалт”-ыг үүсгэн байгуулагч орон боллоо. Ингэсэн нь Монгол Улсад ямар ашигтай вэ. Бас ямар үүрэг хүлээх ёстой вэ? -Монголчууд Азийн хөдөлмөрийн хуваарьт давуу тал, өөрийнхөө боломжтой хэлбэрийг ашиглан аль болох өргөнөөр оролцох эрмэлзэлтэй байдаг. Энэ байгууллагад


1567 орсноор бидэнд их боломж нээгдэж байгаа юм. Тухайлбал, түлш эрчим хүчний асуудал Азид төдийлөн шийдэгдээгүй байдаг. Иймээс коксжих нүүрс, эсвэл газрын тосны эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын хүрээнд ч юм уу, олон салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна. Энэ бүгдийг хэрэгжүүлснээр манай ажил хэрэгч хүрээнийхэн, хувийн хэвшлийнхэн Азийн зах зээлд өргөнөөр оролцох боломжтой болно. Үүргийн хувьд бид уг чуулга уулзалтад хүндэт эсвэл онцгой ч юм уу гишүүний статустай байна гэхэд тодорхой хэмжээний татвар төлөх ёстой болно. Доод зах нь гэхэд жилд 10 мянган ам долларын татвар байгаа л даа. Энэ чуулга уулзалт нь төрийн, ашгийн бус байгууллага болохоор ийм татвараар үйл ажиллагаагаа явуулж таарна л даа. Бизнесийн салбарынхныг дэмжээд, хөгжүүлээд Азийн хөгжилд хувь нэмэр оруулаад явбал цаашдаа энэ байгууллага санхүүгийн эх үүсвэртэй болно. Энэ мэтээр өөрөө ч хөгжиж, бусдыг ч хөгжүүлнэ гэсэн үг. -Боаогийн чуулга уулзалтад ихэвчлэн экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон. Чухам яагаад эксүүдийг голлон урьсан юм бол? -Одоогийн удирдлагууд оролцож болно л доо. Улс төрийн байгууллага биш учраас одоогийн удирдагчдыг тэр бүр оролцуулаагүй юм билээ. Улс орныхоо, бүс нутгийнхаа хөгжлийн асуудлыг мэддэг туршлагатай, бас ч гэж бие биеэ мэддэг тэр хүмүүсийг уулзуулж, Азийн чухал асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн хэрэг л дээ. Гэхдээ энэ уулзалтад одоогийн удирдагчид ч ихээр оролцсон шүү. Хятад улсын дарга Зян Зэминь тэргүүтэй Төрийн зөвлөл болон ГХЯ-ны сайд, ажилтнууд Хайнанд ирсэн. Мөн Малайзын Ерөнхий сайд, Балбын Ван, Вьетнамын Ерөнхий сайдын орлогч гээд хүмүүс ч оролцсон. Дашрамд хэлэхэд Боаогийн чуулга уулзалтыг зохион байгуулахад хятадууд маш идэвхтэй зүтгэсэн. Тэд зохион байгуулалтын асуудал, хөрөнгө мөнгө гээд бүх л зүйлийг бэлтгэж, чуулга уулзалтад удирдлагууд нь гойд анхаарал тавьж байсан. -Та энэ уулзалтын үеэр урьд өмнө уулзаж учирч явсан нөхдүүдтэйгээ уулзсан байх. Тэд өнөөгийн Монгол орны тухай сонирхож байх юм уу? -Тэд Монголд зуд болж, маш их хохирол амсч байгаа юм байна. Ялангуяа олон мянган малаа алдаж байгаа тухай, энэ нь эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл нь зовниж, энэ талаар их асууж байсан л даа. -Боаогийн чуулга уулзалтыг цаашдаа Азийн Давос болно гэх юм билээ... -Зохион байгуулагчид нь аль болохоор Давосыг хуулахгүй гэж ярьж байгаа. Нэгэнт байгаа юмыг хуулбал давж гарч чадахгүй л дээ. Иймээс өөрийн гэсэн онцлог, стратеги түүнийгээ биелүүлэх тактик гэж байх ёстой. Тэгж байж л дэлхий дээр буй олон улсын байгууллагуудаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулж болох юм гэсэн зарчим баримталж байгаа. Давост Засгийн газруудын тэргүүн нар, эдийн засгийн томоохон байгууллагын төлөөлөл оролцддог шүү дээ. Харин энэ нь төрийн бус байгууллага. Энэ утгаараа бусад олон улсын байгууллагаас Боаогийн Азийн чуулга уулзалт нь онцлог юм. Азийн олон орны удирдагч оролцсон Боаогийн чуулга уулзалтад манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат эх орноо төлөөлж үг хэлсэн билээ. Тэрээр “Даяарчлагдаж буй дэлхий дахины шинэ нөхцөл байдалд экологийн тэнцвэрийг хадгалахад онцгой анхаарах


1568 ёстой” гэдгийг тэмдэглээд “Азийн ард түмний амьдралын чанар, хөгжил дэвшлийг улам бүр сайжруулах үйл хэрэгт Монгол Улс байгалийн асар их нөөц баялагаа бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтын илүү өргөн бололцоог буй болгож Азийн хөдөлмөрийн хуваарьт идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байна” хэмээсэн юм. Э.Энэрэл Өдрийн сонин 2001.3.9 №056 Баасан Ц.Нямдорж сайд БНХАУ-д айлчлал хийнэ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Фу Сений урилгаар тус улсад энэ оны гуравдугаар сарын 19-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийх асуудлыг хэлэлцээнд зөвшөөрч удирдамжийг батлав. Өдрийн сонин 2001.3.15 №061 Пүрэв Зянь Зэминь баяр хүргэлээ Хятадын удирдагч Зян Зэминь Нацагийн Багабандийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь баяр хүргэж буйгаа илэрхийлсэн цахилгаан мэдээг мягмар гаригт ирүүлжээ. Риа Новости агентлагийн мэдээлснээр тус улсын тэргүүн Монгол, Хятад улс нь найрамдалт сайн хөршийн харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны нөхөрлөл, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц дэвшил гарч буйг цохон тэмдэглэжээ. Мөн тэрбээр харилцан итгэлцэх, сайн хөршийн харилцааны үндсэн дээр тогтвортой, эрүүл саруул, урт удаан хугацааны нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Н.Багабандид уламжилсан байна. Өдрийн сонин 2001.5.24 №122 Пүрэв Хөх хотын өдрүүд болж өнгөрлөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хооронд найрамдалт харилцаа тогтоосны арван жилийн ойг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Хөх хотын дарга Лиу Сиу орлогч дарга Жао Гуан-хуа, Засгийн ордны нарийн бичгийн дарга Тянь Пэй-лян тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Энэ өдрүүдэд төлөөлөгчид УИХ-ын дарга Л.Энэбиш, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд, Нийслэлийн ИТХТ-ийн дарга Т.Билэгт нартай уулзав. Мөн хоёр улсын хамтарсан урлаг соёлн тоглолт болж, 30 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргалаа. Ийнхүү үзэсгэлэн худалдаа гаргасан нь манай хоёр орны бараа бүтээгдэхүүн борлуулах болон нийлүүлэх зах зээлийг нээж өгсөн дэвшилтэт алхам боллоо гэж зохиож байгуулагчид нь ярьж байлаа. Мөн Хөх хотын тухай гэрэл зургийн үзэсгэлэн гарч кино өдрүүд зохиогдсон юм. Хөх хотын өдрүүд ийнхүү дөрвөн өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Э.Надмид Өдрийн сонин 2001.6.5 №132 Мягмар


1569 Монгол-Хятадын Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт болов Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов. Энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Батболд, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Ван И нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож, Монгол, Хятадын харилцаа болон хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийж, санал солилцов. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд С.Батболдыг хүлээн авч уулзан хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр дэд сайд С.Батболд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяраас БНХАУын Төрйн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжид илгээсэн захидлыг гардуулав. С.Батболд БНХАУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны орлогч сайд Сун Госяньтай уулзаж хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны комиссын хурлаар хэлэлцэх асуудлын талаар ярилцав. Мөн БНХАУ-ын Хөгжлийн төлөвлөгөөний улсын хорооны орлогч дарга Вэн Жэншэнь, Хятадын нефть, байгалийн хийн корпорацийн ерөнхий захирлын тусгай үүрэг гүйцэтгэгч туслах Ши Сюньжи нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон зарим асуудал, ОХУ-аас БНХАУ болон Азийн зарим улс руу тавихаар яригдаж буй нефть, байгалийн хийн хоолойн төсөлтэй холбоотой асуудлыг хөндөж санал солилцов. Өдрийн сонин 2001.6.9 №136 Бямба БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань долдугаар сарын 3-5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Гадаад хэргийн яамны бодлого төлөвлөлт, мэдээлэл үнэлгээний газраас мэдээлэв. Өдрийн сонин 2001.6.26 №151 Мягмар ХКН 80 жилийн ойгоо маргааш тэмдэглэнэ Одоогоос 80 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сарын 1-нд Хятадын Зэзян мужийн Жашинд Хятадын коммунист намын анхдугаар их хурал нууцаар хуралдаж, нам байгуулагдсныг албан ёсоор тунхаглажээ. Энэ ойн өдөрт зориулсан хүлээн авалт өчигдөр Хятадын ЭСЯ-нд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуй энд хэлсэн үгэндээ, эгнээндээ 64 сая гишүүнтэй, 80 жилийн түүхтэй ХКН 1,3 тэрбум хүн амтай гүрнийг удирдаж буй эрх баригч намын хувьд улс орноо баян хүчирхэг, ард түмнээ аз жаргалтай болгох түүхэн зорилтыг биелүүлэх бүрэн итгэл, чадвартай байдаг юм гэж онцлон тэмдэглэлээ.


1570 Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар дөнгөж хоёр өдрийн өмнө УИХ—аар батлагдсан МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа, Ардчилсан намын дарга Д.Дорлигжав, Иргэний Зориг намын дарга С.Оюун болон УИХ-ын арав гаруй гишүүн хүлээн авалтад хүрэлцэн ирсэн байлаа. ХКН-ын 80 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн ёслол маргааш Бээжин хотноо болж, намын ерөнхий нарийн бичгийн дарга зян Зэминь илтгэл тавих ажээ. Баярын энэ арга хэмжээг Хятадын СС1, СС-4 телевизээр шууд дамжуулах юм байна. С.Алтай Өдрийн сонин 2001.6.30 №155 Бямба БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань манай оронд айлчилна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай оронд айлчлахаар өнөөдөр ирэх юм байна. Гадаад хэргийн сайд Тан Зясюань 1938 онд Зяньсу мужид төрсөн. 1962 онд Бээжингийн Их сургуулийн япон хэлний ангийг төгссөн. ХКН-д 1973 онд элссэн. 1962-1964 онд БНХАУын радио нэвтрүүлгийн товчооны гадаад хэлтсийн япон хэлний редакцид дадлагажигч, 1964-1970 онд ГХЯ-ны орчуулгын хэлстийн ажилтан, 1970-1978 онд Хятадын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг болон Хятад-Японы найрамдлын нийгэмлэгт тэргүүлэгч гишүүн, 1978-1983 онд БНХАУ-аас Японд суугаа ЭСЯ-нд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, хэлтсийн орлогч дарга, 1988-1991 онд БНХАУ-аас Японд суугаа ЭСЯ-нд элчин зөвлөх, 1991-1993 онд ГХЯ-ны туслах сайд, 1993-1998 онд мөн яамны орлогч сайдаар ажиллаж байв. 1998 оны гуравдугаар сараас Гадаад хэргийн сайдын албыг хашиж байна. ХКН-ын Төв хорооны гишүүнээр 1997 онд сонгогдсон. Эхнэр нэг хүүхэдтэй. Өдрийн сонин 2001.7.3 №158 Мягмар Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ Монгол Улсын Засгийн газрын урилгаар албан ёсны айлчлал хийхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ноён Тан Зясюань өчигдөр 12 цаг 45 минутад Хятадын иргэний агаарын тээврийн “Air China” компанийн “CA-901” дугаартай онгоц хөлөглөн БуянтУхаагийн нисэх буудалд газардлаа. Ноён Тан Зясюанийг дагалдах бүрэлдэхүүнд БНХАУаас Монгол Улсад суугаа элчин сайд Хуан Жакуй, Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн орлогч дарга Чэн Юунхуа, сайдын нарийн бичгийн дарга Хань Жичан, Гадаад хэргийн яамны ёслолын хэлтсийн тасгийн орлогч дарга Ли Тао, Азийн хэлтсийн тасгийн орлогч дарга Цай Вэньруй нарын зэрэг албаны хүмүүс оржээ. Албан ёсны айлчлалын эхний арга хэмжээ 16 цагт Монгол Улсын Гадаад хэргийн яаманд эхэллээ. Яамны гадна хоёр улсын төрийн далбааг мандуулсан байв. Долоон жилийн дотор Монгол их өөрчлөгдсөнийг тэмдэглэв


