1950 байх зарчмаар Монгол Улстай хамтран ажиллаж, хөгжлийн үр шимийг Монгол Улстай хуваалцаж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байгаагаа онцлон тэмдэглэв. Монголын тал Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ. Талууд хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хоёр талын мөнгөн тэмдэгтийн харилцан солилцох хэмжээг нэмэгдүүлж, хоёр улсын аж ахуй нэгжүүд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр худалдааны төлбөр тооцоо хийхийг хөхиүлэн дэмжиж, арилжааны зээл, төслийн санхүүжилт зэрэг чиглэлийн хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлнэ. Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр улсын худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорино. Талууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хоёр талын худалдаан дахь хувийг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Талууд Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болон хоёр талын бусад механизмын хүрээнд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, боомт, төмөр, зэс, хар тугалга, цайр, уран, нүүрс, газрын тос, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хурдацтай урагшлуулж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар дээшлүүлнэ. Хятадын тал Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу өөрсдийн давуу талыг ашиглан Монгол дахь томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монголын талтай шинэ өндөр технологи болон цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ. Талууд Монгол, Хятадын нүүрс хийжүүлэх төслийг хоёр улсын хөгжилд алс хэтийн ач холбогдолтой хэмээн өндрөөр үнэлж, хоёр улсын аж ахуй нэгжүүд голлон оролцож, зах зээлийн зарчмын дагуу хамтран ажиллахыг дэмжинэ. Талууд хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан болон бусад томоохон төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ. Талууд Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлнэ. Талууд өөрийн улсын эрчим хүчний хөгжлийн стратеги болон бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бүр
1951 бэхжүүлж, Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулан, Хятадад эрчим хүч экспортлох болон холбогдох хэлэлцээрийг байгуулах зэрэг асуудлыг идэвхтэй судлана. Хятадын тал Монгол Улсад дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, холбогдох хэлэлцээрийг байгуулсанд монголын тал талархал илэрхийлэв. Талууд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Талууд 1991 оны “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг шинэчилж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Хятадын тал БНХАУ-ын Хойд болон Зүүн Хойд бүс нутгийн гадаад худалдааны нээлттэй боомтуудыг Монгол Улсын далайн гарц болгон ашиглуулна. Талууд 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”, 2004 оны “Монгол, Хятадын хил, хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг аль болох эрт шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулна. Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, БургастайЛаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхтэй урагшлуулна. Цагаандэл Уул-Өлзийт боомтыг нээх ажлыг түргэтгэнэ. Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагааны талаарх хэлхээ холбоогоо бэхжүүлж, хоёр улсын хоорондын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх боломжийг зах зээлийн шаардлагын дагуу нэмэгдүүлнэ. Гурав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа Талууд “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад сэтгэл хангалуун байгаа бөгөөд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулна.Талууд хоёр улсын хүүхэд, залуучуудын харилцан солилцооны механизм байгуулахаар тохиролцож, 2015 оноос эхлэн ирэх 5 жилийн хугацаанд хятадын тал жил бүр Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч, танилцах аялал зохион байгуулна. Ирэх 5 жилд монголын талд богино хугацааны сургалтын 1000 квот олгох, Хятадын Засгийн газрын тэтгэлгийн тоог 1000-аар нэмэгдүүлэх, хэвлэл, мэдээллийн чиглэлийн 250 төлөөлөгчийг Хятадад айлчлуулахаар урьсанд монголын тал талархал илэрхийлэв. Талууд цаашид соёлын өдрүүдийн арга хэмжээг харилцан зохион байгуулж, соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлнэ. Талууд биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, соёлын өвийн хууль бус наймаатай хамтран тэмцэх зэргээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлдэг уламжлалаа үргэлжлүүлнэ.
1952 Талууд цаашид хоёр улсын хэвлэл, мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлж, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны механизмыг ашиглан кино, телевизийн нэвтрүүлэг хийх, дамжуулан нэвтрүүлэх, харилцан солилцоог хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгөхөө хятадын тал мэдэгдэв. Талууд хамтын ажиллагаа, солилцоогоо бэхжүүлэх замаар хоёр талын харилцааны хөгжлийн төлөө олон нийтийн илүү таатай хандлагыг бий болгож, ард түмний дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран чармайна. Монголын тал МУИС-ийн Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлнэ. Монголын тал Бээжинд соёлын төв байгуулахад хятадын талаас шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Талууд Монгол судлал, Хятад судлалыг өөрийн орондоо хөгжүүлэхийг дэмжиж, хоёр орны үндэсний соёл, хэл, уламжлал, түүх, урлаг, спорт, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Талууд Монгол Улсад эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эм, эмнэлэгийн хэрэгслийн чанарт анхаарч ажиллана. Талууд хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааны үр дүнтэй механизм бий болгон, хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хил орчмын бүс нутагт гарсан халдварт өвчний талаарх мэдээллийг шуурхай дамжуулж, тархалтыг бууруулна. Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, БНХАУ-ын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Талууд цаашид цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймэртэй тэмцэх, усны нөөцийг ашиглах болон хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Дөрөв. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа Талууд энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжинэ. Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга /АРФ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, “Их Түмэн санаачилга” зэрэг олон талт байгууллага болон хамтын ажиллагааны механизмын хүрээн дэх уялдаа, зохицуулалтаа цаашид бататгана. Монголын тал “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд хамтран ажиллах, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны бүтээн байгуулалтад үүсгэн байгуулагч улсын хувиар оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Хятадын тал Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэхийг дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ. Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжпийн үйл хэргийн талаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа улам гүнзгийрүүлнэ. Монголын тал хятадын талын зохион
1953 байгуулагч орны хувиар Зургаан талт яриа хэлэлцээний үйл явцыг сэргээх, идэвхтэй урагшлуулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжинэ. Талууд монголын талын санаачилсан Монгол, Хятад, Орос гурван улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах, гурван талын яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дэмжинэ. Тав. Бусад БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцааны хөгжлийг улам бүр урагшлуулахад чухал ач холбогдолтой боллоо гэж талууд санал нэгтэй үзэв. Халуун дотно хүлээн авч, айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан монголын талд БНХАУ-ын дарга Си Зиньпин гүн талархал илэрхийлэв. Си Зиньпин дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хүлээн авав. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА СИ ЗИНЬПИН 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот Өдрийн сонин: цахим 2014.08.22 Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ БНХАУ-ын дарга СИ ЗИНЬПИН-д бараалхлаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд энэ айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн өндрөөр үнэлж байгаагаа хэллээ. Мөн тэрээр, Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцаа шат ахин хөгжиж, улс хоорондын харилцааны дээд түвшин болох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхээр тохиролцон Хамтарсан тунхаглал болон Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсанд баяртай байна гэлээ. Монголын экспортын бараа, бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд татваргүй, квотгүй гаргах чиглэлд анхаарахыг Ерөнхий сайд хүслээ. Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулах, эрчим хүч экспортлох талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх саналтай байна гэлээ. Хоёр орон эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор Монгол Хятадын эрчим хүчний зөвлөл байгуулсан. Иим байнгын механизмтай болсон нь энэ чиглэлийн хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. БНХАУ
1954 манай улсын худалдааны том түнш. Хоёр тал дунд хугацаанд худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын тавьсан хамтын ажиллагааны талаарх бодиттой санал хүсэлтийг судалж, ажил хэрэг болгоход анхаарна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ. Монгол Улсын транзит тээврийг нэмэгдүүлэхэд манай орны далайн боомтыг ашиглахад бид хамтарч ажиллана. Энэ нь далайд гарцгүй танай орны хувьд чухал асуудал юм. Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д илүү их хэмжээгээр авахад бид бэлэн байна. Мөн Хятад улс Торгоны зам төслийг эхлүүлэхээр төлөвлөж буй энэ үед танай улс Талын зам төслийг санаачилсан байна. Торгоны зам, Талын замыг хэрхэн хослуулах талаар бид судалъя. Мөн Монгол Улсад үндэсний үйлдвэрүүд байгуулагдахад ялангуяа, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд бүх талын туслалцаа үзүүлэх, өмнийн говийн төмөр замыг нарийн царигаар шийдсэн тохиолдолд энэ замыг барих, санхүүжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Өдрийн сонин: цахим 2014.08.22 УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга СИ ЗИНЬПИН үг хэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2014.08.22/ боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар байлцав. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
1955 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг монгол оронд минь тавтай морилохыг хүсье” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Монгол Улсын Их Хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэв. Улсын Их Хурлын дарга дараа нь хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ, “ Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан Тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын даргын Хүндэтгэлийн хуралдааныг хааж хэлсэн үг, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг parliament.mn, open.parliament.mn сайтад бүрэн эхээр нь нийтлэнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин: цахим 2014.08.22 БНХАУ-ын дарга СИ ЖИНЬПИНИЙ МОНГОЛ УЛСАД хийж буй төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалаас 11 жилийн дараа Хятад улсын дарга Монгол Улсад дахин
1956 төрийн айлчлал хийж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдлаа. БНХАУ-ын дарга Си Жиньпин хариу хэлэхдээ хэдийгээр Монгол Улсад хоёрхон хоног айлчилж буй ч гарах үр дүн нь асар их байгааг онцолсон юм. Албан ёсны хэлэлцээний үр дүнд хоёр тал дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. 1. Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гарын үсэг зурав. 2. Монгол, Хятадын хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Засгийн газар хоорондын протокол 3. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус гарын үсэг зурав. 4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцох протокол Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав. 5. Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар гарын үсэг зурав. 6. Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр 7. Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 8. “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх, БНХАУ-ын Тээврийн яамны дэд сайд бөгөөд Төмөр замын газрын дарга Лу Дун Фу нар тус тус гарын үсэг зурав. 9. Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг Монгол Улсын Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши нар гарын үсэг зурав. 10. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
1957 Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Сю Шаоши нар гарын үсэг зурав. 11. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр 12. Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 13. Хятадын талын тусламжаар Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах төслийг эхлүүлэх тухай Засгийн газар хоорондын солилцох захидал 14. Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар тус тус гарын үсэг зурав. 15. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Цахим эрүүл мэнд” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр 16. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Шинэ зууны боловсрол төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр 17. Монгол Улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Том оврын тракторын худалдан авах төсөл”–ийн тусгайлсан зээлийн хэлэлцээр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу нар тус тус гарын үсэг зурав. 18. Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу нар гарын үсэг зурав. 19. Монгол Улсын ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын яам хоорондын соёлын солилцооны протокол Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БНХАУ-ын Соёлын сайд Цай У нар гарын үсэг зурав. 20. Монгол Банк, Хятадын Банкны хяналтын хороо хоорондын хяналтын хамтын ажиллагааны санамж бичиг Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Банкны Хяналтын хорооны дарга Шан Фүлин нар гарын үсэг зурав. 21. Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг Монгол Улсын Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Хятадын Газрын Тосны Үндэсний корпорацийн дэд ерөнхийлөгч Лиу Хунгбин нар гарын үсэг зурав.
1958 22. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Г хэсэг орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх Төрийн орон сууцны корпораци, Хятадын Экспорт-импорт банк хоорондын зээлийн хэлэлцээр Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал А.Гантулга, БНХАУ-ын Экспорт, импорт банкны ерөнхийлөгч Ли Руогу наргарын үсэг зурав. 23. 162 сая ам долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, БНХАУ-ын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Жэн Жизие нар гарын үсэг зурав. 24. Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ганболд, БНХАУ-ын Шэнхуа группийн Ерөнхийлөгч Жан Юйжуо нар гарын үсэг зурав Өдрийн сонин: цахим 2014.08.22 Үзэсгэлэнгийн нээлтэд оролцов Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Дарга Си Зиньпин нар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Өдрийн сонин: цахим 2014.08.22 СИ ЖИНЬПИН: Харилцан туслах замаар хятад, монголын харилцааны шинэ эрин үеийг нээнэ -Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үгЭрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж болон түүний гэргий, Эрхэм хүндэт З.Энхболд Их Хурлын дарга аа, Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нар аа, Хатагтай ноёд оо, Анд нөхөд өө,
1959 Сайн байцгаана уу. Өнөөдөр миний бие Монгол Улсын Их Хуралд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын байртай байна. Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Танай улсын нэрт зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт: “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг. Би 6 жилийн дараа дахин Монгол Улсад айлчилж, танай улсын хөгжил цэцэглэлт, хүч бололцоог хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг хичээнгүй, итгэл төгс дүүрэн Монголын ард түмний ололт амжилтад баяр хүргэж байна. Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцлаа. Монгол Улсын удирдагчидтай Хятад, Монголын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаараа өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ. Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлж, Хамтарсан тунхаглал гарган, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Хатагтай, ноёд оо, Анд нөхөд өө, Хүлгийн сайныг унаж мэддэг Хүний сайныг ханилж таньдаг. Хятад, Монгол хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй. Хоёр дахь жарандаа ороод байгаа хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрснийг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ олон жил дараалан танай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчийн байр суурийг хадгалж байна. 2013 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1 сая 300 мянга давсны дотор Хятадад зорчсон монгол иргэдийн тоо 1 саяыг давжээ. БНХАУ, Монгол
1960 Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь цаг үетэйгээ нийцэж байна. Энэ нь хоёр талын харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ орсныг илтгэж байна. Хятад, Монгол хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн хувьд чухал улсууд билээ. Энэ жил бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг солилцооны жил болж байна. Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Үүний тулд, Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөрш болох ёстой. Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгална. Хоёр улсын удирдагч нар янз бүрийн шугамаар уулзалдаж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ. Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох түншлэлийн яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. Хятадын тал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг мөн урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хооронд байнгын харилцах механизм, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна. Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам"санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ талбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтдаа хөгжиж, хамтран ашиг хүртэх болно. Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улс харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой.
