1900 -Манай урд хөрш болох Хятад улс хил залгаа оршдог Бутаны вант улс руу цэргээ оруулсан гэх мэдээлэл байна. БНХАУ нь Энэтхэг рүү цэргээ оруулж байсан гэдэг. Мөн өнгөрсөн долоо хоногт Хятадын ЭСЯ-ны гадаа жагссан Монголын ногоон намынхан "Хятад Тажикстан руу ч бас цэргээ оруулсан. БНХАУ хөрш орнуудынхаа аюулгүй байдалд халдлаа" гэж байсан. Судлаач хүний хувьд та энэ үйл явдлыг юу гэж харж байна вэ? -Бутан улс руу Хятад цэргээ оруулсан гэсэн мэдээг жинхэнэ эх сурвалжаас сайн шалгаж байж, үүнд хандах нь чухал гэж үзэж байна. Энд юуны өмнө Бутаны Засгийн газрын мэдээ, хандлага их чухал юм. Яагаад Бутаны Засгийн газар чимээгүй байгаа нь хүмүүсийг гайхширалд оруулаад байна. Хятадын цэрэг орсон бол хичнээн хүмүүс хаагуур орсон бэ гэдэг асуудал дагаж гарна. Тэгээд хоёр орны хилийн будлиантай хэсгээр орсон юм уу эсвэл бүтээн байгуулалт явагдаж байсан газраар Хятадын цэрэг орсон уу гэдгийг Хятадын тал, Бутаны тал албан ёсоор хэн нь ч мэдээлээгүй байна. Нөгөөтэйгүүр юуны учраас хичнээн цэрэг орсон нь бас мэдэгдэхгүй байна. Дэлхийн том том хэвлэл мэдээллийн албад бас мэдээлэхгүй байгаад би гайхаж бас эргэлзэж байгаа. БНХАУ хөрш орнуудтайгаа хилээ зохицуулж гэрээ байгуулаагүй учраас нэлээд олон оронтой хилийн маргаантай байдаг. Түүний тоонд Энэтхэг, Бутан, Вьетнам зэрэг орнууд орж байгаа байх. Энэтхэгийн зүүн хойт районоор Хятадын цэрэг 1962 онд маршлан орж ирээд тэр дороо буцаад гараад явсан. БНХАУ бол социалист орон тул бидэн рүү дайрч довтлохгүй гэсэн байр суурийг тухайн үед Ерөнхий сайд агсан Ж.Неру гаргаж байсан тул Энэтхэг ямар ч бэлтгэл, хамгаалалтгүй байсан талаар тус улсын судлаачид бичсэн байдаг. Хятадын цэргүүд газар нутгийн будлиантай Аруначал Прадеш мужаар дамжиж орж ирсэн. Энэ нутгаар Далай ламтан 1959 онд бас орж ирсэн байдаг. Энэ хоёр орны мөргөлдөөнд Монгол Улс төвийг сахин, Монголтой сайн харилцаатай Хятад, Энэтхэг хоорондоо асуудлаа тайван замаар шийдэхийг Монгол Улс аль аль талаас уриалсан байдаг. Тэр үед Монгол Улс БНХАУ-тай хилээ зохицуулсан гэрээгүй байсан. Ийм учраас хөрш орнуудтай Хилийн гэрээтэй байх ёстой юм байна гэсэн бодлого явуулж, БНХАУ-тай хилийн гэрээ байгуулсан юм. Одоо хоёр орон хилийн нарийн зурвасаа тогтоосон хэлэлцээртэй. Энэхүү хэлэлцээрийг байгуулах сонирхол ч БНХАУ-д тухайн үед байсан байх. Гадаад орны хэвлэлээр БНХАУ-ыг тухайн үед буруушаасан мэдээ их гарч байсан. Түүнийг нь няцаахад манайтай байгуулсан хилийн хэлэлцээр тус болсон болов уу гэж үзнэ. -Бутан руу хятад цэргүүд орсон нь дайны дохио ч гэх юм... -Бутан руу Хятад улс цэргээ оруулсан гэдгийг батлахад эрт байна. Аяндаа мэдээлэл гараад ирнэ дээ. Одоо нууц юм гэж байхаа больсон шүү дээ. Жаахан хүлээх хэрэгтэй. Зарим хэвлэл мэдээлэлд янз бүрээр бичиж байгааг би иш татмааргүй байна. Яагаад вэ гэвэл БНХАУ нь манай өмнөд том хөрш юм. Бид тэдэнтэй харилцаа хамтын ажиллагаа явуулахад онцгой ач холбогдол өгдөг.
1901 Бутанд ажиллаж байсан Хятад хүмүүсийг хамгаалахаар цэрэг орсон. Удахгүй түүнийгээ Хятад гаргах гэнээ гэсэн мэдээ бас байсан санагдана. Ямар ч байсан цэргийн том анги нэгтгэл Бутан руу ороогүй бололтой. Харин цөөн тооны салаа орсон байж болох талтай. Бутанд энэ сарын 13-нд бүх нийтийн хоёр дахь удаагийн сонгууль болно. Бутан сонгуулийн дүнгийн дараа асуудлаа ил гаргах гэж байж болох юм. Иймд хэдэн хоног хүлээх шаардлага гарч байх шиг байна. Олон цэрэг орсон бол сансраас хараад шуугих ёстой л доо. Гэтэл тэгэхгүй байна. -Хятадын ЭСЯ-ны гадаа жагссан МНН-ынхан хөршүүд рүүгээ цэргийн хүчээр довтолж байгаа БНХАУ Монгол руу цэргээ оруулчих вий гэсэн болгоомжлол гаргаж байна билээ. Ер нь Бутанд Хятадын хичнээн компани, ажилчин байдаг тухай мэдээлэл танд байна уу? -Бутан улс БНХАУ-тай харилцаа хамтын ажиллагаа бараг байхгүй байсан. Сүүлийн үед Хятадаас машин техник авах, ажиллах хүчийг оруулах зэрэг хамтын ажиллагаа эхлэхийн зэрэгцээ хилийн худалдаа үргэлж явж ирсэн. Нарийн тоо баримт надад байхгүй байна. Бутаны асуудлыг Монголтой харьцуулан ярихад учир дутагдалтай. Бид хилээ зохицуулсан. Харин Бутан зохицуулаагүй Гэхдээ Хятад ажилчдыг оруулахдаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заасан хэмжээгээр оруулаад, хуулийн дагуу буцааж гаргаад байх шаардлага байгаа. Үүнийгээ л бид баримтлан ажиллах хэрэгтэй. -Хэрэв Бутан руу хятад цэргүүд орсон бол вант улс яагаад өнөөдрийг болтол дуугарахгүй байгааг та юу гэж бодож байна? -Бутан улс 700-гаад мянган хүн амтай жижиг буурай орон шүү дээ. Манайхтай их ижил төсөөтэй. Тэд далайд гарцгүй. Бурханы шашинтай. Цэрэг, цагдаа нь цөөн тоотой. Монголчууд Бутаныг бас сонирхох, дэмжих үндэслэлтэй. Хүмүүс нь Түвд, Монгол гаралтай. Зан заншил нь бидэнтэй ижил. Балбын Монгол гарал үүсэлтэй овог ястангууд бас Бутанд байдаг юм билээ. Энэ утгаар Бутанд Монгол гарал үүсэлтэй хүмүүс байгаа гэж үзэж болно. БНХАУ, Бутаны Засгийн газар хоорондоо уг үйл явдлыг зарлахгүй чимээгүй байхаар тохирсон байж болох. Түүний цаана ямар ашиг сонирхол, амлалт байгааг тааж мэдэшгүй дээ. БНХАУ шиг дэлхийн том гүрэн өөрийн цэргийн хүмүүсээ Бутан мэтийн жижиг оронд оруулах нь ичгэвэртэй юм. Хэрэв оруулсан бол шүү дээ. -Энэ хоёр улс хичнээн газраар хилийн маргаантай байгаа юм бэ? -Бутан улс БНХАУ-ын Түвдийн хэсгээр хиллэдэг. Эртнээс хил залган оршдог тул авч өгөх, маргах зүйл байдаг биз ээ. Тэд хоорондоо 470 км нутгаар хиллэж байгаа. Хилийн дөрвөн хэсгээр нутаг дэвсгэрийн маргаантай. Түүний нийт хэмжээ нь 270 квадрат километр шиг санагдана. Хилийнхээ маргааныг зохицуулсан гэрээнд хүрч тохиролцож чадахгүй байгаа. Харин хилийн тайван байдлыг сахиулах хэлэлцээртэй. -Тэгээд уг хэлэлцээрээр шийдэлд хүрч чадаагүй юм байх даа?