1571 Ноён Тан Зясюань 1994 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэнийг дагалдан Монголд ирж байснаа юуны түрүүнд дурдаж, долоон жилийн дотор Монгол улс их өөрчлөгдөж ахиц дэвшил гарсныг тэмдэглэж байв. Хоёр улсын Гадаад хэргийн сайд Л.Эрэдэнчулуун, Тан Зясюань нар албан ёсны хэлэлцээ хийх явцдаа Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах асуудлаар зарчмын тохиролцоонд хүрлээ. Монгол оюутнуудыг өмнөд хөршид сургахад зориулж таван сая юанийн тусламж үзүүлэх гэж буйд болон Монгол Улсад шимлжилтийн үеэ даван туулахад нь БНХАУ-аас тусламж дэмжлэг үзүүлж байдагт нь сайд Л.Эрэдэнчулуун Засгийн газрын өмнөөс талархал илэрхийллээ. Буйр нуурын загасны нөөцийг зохицтой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах тухай хэлэлцээр, Байгалийн гамшиг, үйлдвэрийн ноцтой ослын үед хамтран ажиллах тухай хэлэлцээрийг даруй байгуулахыг Монголын тал энэ үеэр хүссэн юм. Цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаар хоёр улсын баримталж буй бодлого ч нийцэж байлаа. Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон, Монгол Улс, НҮБ-ын төлөөлөгчдийн экспертын төвшний уулзалт болохыг Монголын тал мэдээлэв. Энэчлэн дамжин өнгөрөх тээврийн асуудал, НҮБ, АПЕК, АСЕАН-ны бүсийн чуулга зэрэг хоёр талын болон улс хоорондын асуудлаар харилцан мэдээллээ. Ноён Л.Эрдэнэчулууныг энэ үеэр БНХАУ-д айлчлахыг урив. Хэлэлцээний дараа хоёр тал БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад таван сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх солилцох захидалд гарын үсэг зурлаа. Сайдыг Монголд ирж хамтран дуулахыг урьжээ Яг энэ цаг мөчид Бээжин хотноо эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан эхэлжээ. Хятадын Гадаад харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааны яамны дэд сайд, комисын Хятадын хэсгийн дарга Ан Минь, Монгол Улсын Дэд бүтцийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Б.Жигжид нар харилан мэдээлэл хийжээ. Хуралдааны үеэр Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 45 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг мэдэгдсэн байна. Манай талаас Чаргайт, Үенч, Дөргөний УЦС-ыг барих, Дорноговьд зэсийн ордыг ашиглах зэрэг салбарт Хятадын талтай хамтран ажиллах санал тавьжээ. Хятадын талаас спирт оруулахгүй байх, Оросоос дамжуулах нефть, хийн хоолойг Монголын нутгаар дайруулан тавих тухай санал ч дурдагдсан байна. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт сайд Б.Жигжид, Ан Минь нар гарын үсэг зуржээ. Сайд Ан Минь 50 жилийн тэртээ Монголд ирж, Сүхбаатарын талбайн хажууд зочид буудалд байрлаж байсан гэнэ. Энэ тухайгаа дурсан ярихад нь сайд Б.Жигжид түүнийг 50 жилийн өмнө очиж байсан газраа хамтран дуулахыг урьсан байна. Ноён Жү Рунжи Монголд айлчлахад бэлэн байна


1572 Аливаа айлчлалын явцад болдог хэвлэлийн бага хурал цаг хугацаанд хавчигдсан, хоёр талаас тохирсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд урьдчилан төлөвлөсөн асуулт тавих эрх олгодог зэрэг хязгаарлалт байдаг. Харин энэ удаа ноён Л.Эрдэнэчулуун, Тан Зясюань нар хэвлэлийнхэнд чөлөөтэй ярилцах боломж олголоо. Ноён Л.Эрдэнэчулуун Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулахаар тохиролцсон нь хоёр орны харилцааг өндөр төвшинд хүргэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. “Монгол Улс хоёр хөрш оронтойгоор харилцан сонирхлын асуудлаар зөвлөлдөх механизм байгуулах талаар сүүлийн үед ярьж байгаа. Энэ асуудлаар гурван тал нааштай байр суурьтай байгаад баяртай байна. Сая болсон хоёр сайдын яриа хэлэлцээрийн талаар ОХУ-д мэдээлэл өгнө” гэлээ. Ноён Тан Зясюань Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг Хятадын тал хүндэтгэн үзэж, Монгол Улсын хийсэн сонголтыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэв. Олон улсын байдалд болон хоёр орны дотоодод ямар өөрчлөлт гарсан ч Хятадын Засгийн газрын дээрх бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг ч хэллээ. Дараа нь тэд сэтгүүлч, сурвалжлагчдын асуултад хариулав. “Зууны мэдээ”: -Шанхайн тавын үйл ажиллагшаанд оролцоход Монгол Улсад ямар болзол тавигдах вэ? Тан Зясюань:-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үй ажиллагааг хүлээн зөвшөөрсөн бүс нутгийн аль ч орон түүнд оролцох боломжтой. Монгол Улс нэгдэн ороход Хятадын талаас ямар нэг саад байхгүй. Хэрэв Монгол Улс гишүүнээр нэгдэн орвол энх тайвны үйл ажиллагаанд хувь нэмэр болно. “Өдрийн сонин”:-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Жү Рунжи Монгол Улсад айлчлах уу. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр ноён Жү Рунжид ОХУ-аас БНХАУ руу тавих нефть, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийн тухай захидал явуулсан. Бээжинд болж буй хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ч дээрх асуудал хөндөгджээ. Хятадын тал энэ асуудлыг хэрхэн шийдэх төлөвлтэй байгаа бол? Тан Зясюань:-Ерөнхий сайд Жү Рунжи Монгол Улсад айлчлахад бэлэн байгаа. ОХУаас Хятад улс руу дамжуулах нефть, хийн хоолойн асуудалд Хятадын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг судалж байгаа. Энэ талаар одоо хэлэхэд арай эрт байа. Дахин судалгаа явуулах шаардлага бий. “25 дугаар суваг” телевиз:-Шанхайн тавын үйл ажиллагаанд оролцох нь Монгол Улсын гадаадын цэргийн эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үүрэгтэй харшлах юм биш үү? Л.Эрдэнчулуун:-Монголын Засгийн газар энэ байгууллагад элсэх тухай шийдвэр гаргаагүй. Үйл ажиллагааг нь анхааран судалж байна. “Синхуа” агентлаг:-Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэх вэ? Л.Эрдэнэчулуун:-Хоёр талын хооронд эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт олон төрлийн төсөл хэрэгжиж байна. Хамтын ажиллагаа өөдрөг явж байгаа энэ үед Ерөнхиий сайд айлчлах нь чухал юм. Ерөнхий сайдын айлчлал дээрх асуудлуудыг


1573 шийдэхэд чухал ач холбогдолтой. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр Ерөнхий сайд уулзаагүй. Найрсаг хоёр хөрш орны Ерөнхиий сайдууд ийм урт хугацаагаар уулзахгүй байх нь боломжгүй асуудал. Хоёр Ерөнхий сайд удахгүй уулзаасай. Айлчлалын талаар тохиролцоонд хүрсэн. Хэдийд айлчлах хугацааг дипломатын шугамаар ойрын үед шийдэх байх. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 2001.7.4 №159 Лхагва Монгол Улсын бүх салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Ерөнхийлөгч Н.Багабанди 1998, 1999 онд болсон дээд хэмжээний айлчлалын үед ярилцан тохирсон гэрээ, хэлэлцээр нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлж, сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, Хятадын Засгийн газрын зүгээс Монгол Улсад хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлэх, оюутан сургах, хүн солилцох, хөрөнгө оруулалт хийх, худалдаа бизнесийн орчинг бүрдүүлэхэд тусалж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНХАУын Гадаад хэргийн сайдын айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлээд хоёр орны гадаад хэргийн яамдын төвшинд хийгдсэн яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгохын чухлыг тэмдэглэн Тан Зясюань сайдын зүгээс тавьсан хоёр орны улс төрийн харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах тодорхой саналуудыг дэмжиж байна гэлээ. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд долоон жилийн өмнө Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай манай оронд ирж байснаа дурдаад өнгөрсөн богино хугацаанд Монгол Улсын нийгмийн амьдралын бүх салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хийсэн яриа хэлэлцээ илэн далангүй байж, олон чухал асуудлаар тухайлбал, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмнүүдийг ойртуулан нягтруулахад дэм үзүүлэх, соёл мэдээллийн төвийг харилцан байгуулах, Монгол, Хятад, Орос улсуудын гурван талын зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг нэгдэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгууллагын хүрээнд бие биеийн байр суурийг харилцан дэмжих зэрэг асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрч чадлаа гэж мэдэгдлээ. Өдрийн сонин 2001.7.5 №160 Пүрэв Айлчлалыг хүлээж байна


1574 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, ноён Тан Зясюанийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд, ноён Тан Зясюанийн Монгол Улсад хийж буй айлчлал амжилттай болж байгаад баяр хүргээд, хөрш хоёр орны харилцаа бүх салбарт өрнөж, Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэн, цас зудын гамшиг, шүлхий өвчинтэй тэмцэхэд туслалцаа үзүүлсэнд болон Бээжин хотноо болж байгаа Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр БНХАУ-ын Засгийн газар 45 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр мэдэгдсэнд талархлаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Жу Рунжид мэндчилгээ дамжуулж, түүний Монгол Улсад хийх айлчлалыг хүлээж байна гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин 2001.7.5 №160 Пүрэв УИХ-ын дэд дарга хүлээн авч уулзлаа УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж манай оронд албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тан Зясюань УИХ-ын дэд даргын хүндэтгэл үзүүлж цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хороооны удирдлага болон Бүх Хятадын Улс Төрийн зөвлөлдөх зөвлөлийн орлогч даргын мэндчилгээг уламжлав. Тэрбээр хэлсэн үгэндээ “Өчигдөр ХятадМонголын Гадаад хэргийн сайд нарйн хийсэн хэлэлцээ маш ач холбогдолтой боллоо. Хоёр орны парламент хооронд тогтоосон хамтын ажилллагаа хоёр улсын харилцааны салшгүй нэг хэсэг гэж би үздэг. Өнгөрсөн онд хоёр улсын тэргүүн нарын хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг XXI зуунд шинэ шатанд гаргах бат бэх суурийг тавьсан юм. Энэ нь хоёр улсын ард түмний үндсэн эрх ашигт бүрэн нийцэж байгаа төдийгүй хойч үе залуучууд, Ази, Дэлхийн энх тайвны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Хятад улс удахгүй дэлхийн худалдааны байгууллагын гишүүнд нэгдэн орно. Хоёр орны парламент хоорондын харилцан солилцоог цаашид улам нэмэгдүүлэхийг хүсч байна гэлээ. УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм гээд манай шинэ төр, Засгийн газраас энэ чиг шугамыг цаашид тууштай баримтлах болно гэж уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин 2001.7.5 №160 Пүрэв Ноён Тан Зясюань найрсаг хүн гэдэг нь мэдрэгдлээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манай сонинд ярилцлага өгөв


1575 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тан Зясюань Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дэд даргатай уулзахдаа айлчлал амжилттай болж буйг онцлон хэлж байв. Ноён Тан Зясюань “Говь” ХК-ийн ээрэх, будах, оёх, боловсруулах зэрэг дамжлагын үйл ажиллагаатай танилцсан юм. Монголын энх тайван, найрамдлын холбоо хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаанд оруулж буй түүний хувь нэмрийг үнэлэн “Мөнгөн од” одонгоор шагналаа. Манай “Өдрийн сонин” ноён сайдад долоон асуулт тавьж хариулт авахыг хүссэн юм. Тэрбээр хоёрхон цагийн дотор хариулт өгөхөө мэдэгдлээ. Ноён Тан Зясюань “Чингис” зочид буудалд амрах хормоосоо хугаслан байж манай сонины сурвалжлагчийг бусад хэвлэл мэдээллийн байгууллагын хамт урин ярилцлага өгсөн бөгөөд энэхүү цагийг найрсаг уулзалт хэмээн нэрлэлээ. Ноён Тан Зясюань үнэхээр найрсаг хүн гэдгийг энэхүү уулзалтын үеэр мэдэрсэн юм. Монгол Улсад айлчин гийчин олон ирдэг ч хэвлэлийнхний асуултад тусгайлан цаг гаргаж ийнхүү хариулдаг нь ховор билээ. Тэрбээр өмнө нь хэвлэлийн бага хурал хийлгэж байсан ч энэ удаа цаг хайрлалгүй бидний асуултад хариулсан юм. -Ойрмогхон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Зян Зэминьтэй уулзсан. Удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, В.В.Путин нар Словянд нүүр учирсан. Шанхайн тавын орнуудын зөвлөлгөөн ч болсон. Таны манай оронд хийж буй энэхүү уулзалтуудтай холбоотой юу? -Ямар ч холбоо байхгүй. Би хэдэн сарын өмнөөс Монголд хийх айлчлалаа товлоод байсан. -БНХАУ-ын гадаад харилцаанд Монгол Улс ямар байр суурь эзэлдэг вэ? -Өнгөрсөн зууны сүүлчээр хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзан хоёр талын харилцааг хөгжүүлэх чухал зарчмын асуудлуудыг хэлэлцэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Тэдгээрийн үндсэн зарчим нь хоёр орны сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Хоёр орны харилцаа тогтвортой урагшлан хөгжих ёстой. Үүний тулд хоёр талын дээд хэмжээний уулзалтыг тогтмолжуулах, эдийн засаг хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ын шугамаар олон талт үйл ажиллагаанд хамтран оролцох зарчмыг хөгжүүлэх, бүс нутгийн асуудлаар хамтран ажиллахад оршино. Хятад улсын зүгээс бусад орны дотоод хэрэгт оролцдоггүй зарчмыг баримтална. -Та сая ноолуур боловсруулж, түүхий эд үйлдвэрлэдэг “Говь” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хятад улс энэ үйлдвэрийн хувьчлалыг сонирхож байгаа юу? -Тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, ерөнхий захиралтай уулзахад Хятадын ижил төстэй компани, аж ахуйн нэгжүүдтэй найрсаг хамтын ажиллагаатай юм байна. Миний хувьд энэ харилцааг хадгалж үлдэхийг хүсч байна. БНХАУ-д үүнтэй ижил төстэй үйлдвэрүүд олон бий. Хятад улсад ноолууран бүтээгдэхүүний зах зээл их, манайд залуучууд ийм хувцас эдэлж, өмсөх дуртай. Тэгэхээр ийм төрлийн бүтээгдэхүүний зах зээл өргөн, хэтийн төлөв ч сайн гэж бодож байна. Миний дээр хэлснээр танай орны дотоод хэрэгт оролцож, “Говь”-ийн хувьчлалыг бид сонирхохгүй.