1961 “Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна” гэсэн үг бий. Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник,технологи, зам, дэд бүтцийн талаар давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна. Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт 4 трилион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 5 жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна. Миний энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. 2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ. Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүллээ. Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгдлээ. Хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах болно. Эдгээр шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд улам их, бодит ашиг тус авчирна гэдэгт найдаж байна. Гуравдугаарт, Хятад, Монгол хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой. Замаа мэдвэл явахад амар Хүнээ мэдвэл ярилцахад амар. Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийхэд иргэдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримтлах, залуучууд, хэвлэл, мэдээллийн салбарын тогтмол солилцоог бэхжүүлж, ингэснээрээ нийгэмд таатай уур амьсгалыг бүрдүүлж, Хятад, Монголын найрамдлыг эрчимтэй сурталчлахаар тохиролцсон. Хятадын тал Монгол Улсын иргэн тус улсад суралцах, жуулчлах, худалдаа хийх, эмчлүүлэхэд найрсагаар хүлээн авах болно. Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно. Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна. Хятадын тал Монголын талд 25 шилдэг кино бэлэглэх болно. Эдгээр нь хоёр орны ард түмний
1962 хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна. Хатагтай, ноёд оо, Анд нөхөд өө, Одоо Хятадын ард түмэн хоёр “100 жил”-ийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна. 2020 он гэхэд анхан шатны чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, ардчилсан, соёлтой, өв тэгш, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулна. Бидний энэхүү зорилтыг товчлон хэлбэл, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл” гэж хэлж болно. Монгол Улс өөрийн орны шинэчлэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний зүрхэнд бас “Монголын мөрөөдөл” бий. БНХАУ-ын шинэчлэл өөрчлөлт, нээлттэй байх бодлого, орчин үеийн бүтээн байгуулалт нь хөрш орнуудад, түүний дотор Монгол Улсын хөгжилд нааштайгаар нөлөөлж, чухал түлхэц болно. Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг үр дүнтэй хослуулснаар хамтран хөгжих бүрэн боломжтой юм. Хоёр “100 жил”-ийн зорилтыг биелүүлэх нь амар хэрэг биш. Яагаад гэвэл бид 1 тэрбум 300 сая хүн амтай, алслагдсан зах хязгаар нутгийн хөгжил тэнцвэргүй, бидний ачаа хүнд, туулах зам хол байгааг бүрэн мэдэрч байна. Бид удаан хугацаанд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэхүү зорилтыг биелүүлэхэд аятай таатай орчин хэрэгтэй. Хэрвээ гэрийн гадаа тайван байвал, гэрийн дотор санаа зоволтгүй ажлаа хийж чадна. Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм. Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно. Хятад улс чин шударга, зоригтой, тэвчээртэй, яриа хэлэлцээний зарчмаар, энх тайван замаар аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байна. Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна. Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй. Хятад үндэстэн энх тайвныг эрхэмлэгч үндэстэн бөгөөд хятадын соёл, өв уламжлалыг эрхэмлэдэг. Таван мянган жилийн иргэншлийн хөгжлийн явцад хятад үндэстэн энх тайванч, эв хамтач үзлийг тууштай баримталж ирсэн билээ. Энх тайвныг эрхэмлэх, эвсэг найртай харилцах, өөрийн хүслийг бусдад тулгахгүй байх зэрэг ойлголтууд нь Хятадын эрт дээр
1963 үеэс уламжлагдан ирсэн, хятад гүн ухаанд шингэсэн, хятад хүний үйл ажлаар илэрч байдаг. Эрт дээр үеэс хятад үндэстэн гадаадад довтлохын оронд худалдаа хийх, гадаад харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Өөрийн орныг хамгаалах эх оронч үзлийг эрхэмлэдэг. Харин нутаг дэвсгэрээ тэлэх, колончилох үзэл байхгүй. Хуучин Хятад улсын түүхээс харахад гай гамшиг дүүрэн, зовлон доромжлолд автсан гашуун түүх байдаг. Мөн Хятад үндэстний гадаадын довтлогоог эсэргүүцсэн, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн аугаа их тэмцлийн түүх байдаг. Хатуу зовлонг туулсан Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн хайрладаг бөгөөд өөрийн гашуун сургамжийг бусдад дахин амсуулахгүйн төлөө байна. Хятадын ард түмэн дэлхийн бусад орны ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв хамтаар хөгжих, энх тайвныг хамтран сахин хамгаалж, энх амгаланг хамтдаа хүртэхийн төлөө бэлэн байна. Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлого явуулсан 30 гаруй жилийн түүх энх тайвнаар хөгжих нь БНХАУ-ын улс орны үндсэн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо, уламжлалт соёлоос үүдсэн стратегийн сонголт гэдгийг нотлон харуулж байна. Энэ нь он цагийн урсгалд хөл нийлсэн, Хятадын үндэсний эрх ашигт нийцсэн, дэлхийн бусад орон болон хөрш орнуудын эрх ашигт зохицсон байдаг юм. Бид үүнийг өөрчлөх учиргүй. Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална. Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг. Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой. Хатагтай, ноёд оо, Найз нөхөд өө, Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг. Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг. Өнөөгийн өртөнцөд Ази тив бол эдийн засаг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Мөн эмзэг асуудал цөөнгүй байдаг. Азийн улс орнуудын хөршийн харилцааг хэрхэн зохицуулах, яаж энх тайвнаар зэрэгцэн орших, яаж хамтдаа хөгжих, зөрчил маргааныг эв зүйгээр хэрхэн зохицуулах зэрэг нь заримдаа төвөгтэй асуудалд хүргэдэг. Миний бодлоор
1964 эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн байдал, ард түмний хүсэл зорилгод нийцүүлэх хэрэгтэй гэж үздэг. Мөн түүнчлэн харилцан хүндэтгэлтэй хандаж, үзэл бодлоо нэгтгэж, санал зөрөлдөөнөө арилган, ирээдүйгээ харсан, харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримталж, дорно дахины оюун ухаанаар аядуу зөөлөн асуудлыг шийдэж, эвийг эрхэмлэх зүйтэй гэж боддог. 60 жилийн өмнө Хятад, Энэтхэг, Мяньмар хамтран энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг санаачилсан нь улс хоорондын харилцааны чиглүүлэх суурь мөрдлөг болж, Азийн улс орнууд олон улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд дараах хэдэн зүйлийг хийх хэрэгтэй. Харилцан хүндэтгэж, харилцан итгэе. Азийн олон улс, орнууд гадны түрэмгийлэлд өртөж, зовлон зүдгүүр амссан түүхтэй. Тиймээс ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгодог. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нөгөө улсын сонгосон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан дэмжих нь Азийн улс орнуудын найрсаг харилцааны гол үндэс юм. Азийн улс орнууд өөр өөрийн онцлогтой, нээлттэй, хүлээцтэй уламжлалтай билээ. Улс орнууд эрх тэгш зарчимд тулгуурласан өөр өөр соёл, иргэншлийн харилцан солилцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол, илтгэлцлийг гүнзгийрүүлж, Ази тивийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурийг бий болгоно. Нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгая. Азийн улс орнуудын харилцааны түүхэнд найрсаг хамтын ажиллагаа голлож ирсэн боловч зарим нэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хөрш орнуудын хооронд үл ойлголцох явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Гол нь асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэх нь чухал юм. Яриа хэлэлцээний нэгдсэн ойлголт болон хамтын ажиллагааны нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг арилгах нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг удаан хугацааны туршид хадгалах цорын ганц баталгаа юм. Бид алсын хараатай байж, аливаа асуудлыг найрсагаар хэлэлцэн зөвшилцөж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтран оролцож олон улсын улс төр, эдийн засгийг эрх тэгш, шударга зарчмаар хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна. Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм. Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс
1965 нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна. Хатагтай, ноёдоо, Анд найз нараа, Миний бие энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаасаа Монгол, Хятадын найрамдал хэдийнээ хоёр орны ард түмний сэтгэлд соёлж буйг мэдэрлээ. Энэ нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд хамгийн том итгэлцэл, хөдөлгөгч хүч юм. Хоёр орны ард түмний дэмжлэгээр Монгол, Хятадын харилцааны маргааш улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол, Хятад хоёр орны ард түмний хайр, хүндэтгэлийг гүн гүнзгий мэдэрцгээе. Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацая. Өдрийн сонин: цахим 2014.08.23 Хятад хоригийн эсрэг байна АНУ-ын эрх баригчид Украины хэрэг явдлын улмаас Оросын эсрэг авсан хоригтоо дэлхийн янз бүрийн орнуудыг нэгтгэхийг хичээж байна. АНУ-ын Төрийн депортаментын зохицуулагч, элчин сайд Дэниел Фрид энэ тухай Литовын хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадыг АНУ хоригт нэгдэхийг ятгаж байгаа гэсэн байв. Төрийн департамент нь тийм асуудал байсныг пүрэв гаригт батлажээ. АНУ ба түүний ойрын холбоотнуудаас гадна өөр ямар орнууд хоригт оролцоход бэлэн байгаа вэ гэсэн асуултад Америкийн дипломатч хариулахдаа, Норвеги, Швейцарь хоёрыг нэрлэсэн байлаа. Европын холбооны биш эдгээр орнууд “ЕХ-ны хоригийг дэмжиж байгаа” бөгөөд “Бид Өмнөд Солонгос, Сингапуртай ярилцаж байна. Хятадтай зөвлөлдсөн ба энэ хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэж Фрид ярьсан байлаа. Худалдаа эдийн засгийн харилцааг улстөржүүлэх хэрэггүй Долдугаар сард Хятадын ГХЯ мэдэгдэхдээ, “олон улсын харилцаанд юм л бол хориг тавьдаг, хориг тавихаар заналхийдэг практикийн эсрэг” Хятад улс тууштай зогсож байгаа. “Зохих талууд яриа хэлцлээр асуудлаа шийдэж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа улс төржүүлэхгүй байна гэдэгт найдаж байна” хэмээн Хятадын дипломатч Хун Лэй хэлсэн байв. Өдрийн сонин: цахим 2014.08.23
1966 БНХАУ-ын дарга СИ ЖИНЬПИНИЙ АЙЛЧЛАЛ амжилттай болж өндөрлөлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад энэ сарын 21-22-нд айлчиллаа. Түүний айлчлалтай холбогдуулан өчигдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан. Уг чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэллээ. Мөн хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зочид төлөөлөгчид оролцов. БНХАУ-ын дарга Си Жиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд УИХ-ын гишүүд болон зочид босч хүндэтгэл үзүүлж байлаа. Хүндэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе. Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ. Өнөө жил Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн түүхэн ой тохиож байгаа. Ойн хүрээнд “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийв. Энэхүү нээлтийн ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оролцлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1949 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургуудыг дэлгэн тавьсан байв. Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан өөр нэг арга хэмжээ бол бэсрэг наадам байлаа. Манай улсад төрийн айлчлал хийж буй хүндэт зочдод зориулсан бэсрэг наадам “Чингэсийн хүрээ” жуулчны баазад болсон юм. Бэсрэг наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань, албаны бусад хүмүүст монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулав. “Алдар” нийгэмлэгийн залуу бөхчүүдийн оролцсон үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Архангай
1967 аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Баянцогт сумын уяач Нямдоржийн хээр торгон жолоо өргүүлж, мөн аймгийн Алтанбулаг сумын уяач Пүрэвдоржийн халтар аман хүзүүдлээ. Бэсрэг наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гардуулан өгсөн юм. Наадмын үеэр БНХАУ-ын дарга болон дагалдан яваа эрхэм зочдод “Морьтны гайхамшиг” тоглолт, монгол үндэсний хувцасны загвар болон уран нугаралтын үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан “Тугийн тухай дуу”-г БНХАУ-ын дарга болон түүний гэргий, Хятадын цэргийн чуулгын нэртэй дуучин хатагтай Фөн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авч байгаа нь содон харагдав. Ирсэн зочдынхоо гарыг цайлгадаг монгол уламжлалаар БНХАУ-ын дарга Си Жиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли-Юань нарт цоохор зүсмийн хос морь бэлэглэв. БНХАУ-ын дарга Си Жиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ. Наадмын дараа хүндэт зочид эх орондоо буцахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорьсон юм. М.МӨНХЦЭЦЭГ Өдрийн сонин: цахим 2014.08.24 "БНХАУ Монгол улстай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хүсэж байна" гэв БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээ зарласан юм. Мөн хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэн баталлаа. Хятад улсын дарга Си Жиньпиний айлчлалыг дагалдан явсан Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао Бээжингийн Олон улсын радиогийн сурвалжлагчид дараахь ярилцлагыг өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнгийн талаар юу гэж ярьсныг хүргэе. Лю Жяньчао ярилцлагынхаа эхэнд "Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны удаашраад байсан зарим томоохон төсөлд ахиц гаргахаар болсон нь хэлэлцээний чухал үр дүн юм. Хятад улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа сэргэн мандаж, хөгжин дэвжихийг хүсэж байна” гэж онцолжээ. -Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ? -Си Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд тод бичигдэх түүхэн айлчлал юм. Айлчлал дараах гурван чухал үр дүнд хүрлээ гэж үзэж байна. Үүнд: Юуны өмнө, улс төрийн талаар хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийг хоёр орны удирдагч зарласан нь хоёр талын харилцан
1968 итгэлцэл улам бүр бэхжиж буйг харуулсан. Өнөө хоёр талын харилцан итгэлцлийн түвшин түүхийн хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Хоёрт, хоёр тал өөрсдийн анхаарч буй томоохон бөгөөд амин чухал ашиг сонирхлын асуудлаар, тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятад улсын Түвд, Тайванийн асуудал зэрэг дээр харилцан тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ нь хоёр талд маш чухал юм. Гуравт, хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн салбарт цогц хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон. Энэ нь мөн харилцан ашигтай, хамтаар хожих, давуу талуудаа харилцан нөхвөрлөх ач холбогдолтой юм. Ялангуяа олон талын шалтгааны улмаас удаашраад байсан Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зарим томоохон төслийн явцад ахиц гаргах хүсэлтэй байгаагаа Си Жиньпин даргын айлчлалын үеэр талууд санал нэгтэй илэрхийлсэн. Цаашид уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн гэсэн гурван салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагаа явуулна гэж тохиролцсон. Энэ нь Монголын байгалийн баялгийг эдийн засгийн хөгжлийн давуу талаа болгох, эд баялаг, хөрөнгийн давуу талаа болгон хөгжүүлэхэд ашигтай бас шаардлагатай юм. Холбогдох томоохон төслүүдэд Хятадын компаниуд мөн оролцох хүсэлтэй байгаа. -Хоёр тал төмөр зам, транзит тээврийн асуудлаар чухал хэлэлцээр байгуулсан. Энэ талаар? -Си Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр тал төмөр зам, боомт, транзит тээврийн зэрэг асуудлаар хамтран ажиллах олон чухал тохиролцоонд хүрсэн. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Энэ утгаараа Монгол Улсад Хятадын далайн боомтуудад түшиглэж өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгцээ маш их бий. Хятад улс энэ талаар бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ талын чухал хэлэлцээрүүд нь мэдээж хоёр талын аль алинд ашигтай, Монгол Улсад бүр ч ашиг тустай юм. -Хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарын чухал санаачилгууд дэвшүүлж байсан. Энэ талаар тодруулж ярина уу. -Си Жиньпин дарга Монголын талд эдийн засаг техникийн туслалцаа, боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай туслалцаа зэргийг үзүүлэх цогц төлөвлөгөө санал болгосон. Ер нь хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах олон санал санаачилга дэвшүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын соёлын төвийг Хятад улсад байгуулах, Монголын соёлыг Хятад улсад сурталчлан таниулах гэх мэт. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх, мөн цөлжилттэй тэмцэх зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. -Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?