1902 -1998 онд Хилийн тайван байдлыг хангах хэлэлцээрийг Хятад Бутаны хооронд байгуулсан. Энэ нь анхны алхам байсан байх. Гэвч хэлэлцээр байгуулсан тэр жилдээ Хятад хилийн будлиантай бүс нутагт зам гүүр байгуулж эхэлсэн тул байдал зогсонги байдалд орсон талаар өрнөдийн хэвлэлд бичсэн байх юм билээ. -Хэдхэн хоногийн дараа Бутаны вант улсын сонгууль болох мэдээ байгаа. Яагаад сонгуулийн өмнө ийм үйл явдал болсон юм бол? -Бутаны вант улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлж өрсөлдөх гэж байгаа. Түүнийг нь Энэтхэгийн Засгийн газраас дэмжиж байгаа. Бутаны энэхүү чимээгүй байдал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд өрсөлдөхөд муугаар нөлөөлчих вий дээ гэж санаа зовж байна. Ийнхүү хоёр гол сонгуулийн өмнө уг асуудал гарсныг улстөрчид янз бүрээр дүгнэж бичиж эхэлнэ дээ. -Бутан хаант засаглалтай улс. Хичнээн оронтой дипломат харилцаатай вэ? -Бутан улс 1950-иад онд Энэтхэг, Балба, БНХАУ-ын Түвдтэй харилцаа холбоотой байсан. 1971 онд НҮБ-ын гишүүн болсон. Одоо бүс нутгийн СААРК, ДЭХБ-ын гишүүн. Сүүлийн үед идэвхтэй бодлого явуулж, түүнийг нь Энэтхэг улс дэмжсэн учраас дипломат харилцаатай орны тоо 53-д хүрээд байна. -Хятад Бутаны харилцаа одоо ямаршуу байна вэ? -Хэрэв Хятадын цэргийн хүмүүс Бутаны нутагт орсон бол харилцаа одоо сайнгүй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн жил БНХАУ-ын Ерөнхий сайдтай Бутаны Ерөнхий сайд уулзаж харилцааг сайжруулах, хамтран ажиллах зэргээр тохиролцсон байдаг юм билээ. Тэгэхдээ БНЭУ-тай байгуулсан "Гадаад бодлогодоо Энэтхэг Улсын зөвлөмжийг дагаж байна" гэснээ Бутаны Засгийн газар хэрэгжүүлсэн эсэх, тэрхүү уулзалтанд нь Энэтхэгийн тал хэрхэн хандсан нь тодорхой бус байгаа. БНХАУ, БНЭУ хоорондоо газар нутгийн будлиантай газруудтай. Бутан-Хятадын асуудлыг Энэтхэгийн Засгийн газар маш анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой. Бутаныг НҮБ-ын гишүүн болохоос өмнө Энэтхэгийн Засгийн газар Бутаны өмнөөс Хятадтай хилийн будлиантай нутаг дэвсгэрийн талаар ярилцдаг байсан түүхтэй. -Энэтхэгээс хараат Бутаны хувьд шууд Хятадтай харилцахдаа Энэтхэгээс зөвшөөрөл авсан болов уу. Хятад, Бутаны харилцаанд Энэтхэг ямар байр суурьтай байдаг вэ? -Бутаны Вант улс 1949 онд Энэтхэгтэй байгуулсан Гэрээгээ 2007 онд өөрчилж улмаар Энэтхэг тэдний дотоод хэрэгт оролцохгүй гэдгээ амласан. Хариуд нь Бутанчууд гадаад бодлогодоо Энэтхэгийн зөвлөгөөг дагаж байхаар тохирсон. Ийм учраас Бутан-Хятадын энэхүү асуудалд БНЭУ-ын ашиг сонирхол давхар хөндөгдөж байгаа. Энэтхэгийн хэвлэл энэ талаар нэлээд шуугисан байх. Харин Засгийн газар өнөөг хүртэл албан ёсны мэдэгдэл гаргаагүй байх аа. -Бутан яагаад Энэтхэгээс бас эмээгээд байна вэ? -Гэрээ ёсоор бол Бутан гадаад бодлогодоо Энэтхэгийн зөвлөмжийг дагана гээд заачихсан байгаа. Өнөөдөр Энэтхэгийн зөвлөгөөгөөр Бутан гадаад бодлогоо явуулаад ийм байдалд ороод байна уу эсвэл түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаад ийм асуудалтай тулгараад
1903 байна уу гэдэг асуудал урган гарч байгаа юм. Хэрэв Бутан Гэрээгээ даган мөрдөж байгаа бол тэдэнд Энэтхэгээс эмээх зүйлгүй. Тэд хоорондоо маш зузаан сайн хөршийн харилцаатай шүү дээ. -Бутан руу Хятад цэргээ оруулсан тохиолдолд Энэтхэг л өмөөрч дуугармаар юм? -Гэрээний дагуу Бутаны гадаад бодлогод зөвлөмж өгч байх орны хувьд Энэтхэгийн Засгийн газар одоогоор чимээгүй байна. Удахгүй тайлбар хийх байлгүй дээ. Гэхдээ эхлээд Бутан дуу гарах ёстой л доо. Түүнийг нь үндэслээд Энэтхэг үгээ хэлж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Дэлхийн бусад орнууд энэ асуудлаар байр сууриа гаргаагүй бас чимээгүй л байна. -Бутаны вант улс эдийн засгийн хувьд ямар вэ? -Хөгжил дэвшлийн хувьд буурай орны нэг. Тэд далайд гарцгүй орон. Энэтхэг, Бангладешийн нутгаар дамжин байж далайд гарна. Төмөр зам байхгүй. Уулын замтай тул тэр болгон машин явахгүй. Бутаны үндэсний агаарын хөлөг онгоц цөөхөн орнууд руу ниснэ. Бутаныг түүний ван толгойлж ирсэн тул Вант улс байж ирсэн. 2008 онд Хэмжээгүй эрхт Вангийн эрхийг хумиж хэмжээт болгоод үндсэн хуультай орон болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь Ван, парламент хоёрын өмнө ажлаа тайлагнана, хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Одоогийн Ван Жигме Гэсэр Намжил Ванчиг 2008 онд хаан ширээнд 28 настайдаа суусан. Бутаны үндсэн хууль нь Бутаныг ардчилал руу чиглүүлж олон намын системийг тогтоосон гэж үздэг. Гадны зарим хэвлэлд шинэ үндсэн хууль нь Бутаныг ардчилал руу биш Хятад руу чиглүүлж байна гэж бичсэн байхыг уншиж байсан юм байна. -Одоогийн хааных нь эцэг дөрвөн эхнэртэй байсан гэдэг. Та энэ талаар сонирхуулахгүй юу? -1974 онд өнөөгийн хаан Жигме Гэсар Намжил Ванчигийн аав хаан ширээнд суусан. Тэр хүн америк боловсролтой байсан. Түүнд ямар эхнэр авч өгөх вэ гэдэг талаар олон янзын санал бодол хэвлэлд гарч байсан. Тэр ч бас аргагүй болов уу. Улс орны хувь заяа хатан, тэднээс гарсан хүүхдийн үйл ажиллагаанаас хамаарч шийдэгдэх тал бас гардаг. Тэгээд Бутаны Засгийн газар дөрвөн охинтой айлыг судалж байгаад эхлээд айлын том охиныг Ванд авч өгсөн. Дараа нь хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх охиныг тус бүр хатан болгон авч өгсөн түүхтэй. Том хатны хүү одоо хаан ширээнд залраад байгаа. Эгч дүү дөрөвтэй суулгаснаа Бутанчууд бага орны аюулгүй байдалтай холбож тайлбарладаг. Хаан, Ван хүн хэмжээгүй эрхтэй учраас хэдэн ч хатантай байж болох. Харин янз бүрийн гарал үүсэлтэй хатдын хүүхдүүд хоорондоо маргалдвал Бутан орны аюулгүй байдалд халгаатай гэж тооцсон байна. Ингээд эгч дүү нарын хүүхэд хоорондоо тэмцэлдэж улс орны аюулгүй байдлыг эвдэхгүй гэж үзээд эгч дүү дөрвийг Вандаа авч өгсөн нэгэн түүх байдаг юм билээ. Энэ бол жижиг орны нэгэн зовлон биз ээ. М.МӨНХЦЭЦЭГ Өдрийн сонин. 2013.07.09