1576 -БНХАУ-ын зүгээс Монгол Улсын эдийн засгийн аль салбарт тусламж үзүүлэхийг хүсдэг вэ? -Хятадын талаас Монгол Улсад эдийн засгийн төрөл бүрийн тусламж үзүүлдэг. Аль салбарт вэ гэдгийг хоёр талаас тохирох ёстой. Тусламж авах салбарын сонирхлыг хүндэтгэнэ. -Танай Намын Төв Хорооны гишүүд Бай Дахаод цуглах юм байна. Түүгээр юу ярилцах гэж байгаа вэ? -Би өөрөө ХКН-ын Төр Хорооны гишүүн. Манай Намын Төв Хорооны гишүүд наймдугаар сарын эхээр Бай Дахаод цуглаж, ярилцах сонирхолтой байдаг. Учир нь энэ үеэр Бээжинд хэт халуун болдог юм. Гэхдээ энэ удаад ямар хуралдаан болох талаар мэдээлэл аваагүй л байна. Манай Төв Хорооны гишүүд бусад хотод ч цуглаж ярилцдаг уламжлалтай. -Монгол Улсад малын гоц халдвартай өвчин гарсантай холбогдуулан Хятад улсын зүгээс мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглоод байгаа. Энэ хоригийг хэзээ цуцлах бол? -Танай улсад малын шүлхий өвчин өнгөрсөн жил гарсан. Энэ жил бас гараад байна. Хятад улсаас гадна бусад орон ч ийм тохиолдолд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг импортлохыг хориглодог юм. Гэхдээ энэ нь мөнхийн арга хэмжээ биш. Бид Монголын талын саналыг бас сонсоно. Манайх шүлхий өвчин гарсантай холбогдуулан хоёр сая юанийн үнэ бүхий ариутгалын машин, ариун цэврийн зүйлсийг Монгол Улсад бэлэглэсэн. Шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлэхээр танай талтай ярьсан боловч олон жилийн турш ОХУ-ын вакциныг хэрэглэж ирсэн гэсэн хариу өгсөн. Хятадаас вакцин авбал Монголын нөхцөлд таарах эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй гэснээс шалтгаалан бид ариутгах зориулалттай бусад зүйлийг нийлүүлэхээр болсон юм. Бид Монгол Улсын талд байж, танай ард түмнээс энэ бэрхшээлийг даван туулахад дэмжлэг тусламж үзүүлэхийг хичээдэг. Шүлхий өвчний голомыг бүрэн устгасан цагт хоригийг цуцална. Мнай тал Монгол Улсыг энэ байдлаас түргэн гараасай гэж хүсч байгаа. -БНХАУ даяарчлалын үйл явцыг хэрхэн үнэлдэг вэ? -Дэлхийд хоёр том хандлага бий болоод байна. Энэ нь улс төрийн олон туйлчлал, эдийн засгийн даяарчлал юм. Улс төрийн олон туйлчлал нь дэлхий нийтэд энх тайвныг хөгжүүлэхэд тустай. Дэлхийн зарим нэг улс орон ганц туйлчлалын төлөө байдаг. Гэвч дэлхийн олон орныг ганц нэг орон удирдах нь яриа төдий зүйл. Хэрэг дээрээ энэ нь биелж чадахгүй юм. -Монгол Улсад Хятадын хөрөнгө оруулалттай 600 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр байгууллага манай үндэсний үйлдвэрлэлийн сэргэлтэд нөлөө үзүүлж чадах уу? -Хятадын 600-гаад аж ахуйн нэгж Монголд байдаг нь үнэн. Гэвч тэдний үйлдвэрлэлийн хүчин чадал их биш. Хятадын Засгийн газраас олон улсад нэр хүндтэй томоохон аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа. Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг сайн ажиллахыг хүсч байна. Томоохон аж ахуйн нэгжүүд Монголын Засгийн газраас дэмжлэг авч хөрөнгө оруулалтын нэн таатай нөхцөл бүрдвэл Монголын үндэсний үйлдвэр сэргэхэд тустай юм.


1577 -БНХАУ-ын эдийн засаг түргэн хурдацтай хөгжиж байна. Үүний нууц юу вэ? -Манай улс хоёр зүйлд анхаарлаа хандуулдаг. Юуны өмнө гадаад орны шилдэг технологи, менежментийн арга барилыг өөрийн орны бодит байдалтай хослуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийн үндэстнийг хүндэтгэн, итгэлтэй байх ёстой. Алс холын эрмэлзэл байх хэрэгтэй. Шинэ зүйл хийх санаачилга байхгүй бол ямагт хүчин дутагдана. Эх орноо хөгжүүлэх нууц арга хэрэгтэй бол манай талаас холбогдох хүмүүсийг урьж лекц уншуулж болно. Миний ярьж буй зүйл архи ууж суугаад ярьж байгууштай зүйл байна. Гэвч энд архи алга. (хошигносон юм гээд инээв) Улс бүр өөрийн онцлогтой байдаг. Жишээлбэл, миний богинохон үгээр хэлсэн зүйлийг орчуулагч их урт үгээр орчуулж байна. Миний насны хүмүүс соёлын хувьсгалын үеийг туулсан юм. Тэр үед нийгмийн эмх замбараагүй байдал газар авч, удирдлагыг хамаа, замбараагүй унагаж байсан юм. Ийм замбараагүй байдалд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ дээ. Улс төрийн тогтвортой нөхцөл байсан цагт эдийн засаг хөгжих ёстой. Шинэчлэл хийх нь эдийн засгийг хөгжүүлэхэд бидний эцсийн зорилго оршдог. Шинэчлэлд тогтвортой байдал хэрэгтэй. Тогтвортой байдал нь эдийн засгийг хөгжүүлэх боломж олгодог. Зуун удаа сонссоноос нэг удаа үзсэн нь дээр гэдэг. Та нар Хятадад биеэрээ очиж байж байдлыг мэдэрвэл илүү дээр. Эцэст нь та нараар уламжлан Монголын нийт иргэдэд хүндэтгэл илэрхийлж баяр наадмаа сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. (Тэрээр наадам гэдэг үгийг монголоор хэлэв) Эрээн хотыг чөлөөт бүс болгох асуудлыг хэзээ шийдэх гэж буйг түүнээс асуухад энэ бол хил орчмын бүсүүдийн өөрсдийн шийдэх асуудал гэж үздгээ хэлсэн юм. Эрхэм зочин өнөөдөр Тэрэлжид малчин айлд зочлон Монгол ахуйтай танилцах юм. Түүний айлчлал үүгээр өндөрлөнө. Д.Оюунцэцэг Өдрийн сонин 2001.7.5 №160 Пүрэв Ноён Тань Зясюань Монголд морьтой боллоо БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Тань Зясюань айлчлалаа өндөрлөж нутаг буцахынхаа өмнө нийслэлийн ойролцоо Тэрэлжид зусч буй малчин Б.Амарсанаагийнд зочилж монгол ахуй, зан заншилтай танилцав. Ноён Тань Зясюаньд гэрийн эзэн хээр зүсмийн морь бэлэглэхэд “Миний морийг сайн харж арчилж байгаарай” хэмээн захиж айргаар мялаагаад ижил сүрэгт нь тавьж үлдээлээ. Эрхэм зочид хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан үзэж сонирхоод нийслэлийг зорьсон юм. Тэдний Монгол Улсад хийсэн гурван өдрийн ажлын айлчлал үүгээр өндөрлөж өчигдөр орой эх орондоо буцахаар Улаанбаатараас мордлоо. Ноён Тань Зясюань Монгол Улсад хийсэн түүний айлчлал амжилттай болж өндөрлөсөнд гүн талархалтай байгаагаа Бээжин орохоор мордохынхоо өмнө илэрхийлэв. Д.Оюун Өдрийн сонин 2001.7.6 №161 Баасан Захидал илгээв


1578 2008 оны зуны олимпийн 29 дүгээр тоглолтыг зохион байгуулах хотоор Бээжин хот сонгогдсонд баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Зянь Зэминьд захидал илгээв. Хөрш зэргэлдээ, найрсаг харилцаатай БНХАУ-ын нийслэл олимпийн тоглолт болох нь түүнд Монголын тамирчид, иргэд өргөнөөр оролцох таатай боломж бүрдүүлнэ гэж үзэж баяртай байгаагаа Ерөнхийлөгч Н.Багабанди захидалдаа онцлон тэмдэглэжээ. Өдрийн сонин 2001.7.18 №168 Лхагва Хүлээн авч уулзав УИХ-ын дарга, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Л.Энэбиш Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн урилгаар манай оронд айлчилж байгаа Хятадын Гадаадтай найрамдах ардын нийгэмлэгийн орлогч дарга Ван Юньзэ тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны сайн хөршийн уламжлалт түүхэн найрсаг харилцаа улам өргөжин хөгжиж байгааг УИХ-ын дарга сайшаагаад уг харилцаанд тус нийгэмлэгүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 лны олимпийн наадам зохион байгуулагдахаар болсонд УИХ-ын дарга хувиасаа болон Монголын ард түмэн, тамирчдынхаа өмнөөс талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Тэрээр уг олимпийн наадам нь манай хөрш оронд болж байгаа нь манай орны тамирчдад өрнөгөөр оролцох болон үзэж сонирхох таатай боломж тохиож байгааг дурдаад Хятадын ард түмэнд энэхүү олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүслээ. Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг нь манай орны анхны томоохон нийгэмлэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүүдэд улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тус нийгэмлэгээс өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ирсэн бөнөөд үүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны туслалцаа их бийг УИХ-ын дарга Л.Энэбиш тэмдэглэв. Өдрийн сонин 2001.7.25 №174 Лхагва Д.Цахилгааныг Жү Рунжи хүлээн авлаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жү Рунжи Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгааныг эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Ерөнхий сайд Жү Рунжи хоёр орны бүх талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд жинхэнэ сайн хөршийн ёсоор явж, өндөр төвшинд хүрсэн гэж манай Засгийн газар үнэлж байна хэмээн мэдэгджээ. Өдрийн сонин 2001.7.27 №176 Баасан Урд хөршид Ж.Өлзий-Орших амжилттай уралдаж байна


1579 Хятадын олон өдрийн уралдаан хэмээгдэх олон улсын дугуйн уралдаан Өвөрмонголын Хөх хотод энэ сарын 26-29-ний өдрүүдэд явагдсан билээ. Урд хөршид зохиогдсон энэ уралдаанд өрсөлдөхөөр манай улсаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 23-нд Хөх хотыг зорьсон юм. Олон өдрийн уралдаан гэдэг нь өдөр бүр холын зайд дугуйчид хурд сорин уралддагаар онцлогтой. Хоёрдугаар шалгаруулалтын 220 км-ын зайд Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших төмөр хүлгээрээ амжилттай хурдалж гуравдугаар байрт оржээ. Эхний хоёр хоногийн тэмцээний нийлбэр дүнгээр тэрээр дөрөвдүгээр байрт шалгараад байгаа аж. Өчигдөрийн байдлаар тамирчдын эсцийн байр суюу дөрөв хоногийн нийлбэр дүн хараахан гараагүй байлаа. Уралдаанд амжилттай оролцсон манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. С.Түшиг Өдрийн сонин 2001.7.31 №179 Мягмар Элчин сайд цэцэг өргөжээ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай холбогдуулан Жанчхүүгийн даваанд байдаг Монгол-Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, 1945 оны чөлөөлөх дайнд амь эрсэдсэн баатруудын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүллээ. Элчин сайд замдаа Жанчхүү хотын удирдлагатай уулзаж харилцан ярицлсан байна. Тэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгтэй шууд харилцах, уурхай, барилга, аж ахуйн бусад салбарт хамтран ажиллах, арилжаа худалдаа хийх сонирхолоо илэрхийлжээ. Ш.Санаа Өдрийн сонин 2001.8.13 №190 Даваа Хятадын сэтгүүлчид манай сонинд зочиллоо БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага болон зарим өдөр тутмын сонины сэтгүүлчид манай улсын хэвлэл мэдээллийнхний ажилтай танилцахаар Улаанбаатарт иржээ. Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Гадаад харилцааны ажилтан Ли Хао, Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий товчооны ерөнхий редактор, хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгийн зөвлөлийн гишүүн Жан Фэн Жи болон хэсэг сэтгүүлчид “Өдрийн сонин”-д өчигдөр зочлов. Тэд редакцийн өдөр тутмын ажилтай танилцаж сэтгүүлчидтэй уулзлаа. Ш.Санаа Өдрийн сонин 2001.8.16 №193 Пүрэв Бээжингийн универсиадад 120 орон оролцоно Дэлхийн оюутны спортын зуны XXI наадам “Универсиад 2001” БНХАУ-ын Бээжин хотноо ирэх лхагва гаригт нээгдэнэ. Есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх энэ удаагийн бага олимпод 120 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 12 төрлөөр /хөнгөн атлетик, сагсан