1969 -Монгол Улс бол БНХАУ-тай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог том хөрш юм. Манай хоёр орон маш ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын сэргэн мандал, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж найдаж байна. Өдрийн сонин: цахим 2014.08.23 Орос, Хятадын байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжиж эхэллээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Шадар сайд Занг Гаоли нар хичээлийн шинэ жилийн өдөр Якут мужид ажиллажээ. Хятад улс руу 30 жилийн хугацаанд дөрвөн их наяд шоо метр байгалийн хий нийлүүлэх төслийн эхний шатны бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцсон нь энэ аж. В.Путин энэ арга хэмжээний үеэр "Сибирийн эрчим хүч төслийн хийн хоолой нь бидний гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх чадамжийг батлахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно " хэмээн онцолжээ. Харин Шадар сайд Занг Гаоли уг төслийн бүтээн байгуулалтын ажилд хоёр орны зүгээс 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгджээ. Зүүн Сибирээс Хятад улс руу 3968 км хоолой татснаар дэлхийн хамгийн том байгалийн хий дамжуулах сүлжээ үүсэх юм. Якут мужийн Чаяндискы хийн талбайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 20 гаруй тэрбум ам.доллар аж. Төслийн ган хоолой ханган нийлүүлэгчээр ОХУ-ын тэргүүлэгч компани ТМК ажиллахаар болж. Өдрийн сонин: цахим 2014.09.07 Бээжинг хооллосон шар мухлаг Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна. Хотын төвд хаа л бол хаа дайралдах шар мухлаг тун эртэч. Өглөө 05:00 цагаас 22:00 цагийн хооронд том ресторон, зоогийн газрууд онгойгоогүй байхад халуун хоол зарна. Тэгээд л өглөө 09:00 цаг болуут халуун хоолны мухлагууд хаагаад халаагаа ресторан гуанзуудад шилжүүлнэ. Хоолны бүрдэл нь дажгүй, үнэ “ван доллар” буюу долоон юань. Халуун хоолны шар мухлагаас нэг ам.доллараар та дараахь хоолны бүрдэл авна. Голд нь өндөг шарж хайрсан бин, дээр нь алгын чинээ загасны мах буюу хуруун чинээ хиамны аль нэгийг сонгоно. Өндөгтэй хайрсан бин дээр далбагар байцаа, жигнэсэн лууван тавина. Хоолны худалдагч бүсгүй гурилан бингийн голд түүхий өндөг хийж шарах, бэлэн загасны мах, хиам халаах гэж ёстой гялалзуулна. Тэгээд бүгдийг нэг уутанд боож өгнө. Нэг аяга шар буурцгийн халуун цайгаар
1970 даруулна. Энэ бүгд нийлээд үнийн хувьд ганц ам.доллар боловч нэг өдөрт хүний авах ёстой тэжээлийн 75 хувийг өгөх шинжлэх ухааны тооцоотой юм гэнэ. Хятад хүн дунджаар 1300 ккл өөх тос, нүүрс ус уурагтай хоол идэж байх ёстой юм гэнэ. Хоол авсан хүмүүс мөнгөө тааруулж, худалдагчийн хажууд байгаа хайрцагт өөрснөө хийнэ. Мөнгөө өгөхгүй бултаж байгаа хүн харагдсангүй. Хайрцганд 10 юань хийчихээд гурван юань буцаагаад авч байх жишээтэй. Хямд ,цэвэр, эртэч энэ халуун хоол Бээжингийн ядуучуудын хоол биш, төрийн албан хаагчид, баячууд, жуулчид хүртэл амтархан идэж байна. Намайг харсаар байтал гайгүй зочид буудалд байрласан гадаадын жуулчид нэг ам.долларын хоолонд дугаарлан зогсч эгнэж суучихаад амтархан идэх юм. Бээжин гадаадын зочдыг хооллож татаж чадаж байна гэсэн үг. Гоё тансаг машинтай хүмүүс шар мухлагийн хажууд зогсч хэдэн хоол аваад яаран одно. Дугуйтай хүмүүс захиалсан хоолыг хүргэж өгөхөөр жирийлгэнэ. Бээжин хотын иргэдэд өглөөний цай хоолоор энэ шар мухлаг үйлчилнэ. Гэхдээ хоолны сонголттой. Шинэ жимсээр бэлтгэсэн хоол, дан амталсан будаан хоол, ногоон хоол гээд өглөө эрт боссон хэн боловч өлсөхгүй ээ. Манай Улаанбаатар хотод ажил цуглахаас өмнө өглөө эрт хоол олж иднэ гэвэл, тэгэхдээ ийм хямдхан үнээр шинэ халуун хоол олж иднэ гэвэл ёстой горьдсоны гарз. Манайхан чинь өглөө босоод санд мэнд, хүүхдээ яаран хувцаслаад ажилдаа явах, хоосон ходоодтой үдээс өмнийг барж ажил хийх гэж тэгэс ингэс хийж байгаад өдөр хүргэнэ. Орой бол харин чирч өгнө дөө. Хотынхоо дарга нарт хэлье гэж бодоод Бээжин хотыг үнэ хямдтай халуун хоолоор хооллож чадаж байгаа шар мухлагийн туршлагаас судаллаа. Ард түмнээ тэжээнэ хооллоно гэдэг төрийн бодлого байдаг юм байна. Энэ шар мухлагт нэг ам.долларын хоол зарахад төрөөс нэг ам.доллараар тэтгэдэг юм байна. Өдөр ресторанд нэг аяга цай нэг ам.доллар байхад өглөөний хоолны бүрдэл нэг ам.долларын үнэтэй байхаар зохион байгуулжээ. Машин, дугуйгаар чирдэг хоолны зориулалтын мухлагууд хийжээ. Нийтийн хоолны бэлтгэлийн том цехүүдэд гурилыг нь зуураад, ногоог нь арилгаад жигнээд, хайрч шараад хүнд өгөхөд бэлэн болгоод шар мухлагуудад хүргэж өгнө. Нэг хоолны мухлагт зориулан ажлын байр тавыг гаргасан гэнэ. Мухлагийн үндсэн худалдагч нэг, өглөөний гэрээт тогооч хоёр, цехээс хагас боловсруулсан бүтээгдэхүүн зөөдөг тэрэгчин нэг, хамгаалагч, ариун цэврийн байцаагч тус бүр нэгийг ажиллуулдаг гэв. Том хотын хүн амыг эрүүл цэвэр, хямд халуун хоолоор хангах нь Хятадын төрийн хамгийн гол бодлого болон шинээр тавигдсан байна. Ши дарга төрийн байгууллагуудыг том том үнэтэй ресторанд элдэв хүлээн авалт хийх, дарга нар нь төрийн мөнгөөр урьсан зочдоо өндөр үнээр хооллохыг хатуу хориглож, авлигын нэг хэлбэр гэж үзжээ. Томоохон зоогийн газрууд хүнд байдалд орж магадгүй ч ард иргэд нь хямд, чанартай хоолонд дуртай байгаа гэв. Хятад улс дэлхийн газар тариалангийн газрын дөнгөж долоон хувьд тариа ногоо тарьж, дэлхийн хүн амын 25 хувийн хэрэгцээг хангаж байгаа гэнэ. Ийм их хөдөлмөр хийж байгаа тариачдынхаа гурил, ногоог төр нь худалдан авч алдагдлыг нь үүрээд өглөөний халуун хоолыг нь төр бэлтгэн өгч байна. Хүн амыг ингэж халуун хоолоор хангахад хүнс хоолны хяналтын алба нь гол үүрэгтэй оролцож байна. Төрийн хяналтынхан өглөөний хоолны шар мухлагуудыг торгож шалгаж биш хамтран ажиллаж төрийн хувьцааг эзэмшдэг хамгаалдаг гэнэ. Хятад улс эдийн
1971 засгийнхаа суурь үнийг тариа ногоо гэж тооцдог. Тэгээд л тариа ногооныхоо үнийг барьж ард түмнээ хооллохыг бодлого болгодог гэнэ. Манайх чинь эдийн засгийнхаа суурь үнийг бензин гэж үздэг. Бензиний үнэ өсөхөөр бүх үнэ өсч төр, иргэд хоёр хоёулаа сандардаг биз дээ. Манай суурь үнэ бензин биш байх аа. Тэгэхэд хятад хүн ингэж ярьдаг гэнэ. Амьд явсан хүн аяга будаа иднээ гэдэг. Харин Монголын маань эдийн засгийн суурь үнэ нефть арай биш байх аа. Ус юм болов уу. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг биз дээ. Хятад хүн гэдсээ өлсөхөөр нүгэлтэй их уурладаг, бухимддаг гэнэ. Тэгээд ард түмнээ хооллох шар мухлаг төрийн бодлого болжээ. Өдрийн сонин: цахим 2014.09.02 Монгол, хятад залуусын бизнес уулзалт боллоо Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын Бизнес уулзалт өчигдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Бизнес уулзалтын үеэр залуус хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцсон юм. Бизнес уулзалтанд Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуус багтсан бол Монголын талаас барилга, зам тээвэр, банк санхүүгийн байгууллагын бизнес эрхлэгч залуус оролцлоо. Монгол-Хятадын бизнэс эрхлэгч залуучуудын бизнес уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм байна. Дараа жилээс илүү өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдрийн сонин: цахим 2014.09.13 Хятадын зах зээлд нийлүүлж буй коксжих нүүрсээрээ Монгол улс хоёрт бичигдэж байна Хамгийн сүүлийн мэдээгээр австраличууд Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ хол тасархай тэргүүлж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн худалдан авч буй металлургийн нүүрсний 47.3 хувийг Австрали эзэлжээ. Харин Монголоос нийлүүлж буй коксжих нүүрсний хувь 23.9. Энэ нь Австралийн дараа хоёрдугаарт жагсч байгаа үзүүлэлт. Монгол Улс энэ оны эхний найман сарын байдлаар 13 сая тонн коксжих нүүрс гаргачихаад байна. Манай араас ОХУ 10.4 хувьтай нэхэж явна. Хойд хөршийн дараа Канад, АНУ, Индонези гээд жагсч байна. Монголын хувьд гурван жилийн өмнө Хятад гэдэг аварга зах зээлийн худалдаж авсан коксжих нүүрсний 44.9 хувийг хангаж байсан юм. Бараг тал хувь нь гэсэн үг. Энэ тоо 2012 онд 35.6, өнгөрсөн жил 20.5 хувь болж буурсан. Нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос өссөн шалтгаан нь Таван толгойн Баруун, Зүүн Цанхиас зэрэг олборлолт хийж мөнгөөр нь зарж байгаа явдал. Өмнө нь зөвхөн Зүүн Цанхиас “Чалко”-гоос авсан өрөндөө нүүрс өгч байсан юм. Урд хөрш рүү нүүрс экспортлогчид гэвэл “Эрдэнэс
1972 Таван толгой”, “Энержи ресурс”, “МАК”, орон нутгийн “Таван толгой”, “Саусгоби сэндс” гэсэн таван компани бий. Экспортолсон коксжих нүүрсний биет хэмжээгээрээ Австралийн дараа хоёрдугаарт жагссан нь олзуурхмаар ч нүүрснээс олох орлого маань бараг хоёр дахин хумигдаад байгаа. Орлого хумигдахад нөлөөлсөн хоёр шалтгаан бий. Нэг дэх нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан явдал. Гэхдээ эрчимтэй уруудаж байсан нүүрсний үнэ өнгөрсөн саруудаас тогтворжиж эхэлсэн, аажимдаа бага багаар өснө гэсэн таатай мэдээ бий. Хоёрдугаар шалтгаан нь нүүрс тээвэрлэлтийн өртөг. Австрали нүүрсний үнэ унасан үед ч хар алтаа зараад аятайхан амьдраад байгаа нь тээврийн зардалтай холбоотой. Тээврийн зардал нь хямд учраас урд хөршийн коксжих нүүрсний зах зээл дээр гялалзаж байна. Австраличууд 100-200 тоннын хөлөг онгоцон дээр нүүрсээ ачаад Хятадын далайн боомт дээр буюу эцсийн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Ингэж хүргэхдээ нэг тонн нүүрсэнд 12- 15 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл монголчууд 40-60-хан тонны машинаар Хятадын хилийн захад нүүрсээ аваачихдаа нэг тонн нүүрсэн дээр хориос дээш ам.долларыг тээврийн зардал, бас бус өртөг болгож “агаарт хийсгэдэг”. Нүүрс их хэмжээгээр гаргасан ч шальтай мөнгө олохгүй байгаагийн цаад шалтгаан нь энэ. Нүүрсний экспортын үнэ цэнийг унагаж байгаа зүйл бол ердөө л дэд бүтэц гэдгийг сая дурдсан тооноос харчихаж болно. Тэгэхээр нүүрсээ үнэд хүргэе гэвэл төмөр зам, төмөр зам, бас дахин төмөр зам гэхээс өөр арга алга. Их хэмжээгээр нүүрс экспортлож буй хэр нь төсөвт хаягласан мөнгө чамлахаар байгаагийн бас нэг шалтгаан нь дундын компаниудын хандлагатай холбоотой гэж салбарынхан ярьж байна. Манай нүүрсийг Хятадын хил дээрээс аваад цааш нь хэрэглэгчдэд хүргэдэг компаниудыг дундын гэж тодотгодог. Австралид үер болж Монгол нүүрс моодонд орж байх үед дундын компаниуд манай нүүрсийг өрсөлдөж авдаг байв. Бүр урьдчилж мөнгөө төлж байгаад авдаг байсан цаг тийм ч эртнийх биш. Манайхан ч урьдчилж ахиу мөнгө төлсөнд нь нүүрсээ өгдөг байлаа. Харин одоо байдал өөрчлөгдсөн гэдгийг нүүрс экспортлогчид нуудаггүй. Урьд нь монгол компаниуд гэдийдэг байсан бол өнөөдөр Өмнөд Монголын захиргаанд бүртгэлтэй дундын компаниуд “Нүүрсээ тэдээр өгвөл өг, гэхдээ мөнгийг нь одоо өгч чадахгүй шүү. Цааш нь зарчихаад дараа нь өгнө” гэж гэдийдэг болжээ. Манайхан ч урд хөршийн зах зээл дээр нэгэнт эзэлсэн байр сууриа унагахгүйн тулд хэлсэн үнэд нь нүүрсээ өгөхөөс аргагүй байдалд байгаа. Алдагдалтай гээд нүүрсний нийлүүлэлтээ зогсооё гэхээр хожим эрсдэлтэй учраас тэр л дээ. Нийлүүлэгчдээ алдчихвал нүүрсний үнэ өсч, хар алтны зах зээл сэргэхэд орон зайгаа эзэлж чадахгүй шахагдах эрсдэл бий. Ийм шалтгаанаар нүүрс экспортлогч компаниуд алдагдал хүлээсэн ч нүүрсээ гаргаж байна. Дундын компаниудын хувьд өмнө нь урт хугацааны буюу жилийн гэрээ байгуулдаг байсан бол байдал хүндрэнгүүт нэг удаагийн гэрээгээр нүүрс авдаг болж. Эндээс манай компаниуд байнгын түншгүй болсон гээд дүгнэлт хийчихэд хэтрүүлэг болохгүй. Өмнө нь зах зээлийн жамаар арилжаагаа хийж, урт хугацааны түнш компаниудтай байсан нүүрс экспортлогчид өнөөдөр “Шинхуа”, “Чалко” зэрэг төрийн өмчит компаниудтай нүүр тулж байгаа. Төрийн өмчит компаниуд яах нь тодорхой. Монголын нүүрсийг нэгдсэн бодлоготойгоор хямд үнээр авч таарна. Ер нь нүүрсний зах зээлийг ажиглахад ингэж дүгнэх хангалттай үндэслэл бий.