1904 Орос, Хятадыг холбох таван шугамыг монголоор дамжуулах боломжтой -МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААНААР ЮУ ЯРИВМонгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог уламжлалтай. Энэ хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд олон чухал асуудлыг шийдвэрлэж тохиролцдог. Энэ яриа хэлэлцээрүүдийг хоёр улсын Засгийн газар ажил хэрэг болгодог учраас ихээхэн ач холбогдолтой байдаг. Тэгвэл энэ удаа 17 дугаар хуралдаан ОХУ-ын нийслэл Москва хотод болсон юм. Монгол талын комиссыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахалж явсан бол багт нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яам болон Зам тээврийн яам гээд манай гол яамны нөхдүүд багтсан байлаа. Тэд Москвад очсон даруйдаа тус тусын ажлын хэсгийнхээ шугамаар хэлэлцээрүүдээ хийсэн юм. Нээлттэй бус энэхүү хэлэлцээрүүд амжилттай болж, олон жилийн турш хуримтлагдаж, гацаж ирсэн асуудлуудыг шийдэж чадсан гэдэг сураг сонсогдохоос цаашгүй байлаа. Тиймээс ч энэ хооронд хүмүүсийн дунд амнаас ам дамжсан дам ярианууд хөвөрсөөр байсан билээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хандах хандлага таагүй болчихсон. Монголоос ирсэн хэнийг ч хүлээн авахыг хүсдэггүй. Ийм байдалд хүргэсэн хүн нь Ерөнхий сайд асан С.Баяр юм гэнэ лээ. Тэр ОХУ-д Монгол Улсыг төлөөлж Элчин сайдаар суух хугацаандаа их өрийн асуудал дээр Ерөнхий сайд байсан М.Касяновтой хуйвалдсан учраас В.Путин дургүй болсон. Владивостокт болсон нэгэн хурал дээр Оросын төрийн тэргүүн "Монголын нөгөө юүлэгч нөхөр чинь хэн билээ" гэж хэлж ч байсан удаатай. Тэр нь С.Баяр гэх мэтийн явган яриа тэнд байна. Монголын талаар таагүй сэтгэгдэл төрүүлдэг дараагийн нэг асуудал нь УБТЗ. Энэ хамтарсан компанийн Монголын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх манайхны хүсэлтийг оросууд хүлээж авдаггүй. Дээрээс нь энэхүү компанийг шинэчилье, зөрлөг замтай болгоё, дохиололжуулъя гэх мэтчилэнгийн асуудлууд дээр өнөөдрийг хүртэл хоёр улс тохиролцож чадаагүй. Гацаа үүсгэж байгаа тал нь Монгол гэж оросууд хардаг учраас таагүй хандлагатай болсон ч гэх. Өөр нэг зүйл нь мэдээж Асгатын мөнгөний орд. Монгол Улсын стратегийн гэх тодотголтой 15-ын нэгд тооцогддог энэхүү орд нь Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог гэж байгаа. Ордыг 1970-аад онд нээснээс хойш өнөөг хүртэл ашиглаагүй байгаа юм. 10 мянга орчим тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгөний нөөцтэй гэдгийг нь геологичид тогтоосон байдаг юм билээ. Мөнгөнөөс гадна олон төрлийн ашигт малтмалын тодорхой нөөцтэй энэ ордыг Монгол Улс дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах эрхгүй гэж оросууд үздэг. Учир нь ордын тусгай зөвшөөрөл Монгол, Оросын хамтарсан компани болох "Монголросцветмет" нэгдлийн мэдэлд байдаг. Гэвч энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол төр мэдэлдээ авах
1905 саналыг оросуудад тавьдаг ч бүтдэггүй. Ийм л шалтгаанаар Асгатын мөнгөний орд тойрсон үл ойлголцол хоёр орны харилцааг тиймхэн болгоход нөлөөлсөн ч гэх. Ямартай ч хоёр улсын Засгийн газар хоорондын комисс жил болгон энэ л улиг болсон асуудлуудыг хэлэлцээд байгаа учраас эдгээр зүйлүүд дээр тохиролцож чаддаггүй гэдгийнх нь баталгаа болох биз. Харин өнгөрсөн сарын 27-нд болсон Засгийн газар хоорондын комиссын нэгдсэн хуралдаанаар олон жилийн турш шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудад ахиц гаргаж, зөвшилцөж чадлаа гэдгийг манайхан онцолж байсан юм. Мэдээж энэхүү хурал дээр оросууд "Та нар ингээд жил болгон уулзахдаа өчнөөн зүйлүүд дээр тохироо хийгээд явдаг мөртлөө ярьсан хэлснээсээ ерөөсөө ажил хэрэг болгодоггүй шүү. Манай улс руу мах гаргана гэж гэрээ хийчихээд махаа дутуу нийлүүлсэн шүү" гэх мэтийн гомдлоо тавьж байлаа. Үнэхээр ч өнгөрсөн жил хийсэн хуралдаанаар хоёр тал нийт 52 асуудал дээр тохиролцоод гарын үсэг зурсан юм байна. Гэтэл жилийн дараа эргээд уулзтал ердөө 16-г нь манайхан ажил болгосон. Үлдсэн зүйлүүд нь хэрэгжих шатандаа яваа нь оросуудыг гонсойлгож, ийм гомдол хэлэхэд хүргэсэн бололтой. Хэдий ийм ч сая болсон хуралдаанаар хоёр тал Асгатын мөнгөний орд дээр хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцлоо. Энэ үйлдвэрээ бизнесийнх нь зарчмаар ажиллуулъя, манай Төрийн өмчийн хорооны оролцоог хязгаарлаж, аль аль талаасаа төрийн өмчит компани байгуулан ажиллахаар болсон байна. Хэн хэнийхээ эзэмших хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар компаниудаа байгуулсан үедээ ярьж хэлэлцэхээр болжээ. Дараагийн нэг шийдсэн асуудал нь ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, нефтийн болон газын хоолой, эрчим хүчний шугамыг Монголын нутгаар тавьж өгөөч гэдэг манай саналыг оросууд нааштай хүлээж авсан явдал байлаа. Өмнө нь Хятадад болсон Засгийн газар хоорондын хуралдаанаар ч манай улс энэ саналыг тавьж зарчмын хувьд дэмжүүлсэн. Энэ удаад Оросын талаас ийнхүү дэмжлэг авсан нь томоохон дэвшил гэдгийг Шадар сайд онцолж байсан юм. Газрын тосны салбарт ч саяын хуралдаанаар дэвшил гарсан. Тухайлбал, ОХУ-аас нэг сая тонн хүртэлх газрын тос худалдан авах, мөн түүхий газрын тосны худалдаа хийх саналыг манай талаас тавьсан. Түүнийг нь оросууд боломжтой гэж үзсэн. Ингэхдээ манайд газрын тос нийлүүлэгч Роснефтийн хувьд дэлхийн зах зээлд мөрдөгдөж байгаа суурь үнээр наймаа хийнэ гэдгээ амласан байна. Тэгэхээр өнөөдөр манайд тогтвортой байгаа газрын тосны үнэ цаашид ч хэлбэлзэхгүй байх боломжтой гэсэн үг. Харин уул уурхай геологийн салбарт хоёр улс харилцан мэдээлэл солилцохоор тохирсон юм. Учир юу гэвэл хуучин ЗХУ, БНМАУ-ын үед хийгдэж байсан геологи хайгуул, судалгааны материалууд өнөөдөр ОХУ-д хадгалагдаж байдаг юм байна. Үүнд Монголын талын хөрөнгөөр хийгдсэн ажлууд ч бий. Гэвч энэ материалуудыг манай улс өөрөө авч ашиглах боломжгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Сая болсон хуралдаанаар эдгээр материалуудыг хоёр улсын дундын өмч байлгах, манайх хүссэн үедээ авч ашиглах тал дээр тохиролцсон байна. Дээрээс нь олон жил дуншсан Асгатын мөнгөний орд дээр зөвшилцсөнийг дээр дурдсан.