1580 бөмбөг, хөлбөмбөг, гимнастик, усанд сэлэлт, усанд үсрэлт, теннис, воллейбол, туялзуур жад, усны бөмбөг, жүдо, эмэгтэй хөлбөмбөг, ширээний теннис/ авхаалж самбаагаа сорих юм. Нийт 168 иж бүрэн медалийн төлөө тамирчид өрсөлдөх бөгөөд түрүүлсэн тамирчны эх орны сүлд дууллыг бус FISU /Олон улсын их сургуулиудын спортын холбоо/-гийн дууллыг эгшиглүүлдгээрээ Универсиад тив, дэлхийн бусад тэмцээнээс ялгаатай. Онцлох тэмдэг Энэ тэмдэг нь “2 ба 1” гэсэн тооноос зохиомжлогдсон “U” / универисиад/ гэсэн үсгийг илэрхийлж байгаа юм. Бээжингийн универсиадын онцлох тэмдэг бол өнгөлөг, хийсч намиран дэрвэж байгаа туузны хэлбэртэй, жавхаалаг залуу насны эрч хүчийг илэрхийлсэн, дэлхийн өнцөг бүрээс хуран цугларах тамирчдад халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж буй утгатай ажээ. Энэ загвар нь 5000 жилийн тэртээх Хятадын соёл болох бийрэн бичлэгийн урлагаар зурагджээ. Бэлгэдэл сахиус Наадмын бэлгэдэг сахиус бол “Ла-Ла” нэртэй Янзцы голын ховор амьтдын нэг матар юм. “Ла-Ла” нь сэргэлэн, хөгжилтэй нөхөрсөг, өөртөө итгэлтэй хүүхэлдэйн дүрсээр илэрхийлэгдэж байна. “Ла-Ла”-гийн найрсаг инээмсэглэл нь олон орноос хүрэлцэн ирж буй оюутан найз нараа уралдан тэмцэлдэх, хүч чадлаа эрчлэн сориход уриалж байгаагаар дүрслэгджээ. Гал ба бамбар “Бээжингийн Универсиад” өвөрмөц байдлыг сонгон авчээ. “Шинэ зууны анхны гэрэл”-ийг тусгах зорилгоор Шинэ Зеланд улсын “Мейси” их сургуулийн цэцэрлэгээс 2001 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн өглөө ургахын улаан нарны илчээс асааж авчээ. Энэхүү бамбарыг тусгайлан хийсэн саванд хадгалан авчирч энэ оны тавдугаар сарын 4-ний өдрийг хүртэл Бээжин хотын Мянганы талбайд асааж байжээ. Харин энэ өдрөөс эхлэн бамбарыг 10000 оюутан, сайн дурынхан гараас гарт буухиалан дамжуулж, 100 өдрийн турш бүх Хятадын нутаг дэвсгэрээр аялуулах ажээ. Энэхүү бамбар нь наймдугаар сарын 20-нд Бээжин хотноо эргэж ирнэ. Нээлтийн ёслолын ажиллагаа Нээлтийн ёслолын ажиллагаа Бээжин хотын 70000 хүний суудалтай Ажилчны цэнгэлдэх хүрээлэнд наймдугаар сарын 22-ны өдрийн 20.00 цагт эхэлнэ. Энэ цэнгэлдэх хүрээлэн тамирчдын тосгоноос 13,8 км зайтай оршдог. Тамрчдын жагсаал цагаан толгойн үсгийн дэс дарааллаар орж ирэх ба зохион байгуулагч орон хамгийн сүүлд нь орж ирнэ. Баг бүртнэг тугчин, хоёр тугны хамгаалагч байна. ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч үзнэ ОУОХ-ны шинэ Ерөнхийлөгч Жак Рогге Бээжингийн Универсиадыг үзэхээр ирнэ. Тэрээр “Бээжин 2008”-ын бэлтгэл ажилтай энэ сарын 27-ны өдөр танилцана. Тамирчдын тосгон Тамирчдын тосгон нь Бээжин хотын их, дээд сургууль олноор байрладаг Найдэн дүүрэгт 11,2 га газарт 220 мянган ам метр талбайтай. Энэхүү тосгоноос бүх спортын


1581 төрлийн тэмцээн уралдаан болж буй газар 30 минутын дотор хүрэх бололцоотой. Тамирчдын тосгонд бйрлах хоолны газар нь нэг ээлжиндээ 3000 хүнийг хүлээн авах чадвартай, 24 цагийн туршид тасралтгүй ажиллаж төрөл бүрийн Ази, Европ хоолоор үйлчлэх юм. Тамирчдын амрах байр, эмнэлгийн тусламж, дэлгүүр, изнесийн болон хэвлэл мэдээллийн төв, соёл урлагийн талбай, тээврийн үйлчилгээ гэх мэт газрууд мөн энд бий. Манайхан универсиадад Монголын баг тамирчид дэлхийн оюутны спортын наадам Универсиадад 1973 оноос хойш оролцож эхэлсэн. Манай залуучууд Универсиад наадмаас 1973 онд /Москва/ чөлөөт бөхийн төрлөөр Б.Нацагдорж, 1977 онд /Софи/ мөн төрлөөр З.Ойдов, З.Дүвчин нар, 1999 онд /Палма Де Мальорка/ жүдо бөхийн төрлөөр Х.Болдбаатар нар алтан медаль хүртэж байжээ. Бээжингийн XXI Универсиад наадамд Монголын баг тамирчид жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, спортын болон уран сайхны гимнастик, теннис, усанд сэлэлтийн төрлүүдээр хүчээ сорих юм. Монголын оюутны спортын холбоо 1977 оноос эхлэн Дэлхийн оюутны спортын өвөл, зуны наадам, Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд өөрийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулж байна. Монголын оюутны шигшээгийн тамирчид 75 орчим хүний бүрэлдэхүүнтэй энэ бямба гаригт Бээжин хотыг зорино. Өдрийн сонин 2001.8.16 №193 Пүрэв Элчин сайдаар Л.Амарсанааг томилов Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дагвын Цахилгааныг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсандагвын Амарсанааг томиллоо. Өдрийн сонин 2001.8.20 №195, 196 Даваа Улиралын ажиллагаатай боомт шинээр байгуулахыг дэмжив Хилийн хяналт, шалгалт явуулах, хилийн хяналт шалгалтын байгууллагууд, тэдгээрт ажиллагсдын ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлсний үндсэн дээр Дорноговь аймгийн Хатанбулаг сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан Муу мянган хошууны хилийн хэсэгт “Ханги-Мандал”-ын улиралын ажиллагаатай боомт шинээр байгуулах нь зүйтэй гэж үзэв. Ингээд боомтыг шинээр байгуулах асуудлыг Хятадын талтай эцэслэн тохиролцохыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, боомт байгуулж ажиллуулах бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох сайд нарт даалгав. Өдрийн сонин 2001.8.30 №205 Пүрэв Д.Батбаатар хүлээн авч уулзав


1582 Манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны Тамгын газрын дарга Пэн Ибин тэргүүтэй төлөөлөгчдийг УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаатар өчигдөр хүлээн авч уулзав. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаатар, БНХАУ-ын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны Тамгын газрын дарга Пэн Ибин нар өөр өөрийн орны парламент, тэдгээрийн Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар танилцуулан харилцан ярилцаж, санал солилцов. Төлөөлөгчид энэ сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар, Дархан хотууд, Төв аймагт ажиллах бөгөөд Тэрэлж, Манзуширийн хийд зэрэг манай орны түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнтэй газруудтай танилцах юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв. Өдрийн сонин 2001.9.4 №209 Мягмар Ж. Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатараас өчигдөр мордов УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид Хятадын ард түмний улс төрийн зөвлөлдөх зөвлөлгөөний үндэсний зөвлөлийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатараас мордов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Баасанжав, Д.Оюунхорол, М.Зэнээ, Н.Ганбямба, О.Нигамет, Д.Түмэндэмбэрэл нар оржээ. Өдрийн сонин 2001.9.4 №209 Мягмар Бүх Хятадын аваргад Монголын тамирчид амжилттай оролцжээ Хятадын талбайн теннисийн холбооны урилгаар манай өсвөрийн тамирчид бүх Хятадын аварга шалгаруулах бага насны буюу арав хүртэлх насны хос тоглолтын тэмцээнд найман хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Тэмцээнд оролцсон манайхан шигшээ тоглолтод шалгарсан байна. ОХУ-ын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний аварга М.Төрболд (Хан Холдинг) бүх Хятадын аваргын төлөө өрсөлдөөд хоёрдугаар байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдийн хос тоглолтод Э.Золзаяа, (Хан Холдинг), Б.Анударь (Ээрмэл) нар амжилттай тоглон хоёрдугаар байр эзэлжээ. Өдрийн сонин 2001.9.5 №210 Лхагва Өвөрмонголын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны радио, телевиз, кино хороотой хамтарч ажиллах гэрээний дагуу Өвөрмонголын кино, телевизийн бүтээлийг сурталчлах өдрүүдийг Улаанбаатар хотноо зохиож байна. Энэ арга хэмжээний хүрээнд Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид манайд ирсэн юм. Өвөрмонголын уран


1583 бүтээлчид долоон бүлэг телевизийн жүжиг, арваад уран сайхны кино, кино концерт, баримтат кино, телевизийн сурвалжлагатай иржээ. Өвөрмонголын Одон телевизийн орчуулан үйлдэх төвийн дэд дарга Өлзийхишигээс зарим зүйлийг сонирхлоо. -Өвөрмонголын алдар цуутай ямар жүжигчин ирснийг манай уншигчид сонирхож байна? -Өвөронголын гавьяат дуучин Алтанцэцэг, Загдсүрэн, Эрдэмтү, Гэрэлт болон бусад жүжигчид ирсэн. Мөн Өвөрмонголын телевиз хорооны дарга Ван Зан, орлогч дарга Эрдэнэ тэргүүтэй найруулагч, сэтгүүлч, дуу оруулагч хүмүүс ирлээ. “Одон” телевизийн хөтлөгч Одонгоо, Хас-Эрдэнэ нар бас хамт яваа. Танай үндэсний телевизээр “Удын ногоон сүүдэр”, “Холын тэргэл хөдөө” зэрэг кинонууд гарч байгаа. Мөн театрт “Чингис” уран сайхны кино гарсан. -Дэлгэр гэдэг жүжигчин гол дүрд нь тоглосон кино мөн үү? -Үгүй, Түмэн гэдэг залуу тоглосон. Өмнө гарч байсан “Чингис”-ийн дараа дахиад хийсэн кино. 190 минут үргэлжилдэг юм. Саяхан бас Чингисийн тухай 20 ангит телевизийн жүжиг хийгээд дуусгасан. -Очоод Монголын тухай нэвтрүүлэг хийх үү? -Сонин мэдээгээр гарна. Мөн хятадаар 30, монголоор 50 минутын нэвтрүүлэг хийнэ. Соёл урлагийн дэлгэцээр тусгай нэвтрүүлэг бас гарах байх. Одоо манай гурван сурвалжлагч “Хархорин”-д яваа -Та манай радио, телевизээр орж танилцсан байх. Хамгийн содон сонин санагдсан зүйл гэвэл юуг хэлэх вэ? -Манай “Одон” телевизийн 70 хувь нь орчуулгынх байдаг. Танайх өөрсдөө нэвтрүүлгээ хийдэг. Мөн гадаад киног орчуулахдаа танайх хоёр, заримдаа 3-4, үүнээс ч олон хүн ч оролцох юм. Харин манайд бол цаад кинонд хэдэн хүн байна яг тэр тооны хүмүүс дуу оруулдаг. Тариаланч үндэстэн “Чингис”-ийг бүтээхгүй Өвөрмонголын ардын урлагийн жүжигчин, төрийн шагналт кино найруулагч С.Баяндалайтай ярилцлаа. Түүний найруулсан “Холын тэргэл хөдөө”, “Удын ногоон сүүдэр” кино нь манай үндсэний телевизээр гарч байгаа билээ. Тэрээр 1980-аад оноос эхлэн уран сайхны киног найруулж эхэлжээ. Түүний найруулсан кино 31 хүрчээ. -Таны хамгийн алдартай кино гэвэл... -1984 онд хийсэн “Шугуйт уулын манан” киногоор төрийн шагнал авсан. Өвөрмонголд гөрөөчин үндэстэн гэж байдаг. Тэдний амьдралыг харуулсан кино. АНУ, Франц, Канадад гарсан. Мөн “Сэрүүн хоёр толгой” киног маань монголын киноны уран бүтээлчид их үнэлдэг гэж сонссон. 1996 онд хийсэн “Ганган хар” гээд кино байна. Хэдийгээр би энэ кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан ч монгол газар зургийг нь авч монгол хүмүүс тоглосон болохоор би их хайртай байдаг. Ардын жүжигчин Долгор гээд мундаг мундаг хүмүүс тоглосон. Монголын жүжигчид, киноны уран бүтээлчид өндөр ур чадвартай, их ажилсан хүмүүс.