1973 Манай улсын бодлогын тогтворгүй орчин, дэд бүтцийн сул байдал урд хөршийн хувийн компаниудыг нүүрсний зах зээлээс үргээсэн гэчихэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ сиймхийг ашиглаад төрийн компаниуд нь хувийнхнаа шахаж орж ирсэн нь ч бодит үнэн. БИДНИЙ ӨРСӨЛДӨГЧ ХЭН БЭ? Австрали бол тодорхой. Одоогийн байр сууриа тавьж өгтлөө өдий. Монголын хувьд хүчтэй гол өрсөлдөгч гэвэл Орос байна. Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу манай сонинд өгсөн ярилцлагадаа “Нүүрсний зах зээл ирэх оноос сэргэх хандлага байгаа учраас нүүрсний салбарт өрсөлдөөн ширүүсч байна. ОХУ экспортынхоо хэмжээг өсгөнө гэдгээ зарлачихлаа. Америкаас нүүрс нийлүүлээд эхэлчихсэн. Индонези, Австрали нүүрсний үнийн уналтыг тоо хэмжээгээ өсгөх замаар давж байна. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсч байна” гэж онцолж байсан. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран ч нүүрсний салбарт манай хүчтэй өрсөлдөгч олон бий, нэг нь Орос гэж онцолж байна. Тэрээр “Наад захын жишээ гэхэд л Элгагийн орд байна. Манай Таван толгойтой эн зэрэгцэхээр орд. 2009 онд хөрсийг нь ч хуулаагүй байсан бол өнөөдөр ашиглалтад орж, төмөр зам, угаах үйлдвэрээ бариад нүүрсээ зөөж байна. Тувад бас нэг нүүрсний том орд бий. Манай баруун талаар төмөр зам тавьж нүүрсээ гаргах гэж ярьж байна. Тувагаас цааш Алс Дорнодоор зөөвөл ашиггүй учраас тэр. Гэсэн хэрнээ Якунин манай Таван толгойн нүүрсийг Алс Дорнодоор зөөх ухааны юм ярьж байсан удаатай. Эдийн засгийн эрүүл саруул сэтгэлгээний үүднээс харахад ч Владивостокоор хэдэн мянган км явж байж далайд гаргана гэдэг ашигтай шийдэл биш. Хэрвээ ашигтай бол манай баруун талаар нүүрсээ гаргая гэж дуугарахгүй байсан” хэмээн ярилаа. Хойд хөршийн хувьд 2010 онд нүүрсний салбарын хөгжлөө тодорхойлчихсон. Бүр 2030 он хүртэл. Жил бүр төлөвлөгөөндөө тодотгол хийгээд идэвхтэй гэгч нь хэрэгжүүлээд явж байгаа. Оросын тухайд нүүрсээ Ази руу гаргах гэж шамдах болсон нь цаанаа нарийн шалтгаантай. Хойд хөрш Европын нүүрсний зах зээл дэх байр сууриа АНУ, Канад, Өмнөд Африкийн орнуудад алдаад байгаа. Дээр нь Украйны хэрэг явдлаас болж Европ тивтэй харилцах харилцаа нь илт хүйтэрчихсэн. Товчхондоо Хятад хойд хөршийн хувьд хамгийн таатай зах зээл болоод байна. ОХУ нүүрсний том ордуудынхаа дэд бүтцэд Хятадын хөрөнгө оруулалтыг татах болсон нь цаанаа ийм учиртай. Өөр нэг мэдээ дуулгахад Оросын нүүрсний том ордуудын дэд бүтцийг Хятадын хөрөнгө оруулалттайгаар барьж байгуулах ажил эхэлчихсан. Тэгэхээр Оросын нүүрс хүссэн хүсээгүй Хятадын зах зээл дээр гарна гэсэн үг. Хойд хөрш коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний том экспортлогч. Манайх эрчим хүчний нөөц ихтэй улсын тоонд багтдаг ч одоохондоо экспортлож завдаагүй яваа. Ингээд бодохоор Орос кокжсих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч манай хүчтэй өрсөлдөгч гэсэн үг. Төмөр зам, дэд бүтцээс эхлээд нүүрсний салбарт барих бодлогоо тодорхой болгож эрчтэй ажиллаж эхлэхгүй бол коксжих нүүрсний зах зээлд Австралийн дараа бичигдэж буй байр маань өнөөдрийнхөөс ухарч мэдэх бодитой шалтгаан олон байна. Ц.БААСАНСҮРЭН Өдрийн сонин: цахим 2014.10.
1974 “БЭЭЖИН”-гийн замын нээлт даваа гаригт болно Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто замыг шинэчилж байгаа. Тодруулбал, Бээжингийн гудамжны 0.9 км автозам, 74 метр урт гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл энэ амралтын өдөр ямар нэгэн саатал гарахгүй бол ирэх даваа гаригт нээнэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Гэхдээ гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ хийжээ. Өдрийн сонин: цахим 2014.10.04 УБ-ТЯНЬЖИН чиглэлд дамжин өнгөрүүлэх авто тээвэр хийхээр боллоо БНХАУ-ын Тээврийн яамны төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчлан хоёр орны Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцжээ. Уулзалтын явцад Улаанбаатар-Тяньжины чиглэлд хоёр талаас тус бүр 10, нийт 20 ачааны автомашинаар тээвэр эхлүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар тохиролцсон байна. Мөн уулзалтаар монгол, хятад хэл дээр тээврийн байгууллага болон жолооч нарт зориулсан гарын авлага боловсруулах ажлын явцтай танилцаж эцсийн хувилбарыг тохирчээ. Уг гарын авлага нь Монгол Улс, БНХАУ-ын автотээвэр, хилийн боомт, замын хөдөлгөөний хууль, дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг агуулснаараа худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой болохыг Зам, тээврийн яамнаас онцоллоо. Азийн хөгжлийн банкаас санхүүжүүлсэн уг гарын авлагыг энэ онд багтаан хоёр улсын ажлын хэсэг боловсруулж дуусгах бөгөөд ирэх оны эхэнд хэвлүүлэн жолооч, хилийн болон тээврийн байгууллагуудад тараах юм байна. Өдрийн сонин: цахим 2014.10.13 Улаанбаатар-Эрээний чиглэлд тогтмол нислэгтэй болоо ӨМӨЗО-ы Эрээн хот руу жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим монгол зорчдог гэсэн судалгаа гарчээ. Өчигдрөөс буюу энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатарын хоорондын шууд нислэг нээгдсэн талаар Эрээн хотын "Сайнус" олон улсын онгоцны буудлаас мэдээлсэн байна. МR8861/8862 дугаартай нислэг нь долоо хоног бүрийн мягмар, пүрэв, ням гаригт нисэх аж. Улаанбатараас онгоц өглөө 7 цагаас нисч, Эрээн хотод 8 цаг 45 минутад газардана. Дахин Эрээн хотоос 9.15 цагаас нисч, Улаанбаатарт 11 цагт хүрэх юм байна. Хоёр хотын хооронд ийнхүү тогтмол нислэг нээгдсэн нь Хятад болон Монголын агаарын шугамыг цаашид хөгжүүлж, хоёр талын эдийн засаг худалдаа, соёл, аялал жуулчлалын
1975 солилцоог ахиулах болно гэж Эрээний "Сайнус" Олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан мэдэгджээ. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм. Мөн 2800 м-ийн урттай 45 м-ийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж. Өдрийн сонин: цахим 2014.10.15 Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг болно Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг тав дахь жилдээ Дорнод аймгийн Чойбалсан хотноо болох гэж байна. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэх өдөрлөгийн хүрээнд "Хэрлэн экспо 2014" үзэсгэлэн худалдаа, "Бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагаа -2014 форум", "Зүүн бүс түншлэл-2014" бизнес эдийн засаг, аялал жуулчлалын форум, Монгол, Орос , Хятад гурван улсын хувцас загварын наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн гурван улсын үндэсний хувцасны "Дорнын гоёл -2014" загварын наадам зохиогдох юм байна. Дорнод аймаг газар зүйн байрлалын хувьд Орос, Хятад хоёр улстай хиллэдэг тул хилийн худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой, зүүн бүсийн тулгуур төв юм. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах болжээ. Өдрийн сонин: цахим 2014.10.16 ХЯТАД УТГА ОРОС АРГА "...Тангад, Түвд таван хэлийн амьтан" гэсэн хэллэг бий. Тав гэдэг нь олон гэсэн утгатай бололтой. Ямартаа ч хорвоогийн хүн ард, янз бүрийн үндэстэн ястан гэсэн санаа л даа. Харин нүүдэлчин монголчуудын хувьд хятад, орос, манж, түвд гээд дор хаяж дөрвөн хэлтнийг нь сайн мэддэг, байн байн нүүр тулсаар иржээ. Харин Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийхээр яривал ч тоймоо алдана. Жирийн иргэн нь хүртэл хувийнх нь зан чанар, чин эрмэлзэл рүү нь өнгийж харах боломж талаас нь хараад товчилж байна л даа. Улс болгонд, айл бүрт, хүн тутамд эрх ашиг бий. Бүгд л түүнийгээ илэрхийлнэ, хамгаална. Харинилэрхийлэх, хамгаалах арга ондоо. Ондоогоосоо болоод аж төрөл нь өөр. Монголчууд биднийоршин тогтнолын үнэт зүйлс юугаараа "таван хэлийн" улс амьтнаас ондоо болоод ижил бол, хамтдаа жаахан сонирхоцгооё. Өмнөд хөрш хятадууд өрх гэрийн эрх ашгийг дээдэлнэ.Тэд мянга мянган жилийн өмнөөс гэр бүлийг улс гүрэн, засаг төрийн үндэс хэмээн үзэж, энэ үндэс бөх байхын хэрээр улс гүрэн хүчирхэг амгалан байна хэмээн ухаарч иржээ. Энэ эрх ашгийг хөндөөгүй бол толгой дээр ямар төр байх нь тийм ч сонин биш. Тэд гэр бүлийн оршин тогтнол руу нь, амьжиргаа
1976 руу нь халдаагүй Монголын, Манжийн төрийг ч,монгол, манж цусны хаадыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байжээ. Жирийн хятад хүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд БНХАУ ямар байрсуурь эзлэх, Түвдийн автономи, Далай ламын институци төдий л сонин биш. Харин өдөрт бүтэн хоёр цагийн турш дуу шуутай хооллох бол их чухал. Харин ч өдрийн хоолыг чив чимээгүй идүүлэх гээд үзвэл юм юм л болох байх даа. Тэдний хувьд хоол бол амьдралын баяр хөөр, бясалгал. Арай гэж идэх юм олсондоо баярлаж байгаа хэрэг гэвэл ихээхэн өнгөц болно. Харин тэд амьдралаас баяр баясгалан олох,хувь хүний сэтгэл ханамжийг бүтээхдээ гарамгай ард түмэн гэвэл үнэнд ойртоно. Хятад яагаад олуулаа байгаа юм бэ? Энгийн хариулт нь "Энэ улс оронд зуу зуун сая хүн, бие биеэ хэмлэхгүйгээр амь зууж болдог" явдал. Харин бид яагаад цөөхөн байна аа??? Оросуудыг, ялангуяа Зөвлөлтийн үед бий болж тогтсон орос хүнийг монголчууд сайн мэднэ. Тэд Орос эх орон нь хүчирхэг, импер байвал хаанахын эзнийг ч хүлээн зөвшөөрч чадна гэдгийг манайхан ажигласан. Гүржүндэстэн Сталин хүчирхэг Орос-Зөвлөлтийг цогцлоосон. Оросууд Хятадаас ялгаатай нь хүчирхэг эх орны төлөө хувийн аж төрөл, гэр бүл, амьжиргаагаа золиослоход бэлэн ажээ. Оросууд хүчирхэг империйн гуйлгачин иргэн байхыг зөвшөөрч чадна, харин Люксембург мэтийн жаахаан орны баян иргэн байхыг тэвчихгүй. Энэ онцлогоос болоод Оросын толгойд гарч ирсэн хэн боловч үндсэрхэг, империалист байхаас өөр аргагүй болдог гэдэг. Орос хүн турж үхэхийг тэвчиж чадах боловч Курилын арлын талаарх Зөвлөлт маягийн байр суурь өөрчлөгдөхийг тэвчиж чадахгүй. Орос хүний оршин тогтнолын илэрхийлэл нь хятад хүнийхээс эсрэг чиглэлтэй. Харин бид тэднээс юугаараа онцлог бол? Улс төр рүү орохоосоо өмнө амьжиргааны үндэс болсон бизнест хэрхэн ханддагаа харах гэж оролдъё. Ямар ч хүн Хятад, Японоосоо үл хамаараад олз ашигт дуртай.Бидний олон зууны турш ажигласнаар нангиадууд олзыг бага гэж голдоггүй.Тэдэнд олз ашиг их бага байх нь чухал биш. Харин тасралтгүй байх нь чухал. Гэтэл монгол хүний хувьд олз ашиг бөөнөөрөө байх учиртай. Гарз ч гэсэн бөөнөөрөө алдагдаж байвал ажиглагдана. Жижиг олзыг олз гэж тоодоггүй шигээ, жижиг хорогдол, бага гарз сэлтийг зохистой гэж үзнэ. Бага багаар ундарсаар сав дүүрэх, бага багаар хорогдсоор сав хоосрох хоёуланг эс тооно. Эс тоох төдийгүй гарсан үр дүнг үл ойлгоно. Олигтой олз олохгүй мөртлөө тэр этгээд яагаад баяжаад байна аа гэж гайхна. Айхтар гарз гараагүй атлаа би яагаад хоосорчихвоо хэмээн учрыг нь олж ядна. Энэ нь мянга мянган жилийнх нь аж төрөл, амь зуух арга байсаар ирсэн малтай нь зарим талаараа холбоотой.Мал үхэж, төл алдаж байлаа ч гэсэн хоосордоггүй. Харин ган гачиг, зуд турхан тохиож малыг нь бөөнөөрөө, хот хороогоор нь хувхайлаад явчихвал сая хоосорч, ядуурдаг байж. Мал өсөхдөө ч бөөнөөрөө өснө.Гарсан төлийн үнэмлэхүй олонхи нь эзнээсээ маш бага хамааралтайгаар мэнд өсч бойжно. Эд таваарын хомсдлыг эрт дээр цагаас эхлэн гол төлөв дайнаар шийдэж иржээ. Авгайд дээлийн торго хэрэгтэй, охинд инж шаардлагатай болох үедсуурин иргэд хэтэвч, түрийвчиндээ хүрдэг. Харин талын нүүдэлчид саадаг нумаа шүүрээд хүлэг мориндоо мордоно. Тэгээд суурин иргэдээс "эс өгсөн" торго дурдам, шүр сувдыг хэрэгцээний