1906 Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын шийдсэн өөр нэг асуудал УБТЗ. Энэхүү хамтарсан үйлдвэрийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлье. Энэ мөнгөөр Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дохиолол холбоог сайжруулж, төмөр замын өртөөнүүдий өргөжүүлэх юм байна. Мөн стратегийн хоёр замтай болгох төлөвлөгөөг гаргаж, ТЭЗҮ-г нь 2014 оны эхний хагаст багтаан боловсруулахаар тохиролцлоо. ОХУ, БНАХАУ-ын тээврийн сайд нартай энэ сарын 18-нд Улаанбаатар хотод уулзаж, БНХАУ-аас Монголоор дамжин Орос руу явах, тэндээсээ буцаад Монголоор дамжин Хятад руу явах транзит төмөр замын асуудлыг ярихаар тохирчээ. УБТЗ-ын гэрээг шинэчилж, Монголын эзэмших хувийг 51 болгох саналаа сая манайхан Оросын талд дахиад л тавьсан байна. Чухам оросууд яаж шийдэх нь тодорхойгүй байгаа бололтой. Дээрээс нь авто зам, эрчим хүчний асуудлаар нэлээд дэвшил гарч байна. Энэ бол таван шугамнаас гадна оюутнуудынхаа тоог цөөрүүлэхгүй байх асуудлыг тавилаа. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтарч ажиллахаар тохирлоо. Халх голын 75 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэх боломж байна. Өндөр дээд хэмжээний зочдыг урина. Урьд өмнөхөөсөө илүү ажил хэрэгч тодорхой асуудлууд дээр тохирч чадлаа. Байгаль орчны салбарт Монголын талаас Онон Балжийн тусгай хамгаалалттай газрыг Оросын Сухомлинтэй нийлүүлж, хоёр улсын дархан цаазтай газар байгуулахаар боллоо. Ингэснээрээ Амар мөрний эхийг хамгаалах үүргийг монголчууд гүйцэтгэх гэнэ. Оросын зүгээс орж ирдэг түймрийг багасгах болон малын хулгайг зогсоох асуудал дээр оросууд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар боллоо. Ойн салбарын хамтын ажиллагааг сэргээж, оросуудын Сибирийн ойгоо хортон шавьжаас салгасан туршлагыг ч нэвтрүүлэхээр болсон юм. Эрчим хүчний салбарт ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох тал дээр оросуудтай хамтрах, ОХУ-д энэ салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг зүйлүүдийг ярьж зөвшилцсөн байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа ч манайхан танилцуулжээ. Мэдээж манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хүссэн хэмжээнд яваагүй. Монголоос Орос руу гаргадаг бараа бүтээгдэхүүн нефтийг эс тооцвол бараг үгүй болсон гэхэд болно. Оросоос оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн хомсдсон нь ойлгомжтой. Энэ нь статистик үзүүлэлтээр ч тодорхой харагдаж байгаа юм. Тиймээс худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хэлэлцээрүүд ч энэ үеэр яригдсан. Хамтарсан үйлдвэрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлж, аль алиных нь төрийн оролцоог хязгаарлаж, бизнес агуулгаар нь ажиллуулах сонирхолтой байгаагаа оросууд илэрхийлсэн байна. Эдгээр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгохоор хоёр тал тохиролцож, гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан юм. Я.МӨНГӨНЦЭЦЭГ ӨДРИЙН СОНИН. 2013.12.02
1907 2014 он Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хятадын радиод өгсөн ярилцлага бүрэн эхээрээ Шанхай хотноо болж буй Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын олон улсын радиод ярилцлага өгчээ. -Ц.ЭЛБЭГДОРЖ: ШИ ЖИНЬПИН ДАРГЫГ ЭНЭ ОНД МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ УРЬСАН- -Та 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцож байсан. Мөн энэ удаа Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд биечлэн оролцож байна. Ойрын жилүүдийн Хятад улсын хөгжлийн талаар та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? -Би Шанхай хотод гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь намын дарга байхдаа 2010 онд ирж байсан. Тухайн үед БНХАУ-ын дарга Хү Жиньтао байсан. Ши Жиньпин дэд дарга байсан. Бидэнд уулзах сайхан боломж гарч байсан юм. Шанхай хот маш том хот юм. Ирэх бүртээ Шанхай хотын хөгжлийг гайхдаг. Манай хөрш БНХАУ маш их хөгжиж байгаад би баярлаж явдаг. -Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалт яг одоо болж байна. Энэ хурал бүс нутгийн аюулгүй байдалд ямар үүрэг гүйцэтгэж байна гэж үздэг вэ? Хятад улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ? -Миний хувьд, энэ хуралд оролцохоор ирж байгаа бүс нутгийн орнуудын удирдлагуудтай уулзах сайхан боломж гарна. Мөн ярьж байгаа сэдвээр өөрийн орныхоо байр суурийг илэрхийлэх боломж гарч ирдэг. Би энд ирээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийсэн. Өглөөний цай хамт ууж, маш сайхан элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Манай хоёр орны хооронд шийдвэрлэх шаардлагатай асуудал олон бий. Эдийн засгийн, дэд бүтцийн томоохон асуудлууд байгаа. Эдгээр асуудалд Ши Жиньпин дарга маш их анхаарал хандуулж, ажиллаж байгаа. Үүнд бид их баяртай байна. Би бас ОХУын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах болно. Ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Мэдээж энэ хурал дээр бүс нутагт байгаа аюулгүй байдлын асуудал, тодорхой ярилцах шаардлагатай асуудал дээр улс орны удирдлагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж ярих байх. Монгол улсын хувьд ч гэсэн бид өөрийн байр суурийг ярьж идэвхтэй оролцоно. -Энэ жил Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20 жилийн ой тус тус тохиож байна. Манай хоёр орны харилцааны хөгжлийн одоогийн байдал, алс ирээдүйн талаар та бодлоо хуваалцана уу.