1584 -Та монгол кино үздэг үү? -Сүүлийн үеийн кинонуудыг үзэж чадаагүй. “Чингис”, “Гарын таван хуруу”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг киног үзсэн. Бас гавьяат найруулагч Хишигт гуйан “Ингэн эгшиг”, “Дэмбээ”, “Монгол хөөмий” зэрэг баримтат киног үзсэн. Маш өндөр төвшинд хийгдсэн сайн кинонууд. Би “Цогт тайж”, “Мандухай” хоёрыг хамт үзсэн юм л даа. Дараа нь танай киноны нэг хүн миний сэтгэгдлийг асуусан юм. 1945 онд хийсэн “Цогт тайж”-аас 40 жилийн дараа хийсэн “Мандухай”-г үзэхэд танай киноны хөгжил удаан байна. “Цогт тайж” үнэхээр сайн кино. Гэхдээ 40 жилийн дараа “Мандухай”-г түүнээс сайн хийж болно шүү дээ гэж би түүнд хэлсэн. -Чингис хааны тухай олон орон кино хийсэн. Та аль “Чингис” илүү сайн болсон гэж боддог вэ? -Би Монгол, Америк, Япон, Гонконгийн хийсэн Чингисийг үзсэн. Бас манайх байна. Тэр орны “Чингис” сайн, муу болжээ гэж би хэлж чадахгүй. Би өөрөө олон жилийн өмнөөс Чингисийг судалсан. Миний дотор их өөр Чингис бий. Ер нь тариаланч, арижлааны зэрэг өөр улс үндэстний соёлоор бүтээгдсэн “Чингис” бол жинхэнэ биш. Монгол хүн, монгол соёлоор тэр их хүний жинхэнэ дүрийг бүтээнэ шүү дээ. Би 1990-1993 онд Чингисийн тухай 33 ангитай уран сайхны кино зохиол бичиж хэвлүүлсэн. Арван жил тэр хүний дүрийг бүтээх гэж зүтгэж явна. Би Чингисийг арай өөрөөр хийнээ. Өдрийн сонин 2001.9.7 №212 Баасан Монголын хэсгийг Р.Хатанбаатар даргална Р.Хатанбаатарыг Монгол Улс, БНХАУ-ын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томиллоо. Р.Хатанбаатар өмнө нь Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан юм. Өдрийн сонин 2001.9.14 №218 Баасан Хилийн комиссын уулзалт болно Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон гурван улсын хилийн комиссын ээлжит зөвлөлгөөн энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотод болно. Уулзалтад Монгол Улсын Төмөр замын дарга Р.Раш тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд харин ОХУ-ын төлөөлөгчдийг Дорнод Сибирийн төмөр замын орлогч дарга В.Г.Шехтель, БНХАУ-ын төлөөлөгчдийг Хөх хотын төмөр замын дарга Чжао Цзи Бин нар тэргүүлэх юм байна. Монгол, Орос, Хятадын хилийн төмөр замын комиссуудын ээлжит зөвлөлгөөнөөр 2000 онд БНХАУ-д болсон зөвлөлгөөний шийдвэрийн хэрэгжилт, 2001 онд төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны төлөвлөгөөний эхний хагас жилийн гүйцэтгэл, хилийн өртөөдийн хоорон дахь галт тэрэг дамжуулалт, ачаа тээвэрлэлтийн зохион байгуулалт, галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, харилцан тохиролцсон протоколд гарын үсэг зурах ажээ.


1585 Өдрийн сонин 2001.9.17 №220 Даваа Улаанбаатар-Бээжингийн чиглэлд нэмэгдэл галт тэрэг явах уу? Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон гурван ужлсын хилийн комиссуудын өчигдөр эхэлсэн ээлжит зөвлөлгөөний үеэр Монгол Улсын төмөр замын дарга Р.Раш дээрх асуудлыг хөндөн ярив. Өнгөрсөн оны зөвлөлгөөний үеэр Улаанбаатар-Бээжингийн чиглэлд 2001 оны зуны улиралд зорчигч тээврийн нэмэгдэл галт тэрэг аялуулах асуудал хүчтэй яригдсан билээ. Үүнийг БНХАУ-ын төмөр замын яам зөвшөөрсөн ч хилийнхэн болон байцаан өнгөрүүлэх нь зөвшөөрөөгүйгээс өнгөрсөн зун нэмэгдэл галт тэрэг явуулж чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор багагүй хүндрэл бэрхшээл гарсныг Р.Раш онцлоод Улаанбаатар-Бээжингийн чиглэлд зорчигч тээврийн нэмэгдэл галт тэрэг цаашид аялуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг БНХАУ-ын талаас хүсч байна хэмээв. БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Хөх хотын төмөр замын дарга Чжао Цзи Бин энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Манай зорчигчдын хувьд багагүй ач холбогдолтой энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь долоо хоногийн дараа тодорно. Мөн Монгол-Оросын хилийн өртөөдөд ачаа удаан хугацаагаар саатаж нэлээд ярвигтай асуудал үүсээд байгаа тухай Р.Раш онцолсон юм. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Дорнод Сибирийн төмөр замын орлогч дарга В.Г.Шехтель энэ брэхшээлтэй асуудлын талаар жичдээ тодорхой ярилцаж шийдэх нь зүйтэй гэв. Мөн Монгол-Хятадын хилийн өртөөдийн хооронд дамжуулах галт тэрэгний жинг нэмэгдүүлэх нь зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа юм байна. Энэ мэт хэд хэдэн асуудлыг зөвлөлгөөний үеэр нэг тйиш болгох ажээ. Мөн өчигдөр гурван улсын төмөр замын төлөөлөгчдийн хамтарсан хуралдааны үеэр БНХАУ-ын хөх хотод өнгөрсөн жил болсон ээлжит зөвлөлгөөнөөс хойш хийсэн ажлын үр дүнгийн талаар ерөнхийд нь ярилцлаа. Өнгөрсөн оны зөвлөлгөөнөөс хойш олон ахицтай зүйл гарсан аж. Тухайлбал, ОХУ-аас манай нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар БНХАУ-руу тээвэрлэсэн ачаа 70 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Мөн 2000- 2001 онд манай улс шинээр нийт таван зөрлөг нээж, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлээр долоо хоногт хоёр удаа их даацын чингэлгийг замналтын галт тэргээр тээвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Гурван улсын төмөр замын төлөөлөгчдийн ээлжит зөвлөлгөөн долоо хоног үргэлжлэх бөгөөд есдүгээр сарын 21-нд хамтарсан протоколд гарын үсэг зурах ажээ. Р.Ган Өдрийн сонин 2001.9.18 №221 Мягмар Хилийн боомтод автотээврийн байцаагч ажиллах тухай хуулийн төслийг хэлэлцэв Монгол Улсын Засгийн газар, БНХАУ, ОХУ-ын Засгийн газартай 1992, 1996 онд автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг талуудтай тохиролцон баталж мөрдөж байгаа юм. Эдгээр эрх зүйн


1586 актын дагуу хөрш орнуудтай байнгын болон байнгын бус үйл ажиллагаа бүхий 22 хилийн боомтоор зорчигч, ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Энэ оны хоёрдугаар сарын 12-22-нд дээрх хэлэлцээр, журмуудын хэрэгжилтийн байдлыг Дэд бүтцийн, Гадаад хэргийн, Санхүү, эдийн засгийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг шалгахад нэлээд зөрчил, дутагдал илэрсэн байна. Шалгалтын дүнгээс үзэхэд манай хөрш орнууд болон олон улсад хилийн боомтын бүсэд автотээврийн байцаагч хамгийн түрүүнд хяналт шалгалт гүйцэтгэдэг практикийг харгалзан хилийн бүсэд автотээврийн байцаагч ажиллуулж, хууль дүрэм гэрээ хэлэлцээр, стандарт шаардлагыг хэрэгжүүлж мөрдүүлэх ажлыг гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай тул холбогдох яамдаас Хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт оруулсныг хэлэлцээд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Дэд бүтцийн сайдын хамтарсан тушаалаар зохицуулах нь зүйтэй гэж тогтлоо. Өдрийн сонин 2001.9.21 №224 Баасан Замын-Үүдийн шилжүүлэн ачих цогцолбор 24 цагаар ажиллана Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын болон БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын төмөр замын төлөөлөгчдийн зөвлөлгөөн Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Зөвлөлгөөнд оролцогчид Монгол, Орос, Хятадын хилийн төмөр замын комиссын болон зөвлөлийн протоколд гарын үсэг зурсан юм. Энэхүү протокол нь ирэх арваннэгдүгээр сараас хүчин төгөлдөх болох бөгөөд ирэх жил яаж хамтран ажиллах вэ гэдгээ тохиролцлоо гэсэн үг аж. Дээрх зөвлөлгөөнөөр Замын-Үүдийн шилжүүлэн ачих цогцолборыг 24 цагаар ажиллуулахаар Хятадын төмөр замынхантай тохирсон байна. Мөн ачаалал ихтэй байгааг харгалзан галт тэрэгний тээвэрлэлтийг 2600-4000тонн болгон нэмэгдүүлэхээр болсо зэрэг нэлээд хэдэн асуудлыг хоёр талын төлөөлөгчидтэй тохиролцсон байна. Түүнчлэн манайхаас тавьсан Улаанбаатар-Бээжингийн хооронд зорчигч тээврийн нэмэгдэл галт тэрэг явуулах асуудлыг Хятадын тал нааштай хүлээн авч ойрын үед хариуг нь өгөхөөр болжээ. Д.Ариун Өдрийн сонин 2001.9.24 №226 Даваа БНХАУ-ыг тунхагласны ой болов БНХАУ-ыг тунхагласны 52 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яам өчигдөр хүлээн авалт хийлээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын дарга Л.Энэбиш болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцлоо. БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хуан Жакуй энд хэлсэн үгэндээ Хятадын бүтээн босголтын ололт амжилтаас дурдаад, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй тоо баримт танилцуулж байлаа. Ш.Санаа


1587 Өдрийн сонин 2001.9.29 №231 Бямба Хятадын барилгачдын ажлыг байрны төлбөрөөс чөлөөллөө Монголын Үндэсний олимпийн хороо нь 2001 оноос эхлэн таван төрлөөр хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Olympic house” хөтөлбөр бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд Аүийн Олимпийн зөвлөл, гадаадын Олимпийн хороод, түнш байгууллагуудад хандив тусламж үзүүлж байгаа юм. БНХАУ-ын Үндэсний Олимпийн хороо, ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хороотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Olympic house”-ын барилгыг барих хятадын 70 ажилчны зардлыг 100 хувь, нийт 700 мянган ам.долларын өртөг бүхий барилгын материалын зохих хувийг хятадын тал гаргах нөхцөлтэйгөөр дээрх барилгыг бариулахаар тохиролцсон байна. Уг барилга нь дөрвөн давхар, 8000 шоо.метр талбайтай, энэ ондоо баригдаж дуусах бөгөөд үүнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод, тамирчдын бэлтгэлийн түвшинд хяналт тавих зориулалт бүхий лаборатори, олимпийн музей, номын сан, багш дасгалжуулагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын төв зэргийг байрлуулах ажээ. Иймд барилга барих гэрээний нөхцөл болон ач холбогдлыг харгалзан “ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн есдүгээр зүйлийгн тав дахь заалтыг үндэслэн “Olympic house”-ыг барих ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн барилгын ерөнхий компанийн мэргэжлийн 70 ажилчныг 2001 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатайгаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт зөвшөөрөв. Өдрийн сонин 2001.10.4 №193 Пүрэв Хятадад талын Уянга монгол баримал сүндэрлэлээ Төрийн шагналт уран барималч Цэвэгмидийн Амгалан БНХАУ-д болсон Олон улсын барималчдын симпозиумд оролцоод ирсэн юм. Түүнийг дөнгөж аяны дөрөө мултлаад байхад нь уулзлаа. -Таныг Олон улсын барималчдын симпозиумд долоон сарын дундуур явсан гэж сонссон юм байна? -БНХАУ-ын Жилин мужийн Чан Чун хотод Олон улсын барималчдын симпозиум долдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл хугацаанд болсон. Энэ бол симпозиум гэхээсээ илүү уран бүтээлчдийн чуулган юм. Ямар нэгэн уралдаан, тэмцээн ч бас биш. Тус симпозиумд дэлхийн 54 орны 58, Хяталын 30 барималч оролцсон. Энэ удаагийн симпозиум “Найрамдал, Энхтайван, Хавар” гэсэн уриан дор явагдлаа. -Хоёр сарын хугацаанд ямар бүтээл хийв ээ? -Чан Чун хотод “Дэлхийн баримлын парк” боссон юм байна. Тэнд жил бүрийн симпозиумаар уран барималчдыг улс бүрээс урьж ажиллуулах бүх нөхцөл бололцоогоор