1977 хэрээрээ... Хэрэгцээний хэрээр биш юмаа, тээвэрлэх чадамжийнхаа хязгаараар авна. "Монгол цэргүүд даах чинээнийхээ ачааг жин торгоор татаж Бээжингээс буцав" гэж. Энэ бол Монголын түүхэнд нэг бус, хоёр бус гардаг ишлэл. Сайн сайхан амьдарч, олон малтай их торготой байхад хувийн самбаа мэдээж хэрэгтэй. Ядаж л сэлэм эргүүлж, бас чоно нохой үргээчихдэг байгууштай.Гэхдээ л гаднаас хамааралтай.Аян дайн хэмээх "дэлгүүр хэсэх"-д хэр олз омогтой байхыг Хөх тэнгэр мэднэ. Мал сүрэг бөөн бөөнөөрөө өсөх эсэхийг ганзун, өн зуд гэхмэтийн өөр зүйл шийднэ. Учир иймээс хувийн санаачилгад монголчууд төдий л ач холбогдол өгсөнгүй иржээ. Өнөөдөр маш олон хүн аж амьдралаа хувийн санаачилгадаа тулгуурлан эмхлэхийн оронд ямар нэг Хөх тэнгэр, өнтэй өвөл, дэлгэр зун хайгаад байгаа юм. Харин тэнгэрс, газар лусын ааш араншинг зээл тусламж, төрийн дэмжлэг, хамаатан садан, нутаг орнытом хүний татаа хэмээх өөр хүчин зүйлүүд орлож байна. Хөөрхөн аж төрж эхэлж байгаа, жижиг гэж гололгүй эхэлсэн бизнес нь цэцэглэж байгаа айлууд зурагт энээ тэрээгээр их гарах юмаа. Их зөв эхлэл, зөв сурталчилгаа мөн үү, мөөн. Харин төгсгөлд нь ёс юм шиг "Төр засаг жаахан дэмжээд өгвөл мөн сайн байна аа", "Одоо төр, засгийн дэмжлэг л дутаад байна" гэсэн үг ёс шиг дагалдана. Харин хувийн сонирхол, амбиц тал дээр бол хөрш гүрнүүдийнхээ онцлогуудыг онцгой сайн ажигласан, тэндээс хэрэгтэй бүхнийг түүвэрлэн тусгасан нь ажиглагддаг. Хувийнбизнэс сонирхол, өрх гэрийн ашиг руу нь өнгөлзсөн зүйл рүү онцгой мэдрэг хандаж байна аа, хятадуудаас дутах юм алга.Улс оронд өрнөж буй үйл явдал өөрт унах шалихгүй ашиг бүрийг ч тооцон үнэлж цэгнэж байна. Жишээлэхэд энэ сонгууль байна. "Мөнгөний сонгууль боллоо" гэж ирээд л шүүмжилж байдаг. "Улс төрийн намууд, нэр дэвшигчид мөнгө тарааж, мөнгө амладаг болсон. Тэд буруутай.Биднийг худалдаж авч байна" гэлцэнэ. Үнэн, үнэн. Гэхдээ бид тарааж байгаа мөнгийг нь ингэх л ёстой юм шиг зүгээр л аваад байгаатал бий дээ. Тараасан мөнгийг нь авдаг төдийгүй, тараах мөнгийг нь дэмжээд санал өгдөггүй гэж үү? Намууд мөнгө тараахгүйгээр сонгууль явуулж чадахаа байсан төдий хэрэг биш.Харин бид мөнгө авахгүйгээр сонгуульд оролцож, мөнгө амлуулахгүйгээр саналаа өгнө гэж ярихгүй болсон. Яг нарийндаа улс орны эдийн засгийн чадавхи өсч байгаа юм чинь хойтонгийн сонгуулиар бүр ч их мөнгө тараана, илүү их мөнгө ч амлана хэмээн алгаа үрчин хүлээж байгаа. Одоо болох гээд дуншаад байгаа жагсаал цуглаан, төр засгийг унагаах санаа амжилт олохгүй ээ. Жагсаалд оролцсон хүнд өгөх мөнгө, ирэх сонгуулиар тараах мөнгөнөөс хамаагүй бага гэдгийг мэдчихсэн байгаа.Маргаашийн их мөнгийг өнөөдрийн бага мөнгөөр солихгүйгээ цаадуул чинь мэднэ. Бид хятадуудыг мөнгөнд дуртайгаар нь дуудах дуртай.Бид мөнгөнд дургүй нь хаана байна, тэгвэл? Бид хувийн сонирхол, гэр орны бизнэсийн эрх ашгийг дээдлэх үзлийг хятадуудаас суралцсан төдийгүй өөрийн гэсэн менежмэнтээр баяжуулж чадсан байна. Өөрт нь хамаатай бүхнийг төдийгүй хамаарч болох болгоныг, тэр ч бүү хэл хамаарамгүй үйл явцыг чухам энэ сонирхлоор хэмжиж байна.
1978 Түүнчлэн эх оронч байх талаар умарт хөршөөсөө муугүй суржээ. Эх оронч байж харагдах нь маш олон хүсэлт шаардлагыг зөвтгөдөг болохыг мэдсэн байна. Хашаа руу хогоо хаяад байгаа хөрштэйгээ "Манайд муухай үнэртээд байна" гэсэн асуудлаар тэмцсэнээс "Манай эх орны хөрс шороог бохирдуулаад байна" гэж хэрүүл өдөөвөл зөвтгөл сайтай болно. Хэрвээ тухайн төсөл, бүтээн байгуулалтаас өөрт хувь ногдохгүй бол үзэж тарна.(Өмнөд хөршийн хичээл).Тэгэхдээ уг үйл явц манай эх оронд төдийгүй, даян дэлхийн шударга хүн ардад хор болж байгаа учраас эсэргүүцэн тэмцэхээ тунхаглана.(Орос- Зөвлөлтийн хичээл). Цөөхүүлээ, бараг бие биенээ бүгдээрээ таньдаг улсад нэг зовлон байх юм аа. Энэ нь хэн хэнийхээ асуудал, тулгарсан бэрхшээлийг мэддэг байх явдал. Энд тэндээс эх оронч төрөх болгонд л "За мань хүний юу бүтэхээ байчаав" гэж асуух төдийгүй "Мань хүний тэнд хувьцаа эзэших хөг нь өнгөрсөн, энэ банк зээлээ нэхсэн" гээд мэдээд байх болжээ. Эндээс дараахь дүгнэлтийг хамтдаа хийж болж байна. Хятад маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл бол эх орны төлөө тэмцэл. Орос-Зөвлөлт маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай эх орны төлөө тэмцэлбол аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл. Монгол маягийн аж төрлийн философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө мятаршгүй тэмцэх ба түүнийгээ аз жаргалтай эх орны төлөө тэмцэл гэж тайлбарлана. 2011 оны 3 сарын 30 /бичсэн огноо/ Өдрийн сонин: цахим 2014.10.17 Ц. ЭЛБЭГДОРЖ, ШИ ЖИНЬПИН нар харилцан баярын цахилгаан илгээжээ Хятад улсын Дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээжээ. Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш найрсаг харилцаа болон хамтын ажиллагаа ямагт хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирсэн юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр төвшний харилцаа холбоо нягтшиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдаа, соёл хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тусыг авчирсан юм. Хятадын тал хоёр орны харилцааны хөгжлийн сайн чиг хандлагад сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэжээ. Ши Жиньпин, энэ оны 8-р сард эрхэм таны урилгаар миний бие Монгол улсад төрийн айлчлал хийж, та болон таны улсын бусад удирдагч нартай хоёр талт харилцаа, түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, ялангуяа хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн нь хоёр орны харилцаа
1979 шинэ шатанд ахисныг харууллаа. Би Хятад, Монголын харилцааны хөгжлийг машид чухалчилж байна, таны хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд нэн их ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын цахилгаандаа, Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш, хоёр тал ямагт эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим баримталж, харилцан бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүр бүтэн байдлыг хүндэтгэж, харилцан бие биеийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж ирсэн билээ. Миний бие хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр төвшинд хүрч, түүнчлэн олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён таны хамт, нэгэнт тогтоосон найраг дотно, ажил хэрэгч харилцаагаа эрчимжүүлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн аугаа их үйлсийг түлхэн урагшлуулахын төлөө хичээн зүтгэхэд миний бие бэлэн байна гэжээ. Өдрийн сонин: цахим 2014.10.17 Монгол, Хятадын ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээжээ Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяаг Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяраар харилцан баярын цахилгаан илгээв. Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баяр тохиосон энэ сайхан боломжоор миний бие Хятадын засгийн газар ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс эрхэм танд болон танаар дамжуулан Монгол улсын засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна. Хятад, Монгол харилцан чухал хөрш юм. Дипломат харилцаа тогтоосон 65 жилд хоёр орны харилцаа олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг туулан, тогтвортой хөгжиж ирлээ. Өнөө хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцаа маань хөгжлийн шинэ үе шатандаа орсон юм. Хятадын засгийн газар Монгол улсын засгийн газартай хүч хамтран чармайж, хоёр орны харилцааны шинэ гараанаас хоёр талын дээд зиндааны харилцаа холбоогоо эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нийгэм соёлын харилцаа холбоогоо өргөтгөж, хоёр орон болон хоёр ард түмэнд улам их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ. Н.Алтанхуяаг баярын цахилгаандаа, Хятад орон бол Монгол улсын өнө мөнхийн хөрш, Хятад оронтой сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх, эрх тэгшээр хамтран ажиллах бол Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл хандлага мөн. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны удирдагчид, парламент, улс төрийн нам хоорондын харилцан айлчлал олширч, улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалалт, нийгэм соёлын зэрэг салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон мөн иж бүрэн стратегийн
1980 түншлэлийн харилцаа тогтоолоо. Үүнд Монголын тал маш баяртай байна. Хятадын тал хөрш орнуудын харилцаандаа дотно найрсаг, чин үнэнч, харилцан хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаанд төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд сайхан боломж бүрдүүлсэн юм. Миний бие эрхэм ноён таны хамт Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх агуу үйлст хүчин зүтгэхэд таатай байна гэжээ. Өдрийн сонин: цахим 2014.10.17 Дөрвөн зуун оюутан сурна "Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд монгол оюутан суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд 2015-2019 оны дуустал нийт 400 монгол иргэнийг ӨМӨЗО-ны их, дээд сургуулиудад суралцуулахаар боллоо. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас монгол оюутанд олгох иж бүрэн тэтгэлэгт сургалтын төлбөр, мэргэжлийн үндсэн сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал зэрэг багтсан болно. сМөн ирэх хичээлийн жилээс ӨМӨЗО-ны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад БШУЯ оролцож байхаар болсон бөгөөд Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж талууд харилцан тохиролцсон байна. Өдрийн сонин: цахим 2014.10.17 УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, "Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз "ССТV-9" болон "Феоникс"телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, "СИНОПЕК" корпорацийн удирдлагатай уулзана. Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д
1981 суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. 1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. 1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг "Монгол-Хятадын найрсаг солилцооны жил" болгон зарласан билээ. Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин: цахим 2014.10.24 Л.Гансүхэд хятадын эмч мэдэгдэх хуудас ирүүлжээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байна. Сүүлийн үзлэгээр түүний цус нь өтгөрсөн, хоёр бөөр үрэвссэн, зүрхний хэм алдагдсан гэсэн дүгнэлт гарчээ. Хорих ангийн эмч нар яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэсэн ч АТГ-ын байцаагч нар ямар нэг хариу өгөөгүй байгаа юм байна.Л.Гансүхийн нэр дээр Бээжингийн Яамэй эмнэлгээс энэ сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас иржээ. Уг мэдэгдэлд "Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг гурван жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны түрүүчийн удаагийн эмчилгээ зургадугаар сарын 28-ны өдөр хийгдсэн байна. Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу" гэж онцолжээ. Өдрийн сонин: цахим 2014.10.24 Хятад улс сар руу хиймэл дагуул хөөргөв
1982 Сар руу очоод эргэж ирэх сансрын хөлгийг БНХАУ өнөө өглөө Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөжээ. "Чанъэ-5" сансрын хиймэл дагуулын энэ туршилт амжилттай хэрэгжвэл тус сансрын хөлөг 2017 онд саран дээр газардан хөрсний дээж авах ёстой юм байна. Уг хиймэл дагуул сансрын хоёрдугаар хурд болох секундэд 11.2 км хурдаар нисч эргэж ирэх гэнэ. Эргэж ирэхдээ Өмнөд Монголын нутагт газардах аж. Өдрийн сонин: цахим 2014.10.24 УИХ-ын дарга БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 10 дугаар сарын 27-28- ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, "Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз "ССТV-9" болон "Феоникс"телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, "Синопек" корпорацийн удирдлагатай уулзана. Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна. Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин: цахим 2014.10.27 УИХ-ын дарга З.Энхболд: Эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий хэлэлцээр байгуулах шаардлагатай Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
1983 УИХ-ын дарга З.Энхболд: "Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой" гэсэнтэй миний бие санал нэг байна УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед Эрхэмсэг ноён дарга Тантай дахин уулзах завшаан тохиож буйд баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд халуун дотно мэндчилгээг дамжуулж буйг уламжлая. Энэ оны наймдугаар сард Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Душанбе хотноо болсон Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хөгжиж байгаад баяртай байна. Таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд таны хэлсэнчлэн, "Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой" гэсэнтэй миний бие санал нэг байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр "санамж бичиг"-т гарын үсэг зурж буйдаа баяртай байна гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд: БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Иймд татвараас чөлөөлж өгөхийг хүсье. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан, Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна. Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна хэмээн уулзалтын үеэр хэллээ. Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин
1984 чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл болгохоор төлөвлөж байна. Манай тал мөн "Синопек" корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгааг УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв. УИХ-ын дарга З.Энхболд: "Талын зам санаачилгын хүрээнд баруун чиглэлийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг судлаж үзэхийг хүсье Мөн тэрээр хэлсэн үгэндээ, Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байна. Хятадын талаас дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс" санаачилгыг монголын талаас дэвшүүлж буй "Талын зам" санаачилга болон оросын талын санаачилгатай уялдуулах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ. "Талын зам" санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төмөр зам, авто зам, байгалийн хий, эрчим хүч, газрын тос зэрэг чиглэлүүдийн дотроос нөхцөл, боломж сайтай нэгээс хоёр томоохон төслүүдийг юуны өмнө хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг бид олон жил тавьж ирсэн. "Зүүн чиглэл"-ийн хоолойг барихтай холбоотой хэлэлцээг Хятад, Оросын холбогдох аж ахуйн аж ахуйн нэгжүүд хийж байгаа. "Баруун чиглэл"-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг дахин тавьж байна. УИХ-ын дарга З.Энхболд: 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно Хэдхэн хоногийн өмнө Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаас 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрх өгснийг дуулгахад таатай байна. Хятадын тал энэ асуудалд анхнаасаа дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр онцлов. С.Ламбаа: Бодит үр дүнд хүрэх, чухал ач холбогдолтой уулзалт боллоо УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа энэхүү уулзалтын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьсан санал, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршиж байна. Нүүрс хийжүүлэх төслийн талаар "Синопек" корпорацитай хамтран ажиллахын өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл хэрэгжүүлэх саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Си Зиньпин
1985 дарга, БНХАУ-д Монгол Улсаас үхэр болон хонины махыг экспортлох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Монгол Улс, Хятад улстай цахилгаан, эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах саналыг дэмжлээ" хэмээн онцлов. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар: Хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл хоёр орны харилцаанд тогтлоо Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдахдаа, Хоёр орны дээд хэмжээний уулзалтууд сүүлийн үед тогтмолжиж байна. Энэхүү уур амьсгалыг бүрдүүлэхэд БНХАУ-ын удирдлагын зүгээс хөрш орнуудтайгаа, тэр дундаа Монгол Улстай ойр хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл, бодлого барьж буй нь хамтын ажиллагаанд түлхэц болж байна. Энэхүү чин эрмэлзэл нь манай хоёр орны харилцаанд тогтлоо хэмээн дүгнэлээ. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин: цахим 2014.10.28 СИ ЗИНЬПИН: БНХАУ, МОНГОЛ улсаас үхэр, хонины мах болон эрчим хүч импортлон авахыг дэмжиж байна Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсон БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд Та БНХАУ-д тавтай морилно уу. Тантай дахин уулзах завшаан тохиолдсонд баяртай байна. БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр, БНХАУ, Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдлыг болсныг цохон тэмдэглэе. Хоёр улсын хооронд хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улсууд улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллаж нөөц бололцоо асар их буйг нотлон харуулж байна. Бид өнөөдөр хүрсэн арвин их түүхтэй хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй гэж би боддог.
1986 БНХАУ-ын дарга Си Зиньпин: Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе Эрхэм УИХ-ын дарга Та энэ удаагийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдахад чухал түлхэц үзүүлэх "Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурна. Энэ нь хоёр улсын парламент хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал билээ. Хоёр улсын парламент хоорондын харилцаанд улс төрийн харилцан итгэлцэл чухал гэдгийг хэлэхийн сацуу Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг болохыг онцлон тэмдэглэе. БНХАУ-ын дарга Си Зиньпин: Улаанбаатар хотын хэрэгцээг хангах боловсруулах үйлдвэр барих таны саналыг дэмжиж байна Энэхүү уулзалтын үеэр таны зүгээс хамтын ажиллагааны олон чухал саналыг дэвшүүлж байна. Таны хэлсэнчлэн, нүүрсийг хийжүүлэх төсөл, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана. Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь энэ санал бол Монголын ард түмний төлөө хийх ажил хэмээн дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Хятад, Монгол, Орос гурван улсын Төрийн тэргүүн нарын Душанбед хийсэн уулзалт маш чухал ач холбогдолтой болсон. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт нь улс төрийн хувьд гурван талын харилцан итгэлцлийг улам нягт болгож, эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад чухал уулзалт болсныг цохон тэмдэглэе. Сүүлийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын үр дүнд, хоёр улсын транзит тээврийн асуудал, төмөр замын царигийн асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс нааштайгаар шийдвэрлэсэнд гүнээ талархаж байна.Эрхэм дарга Таны хэлсэнчлэн Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжиж байна. Мөн Монголоос үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон юм. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
1987 Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин: цахим 2014.10.28 Ирэх 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан гэв УИХ-ын дарга З.Энхболд чигдөр БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийв. УИХ-ын дарга З.Энхболд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянд хандан хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурж буй нь парламент хоорондын харилцаанд чухал үйл явдал. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйд талархаж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг. 2014 оны хувьд, хоёр улсын төрийн тэргүүн нар олон улс, бүс нутгийн уулзалтын үеэр тогтмол уулзалт хийж буй нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр "санамж бичиг"-т гарын үсэг зурах саналыг хүлээн авсан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороонд талархал илэрхийлье гэлээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр улсын харилцан айлчлал тогтмолжиж байна. Хятад, Монголын Эдийн засаг бол харилцан биенээ нөхдөг, хамтын ажиллагааны боломж ихтэй. Хятад, Монгол улсууд 2020 он гэхэд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Хятад Монголын харилцаа бол Хятад улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг мөн. Энэ жилийн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал, есдүгээр сард Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргах, дэвшил боллоо. Хятадын тал чин сэтгэлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ өөрийн хөгжлийн стратегийн давуу талыг уялдуулан, Монгол Улсын хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна. Хятадын талаас дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс" санаачилга болон Монголын талаас дэвшүүлсэн "Талын зам" санаачилгыг хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг нухацтай судлаж, Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлыг судлах хэрэгтэй байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их
1988 Хурлын хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, бид түүхийн шинэ боломжийг ашиглан, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах ёстой хэмээн мэдэгдлээ. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар "Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Өдрийн сонин: цахим 2014.10.28 Гурван улсыг дэд бүтцээр холбох асуудлыг хэлэлцэв Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Чөн Гуопин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гурван талыг тэргүүлэн оролцов. Энэхүү Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний гурван талт уулзалтаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор хийв. Талууд Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг эхлүүлсэн нь бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж санал нэгтэй үзэв. Гурван улсын хооронд улс төрийн аливаа асуудал байхгүйг талууд тэмдэглэж, цаашид гурван тал бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой болон анхаарал хандуулдаг томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Цаашид гурван талын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн болон хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлж, гурван улс хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хадгалахын төлөө ажиллахаа талууд онцлон тэмдэглэв. Талууд гурван улсыг дэд бүтцээр холбох нь гурван талын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дэмжихээ дахин нотлов.
1989 Талууд цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Уг зөвлөлдөх уулзалтын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдал, гурван талын болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үйл явц, харилцан сонирхсон тодорхой асуудлуудаар санал солилцов. Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2015 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ОХУ-ын Уфа хотноо болох үеэр зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцов. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 2 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар талууд тохиролцов. Өдрийн сонин: цахим 2014.10.30 Консулын газраас анхааруулж байна Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг авч гарах гэж байгаад өндөр торгуульд унах явдал ихээр гарах болжээ. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр оруулж байгаа нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа тул ийнхүү ихээр нь хурааж, иргэд хохирч байгаа юм. Иймд иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарна уу. Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын "Шэнтун" болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байхгүй бол таны эд бараа Монголд ирсний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч, хариуцлагагүй байдлаасаа мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна. Өдрийн сонин: цахим 2014.10.31 Ц.Элбэгдоржид Жан Дөзян бараалхав Бээжин хотноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал \БХАТИХ\-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын эхэнд "Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Хятадад айлчилж байгаад БХАТИХ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Ноён Ерөнхийлөгч та энэ удаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа "Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь" яриа
1990 хэлэлцээнд оролцож, Си Зиньпин даргатай уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгааг илэрхийлж байна. Хагас сарын өмнө миний бие Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. Маш их баярлалаа" гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ "Баярлалаа. Эрхэм дарга Жан Дөзян та биднийг БХАТИХ-ын танхимд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн, маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Си Зиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр, эрх тэгш харилцана гэсэн үг юм" гэлээ. Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцав. Бараалхах уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас БХАТИХ-ын Хуулийн байнгын хорооны дарга Чяо Сяо-ян, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шэнь Чуньяао нарын хүмүүс оролцов. Өдрийн сонин: цахим 2014.11.10 АПЕК-ын эргэн тойронд юу болов Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕКийн гишүүн орнуудын уулзалт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 1989 онд Австрали, Шинэ Зеландын Ерөнхий сайд нарын санаачилгаар анхлан байгуулагдаж байсан АПЕК-ийн үндсэн зорилго нь эдийн засгийг нээлттэй болгож хөрөнгө оруулалтыг либеральчлах хэмээн тунхагласан байх юм. Нийт 21 гишүүн оронтой, 13 ажиглагчтай энэ байгууллагад хамгийн сүүлд 1998 онд ОХУ, Вьетнам, Перу зэрэг улсууд гишүүнчлэлээр элссэн. Түүнээс хойш шинээр аль нэг улсыг өөрийн эгнээнд багтаах асуудлыг царцааж хориг тавиад байгаа. Манай улс АПЕК-ийн уулзалтад ажиглагчийн статусаар тогтмол оролцдог. Эхний өдрийн уулзалтуудаас хамгийн их анхаарал татсан