1908 -Манай хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагаа гэж томьёолдог. Манай хоёр орны харилцаа хамгийн гол нь хоёр ард түмний нийтлэг эрх ашигтай нийцдэг харилцаа учир стратегийн харилцаа юм. 2013 оны 10 сард манай хоёр орны засгийн газар стратегийн харилцаагаа хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Хоёр орны харилцааны гол гол асуудлуудыг шийдвэрлэхээр тавигдсан байгаа. Энэ ажлуудыг хоёр талдаа анхааран хийгээд явж байгаа. Ноднин би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай ШХАБын дээд уулзалтын үеэр Киргиз улсад уулзсан. Түүнээс хойш манай хоёр орны албаны хүмүүсийн уулзалт олширч, үр дүн их сайн байгаа. Би сая Ши Жиньпин даргыг энэ онд Монгол улсад төрийн айлчлал хийхийг урьсан. Энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орны харилцаа маш идэвхтэй хөгжиж байгаа учраас Ши Жиньпин даргын айлчлал цаг үеэ олсон чухал айлчлал байх болно гэж би итгэж байна. -Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа улам өргөжин тэлж байна. Хоёр орон ямар салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж та үздэг бэ? -Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш алдаж оносон зүйл олон бий. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа. Ойролцоогоор 10 хувьтай хөгжиж байна. Тийм учраас эдийн засгийн энэ хөгжил БНХАУ-тай харилцаж байгаа харилцаатай нягт холбоотой юм. Энэ өсөлтийг бид улам бэхжүүлэх ёстой. Бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй томоохон шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийх хэрэгтэй байгаа. Мөн уул уурхай дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар гэж маш том уламжлалт салбар байгаа. Мөн ард иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаанууд байгаа. Эдгээр ажлуудыг, бид цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоо хүлээгдэж байсан олон жилийн яригдаж байсан эдгээр асуудлыг шийдвэрлэх сайхан боломж бүрдэж байна гэж бодож байна. -НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс олгодог "Эх дэлхийг хамгаалагч" цолыг 2012 онд та хүртэж байсан. Байгаль орчныг хамгаалах талаар Монгол улс ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Байгаль хамгаалах асуудал нь Хятад улсын хувьд ч тулгамдаж байгаа чухал асуудал. Хятад Монгол хоёр орон энэ салбарт ямар хамтын ажиллагаа өрнүүлж болох вэ? Энэ талаар таны бодлыг сонсъё. -Манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа. Энэ талаар бид хамтарч ажиллах бүрэн боломж бий. Энэ чиглэлд БНХАУ-ын туршлагаас Монгол улс суралцан хамтарч ажиллах сонирхолтой. Би ерөнхийлөгч болоод Монгол улсад жилдээ мод тарих хөдөлгөөн бий болгож маш олон сая мод тарьж байгаа. Ногоон байгууламжуудыг асар ихээр бий болгож байгаа. Шинээр байшин барихад хажууд нь заавал ногоон байгууламж байх ёстой гэж үзэж, том уурхай ашиглахад заавал нөхөн сэргээж байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн агаарын бохирдлын асуудал манай хоёр орны төв суурин газруудад их хүндрэлтэй асуудал болоод байна. Энэ асуудлыг хамтарч шийдвэрлэхээр бид ярилцаж
1909 байгаа. Байгаль орчны энэ асуудлыг шийдвэрлэх нэг гол зүйл бол сэргээгдэх эрчим хүч, манай говийн бүс нутагт нарны эрчим хүч, салхины эрчим хүчийг ашиглах ихээхэн боломж бий. Зөвхөн нүүрсний эрчим хүчийг ашиглахаас гадна сэргээгдэх эрчим хүчийг давхар ашиглах гэж бодож байна. БНХАУ-д эрчим хүчний том хэрэгцээ байна. Монгол улсын нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчээ БНХАУ-д худалдаж болно. Үүний зэрэгцээ бас сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлье гэсэн санал тавьж хамтарч ажиллаж байна. Иймэрхүү байдлаар байгаль орчны асуудлаа шийдье. Бид өөр өөр улс боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл, дэлхий гэдэг бол нэг гэр бүл юм. Тийм учир энд тулгамдаж байгаа байгаль орчны асуудалд хамтдаа анхаарах ёстой. Энэ талаар БНХАУ бидний байр суурийг ойлгож дэмжиж хамтарч ажиллаж байгаад бид баяртай байна" гэжээ. Н.МЯГМАР Өдрийн сонин. 2014.05.22 http://dnn.mn/ерөнхийлөгч-ц-элбэгдоржийн-хятадын-радиод-өгсөн-ярилцлага-бүрэнэхээрээ Монголд олон боломж авчрах Шанхайн уулзалт Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд 40 гаруй орон, 11 улсын төрийн тэргүүн, лидерүүд уригдан оролцсон юм. Дээд хэмжээний хурлыг CICA-гийн гишүүн орнууд дөрвөн жил тутамд даргалдаг уламжлалтай. Турк улсаас БНХАУ-д шилжиж байгаа энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Шанхай хотод зохион байгуулсан нь олон онцлогтой. Хөгжлөөрөө дэлхийд дөрөвдүгээрт ордог эдийн засгийн чөлөөт бүс болох Шанхайд олон орны төлөөлөгчдийг нэг дор цуглуулахад хамгийн тохиромжтой хот байв. Учир нь тус хотод ихэнх орны Элчин сайдын яам, Консулын газар байдаг юм. Тунхаг бичигт монгол улсын байр суурийг илэрхийлсэн гурван чухал асуудлыг тусгав Эхнийх нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга юм. Энэ нь Зүүн хойд Азид аюулгүй байдлын асуудлаар ярилцдаг, уулздаг, эрдэмтэн мэргэжилтэн оролцдог механизм ажээ. Үүнийг CICA-гийн гишүүн орнууд хүлээн зөвшөөрч энэ тунхаглалд тусгасан нь манай улсын хувьд нэлээд ач холбогдолтой. Тунхаг бичигт тусгасан хоёр дахь асуудал нь Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа бататган бэхжүүлсэн явдал байгаа. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусыг 2012 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Нэг ёсондоо манай улсад аюулгүй байдлын баталгаа гаргасан гэж хэлж болохоор. Тиймээс энэ санал санаачилгыг CICA-гийн дөрөв дэх дээд