1588 ханган хоёр сарын хугацаанд бүтээлээ хийх боломж олгодог л доо. Надад хоёр туслах ажилтан, хэрэгцээтэй бүх материал, багаж хэрэгсэл өгсөн. -“Талын уянга” хэр том хэмжээтэй бүтээл вэ? -Өндөр нь 2.70, урт нь 4.40, өргөн нь 1.10 метр хэмжээтэй, цагаан гантиг. Намайг хоёр сарын хугацаанд амжихгүй болов уу гэж мэргэжил нэгтнүүд маань миний өмнөөс санаа зовниж байсан боловч би заасан хугацаанд нь хийж чадсандаа их урам зоригтой байгаа. -Чан Чун хотод “дэлхийн баримлын парк”-ийг маг хямд аргаар барьж байгаа юмаа даа? -Нэг бодлын тийм шүү. Энэ симпозиум Чан Чун хотод тав дахь жилдээ зохиогдож байгаа болохоор зуу хол давсан бүтээл байсан. Хэрвээ энэ бүх бүтээлийг орон бүрээс худалдан авч зөөвөрлөсөн бол их л хүндрэлтэй байх л даа. Бараг өдий хэмжээний парк босоо ч уу, үгүй ч үү гэж бодогдож байлаа. Урлаг, соёлын талаар авах төрийн бодлого ийм л нарийн байдаг юм байна. Уг паркап дэлхийн бараг бүх орны барималчдын бүтээл байсан шүү. -Танаас өөр монгол барималчийн бүтээл тус паркт байдаг уу? -Байхгүй. Зөвхөн “Талын уянга” л Монгол Улсын төлөөлж байгаа даа -Барималчдад хөлс мөнгө өгөх юм уу? -Бүгдэд нь адилхан хэмжээний мөнгөн шагнал өгсөн. Хамгийн гол нь хийх материал, багаж хэрэгсэл, нөхцөлөөр хангаж байгаа нь сайхан юм. Манайд л гэхэд хүрлэн цутгуурын урлан бхйхгүй Хятадад цутгуулж байна шүү дээ. -“Дэлхийн баримлын парк”-ийг үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? -Хүний сэтгэхүй ямар их хязгааргүй, бас хүмүүст ямар их хүч чадал байдаг юм бэ гэж бодогдож байв. Мөн мэргэжлийн хүний хувьд дэлхийн баримлын хөгжлийн ирээдүйн хандлага тод харагдаж байсан. -Одоо эргээд “Талын уянга” руу оръё. Анх энэ бүтээлийн санаа хэзээ орж ирсэн бэ? -Санаа нь нэлээд дээр 1984 онд орж ирсэн санагдана. “Талын уянга”-аас гадна “Талын дуу”, “Талын зэрэглээ” зэрэг цуврал бүтээлүүд хийсэн юм. “Талын уянга”-д олон санаа бий. Тал нутаг баян, уужим тэнүүн, бас бүсгүй хүн шиг сайхан гээд ургуулан бодвол их зүйлийг илэрхийлсэн байгаа. Ийнхүү дэлхийд ганцхан байдал баримлын хотхонд монгол хүний ухаан шингэсэн уран бүтээл сүндэрлэлээ. Монгол барималчдын чадвар бусад орныхоос дутуу юмгүй, ганцхан урлан л алга гэж төрийн шагналт барималч маань ярьж суусан. Өдрийн сонин 2001.10.4 №193 Пүрэв Элчин сайдыг “Мөнгөн од”-оор шагнав “БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуан Жакуйг Энхтайван найрамдлын холбооны дээд шагнал “Мөнгөн од” шагналаар шагналаа.


1589 Шагналыг Энхтайван найрамдлын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ч.Батжаргал гардуулав. Тэрбээр энд хэлсэн үгэндээ, “Улс түмний хооронд энхтайвныг бэхжүүлж, найрамдал хамтын ажиллагаа хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон энэхүү шагналыг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ойн болсгон дээр гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ. Хуан Жакуй нь референтээс элчин сайд хүртэл таван удаагийн томилгоогоор манай улсад 18 жил ажиллаж байгаа бөгөөд Монгол,Хятадын харилцааг хязгаарлагдмал байсан үеэс эхлээд хэвийн болтол нөр их хүч хөдөлмөр гаргаж ажиллаж ирсэн ахмад дипломатуудын нэг юм. Ноён элчин сайд хариу талархал илэрхийлэхдээ, энэхүү өндөр шагналаар шагнасанд баярлаж байна. Цаашид шинэ зуунд хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн төлөө насаараа хүчин зүтгэнэ гэв. Өдрийн сонин 2001.10.18 №203 Пүрэв УИХ-ын дарга С.Төмөр-Очирт Ли Пэн баяр хүргэлээ УИХ-ын дарга С.Төмөр-Очирыг УИХ-ын даргаар сонгогдсонд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Пэн баяр хүргэж цахилгаан ирүүлжээ. Уг цахилгаанд, эрхэмсэг ноён Та Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон мэдээг баяртайгаар сонсоод БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа эрхэмсэг ноён танд халуун баяр хүргэе. Хятад, Монгол хоёр улс бол уул, усаар холбогдсон найрсаг хөрш орнууд мөн. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж, БНХАУ-ын БХАТИХ, Монгол Улсын Их Хурлын хооронд найрсаг солилцоо, хамтын ажиллагаа явуулж байгаадаа бид сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламентын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эрхэмсэг ноён Тантай хамтран хүчин чармайлт тавихад бэлэн байна. Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсад хөгжил цэцэглэл, ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе гэжээ. Өдрийн сонин 2001.10.26 №209 Баасан Ли Пэнд УИХ-ын дарга хариу талархал илэрхийлэв Монгол Улсын Их хурлын даргын өндөр, хариуцлагатай албан тушаалд сонгогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Пэний ирүүлсэн баярын мэндчилгээнд УИХ-ын дарга С.Төмөр-Очир хариу талархал илэрхийлсэн цахилгаан утас илгээв. Уг талархалд, “Монгол Улс, БНХАУ хоорондын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр орны хууль тогтоох байгууллагууд МУИХ,


1590 БХАТИХ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд улам өргөжин хөгжиж байгаад миний бие сэтгэл ханамжтай байдаг билээ. Миний бие хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын ажил хэрэгч, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн талаа эрхэмсэг ноён дарга Тантай хамтран ажиллахад нэн таатай байх болно. Энэ завшааныг ашиглан эрхэмсэг ноён дарга Танд дахин талархлаа илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг, БНХАУ, Хятадын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе” гэжээ. Өдрийн сонин 2001.10.27 №210 Бямба Д.Идэвхтэн элчин сайд Хуан Жакуйг хүлээн авч уулзлаа Мөн өдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуан Жакуйг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Хуан Жакуй нөхөр Д.Идэвхтэнийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн хоёр намын хамтын ажиллагааны хүрээнд намын дээд, дунд болон анхан шатны байгууллагын намуудын төлөөлөгчдийг харилцан солилцох тэднийг улс төрийн шинэ түвшинд сургахад анхаарах нь чухлыг тэмдэглэв. Элчин сайд Хуан Жакуй шинэ зуунд хоёр талын харилцааг шинэлэг арга барил сэтгэлгээгээр улам өргөжүүлэхэд анхаарна гэлээ. Өдрийн сонин 2001.11.1 №212 Пүрэв Орон сууцны санхүүжилтийн дутууг гүйцээлээ БНХАУ-ын Засгийн газрын 30.0 сая юаний буцалтгүй тусламжаар хэрэгжих орон сууцны төсөлд дутагдаж буй 7.0 сая юанийг тус улсын Засгийн газраас манай улсын Засгийн газарт шинээр олгож байгаа 45.0 сая юанийн буцалтгүй тусламжаас авч ашиглах тухай солилцох захидлын төслийг хэлэлцэн сайшааж, солилцох захиддлыг зохих журмын дагуу ёсчлохыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалган, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих ахмадын болон төрийн захиргааны ажилтны орон сууцны төслийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, явцын талаар мэдээлж байхыг Дэд бүтцийн болон Санхүү, эдийн засгийн, Гадаад хэргийн сайд нарт үүрэг болголоо. Өдрийн сонин 2001.11.1 №212 Пүрэв Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бээжингээр дайран өнгөрөв


1591 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийх, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор явах замдаа Бээжин хотод түр буудаллав. Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Ван Гуан Я Монгол Улсын төлөөлөгчдийг угтан авч, үдэн гаргаж хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Н.Энхбаяр, ноён Ван Гуан Я-г хүлээн авч уулзан, хоёр орны харилцааны өнөөгийн бйдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уг уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Л.Амарсанаа, ХятадМонголын найрамдлын нийгэмлэгийн дарга Жан Дэ Лин нар болон албаны бусад хүмүүс байлцлаа. Өдрийн сонин 2001.11.6 №215 Мягмар Монгол, Хятадын хилийг 2 дахь удаагаа хамтран шалгана Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын улсын хилийн шугамыг хоёр дахь удаа шалгах Хамтарсан комиссын анхдугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдааныг Монголын талаас тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Р.Хатанбаатар, Хятадын талаас Элчин сайд Жан Юй нар тус тус тэргүүлэв. Уулзалт хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Улсын хилийн шугамыг хоёр дахь удаа хамтран шалгах ажлын зарчим, үүрэг, баримт бичиг болон бусад холбогдох асуудлаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрэв. Талууд 2002 оны нэгдүгээр сард Бээжин хотод Хамтарсан зомиссын хоёрдугаар хуралдааныг хийхээр тохиролцов Өдрийн сонин 2001.11.7 1216 Лхагва Монгол Хятадын хоорондох хилийн тэмдэгийг солино Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын хуралдаан саяхан болсон юм. Энэ үеэр хоёр улсын хоорондох хилийн багана, тэмдэгт, хамгаалалтын зурвасыг хэрхэн ямар журмаар шалгах тухай хоёр тал тохиролцжээ. Энэ талаар Монгол, Хятадын улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Р.Хатанбаатартай уулзахад, -Хоёр улсын Засгийн газар тохиролцсны дагуу энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу 2001-2003 онд Монгол Хятад хоёр улсын хилийн шугамыг шалгах комиссын Монголын хэсгийг байгуулсан. Одоогоор агаараас зураг авах ажлыг гүйцэтгээд байна. Энэ удаагийн хамтарсан хуралдаанаар хилийн шугамыг шалгах ажлын үндсэн асуудлыг тохирч, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. -Энэ удаагийн хилийн шугам шалгахдаа ямар ажлыг хийх вэ? -Монгол, Хятад улсын хоорондох хил 4677 км газар. Одоогийн бетонон баганаар хийсэн хилийн тэмдэгтийг боржин чулуун баганаар солино. Мөн хилийн туслах чанарын нэмэлт тэмдэгтүүдийг босгож, байр зүй, зураг зүйн ажлуудыг хийнэ.


1592 Өдрийн сонин 2001.11.9 №218 Баасан УИХ-ын дарга элчин сайдуудтай уулзав УИХ-ын дарга С.Төмөр-Очир БНХАУ-аас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хуан Жакуйг өөрийнх нь хүсэлтээр өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Хуан Жакуй ирэх оны дөрөвдүгээр сахд БНХАУ-д болох Азийн парламентын “Энхтайвны төлөө” нийгэмлэгийн чуулганд оролцохыг урьсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хрооны дарга ЛДи Пэний урилгыг УИХ-ын даргад гардууллаа. Энэ чуулган “энх тайван ба хөгжил” гэсэн сэдвийн дор явагдах бөгөөд дэлхийн хөгжлийн хандлага, энх тайван, эдийн засгийн даяарчлал болон хөгжиж байгаа орнууд, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн улс төр, эдийн засгийн шинэ системийг байгуулахад тус дөхөм үзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. УИХ-ын дарга С.төмөр-Очир БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Пэний урилгыг талархан хүлээн авч байгааг нь түүнд уламжилж өгөхийг хүсээд манай хоёр рон эрт дээр үеэс уламжлалтай сайхан харилцаатай. Сүүлийн жилүүдэд энэ харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч бүх талыг хамарсан шинжтэй болж байгаад баяртай байна гээд цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байна. Азийн хамтын ажиллагаанд бид идэвхтэй оролцох ёстой. Энэ хүрээнд танай оронд болох чуулганд ч идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ. Өдрийн сонин 2001.11.15 №222 Пүрэв Санхүү эдийн засгийн сайд БНХАУ-д айлчилж байна БНХАУ-ын Сангийн сайд Сянь Хуайчаны урилгаар ажлын айлчлал хийж байгаа СЭЗ-ийн сайд Ч.Улаан өчигдөр БНХАУ-ын Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны яамны дэд сайд Ан.Мин, Улсын хөгжлийн хорооны орлогч ВанЧунчан нартай уулзаж санал солилцлоо. Сайд Ч.Улаан хоёр орны хөрш зэргэлдээ бүс нутгийн байгалийн баялгийг эзэмших талаар томоохон төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломж байгаад Хятадын талын анхаарлыг хандуулав. Мөн өдрийн үдээс хойш сайд Ч.Улаан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг БНХАУын Сангийн сайд Сянь Хуайчан хүлээн авч уулзав. Уулзалт ярианы үеэр хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын санхүү, эдийн засгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, төсөв санхүүгийн бодлогыг боловсронгуй болгох, эдийн засаг худалдааны чөлөөт бүс байгуулах талаар БНХАУ-ын туршлагыг судлах, энэ чиглэлээр ажил төрлийн байнгын уялдаа тогтоох боломжтойг харилцан тэмдэглээд, эдийн засаг, санхүүгийн харилцааны зарим бэрхшээлтэй асуудлыг хөндөж ярилцав. Өдрийн сонин 2001.12.13 №241 Пүрэв Өмнөд их хөрш-бидний харилцаа