1991 сэдвүүд нь эдийн засагтай огт холбоогүй өөрөөр хэлбэл улс төрийн талаар хурцадмал байгаа зарим нэг улсын лидерүүдийн нүүр тулсан учрал хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлтүүд байлаа. Украйны асуудлаас шалтгаалан бие биесээ сүүлийн хэдэн сар хангалттай шүүмжилсэн В.Путин, Б.Обама нар хүссэн ч эс хүссэн ч энд яах аргагүй нүүр тулан таарав. В.Путин эхлээд гар сунган инээмсэглэн мэндчилэхэд Б.Обама хариу барьж уулзсан энэ яриа таван хормоос илүү удаагүй хэмээн бичиж байна. В.Путины хэвлэлийн албаны дарга С.Песковын хэлснээр энэ богино уулзалтын үеэр ямар ч асуудал шийдээгүй энгийн, дипломат харьцаанд байдаг асуулт, хариултаар дууссан гэнэ. Гэхдээ энэ хоёр лидер өнөөдөр дахин уулзах боломжийг үгүйсгэсэнгүй. Газар нутгийн маргаантай байгаа Япон, Хятад улсуудын тэргүүнүүд ч мөн хүйтэн хөндий байдалтай хэсэг уулзаж ярилцлаа. Өчигдөр орой улс орнуудын төрийн тэргүүнүүдийн бие даасан уулзалтын дараа хамтарсан "патиар татах" ажиллагаа эхэлсэн. Анх 1991 онд БНСУ-д зохиогдсон АПЕК-ийн уулзалтын үеэр солонгосчууд уригдаж ирсэн "өндөр" зочдоо үндэсний хувцсаараа гангалж зургийг нь авч байсан бол хожим нь америкчууд савхин хүрмээр, индонезичүүд торгон цамцаар хувцаслан мөн л нутаг орныхоо онцлогийг дэлхий нийтэд таниулаад амжиж байж билээ. Гэхдээ энэ уламжлал тэгэсхийгээд зогссон байсныг хятадууд дахин сэргээж байгаа бололтой. Мөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болж өнгөрсөн байна. Уулзалтын үеэр Хятадын Төрийн тэргүүн Си Жиньпин хэлэхдээ "Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагууд төр засаг, зэвсэгт хүчин болон энгийн ард түмний хоорондох харьцаа холбоо улам идэвхжиж хөгжөөсэй гэж би хувьдаа боддог" хэмээснийг Хятадын төв хэвлэл онцолжээ. Б.Хулан. Өдрийн сонин: цахим 2014.11.11 Бээжинд тамхины хууль хэрэгжиж эхэлсэн байна Хятадын нийслэл Бээжин хотноо олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ. Нийтийн тээвэр, сонин, сэтгүүлийн нүүр хуудаснаа тамхи татахыг хориглосон сурталчилгааг байршуулах болжээ. 300 сая тамхичинтай Хятад улс өмнө нь дээрх хоригийг тавьж байсан ч бүрэн хэрэгжиж чадаагүй аж. Гэхдээ энэ удаа автобус, ажлын байр, сургууль, эмнэлгийн ойролцоо тамхи татахыг хориглосон байна. Монголд байдаг энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд зочид буудал, ресторан зэрэг газруудад тамхи татахыг зөвшөөрсөн олон нийтийн газруудыг байгуулжээ. Хятадад тамхитай хамааралтай архаг өвчнүүдийн улмаас жилд олон сая хүн хорвоог орхидог гэсэн судалгаа байдаг байна. Өдрийн сонин: цахим 2014.11.29
1992 Дорнын амралтын хот Ханжоуг Монголчуудад танилцуулав БНХАУ-ын Ханжоу хотын аялал жуулчлалын комисс болон Монгол Улсын "Их аян өргөө" компани хамтран Ханжоу хотыг танилцуулах үйл ажиллагаа Чингэс зочид буудалд боллоо. "Их аян өргөө" компани нь Хятад, Монголын соёл, эдийн засгийн олон чухал үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Ханжоу хотын аялал жуулчлалын зөвлөлийн дэд дарга Жан Хун Жун Ханжоу хотын тухай танилцуулсан юм. Ханжоу нь Жэзян мужийн нийслэл агаад эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв аж. Хятадын зүүн өмнөд хэсэгт далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог. Шанхайгаас 170 км газарт оршдог, найман сая гаруй хүн амтай хот юм. 2006 онд уг хотыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас "Хятад улсын хамгийн үзэсгэлэнт аялал жуулчлалын хот", Дэлхийн амралт, аялал жуулчлалын байгууллагаас "Дорнын амралтын хот" хэмээн сайшаажээ. Нью-Йорк таймс сонин "Дэлхийн заавал очиж үзэх хэрэгтэй 41 газар"-т энэ хотыг мөн багтаажээ. Хятадын хамгийн алдартай хайрын үлгэр "Цагаан могойн домог" энэ хотод "төрсөн". Тэнгэрт диваажин, газарт Сүжоу, Ханжоу хэмээх хэллэг ч байдаг. Дэлхийн банкнаас энэ хотыг "Хятадад хөрөнгө оруулах хамгийн таатай хот" хэмээн тодорхойлсон байдаг. Ханжоуд жил бүр 8000 тэмдэглэлт үйл явдал, баяр болдог. Энэ хотод 127 том зочид буудал байдгаас таван одтой нь 22 гэнэ. Дэлхийд алдартай зочид буудлууд энд бий. Ханжоу хотод хамгийн анх дугуй түрээслэх үйлчилгээ бий болсон түүхтэй. Байгалийн үзэсгэлэнт газраар аялахын ялдамд цайны соёлтой танилцах боломжтой. Цайны музей ч байдаг гэнэ. Цагаан хэрэмтэй дүйцэхүйц нэгэн түүх, соёлын дурсгал байдаг нь "Их суваг". Бээжингийн өмнө талаас Ханжоу хүртэл үргэлжилдэг агаад Суэцийн сувгаас 16 дахин урт аж. 2014 онд энэ сувгийг Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Ханжоу бас торгоны эх орон. 5000 жилийн өмнө Ханжоуд торго үйлдвэрлэж байсан түүхтэй. Торгоны замаар энд үйлдвэрлэсэн барааг зөөж, Клеопатра хатан хаан ч энэхүү торгоор урласан хувцас өмсч байсан домогтой. Хотын гудамжинд зардаг хоол нь хамгийн амттайд тооцогддог гэнэ шүү. Аялал жуулчлалын үндэсний төвийн дарга О.Цоодол энд хүрэлцэн ирсэн байлаа. Монголд аялагчдын олонх нь хоёр хөршийн жуулчид байдгийг тэр онцолсон юм. Өвөлгүй зунаараа Ханжоуд аялабал монголчууд доод тал нь 5000 юань зарцуулах тооцоо байна лээ. Монголын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллахыг тэд хүсч байлаа. Хятад жуулчдын хувьд Монголоос юу сонирхох бол хэмээн лавлахад ноён Жан Хун Жун "Бидний хувьд Монголын тал нутаг, сайхан агаар, амар тайван амьдрал, Монгол гэр маш их таалагдлаа" гэсэн юм. Өдрийн сонин: цахим 2014.12.15
1993 2015 он. Өдрийн сонин Монгол охид тэргүүлсэн Манжуурын наадам ХАЦАР ГОО МОНГОЛ ОХИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА. Эдүгээ 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Манжуурын олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол охид тун амжилттай оролцлоо. Энэ жилийн мисс шалгаруулах тэмцээнд ОХУ-аас 28, Монголоос 15, Хятадаас 15 гоо бүсгүй оролцжээ. Манжуурын олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний удирдамжийг зохион байгуулагч Манжуурын талаас урьдчилан гаргасан бөгөөд Хятадын тал энэ удирдамжын дагуу шигшээ тэмцээнийг Да лянь хотод зохион байгуулж, зүүн хойд, баруун хойд, умардын бүс нутгаас ирсэн 15 гоо бүсгүйг шалгаруулжээ. Харин Оросууд Иркутск, Новосибирск, Өвөр байгалийн хязгаар тойргоос шалгарсан 28 гоо бүсгүйг энэ тэмцээнд оролцуулжээ. Монголоос оролцох гоо бүсгүйчүүдийг нийслэлийн соёл урлагийн газар шалгаруулсан байна. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын тэмцээний ялагчаар Н.Ану тодорч, миссийн титэм, 80.000 юаниар шагнууллаа. Тус тэмцээний шилдэг аравт манай улсын гоо бүсгүй Уярал, Намуунаа нар шалгарч, тав, таван мянган юаниар, гуравдугаар байрт орсон Г.Алтанзул, А.Сайхантамир нар 10.000 юаниар тус тус шагнуулав. Монголоос оролцсон 15 бүсгүйгээс долоо нь шагнал хүртэж, олон улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын тэмцээнд Монголын хацар гоо охид өнгөллөө. Өдрийн сонин.2015.01.06.№002(4954) Мягмар. В.Баттулга Цасаар мөсөөр урласан үлгэрийн хотхон Манжуурт 16 дахь удаагаа олон улсын цас мөсний баяр нээлтээ хийлээ. Гаднаас ирэх зочдод зориулан онгоцны буудал, төмөр замын буудал, томоохон зочид буудлын өмнө том, том цасан байгууламж барьж, өнгө өнгийн гэрлээр чимэглэжээ. Манжуурын ногоон паркад 20000 кубметр цас, 8000 кубметр мөс ашиглан мөсхөн хотхоныг барьж байгуулахын тулд 48 хүн сар гаруй ажилласан гэж танилцуулж байсан юм. Үнэндээ л үлгэрийн орон л ийм байдаг болов уу гэмээр том том мөсөн байгууламжуудыг босгожээ. Аварга том цас, мөсөн байгууламжуудыг барихдаа Орос, Хятад, Монгол гэсэн гурван сэдэвт хувааж, зохиомжоо гаргажээ. Энд хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газрыг хүртэл цас мөсөөр урласан байсан. Мөн мөсөн дээр Хятадын уламжлалт завины уралдааныг зохион байгуулжээ. Хятад, Орос, Монгол гурван улсын хүүхдүүдийн дунд хоккейн олон улсын тэмцээнийг зохион байгуулсан юм. Өдрийн сонин.2015.01.06.№002(4954) Мягмар. В.Баттулга Мөнхийн хоёр хөрш минь ч мөн ч холуур даялж байна даа
1994 Бид хүний юмийг зүгээр хэрэглээд баяжаад сууна гэж байхгүй. Төмөр зам, хийн хоолойг нь дагаж амьдраад баяжих юм биздээ. Тэгэхгүй ээ, заавал өөрсдөө хөдөлмөрлөж хөлсөө дуслуулан, зүтгэн сэтгэн байж баян тансаг амьдарна, баяжсан улс болно. Өнөөдрийн сэтгэлгээ болохоор тал шиг том байшин нэгийг барьж аваад, түүнийгээ түрээслүүлээд, баяжаад хэвтчихнэ хэмээн жирийн иргэнээсээ эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл итгээд байгаа юм. Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд, урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа. Гэтэл хоёр хөрш маань биднээс хэрхэн даялан зуларч байгааг байгааг энэ зурагнаас харж байгаа биздээ. Хоёр өдрийн өмнө ОХУ-ын телевизийн томоохон бүх сувгаар “Москва Бээжин өндөр хурдны галт тэрэг” төсөл хөтөлбөрийг орон даяараа танилцуулсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хатуу илэрхийлж уг төмөр замыг өөрийн нутгаар дамжуулах нь эдийн засгийн болоод аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа ОРТ 1 сувгаар тодорхой мэдэгджээ. Олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар ерөнхийлөгч В.Путин “өөр улсыг тэжээхгүй” хэмээх байр суурин дээрээ үлдлээ хэмээн бичицгээж байна. Харин Хятадын тал энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Москва-Бээжинг холбох ОХУ-аас БНХАУ- руу чиглэсэн баруун ба зүүн чиглэлийн хоолой ба төмөр замын төслийн тодорхой зургийг та бүхэнд хар үгээр тайлбарлая. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн цаахна Казахстан улс бий. Казахстан, Монгол хоёрын дундуур 50хан км зайгаар тусгаарлагдсан ОХУ-ын нутаг дэвсгэр оршдог. Энэхүү 50 км хоолойгоор л Оросууд төмөр замаа Хятадын нутаг руу оруулж улмаар Бээжинтэй холбох нь. Зурган дээрээс харахад Монголын баруун аймгуудын нутгаар туушиндаа явуулчихаад хамаагүй шулуун, ойр зардал бага гарах, нутаг дэвсгэрийн байршил зүйн хувьд бэрхшээл бага байхаар байгаа биз. Тэгсэн тэгдэггүй юм байна аа. Гэхдээ үүнд Монголчууд гоншигнох хэрэггүй. Үнэнийг хэлье. Бид мөнхийн хоёр хөрштэй. Тэдний хандлагыг харж байгаа биз дээ. Хоёр хөрш маань үнэндээ биднийг хүн гэж тоохгүй байгаа биз. Ер нь биднийг хүн гэж тоож байгаагүй шүү дээ. Дэлхий даяаршиж, улс гүрэн бүхэн хэн хэнээсээ хамааралтай болж, том жижиг орны тэгш харьцаа НҮБ гэх мэт байгууллагуудаар баталгаажин тогтсон тийм дэглэм бүхий цаг үед амьдарч байгаа болохоор бидэнтэй хоёр хөрш маань албан ёсны дипломат харьцаатай байхаас өөр ямар ч аргагүй. Тийм дэглэмгүй цаг үе буюу саяных хүртэл гэж хэлж болох ХХ зууны эхэн үед бид тэдний дээрэнгүйллийн талбар байлаа шүү дээ. Гэхдээ ХХ зуунаас өмнөх түүхийг ярих юм бол Монголчууд бид тэдний эзэд нь байлаа. Их түүхийн ийм бодит үнэн, тэдний дээр дэвж явсан үнэн түүх хэн хэнд нь мартагдаагүй. Биднийг одоо бол дэлхий дээр хүн гэж үзэж харьцаж буй хоёр л улс байгаа. Миний хувьд тэгж харж байгаа. Япон,АНУ-ын зүгээс л бидэнтэй улс шиг харьцаж байна. Яг энэ хоёр улстай хоёр хөршөө харьцуулаад харвал, шулуухан хэлэхэд шог талдаа, Монгол улс гэж тоодоггүй, Монголчууд гэхээр онигооны баатар чукча мэтээр үздэг. Дээр нь түүхийн асар
1995 гашуун хонзон байдгийг хэлье. Биднии өвөг дээдэс тэднийг аяж дээрэлхэж явлаа. Бидний Монголчуудад зурж өгсөн тэг зурган дотроо бид багтаж амьдарч байгаа гэж үзэж байна. Тийм болохоор бид пээдгэр байх ёстой. Ийм атал бид нар хоёр хөрштэйгөө ах нар, дүү минь гэх мэтээр нялуун, догдлонгуй харьцаж сүйд болдог. Орос ах нар, урд хөршийн алтан түнш нар минь ч гэх шиг. Одоо тэр нэг баруун талын нарийхан хоолойгоор тавигдах төмөр зам мэтэд сүйд болон хандах нь өөрсдийгөө доош нь хийсэн хэрэг болно. Тэд хоорондоо яриад тэрүүгээрээ тавья гэж тохирсон л биз. Шинжээчдийн бичээд байгаа В.Путиний “Өөр улсыг тэжээхгүй” гэсэн санаа нь одоо Монголчуудыг хэлээд байгаа юм уу. Бид тэгж Оросоор тэжээлгэх дээрээ тулсан ард түмэн мөн үү. 60 сая малынаа махыг барж ядаад хамгийн ядуу хязгаар нутаг Сибирьт нийлүүлбэл нийлүүлбэл нийлүүлье гээд л сууж байна. Авбал эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгаа Оросуудад л хэрэгтэй биз. Визгүй болсон биш Сибирийн 40 сая Орос Монголын нийслэл Улаанбаатарт ирж наймаа хийхийн бөөн хүслэн болж байна. Өчигдөр ноолуурын Эвсэг компанийн нэрийн барааны дэлгүүрээр орлоо. Баахан Оросууд цангаж үхэх гэж байгаа юм шиг л хамаг барааг нь хамж ачаад хөдөлж байна. Оросын Сибирийн хувьд Монгол улс нь ганц ивээлдээ багтаагч нь болохоос Оросоор тэжээлгэнэ гэдэг бол байхгүй асуудал. Зүгээр л дэлхийн улс орнууд хоорондоо дипломат ёсоор харилцан ашигтай харьцдаг, хамтарч ажилладаг тэр л дэг соёлоор хоёр хөрштэйгөө бид харьцъя. Харилцан бие биедээ ашиггүй бол соёлтойгоор холуур явцгаадаг, биендээ гомдоод сүйд болдоггүй тийм жишиг байна. Түүгээр нь явья. Энэ зарчмаар хоёр хөршийн холуур тавьчихсан төмөр замын талаар сүйд болох хэрэггүй, гомдох баярлах тухай асуудал бүр байхгүй, халихгүй, жижигрэхгүй байх ганц л зарчим бий. Энэ нь хоёр хөрштэйгөө эн тэнцүү, эрх тэгш харьцана гэсэн үг. Бурхан биднийг Монголчууд шиг байг, монгол шиг амьдар гэж бүтээснээс биш Хятад юм уу Оросын арга эвийг олж байж л оршин тогтноно, цаашид амьдрана гэж бүтээгээгүй юмаа. Бид ингэж худлаа ярьж (Төмөр зам манай нутгаар тавина ч гэх шиг) , худлаа таамаглаж худлаа худлаа таамгандаа баярлаж хөөрч, тэгснээ бас худлаа гомдож байгаагаа больё оо. Бид хүний юмийг зүгээр хэрэглээд баяжаад сууна гэж байхгүй. Төмөр зам, хийн хоолойг нь дагаж амьдраад баяжих юм биздээ. Тэгэхгүй ээ заавал өөрсдөө хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, зүтгэн сэтгэн байж баян тансаг амьдрана, баяжсан улс болно. Өнөөдрийн сэтгэлгээ болохоор тал шиг том байшин нэгийг барьж аваад түүнийгээ түрээслүүлээд, баяжаад хэвтчихнэ хэмээн жирийн иргэнээсээ эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл итгээд байгаа юм. Ийм ядарсан сэтгэлгээнээсээ сал. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байдаггүй, өөрийн хөдөлмөргүй баяжсан түүх гэж байдаггүй. Ерөөсөө ийм сэтгэлгээ хаана ч байдаггүй юм. Өдрийн сонин.2015.01.09№005(4957) Баасан. П.ХАШЧУЛУУН Хятадын соёлын сан “Тэргүүлэгч од”, “Ирээдүйн эзэд” тэтгэлэг гардууллаа 2014 оны 1-р сарын 30-ны өдөр “Монгол хятадын соёл боловсролын сан”-гаас зохион байгуулж буй “Тэргүүлэгч од” оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” оюутны ивээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг олгох үйл ажиллагаа Хятадын банкны Улаанбаатар дахь