1910 хэмжээний уулзалтын баримт бичигт тусгалаа. Хурлын үр дүнгийн тунхаг бичигт оруулсан гурав дахь асуудал нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын байр суурийг урагшлуулах санал байв. НҮБ-ын дэмжлэгтэйгээр манай улсад байгуулагдсан далайд гарцгүй орнуудын судалгааны төвтэй холбогдсон, үйл ажиллагаанд улс орнуудыг идэвхтэй оролцуулах юм. CICA-г өнгөрсөн дөрвөн жил даргалсан Турк улсын зүгээс Монголыг Азийн бүс орнуудаас идэвхтэй оролцсон гэж онцолж байлаа. “МОНГОЛ УЛС БОЛ АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ГОЛ ЗАНГИЛАА ОРОН” Шанхай хотод болсон CICA-гийн бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал давхцаж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзахдаа “Монгол бол Азийн бүс нутаг, Ази Европыг холбосон дэд бүтцийн гол зангилаа орон юм” гэж тодотгож хэллээ. “Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУБНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэж Төрийн тэргүүн хэллээ. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх асуудлаас гадна худалдаа эдийн засаг, хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр В.Путин “ОХУ Монголын худалдааны хоёр дахь том түнш” гэж дурдлаа. Бодит байдал дээр манайх тус улсаас 1.4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний нефть бүтээгдэхүүн авч байгаа. Харин манай экспортын хэмжээ 250 сая ам.доллар. Оростой хийсэн худалдаа өнгөрсөн жил 2012 онд хийсэн худалдаанаас буурсан үзүүлэлттэй гарчээ. Хятадаас Европ руу явж байгаа зам уг нь Монголоор дайрдаг байсан. Гэтэл өнөөдөр Оросыг алгасаад Казахстанаар дамжиж байгаа. Энэ нь оросуудын хувьд ихээхэн сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа юм. Хятадуудын өргөмжлөх дуртай торгоны зам Казахстанаар явахад Монгол болон Оросын Сибирийн төмөр зам тэр чигтээ орхигдож байгаа хэрэг. Төмөр зам дээгүүр ачаа эргэлтгүй, орлогогүй бол дампуурна. Нөгөөтэйгүүр Оросын Сибирт байгаа таван сая хүн төмөр замаа дагаж амьдардаг. Гэтэл тэр төмөр зам дээгүүр нь ачаа эргэлтгүй болчихвол Сибирт хүнд байдал үүсэх нь ойлгомжтой. Тиймээс энэ тал дээр Монгол Оросын стратегийн зорилт нийлж байгаа. Монголоор дайруулаад Сибирийн төмөр замын ихэнхээр тээвэрлэх учраас ачаанаас авах орлого нь нэмэгдэнэ. Тиймээс В.Путин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монголоор дайрч өнгөрөх зам Орос Хятад хоёрын транзит тээврийн төв зам болох тал дээр бид сонирхолтой байна. Энэ тал дээр хамтарч ажиллая” гэж хэлсэн юм. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Манай төмөр зам бол ганцхан салаа бөгөөд хоёр галт тэрэг зөрж чадахааргүй. Тиймээс Улаанбаатар төмөр замыг хоёр салаа болгож, цахилгаанжуулах асуудал яригдаж байгаа юм. Ингэснээр Оросод ч ашигтай. Сибирийн төмөр замаар явах ачаа ч манайхаар явна. Одоо явах гэхээр дамжин өнгөрүүлэх чадавхи нь хангалтгүй. Тиймээс
1911 үүнийг сайжруулахын тулд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх цогц бодлого В.Путинтай уулзсан манай Ерөнхийлөгчийн гол сэдэв байлаа. Мөн хоёр улсын Төрийн тэргүүний ярьсан өөр нэг асуудал нь Монгол-Росцветметийн асуудал байв. Эдийн засгийн хувьд ашиггүй, хүнд байдалд орсон энэ байгууллагын менежментийг хамтарч өөрчлөх эсэх асуудлыг тэд хөндсөн юм. Сэргээгдэх эрчим хүч экспортлохоос эхлээд олон чухал асуудлын талаар ярилцлаа БНХАУ-ын дарга Си Жиньпин манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой найрсаг нөхөрсөг яриа өрнүүлж, хоёр цаг гаруй хуучилсан юм. Эндээс Си Жиньпин хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байлаа. Хоёр улсын Ерөнхийлөгчийн анхны уулзалт Бишкек хотод болж байсан. Түүнээс хойш хоёр орны харилцаа эрс идэвхжиж, өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУд айлчилсан. Он гарснаар манай Засгийн газрын найман гишүүн тус улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны гол гол асуудлуудаар эрчимтэй яриа хэлэлцээр хийгээд явж байгаа. Тиймээс Азид хамтын ажиллагааг идэвхжүүлэх энэ удаагийн хуралд Хятадын талаас манай Ерөнхийлөгчийг зориуд урьж оролцуулж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюул¬гүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэллээ. Си Жиньпин манай улсад ирэх наймдугаар сард айлчилна гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний айлчлалаар манай улс томоохон баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн, хууль зүйн салбарын чиглэлийн нэлээд олон баримт бичгүүдийг түүний айлчлалын үеэр эцэслэхэд бэлэн болгожээ. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын тухайд Хятадын томоохон агентлагууд мэдээлэхдээ “Си Жиньпин дарга Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа” гэж онцолж байв. Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Бид Монгол Улстай харилцахдаа өөрийн эрх ашгийг бодохгүй. Монгол Улсын хөгжлийн шаардлагыг бодно. Бид тэрэнд нь зохицсон байдлаар хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Танайх зөвхөн түүхий эдээ экспортлох биш, Монгол Улсдаа нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргая гэсэн сонирхолтой байгааг бид маш сайн ойлгож байгаа. Энэ чиглэлээр бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Монгол Хятадын хооронд олон жил яригдаж байгаа асуудал бол эрчим хүч дамжуулах ажил юм. Өнөөдрийн байдлаар Оюу толгой Хятадаас жилдээ 100 сая ам.долларын цахилгаан худалдан авч байгаа. Мөн урд хөрштэй хил залгадаг бүх боомт Хятадаас эрчим хүчээ авдаг. Тэгвэл манай улсын ирээдүй рүүгээ харсан том ажил бол “Гобитек” буюу сэргээгдэх эрчим хүч гаргаж авах боломж юм. Эдийн засгаа ногоон болгох зорилттой Хятадын тал үүнийг сонирхох нь гарцаагүй. Манайх говийн нарны эрчим хүчээр урд хөршийг хангах бүрэн боломж бий. Тиймээс хоёр улсын хооронд нь цахилгааны шугам татах асуудал байна. Дээрээс нь Оросоос манайхаар дамжаад Хятад руу цахилгааны утас дамжуулах том ажил яригдаж байгаа. Үүнийг ярихаас өмнө ядаж Монгол Хятадын экспорт импортынхоо хууль