1593 Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчим, хэм хэмжээний үндсэн дээр урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх явдал мөн. Энэхүү заалт нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгалаа олсон юм. Монгол, Хятадын харилцаа иж бүрнээр хөгжиж байсан тэр үед хоёр тал 1994 онд “Монгол Улс, БНХАУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г шинэчилэн байгуулсан юм. Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцааны хүртсэн түвшинг улам бататгаж, харилцааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг заасан түүхэн ач холбогдолтой болсон юм. Энэхүү гэрээний заалт, үзэл санааны дагуу хоёр орны харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж, дээд өндөр хэмжээний уулзалт, яриа тогтмолжиж, харилцааны эрх зүйн үндсийг бататгасан олон гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдаад байна. 1989 оноос хойш хоёр орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар зэрэг дээд, өндөр хэмжээний төлөөлөгчид харилцан айлчилснаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ өндөр түвшинд хүрсэн билээ. Эдгээр айлчлал хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, харилцааг өргөтгөн хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд ихээхэн ашиг тустай болсон юм. 1998, 1999 оны дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээ болон 1998 онд гарсан “Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэл”, “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний зарчим чиглэлийг дахин нотолж, хоёр орны харилцааг XXIзуунд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлж өгсөн. Монгол, Хятадын харилцаанд улс төрийн салбарт шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй. Хоёр тал харилцааны ямар ч асуудлыг яриа хэлэлцээний замаар эв зүйгээр шийдвэрлэх бололцоотой гэдгийг манай хоёр талын сүүлийн жилүүдийн харилцааны туршлага харууллаа. Харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн дүр төрх, хэв шинж, төлөв байдлыг шинжин үзэхүл дараахь хэдэн нийтлэг зүйл ажиглагдаж байна. Үүнд: -Хоёр тал сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг энх тайвнаар зэрэгцэн орших түгээмэл зарчмуудын үндсэн дээр XXI зуунд тогтвортой хөгжүүлэх тууштай бодлого баримталж байна. -Хоёр тал тусгаар тогтнол, төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн замын сонголтыг харилцан гүнээ хүндэтгэж байна. -Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрх тэг, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд энэ чиглэлээр нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах хэрэгцээ, сонирхол аль аль талдаа байна. -АНД-н бүс нутаг, түүний дотор ЗХА, ЗӨА-ийг энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны бүс болгоход чиглэсэн бие биенийхээ санаачилга, хүчин чармайлтыг харилцан дэмжих, хамтран ажиллах талаар байр суурь, хүсэл зорилго нийлж байна.


1594 Бодит сонирхол, нийтлэг эрх ашгийн эдгээр уулзвар нь хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх тулгуур үндсийг бүрдүүлж байна. Ийм болохоор хоёр талын хамтын ажиллагаа шинэ шинэ хэлбэр, агуулгаар улам баяжиж, улам бүр ажил хэрэгч байдал руу шилжин бэхжин гүнзгийрч байна. Хоёр улсын төрийн болон бусад байгууллагын харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж байна. Парламент, Засгийн газрын байгууллагууд болон аймаг, муж, хотууд, төрийн бус байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоож, төлөөлөгчид, мэдээлэл солилцох замаар бие биеийн ажил төрөлтэй танилцаж, харилцан туршлага судалж ирсэн нь улс орноо хөгжүүлэх, ард түмний итгэлцэл, найрамдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна. Хоёр талын улс төрийн харилцааны хүрсэн өндөр түвшинг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаар улам баталгаажуулсаар байна. 2001 оны долоодугаар сарын байдлаар манай улсад хөрөнгө оруулсан Хятадын 611 аж ахуйн нэгж бүртгэгдсэн бөгөөд 110 гаруй сая ам долларын хөрөнгө оруулсан байна. БНХАУ-ын оруулсан хөрөнгийн дийлэнх нь худалдаа, үйлчилгээ, оёмол, нэхмэл бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр юм. Уул уурхайн салбарт Сүхбаатар аймгийн Цайрын орд газарт Хятадаас хөрөнгө оруулсан нь тус улсаас орсон хамгийн том хөрөнгө оруулалт болоод байна. Манай хоёр орны нийт худалдааны эргэлт 2000 оны байдлаар 354,3 сая ам долларт хүрсэн бөгөөд манай экспорт 251,1 сая, импорт 103,2 сая ам доллар болов. Хятад улс манай улсын гадаад худалдааны нийт бараа гүйлгээний 35,3 хувийг эзэлж, манай гадаад худалдааны хамгийн том түнш болоод байна. Монгол Улс шилжилтийн үеийн хүнд бэрхшээлтэй байгаа энэ үед Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл удаа дараа үзүүлж ирсэн нь манай улсын хөгжилд тодорхой хувь нэмэр болж байна. Зөвхөн 1991 оноос хойш 180 гаруй сая юанийн буцалтгүй тусламж, 230 сая юаний хүүгүй буюу хөнгөлөлттэй зээл манай улсад олгоод байна. Монгол, Хятадын зам, тээвэр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, консул, цэргийн зэрэг бусад салбарын харилцаа холбогдох гэрээ, хэлэлцээр, тохиролцоо, төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна. Монгол Улс нь Европ-Азийг холбосон газар зүйн байршилтай учраас зам тээврийн харилцаа чухал юм. Манай хоёр орны хооронд агаарын, төмөр замын, авто замын зэрэг зам тээврийн өргөн харилцаатай болоод байна. Энэ нь зөвхөн хоёр орны иргэдийн харилцаанд төдийгүй олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол, Хятадын гадаад бодлого, олон улсын харилцааны асуудлаар баримталж байгаа байр суурьт ижил төстэй буюу ойролцоо зүйл их байна. Хоёр тал бүс нутаг, дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд байнга хамтран ажиллаж байна. Ийнхүү Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх чиглэлээр улам гүнзгийрэн хөгжиж байгаа нь зөвхөн Монгол, Хятад хоёр орны бүтээн байгуулалт, хөгжилд


1595 ашиг тустай төдийгүй тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх болно. Монгол, Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх нөөц бололцоо их байгаа бөгөөд түүнийг улам сайн ашиглаж аль аль талын ашиг сонирхолд нийцсэн, үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл хоёр талд бий гэж ойлгож байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх Х.Аюурзана Өдрийн сонин 2001.12.13 №241 Пүрэв Жинь минь Жибао сониныхон нутаг буцлаа БНХАУ-ын нэр хүндтэй, хамгийн том сонины нэг нь “Жин минь Жибао” сонин юм. Нийт 4000 гаруй ажиллагсадтай, хоногт 16 сая хувиар хэвлэгддэг энэ сониын нэг редакцид нь л 200 орчим сэтгүүлч, сурвалжлагчид ажилладаг гэнэ. Саяхан “Үнэн” сонины хамтын ажиллагааны шугамаар тус сониын төлөөлөгчид манай оронд айлчлан ирсэн юм. Тэд ирсэн даруйдаа Дархан-Уул аймгийг зорьж, “ДарханНэхий” болон “Мах экспо” компанийн ажилтай танилцсан. Харин үүний дараа “Жин минь Жибао” сонины хилийн чанадын салбарын дэд ерөнхий редактор Ли Дэ Минь, хилийн чанадын Хэрэг эрхлэх газрын дарга Яо Ган Нан, хилийн чанадын салбарын ерөнхий редакцийн ажилтан Жи Шиао Лай, сонины цол хамгаалалтын хэлтсийн дарга Цюй Юу Чи нар Төв аймгийг зорьсон юм. Төв аймаг бол Монголын цээж юм “Жин минь Жибао” сонины зочид Төв аймгийг пүрэв гаригийн өглөөгүүр зорилоо. Зочдыг Төв аймгийн Засаг даргын орлогч Цэрэн, нийгмийн хөгжлийн байнгын хэлтсийн дарга Гончигдорж нар угтсан юм. Эхлээд Төв аймгийн Засаг даргын орлогч Цэрэн аймгийнхаа талаар товч ярьж, үүний дараа сонины төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. “Жин минь Жибао” сонины хилийн чанадын салбарын ерөнхий редакцийн ажилтан Жи Шиао Лай: -Төв аймгийн нэг малчин өрхийн жилийн орлого ямар байдаг бол. Мөн малчдад үйлчлэх эмнэлгийн үйлчилгээ ямар үнэтэй байдаг вэ? гэж сонирхож асуусан. Үүнд засаг даргын орлогч Цэрэн:-Дотоодын нийт бүтээгдэхүүн 21 тэрбум төгрөг байна. Нэг айлын дундаж орлого 200ам.доллар орчим байгаа. Гэхдээ айл бүрийн орлого харилцан адилгүй шүү дээ. Манай аймаг 24 мянган өрх, 102 багтай. Баг бүр эмчтэй. Багийн эмч нар малчидтайгаа нягт ажиллахыг эрмэлздэг. Ямартаа ч манай аймагт өнгөрсөн жил нялхсын эндэгдэл буурч, эхийн эндэгдэл гараагүй. Малчдад үйлчлэх эмнэлгийн үйлчилгээний төлбөр тийм ч өндөр биш хэмээсэн юм. Энэ үеэр “Жин минь Жибао” сонины хилийн чанадын салбарын дэд ерөнхий редактор Ли Дэ Мин:-Юуны өмнө та бүхэн биднийг үндэсний хувцастайгаа хүндэтгэн угтсанд тун баяртай байгаагаа хэлье. Хятадын Бээжин хот бол манай зураг юм. Харин Хэби муж бол Хятадын цээж. Үүний адилаар Монголын зураг нь Улаанбаатар, харин цээж нь танай Төв аймаг юм гэж бид ойлголоо хэмээн их л халуун дотноор хэллээ. Ингээд бид цааш Төв аймгийн Сэргэлэн сумыг зорив. Сэргэлэн сум аймгийн төвөөс өмнө зүгт 18 км газарт орших аж. Зочдын гол зорилго нь Монголын хөдөөтэй танилцаж, монгол гэрт очин малчин ардын амьдралтай танилцахад байлаа.


1596 Сэргэлэн сумын нутаг цас багатай байлаа. “Жин минь Жибао” сониныхныг сумын Засаг дарга Төмөр тосч, улмаар сумынхаа нэгэн малчин айлд зочлуулахаар боллоо. Сэргэлэн суманд 300 гаруй өрх байдаг бөгөөд 60 гаруй мянган мал нутагладаг аж. Өнөөдрийн байдлаар тус сумын нутагт цас багавтар орсон, өвөлжилт гайгүй байна. Сумын Засаг даргын ярьж буйгаар өвлийн бэлтгэлээ хангалттай базаасан, хүйтнийг давах бэлтгэлтэй байгаа гэнэ. Мөн энэ жил Сэргэлэн сум 50 сая төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэх ёстойгоос 12 сая төгрөгөөр давуулан биелүүлээд байгаа аж. Аргал сайн түлш Бид Сэргэлэн сумаас баруун хойш арваад км газар өвөлжиж буй малчин Түдэвийнд буудаллав. Түдэв гуайнх ам бүл долуул. Таван хүүхэдтэй аж. Биднийг гэрт ороход мэндлээд удаагүй бяцхан охин угтсан юм. Хятадын сонины ажилтнууд ч охиныг их л өхөөрдөн байлаа. Түдэв гуайнх 400-гаад толгой малтай аж. Өвлийн бэлтгэлээ тун сайн базаасан хэмээн гэрийн эзэн ярьж суулаа. Эднийх 5-6 тонн өвс, хоёр тонн удааны хомоол болон хужир, тэжээл бэлтгэжээ. Гэрийн эзэгтэй Л.Батсуурь:-Бид бас багсармал тэжээл бэлтгэсэн. Хааяа худалдан авах үе ч бий. 1800-2000 төгрөгийн үнэтэй байдаг. Нэг шуудай ийм тэжээл тааруухан хонинд дөрвөн хоногийн тэжээл болдог юм гэж ярьж байлаа. “Жин минь Жибао” сонины зочид Түдэв гуайгаас мэдээлэл хэрхэн авдаг, радио телевизийн хэдэн суваг үздэг вэ зэрэг олон зүйлийг сонирхон асууж байлаа. Мөн тэд аргалыг ихэд олзуурхан энэ түлш чинь агаар бохирдуулахгүй, тун ашигтай юм гэцгээж байв. Ер нь тэдэнд хөдөөний айлд тун тааламжтай санагджээ. Мөн гэрийг зочид буудлаас илүү дулаахан юм гэцгээж байв. Тэдний сонирхлыг хонь, мал, их татаж байлаа. Юу гэвэл замд явах зуур хонь, ямаа харагдахаар “үсэрч буун” зургийг нь авч байсан юм. Мөн Түдэв гуайн хотонд чонын арьс тохсон харагдана билээ. Энэ хавьд чоно ихтэй, үүнийг манай хүү саяхан авласан юм хэмээн зочдод сонирхуулан ярьсан юм. Түдэв гуай “Жин минь Жибао” сонины төлөөлөгчдийг дагуулан хонины бэлчээртээ очлоо. Энд тэнд дурсгалын зурагаа татуулж зогсоно билээ. Юутай ч тэд Монголын малчин айлын амьдралыг тун сонирхон, багагүй асуулт тавин мэргэжлийн ажлаа хийгээд авсан юм. Харин энэ үеэр тус сонины ганц эмэгтэй их л сонин зүйл үзсэн юм. Өөрөөр хэлбэл, Цюй Юу Чи нойлын өрөө байгаагүйд их л гайхаж байсан юм. Тэд сүйрсэн “онгоцоо” эргэлээ Одоогоос 30 жилийн өмнө буюу 1971 оны долдугаа сарын 19-нд БНХАУ-ын дэд дарга Лимбяо тэр үедээ томоохонд тооцогдож байсан Англи улсад үйлдвэрлэсэн гурван мотортой тийрэлтэт онгоцоор ЗХУ руу (хуучнаар)гарах гэж яваад шатахуунгүй болсноос Хэнтий аймгийн нутаг Бэрхийн уурхайгаас урагш 23 км-ийн зайд жижигхэн толгодын дунд сүйрсэн билээ. Нийслэл хотоос 23 км-т орших Богдхан уулын нэгэн аман дахь “Чингисийн хүрээ” хэмээх жуулчны бааз дээрх онгоцноос бараг бүтэн үлдсэн нэг моторыг нь үзмэр болгон тавьсныг “Жин минь Жибао” сониын төлөөлөгчид зориуд очиж сонирхов. Тэд онгоцны моторыг их биеийг цутгасан хайлшнаас дурсгал болгон авч явахыг хүссэн боловч, цохиж нүдэхээс эмээж, моторын дэргэд нэг нэгээрээ зургаа татуулаад, уг онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж мэхийн ёсолсон юм. Манай улсын “Үнэн” сонины урилгаар ирсэн ХКН-ын төв хэвлэлийн төлөөлөгчид Монгол орны цав цагаан цас