1996 Төлөөлөгчийн газарт болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Күнзийн институтын захирал ноён Чимэдцэеэ, Монгол болон Хятад хэлний багш нарын холбооны тэргүүн хатагтай Н.Батмаа болон дэмжлэг үзүүлсэн байгууллагууд зэрэг 90 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм. Энэ удаагийн “Тэргүүлэгч од” оюутны тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” оюутны ивээн тэтгэх хөтөлбөр нь онц сурлагатан бөгөөд санхүүгийн боломжгүй оюутнуудад чиглэсэн ба тэтгэлгийн хэмжээ 10,000 юань хүрээд байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, сургуулиудаас санал болгож шалгаруулалт явуулсаны үндсэн дээр “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт нийт 14 оюутан, “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрт нийт 14 оюутан шалгарсан ба нийт тэтгэлэгийн хэмжээ 150,000 юань хүрээд байна. “Монгол-Хятадын Соёл боловсролын сан” “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан” нь Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын санаачлагаар Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд болон Монгол байгууллагуудыг нэгтгэн байгуулагдсан юм. “Монгол-Хятадын соёл боловсролын сан” болон “Монгол-Хятадын нийгмийн хөгжлийн сан” нь байгуулагдсан цагаас эхлэн МУ-ийн засгийн газар, БНМАУаас Монгол улсад суугаа элчин сайдын яам тус бүр сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн ба одоогийн байдлаар 22 төсөл, хөтөлбөрт нийт 2 сая орчим юанийн дэмжлэг, тусламжийг үзүүлжээ. Цаашдаа тус хоёр сан нь соёл спортыг дэмжих, бага орлоготой иргэдэд туслах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрал ахуй, эрх ашгийн төлөө анхааран ажиллах ажээ. Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог. Тус хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгож Монголын ард иргэдийн боловсрол, нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй юм. Өдрийн сонин.2015.01.12.№007(4959) Даваа.С.ГЭРЭЛ Б.Ганхуяг: Хятад иргэн зуу гаруй цагаан зээр хууль бусаар агнасан Хууль хяналтынхан дээрх хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон байна. Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаас 135 орчим цагаан зээр хууль бусаар агнаж, ажилчдынхаа хоол хүнсийг бэлтгэсэн гэх хэрэгт сэжиглэн “Эрдэнэт хун” гэх компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн И Жи Хон гэгчийг хууль хяналтынхан шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан сумын нутагт жонш олборлодог уул уурхайн компанийн ажилчид энэ талаар тус компанийн ажилчид энэ талаар хууль хяналтынханд мэдээлэл өгсөн байна. Энэ талаар тус компанийн ажилтан Б.Ганхуягтай ярилцлаа. -Хятад иргэн хууль бусаар цагаан зээр агнасан хэргийн талаар та бүхэн анх цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Тиймээ, уул уурхайн дээр ажиллаж байсан Монгол иргэд хууль хяналтын байгууллагад хандаж БНХАУ-ын иргэн, компанийн хөрөнгө оруулагч И Жи Хон гэх хүн олон тооны цагаан зээр хууль бусаар агнасан талаар мэдээлэл өгсөн юм. Энэ хүн “Эрдэнэт хун”
1997 компанийн хөрөнгө оруулагч юм билээ. Тэгээд манай жонш олборлодог уурхайн компанитай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэж л манай уурхай дээр анх ирсэн. Хөрөнгө оруулалт хийж эхэлсэнтэйгээ холбоотойгоор дур зоргоороо аашлах болсон юм. И Жи Хон буюу Монгол нэр нь Улааныг уурхай дээр байхад нь түүний найз болох Зоригоо гэдэг залуу дурантай автомат буу бэлэглэсэн. Тэр буугаараа цагаан зээр агнаж, ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг болсон. 2011 оны гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл цагаан зээр агнаад машиныхаа ард ачаад ирдэг байсан. Тэгээд Монгол ажилчдыг “Хоол хийхээр болгоод янзал” гэж үүрэг өгдөг байсан. Бид ч эхлээд хэл чимээгүй, буудсан цагаан зээрийн арьсыг өвчиж, гулуузлаад жиргэж гал тогоонд оруулж өгдөг байлаа. Сар гаруй дан цагаан зээрийн мах идээд ажилчид аяндаа махсаад, сэтгэл санаа дагаад тэр юм уу тамир тэнхээ ч орохгүй байсан. Тэгээд бид “Бид малын мах идмээр байна. Цагаан зээрийн мах идэхгүй” гэж хэлээд загнуулсан. Бүр “Миний халаасанд Монголын хууль хяналтынхан бүгд байна” гэж хүртэл загнасан. Энэ мэтээр бидний гаргасан тооцоогоор 135 орчим цагаан зээр хууль бусаар агнасан. -Тухайн үед нь хууль бусаар ан хийгээд байгааг цагдаа нарт хэлж болоогүй юм уу? -Компанийн хөрөнгө оруулалт зогсчих байх гэж бодоод тэвчээд байсан юм. Түүнээс биш сумын цагдаад хэлчихмээр үе зөндөө л гарч байсан. Манай компанийн ажилчид БНХАУын иргэн хууль бусаар ан хийсэн талаар анх тухайн үеийн УМБГ-т өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу Улаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэнтий аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа жоншны уурхайд хүртэл очиж шалгалт хийсэн юм. ШШГЕГ-ын ахлах гүйцэтгэгч Э.Ундармаа шийдвэр гүйцэтгэгч Д.Баясгалан, Д.Энхтөр, Бор-Өндөр сумын цагдаа Д.Мөнх Эрдэнэ, С.Цогтбаяр нар уурхайд шалгалт хийхээр очсон. Тэднийг очох үед цагаан зээрний толгой, арьс шир, энд тэндгүй хэвтэх цагаан зээрийн сэг зэмийг баримт болгон гэрэл зургийг нь аваад явсан. Удалгүй цагдаагийн байгууллагаас ажилтнуудаас цагаан зээрийн махаар хийсэн хоол идсэн үгүйг шалгасан. Ажилтнууд ч “Компанийн хөрөнгө оруулагч захирал Улаан гэх Хятад уурхай дээр сардаа хоёр удаа ирдэг байсан. Ирэх болгондоо цагаан зээр агнаад машиныхаа ард хийж ирдэг, Хоёр хоногт нэг цагаан зээрийг идэж дуусгадаг байлаа. Янз бүрийн хоол амтлагчаар амтлаад цагаан зээрийн мах идэхгүй гээд хэл ам хийхээр уурладаг” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэргийг шалгаж байгаа цагдаа арав гаруй хүнээс мэдүүлэг аваад 135 орчим цагаан зээрийг хууль бусаар агнасан нь гэх үндэслэлээр шалгасан. -Энэ хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон гэсэн. Ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон юм бэ? -135 орчим цагаан зээрийг хууль бусаар агнасан хэргийг УМБГ-аас шалгаж байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Гэтэл тус цагдаагийн хэлтсээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар цагаан зээрийн ооно 500,000, шаргачин 550.000 төгрөгөөр экологи-эдийн засгийн үнэлгээ нь тогтоогдсон байдаг. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгоно гэж ан
1998 агнуурын тухай хуульд заасан байдаг юм билээ. Хэргийг шалгаж байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаа “Хохирогч байхгүй болохоор хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж бидэнд хэлсэн. БОАЖЯ-наас нэг мэргэжилтэнг хохирогч болгоод төлөөлж явуулсан боловч нөгөө хүн нь зугтаагаад ирэхгүй байсан гэсэн. Үүнээс болж Хятад иргэн цагаан зээр хууль бусаар агнасан хэрэг хэрэгсэхгүй болсон. -Тэгээд юу болсон бэ? -Хэргийн талаар хэл ам гараад эхэлсэн учраас цагдаагийн байгууллага хэргийг дахин сэргээн шалгасан байдаг. Бүр шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсан. Хэргийг шалгасан цагдаа бидэнд “Эрдэнэт хун” ХХК-ийн хөрөнгө оруулагч Улаан цагаан зээр хууль бусаар агнасан гэдгээ хүлээсэн” гэж ярьж байсан. Гэхдээ цөөн зээр агнасан гэж мэдүүлсэн гэсэн юм. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурор хэргийг дахин хэрэгсэхгүй болгочихсон байсан. Хэргийг хянаж байсан прокурор “Зээр хууль бусаар агнасан нь тогтоогдсон Гэхдээ экологи эдийн засгийн үнэлгээгээр эр, эм цагаан зээрийн үнэ өөр байдаг. Эр, эм нь тогтоогдоогүй болохоор хэрэгсэхгүй болсон. Хавтаст хэрэг нь нэг ч гэрэл зураг алга байна” гэх шалтгаанаар хэргийг дахин хэрэгсэхгүй болгосон байна лээ. Уг нь хуулиндаа цагаан зээрийн эр, эм нь тогтоогдохгүй байгаа бол хуулинд зааснаар хамгийн багаар үнэлсэн үнэлгээгээр тооцож торгоно гээд заачихсан байдаг. Хууль хяналтын байгууллага хөрөнгө, мөнгөтэй хүний талд үйлчилээд байгаа юм биш байгаа гэж хардаад байгаа шүү. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн баримт нь хаашаа ч юм алга болсон байсан. Хэн авсан нь тодорхойгүй байна. Харин хэргийн газарт үзлэг хийсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид эх хувиараа байна лээ.БНХАУ-ын хөрөнгө мөнгөтэй иргэнийг хэргийг ингэж удааж байгаа мөртлөө Сүхбаатар аймагт цагаан зээрийн хос эвэр хээрээс олсон гээд барьж явсан 60 гаруй настай өвгөнийг хоёр сая гаруй төгрөгөөр торгосон байна лээ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Гэхдээ БОНХАЖЯ-аас дээрх хэрэгт анхаарал хандуулж, ажиллана гэдгээ мэдэгдэж байна гэсэн. Удахгүй хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж найдаж байна. Бид хэн нэгнийг мууг үзэх гэж цагдаад хандсан юм биш. Монголд мөнгөтэй л бол юуг ч хийж болно гэсэн бодолтой гадаадын иргэдэд сургамж болоосой гэсэн үүднээс хэвлэл мэдээлэлд хандлаа. Өдрийн сонин.2015.01.16.№011(4963) Баасан.Э.ХҮРЭЛБААТАР БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны аравдугаар сард шийдвэрлэсэн. Тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг хийж, засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эхний ээлжинд 2015 онд нийслэл, хөдөө орон нутагт нийт 21 сургууль барихаар санал боловсруулжээ. Эдгээр сургуулийн барилгын ажлыг нэг загварын зургаар ТЭЗҮ-ийг боловсруулж барих юм.
1999 Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол улсаас гадаад улс, нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг томилуулах, эргүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэрэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нраыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Тэд төлбөр барагдуулах, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх, 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн зэрэг санал тавьжээ. Тус хуралдаанаар төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог дөрөв болголоо. Ингэснээр жилд 140 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна. Мөн төрийн өмчийн хорооны даргаас Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томиллоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Өдрийн сонин.2015.01.21.№015(4967)Лхагва Си Жиньпиний цалинг нэмнэ “Синьхуа” агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны зургаан гишүүний цалинг 62 хувиар нэмсэн байна. Тухайлбал, Си Жиньпин сард 11 мянга, 385 юанийн цалин авах гэнэ. Урьд нь тэрбээр 7020 юанийн цалин авдаг байжээ. Дээрх агентлагийн мэдээлснээр Хятадад 2006 оноос анх удаа төрийн албан хаагчдын цалинг ийн нэмсэн аж. БНХАЦ-ын дарга албан үүргээ хүлээн авсан даруйдаа авлигын эсрэг кампанит ажлыг эрчимтэй явуулсан билээ. Энэ нь үр дүнгээ өгч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн хэмээн “Синьхуа” агентлаг онцолжээ. Дэлхийн удирдагчдаас хамгийн өндөр цалинтай нь Сингапурын ерөнхийлөгч Ли Сяньлун. Тэрбээр жилд 1.8 тэрбум сая ам.доллар авдаг байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама жилд 400 мянган ам.доллар, БНСУ-ын төрийн тэргүүн Пак Гын Хе 240 мянган ам.долларын цалинтай аж. Өдрийн сонин.2015.01.22.№016(4968) Пүрэв.Д.ЦЭРЭНДОЛГОР БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.