1597 хамгийн их таалагдсан гэнэ. Тэд анх удаа л ийм их цас харж буй ажээ. Цав цагаан цас шигээ сайхан сэтгэлтэй, элэгсэг дотно Монголчууд бидний түншлэл, харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дахин дахин хэлж байлаа. Мөн тэд Улаанбаатар хоттой танилцаж “Говь” үйлдвэр болон түүх дурсгалын газруудыг үзэж сонирхон, сэтгэл хангалуун нутгийн зүг жолоо залсан юм. Өдрийн сонин 2001.12.22 №248 Бямба Монгол улсын ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу Рунжигийн урилгаар 2002 оны нэгдүгээр сарын 7-12-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. Өдрийн сонин 2001.12.28 №252 Баасан 2002 он Өдрийн сонин Хятадын коммунист нам монголыг сонирхож байна Азийн жижигхэн Монголыг Дэлхийн хэт том гүрэн Хятад улс төр, эдийн засгийн бодлогын хувьд шинэ нүдээр харж байна. 1921-1990 он хүртэл Монгол Улс бараг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байлаа. 1990-2000 он хүртэл бие даан, ардчилсан төрийн хэм хэмжээгээр хөгжих өөрийн үзэл баримтлалтай байсан юм. МАХН-ын хэт ноёрхол тогтсон нь Хятадын коммунист намын сонирхолыг татсан байж магадгүй. Энэ нь МАХН-ын залуучуудын байгууллагын бэхжилтэд Хятадын коммунист намын залуучуудын байгууллага илээр дэмжин, тусламж үзүүлж байгаагаар тайлбарлаж болох юм. Хятадын коммунист намын зулуучуудын байгууллагын анхны хандив 1500000 төгрөгийг УИХ-ын эрхэм гишүүн МАХН-ын залуучуудын байгууллага, МАСЗХ-ны ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авлаа. Энэ хандив тусламжийн мөнгөөр хөдөө орон нутгийн салбар хоорондынхоо үйл ажиллагаанд зориулахаа албан ёсоор мэдэгдсэнийг “Үнэн” сонин мэдээлжээ. Эдүгээ Монголын эдийн засаг маш хүнд тэгээд ч ойрын ирээдүйд босох найдваргүй гэж олонх судлаачид үзэж байна. Энэ үед сайн нөхөр тусалдаг гэж эрх баригчид ойлгодог ажээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жу-Рунжи 50 сая юанийн буцалтгүй тусламж Монголд өгөх боллоо. Ноён Ерөнхий сайд Жу-Рунжи Н.Энхбаяр нарын уулзалтын албан мэдээнд “БНХАУ Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш” болсныг зарлажээ. Монголын зэсийн баяжмалыг шууд БНХАУ-д худалдах санал солилцон дэд бүтцийг шийдвэрлэхээр ярилцсан байна. Үүнийг МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаярын байр суурь илтгэнэ. Ноён Н.Энхбаяр АНУ-д аялаж ирээд БНХАУ-д айлчлахдаа “Холын төрөл саднаас ойрын хөрш дээр, Хятад бол Монголын чухал хөрш юм” гэж албан мэдэгдлүүддээ өгүүлж байна. Өдрийн сонин. 2002.02.09. №036, 037 (910, 911)


1598 Хятадын парламентыг аль ч орны сэтгүүлч сурвалжилж болно БНХАУ-ын Гадаад явдлын яамны хэвлэл мэдээллийн төлөөлөгч, тус яамны Хэвлэл, мэдээллийн хэлтэсийн орлогч дарга ноён Сун Юйши тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлаад өнөөдөр буцаж байна. Тэд айлчлалынхаа сүүлчийн өдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчидтай уулзалт яриа өрнүүлсэн юм. Бидний “Beiging review” сэтгүүлээс байнга зургийг нь харж үгийг нь уншдаг ноён Сун Юйши өмнөд хөршийн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчидийн ажил бусад сэдвээр ийнхүү ярилаа. РОМЫН II ПАП ХЯТАДТАЙ ДИПЛОМАТ ХАРЬЦАА ТОГТООХЫГ ХҮСДЭГ БНХАУ НҮБ-ын гишүүн 189 орны 15,1-тэй дипломат харилцаа тогтоожээ. Тэдний ихэнхэд нь ЭСЯ-тай бөгөөд цөөн жижиг хавсран суудаг. Тайвань дахь Гоминданийг хүлээн зөвшөөрдөг 20-оод орон Хятадтай дипломат харилцаа тогтоогоогүй байна. Тэдний олонх нь Латин Америкт оршдог ба Гондураас, Коста Рика тэдний тоонд ордог аж. Америкийн ганц нэг орон тэдэнтэй санал нэгддэг гэнэ. Европоос ганцхан Ватикан дипломат харилцаа тогтоогоогүй байна. Хэрэв тэдгээр орон БНХАУ-тай Дипломат харилцаа тогтоовол Тайваньтай харилцаагаа цуцлах ёстой аж. Ромын II Ион Павел өнгөрсөн оны сүүлчээр эсэн мэнд байгаа цагтаа Хятадад айлчилж, дипломат харилцаа тогтоох асуудлыг түргэтгэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. САРД НЭГ СОНИН ТӨРЖ, НЭГ ДАМПУУРЧ БАЙДАГ Өмнөд хөршид намын болон Засгийн газрын харьяалалтайгаас гадна орон нутгийн чөлөөт сонин хэвлэлүүд тогтмол гарч тоо нь 2000-3000 хүрчээ. 2 сая гаруйхан хүн амтай атлаа мянга шахам хэвлэлтэй Монголтой харьцуулахад тэрбум илүү иргэнтэй орны хэвлэлд хэвлэлийнх нь тоо харьцангуй цөөн санагдаж байгаа биз. Гэхдээ л дээд тал нь 16 сая хувиар хэвлэгддэг гээд бод. Орон нутгийн сонины нийтлэлийн бодлого нэлээд уян хатан шинжтэй гэнэ. БНХАУ-д сард нэг сонин төрж, нэг сонин дампуурдаг бичигдээгүй хуультай болжээ. Нам, Засгийн газрын харьяаны хэвлэлүүд улсын төсвөөс санхүүжиж, бусад нь захиалга, зар сурталчилгаанаас олсон орлогоороо амьдардаг байна. Нам, засгийн харьяалалтай сонинуудын тоо улам бүр цөөрч байгаа гэж ноён Сун Юйши хэллээ. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг сонинууд илүү чөлөөтэй нийтлэл бичиж уншигчдын сонирхолыг татаж сэтгэлд нь илүү хүрдэг ажээ. Нам, засгийн харьяалалтай сонинууд үүнээс болж хүнд байдалд орж байгаа юм байна. Хятадын сэтгүүлчид гадаад орнуудад сурвалжлах ажлаар явах нь чөлөөтэй гэнэ. Үндсэн хуулиар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалдаг ч хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголт өмнөд хөршид барууныхнаас арай өөр байдаг аж. Бүр шар гэгдэх сонин байдаггүй гэсэн. Нам, засгийн төв хэвлэлүүдэд өндөр шаардлага тавигдаж нийтлэлүүд нь цинзуртай байдаг бололтой. Харин орон нуаг, үндэстнүүдийн хэвлэлийн бодлого харьцангуй чөлөөтэй ялангуяа интернетийн мэдээлэл улам бүр түгээмэл болж түүнд тавих хяналт ч багасчээ. Засгийн газрын үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр шүүмжлэлтэй хандахыг зөвшөөрдөг юм байна. Гэхдээ тэр нь засгийн газрыг түлхэж унагахад биш үйл ажилагаанд нь санамж болж туслахад чиглэдэг гэнэ.


1599 БХАТИХ-ЫГ ЧӨЛӨӨТЭЙ СУРВАЛЖИЛЖ БОЛНО БНХАУ-ын парламент буюу БХАТИХ гуравдугаар сард хуралдаж. Одоо хуралдаан нь эд болж байгаа юм байна. Хятадын парламентыг дэлхийн аль орны ямар ч сурвалжлагч сурвалжлах эрхтэй ажээ. Сурвалжлах эрхийн үнэмлэхтэй л бол мэдүүлгээ өгч болох гэнэ. Парламентыг сурвалжлах сэтгүүлчийн тоог урьдчилан өгдөг юм байна. Сэтгүүлчдийн нэрсийг бүртгэж эхлэх, дуусах хугацааг урьдичлан зарладаг бөгөөд түүнд багтаж нэрээ өгч чадвал өмнөд хөршийн парламентийн сурвалжлагчийн тоонд багтаж болох нь. Харин сэтгүүлчдийн тоо хэт олширвол төвөгтэй болдог бололтой. Манайх ч ялгаагүй өнгөрсөн намраас УИХ-ын чуулганы хуралдааныг гадаадаас Монголд суугаа сурвалжлагчид бүгд сурвалжлах эрхтэй болгосон. НЭРТЭЙ ХҮМҮҮС ХУВИЙН АМЬДРАЛЫГ ХӨНДСӨН ТОХИОЛДОЛД ШҮҮХЭД ХАНДДАГ Манайд бол сэтгүүлч олсон мэдээлэл, бичсэн нийтлэлийнхээ төлөө шүүхийн хаалга татах юу ч биш. Харин өмнөд хөршид яадаг бол гэж сонирхлоо. Уг нь бодоод байхад манайх хэвлэлийн эрх чөлөөгөөр тэднийхээс хавьгүй дээр байх учиртай. Гэвч сэтгүүлчийн эрх зөрчигдөх тал дээр бол өмнөд хөршийнхөөс дор орж магадгүй нь. БНХАУ-д сэтгүүлч үнэнд нийцээгүй зүйл бичсэн бол шүүхэд дуудагдах тохиолдол гардаг гэнэ. Хятадын Үндсэн хуульд ард иргэдийнхээ нэр төрийг хамгаалах тухай заалт байдаг аж. Үүнийг зөрчвөл сэтгүүлч шүүхэд дуудагддаг. Олонд нэртэй хүний хувийн амьдралын талаар зөвшөөрөлгүй бичвэл сурвалжлагчийн өмнө шүүхийн хаалга нээгдэх нь тэр гэнэ. Гэхдээ сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл олох эрхийг бүрэн олгож, түүнийг нь хуулиар хамгаалдаг юм байна. Сэтгүүлчдийнх нь холбоо идэвхтэй ажиллаж хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хамгаалдаг гэж төлөөлөгчид ярилаа. Сүүлийн үед хээл хахуулийн тухай мэдээлэл олохыг сэтгүүлчид хичээдэг болжээ. Албан тушаалтнууд энэ талаар сэтгүүлчдэд элдвээр саад хийхийг оролддог бөгөөд энэ тохиолдол бүрт сэтгүүлчдийн эрх ашгийг харьяа байгууллагууд нь хамгаалдаг гэнэ. Зарим сонины бичдэг гол сэдэв нь хээл хахууль болжээ. Өдрийн сонин. 2002.03.06.№054, 037 (9928) С.Төмөр-Очир БНХАУ-д Азийн парламентчид Бээжин, Чүнчинд чуулна УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар удахгүй хилийн чандад ажиллах гэж байна. Ноён С.Төмөр-Очир Энхтайвны төлөөх Азийн парламентуудын нийгэмлэгийн гуравдугаар чуулга уулзалтад оролцохоор энэ долоо хоногийн сүүлчээр Бээжин хотыг зорино. Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 15-19-нд БНХАУ-ын Бээжин, Чүнчин хотод болох аж. Өмнөд хөрш энэ арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулан Азийн бүх орны парламентын дарга нарыг урьж, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Пэн биечлэн оролцохоор болжээ. Ли Пэн дарга спикер С.Төмөр-Очирыг Япон, Туркт айлчлаад ирэх замдаа Бээжинд түр буудалахад энэхүү чуулга уулзалтад урьсан билээ.


Click to View FlipBook Version