1912 эрх зүйн үндсийг нь тавиад явах нь чухал бөгөөд энэ мэт маш тодорхой асуудлуудыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах үеэр хөндөгдсөн юм. Манай улс АПЕК-д элсэх хүсэлтээ тавьсаар ирсэн. Харин АПЕК олон жилийн өмнөөс шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг тавиад байсан юм. Өнөө жил АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох бөгөөд БНХАУ даргална. Нэгэнт АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй гэсэн хориг 2013 онд дууссан бөгөөд Хятадын тал манайхыг зочноор урина гэдгээ Си Жиньпин манай Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дурдсан юм. Ийнхүү дэлхийн лидерүүд цугларч, эдийн засгаа ярьдаг энэ том арга хэмжээнд манай улс анх удаа зочноор оролцох боломж нээгдэж байна. М.МӨНХЦЭЦЭГ Өдрийн сонин. 2014.05.26 http://dnn.mn/монголд-олон-боломж-авчрах-шанхайн-уулзалт/ "77 хятад" бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов Болив Улсын Санта Круз хотноо энэ сарын 14-15-нд Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлгийн дээд хэмжээний уулзалт боллоо. Тус бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хурлын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга Жон Аш нар хүндэт зочноор уригдан оролцсоноос гадна дэлхийн 133 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баярын илгээлтийг уншиж танилцуулаад гарын үсэгтэй хувийг хуралдааны даргад гардуулав. Түүнчлэн, Дэд сайд Д.Ганхуяг хуралдааны үеэр 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, Элчин сайдтай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хөгжиж буй орнуудын “77+Хятад” бүлэгт НҮБ-ын гишүүн орнуудын гуравны хоёр багтаж, дэлхийн хүн амын 77 хувь, эдийн засгийн 43 хувийг уг бүлгийн гишүүд эзэлдэг. Энэхүү бүлэг НҮБ-ын хүрээнд дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хөгжиж буй орнуудын тэгш эрхийг хамгаалах, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих гол зорилготой бөгөөд манай улс тус бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. Хурлын төгсгөлд Санта Крузын Тунхаглалыг гаргав. Өдрийн сонин. 2014.06.16 http://dnn.mn/77-хятад-бүлгийн-дээд-хэмжээний-уулзалтад-оролцов/
1913 Хятад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ БНХАУ-ын Засгийн газар болзол хангасан гэр бүлийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хагас зуун жилийн турш үргэлжилсэн “Нэг гэр бүл нэг хүүхэд” хууль жендерийн асуудалд ноцтой зөрчигдөж, хөгшрөлт газар авч буйтай тэмцэх зорилготойгоор тодорхой болзол хангасан, хүндэтгэх шалтгаантай гэр бүлд хоёр дахь хүүхэд гаргахыг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулжээ. Тус хуульд “Гэр бүлийн нэг нь өргөмөл хүүхэд буюу одоо төрийн албан хаагч”, “0- 3 насандаа эцэг, эхээ алдсан”, “500 сая юань буюу түүнээс дээш хөрөнгөтэй мөртлөө эцэг эхийн нэг нь хорт хавдар эсвэл хүнд өвчнөөр өнгөрсөн”, “18 нас хүртлээ асрамжийн газарт амьдарсан одоо төрийн албан хаагч” гэх мэт болзол хангасан гэр бүлийг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. НҮБ-ын судалгаагаар “Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэнээр 2020 онд хамгийн багадаа 2.5 сая хүүхэд төрнө” гэсэн байна. Өдрийн сонин. 2014.07.02 http://dnn.mn/хятад-хоёр-хүүхэдтэй-болохыг-зөвшөөрчээ/ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг тавтай айлчлахыг хүсээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Өвөрмонголын өөртөө засах орон чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь, Монгол Улстай цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго гэдгийг онцлоод энэхүү уулзалтад оролцсон өөрийн талын төлөөлөгчдийг танилцуулсан юм. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Арвин нар байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Өдрийн сонин. 2014.07.07 http://dnn.mn/ уих-ын-дэд-дарга-р-гончигдорж/ Шадар сайд Д.Тэрбишдагва Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
1914 Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, уул уурхай, төмөр зам, чөлөөт бүсийн асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь Монгол Хятад улсын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хоёр талын харилцаанд гүүр болж байдгийг онцолж, ноён Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр улсын болон ӨМӨЗО, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд маш том түлхэц болно гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр, хил дамнасан аж үйлдвэр, худалдааны чөлөөт бүс байгуулах болон зөвхөн уул уурхайн салбараас гадна аж үйлдвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн Хөх хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газрын асуудлыг нааштайгаар шийдсэнд талархал илэрхийлээд, газрын асуудлыг ойрын үед эцэслэн шийдвэрлэхийг хүслээ. Мөн ӨМӨЗО-нд хийгдэж буй шинэ бүтээн байгуулалт, ололт амжилтын туршлагаас судлахын сацуу ялангуяа Ардын эмнэлгэтэй харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва, хоёр талын боомтын захиргаа жил бүр ажлын уулзалт хийж байх саналыг дэвшүүлсэн юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь, төлөөлөгчдийг цаг зав гарган тусгайлан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, анхны айлчлалын томилолтоо Монгол Улсаас эхлүүлж байгаад баяртай байгаагаа дуулгав. Мөн тэрээр, сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ баялаг болон өргөжиж байгааг тэмдэглэж, зөвхөн эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарт харилцааг өргөжүүлэх нь чухал гэлээ. Хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр ярилцаж, гарын үсэг зурсан урт, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь чухлыг мөн тэрээр онцолсон. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын тавьсан бодит асуудлуудыг хамтын ажиллагааны хүрээнд нарийн судалж үзэх шаардлагатайг тэмдэглээд, хоёр тал хамтран чармайж ажилласны үр дүнд тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв Өдрийн сонин. 2014.07.07 Өдрийн сонин. 2014.07.07 Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж магадгүй
1915 Арван жил ажиглагчйн статустай байсан Монгол Улс Еврази болон Зүүн Азийн улсуудаас бүрдсэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) бүрэн эрхт гишүүн болж магадгүй гэж БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдлээ. “ШХАБ-ыг хөгжүүлэх асар их боломж бидэнд байна. Энэ байгууллага нь одоогоор таван ажиглагч, яриа хэлцээний гурван түнштэй” гэж тус байгууллагын 13 жилийг тохиолдуулан Бээжин хотноо хийсэн хүлээн авалтын үеэр Ван И хэлсэн юм. “Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас бид зурвас хүлээн авсан. Үүний агуулгыг бид хараахан нарийвчлан нягтлаагүй байгаа ч сайны дохио гэж үзэж байна. 10 жил хэдийн өнгөрсөн байна. Монгол Улсад ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статусыг олгоход бэлтгэх цаг болжээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. ОХУ, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан болон Узбекистан нь 2001 онд байгуулагдсан, Бээжинд төвтэй ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн юм. Аюулгүй байдлын энэ байгууллага нь гишүүн улсууд дундаа терроризм, хэт давруу үзэлтнүүд газар авахтай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэж, улс төр болон худалдаа зэрэг бусад салбарт хамтран ажилладаг билээ. Афганистан, Энэтхэг, Иран, Монгол болон Пакистан улс ажиглагчийн статустай бол, Беларусь, Шри-Ланк болон Турк улс нь тус байгууллагын яриа хэлцээний түнш юм Өдрийн сонин. 2014.07.15 http://dnn.mn/му-шанхайн-хамтын-ажиллагааны-байгууллагын-гишүүн-болж-магадгүй/ Тэнгэрт диваажин, Газарт Сужоу Дорнын Венец Хятадын Энхтайван хөгжлийн сангаас Хятадын Ардын Их сургуультай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн хэвлэл мэдээллийн чиг хандлага” сэдэвт сургалт аялалд оролцох боломж тохиов. Тус сан МАН-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багийг урьсан нь энэ ажээ. Энэ удаагийн сургалт аялалд Монголын хэвлэл мэдээллийн арав гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тав хоногийн сургалтыг Бээжинд хийгээд эдийн засгийн загвар хот Шанхай, дорнын Венец хэмээн нэрлэгддэг Сужоу хотоор аялах маршрутыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэжээ. Хятад улс зарим талаараа гадаад мэдээллийн сүлжээнээс хаалттай байгаа боловч интернэтийн өөрийн гэсэн дотоод сүлжээгээ бий болгож чадсан аж. Манай багийнхныг Синьхуа агентлаг, Хятаддаа алдартайд тооцогдох QQ.com, Baike.com сайтуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Дэлхийд алдартай Синьхуа агентлаг бүтэц, туршлагын хувьд дээгүүр жагсдаг ч орчин үеийн мэдээллийн хурдаас хоцрохгүйн тулд шинэ мэдээний албыг байгуулжээ. Тус албыг агентлагийн ирээдүйн гол хүч болно гэж үзэж буйгаа ч Синьхуагийнхан илэрхийлж байсан. QQ.com, Baike.com сайтуудын хувьд дэлхийг хэрээд буй Google,
1916 Facebook-ээс хандалтын тоо, ашиг орлогоороо илүү гарна уу гэхээс дутахгүй гэж танилцуулсан. Ер нь автобус, метрогоор зорчигчид гар утас, таблетаа ширтээстэй л суугаа нь харагдана. Тэгэхээр тэдний танилцуулга бодит үнэнд дөхөж очих байх. Орчин үед гар утас, интернэт сүлжээ хүн бүхний хэрэглээ болсон. Ухаалаг гар утас болон олон төрлийн төхөөрөмжөөр мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулдаг ч бодит мэдээлэл тэр бүр авч буй нь эргэлзээтэй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэлд интернэт хүч түрэн орж ирсэн ч уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, радио чухал үүрэгтэй хэвээр байгаа талаар Хятадын их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын үеэр голчлон хэлж байлаа. Хятадын Иргэний их сургуулийн мэдээллийн сургуулийн профессор Шенг Бао Вэйн хэлснээр сонин дөрвөн зууны тэртээгээс тэргүүлэх байр сууриа алдалгүй явж иржээ. Одоогоос 100 жилийн өмнө буюу радио үүсч бий болоход сонингийн эрин үе дуусна гэж үзэж байж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхогчдын тоо буурсангүй. Жараад онд телевиз гээч цоо шинэ юм гараад ирж. За одоо сонин ч байхгүй болно гэцгээж. Гэтэл сонин уншигчийн тоо улам нэмэгдэж. Ерээд онд интернэт сүлжээ дэлхийг хэрж эхэлсэн. Тэгсэн ч сонин тэргүүлэх байраа тавьж өгсөнгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдуулаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хурд, өгөлт, дамжуулалт, чанартаа онцгой анхаарч шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг ч дурдаж байсан. Тус улсад анхны вэб сайт 1994 онд шангаа татаж байсан бол өдгөө интернэт хэрэглэгчийн тоо 600 сая хол давжээ. Хятадын жиргээчид ч twitter-ийнхнээс дутахааргүйгээр жиргэдэг гэнэ. Нэгэн зурагтай жишээг сургалтын үеэр үзүүлсэн юм. Хятадын тэргүүн хатагтай Iphone утсаар ярьж буй зураг хэвлэлд гарч жиргээчдийн нүдэнд өртчихөж. Улмаар жиргээчдийн шүүмжлэл ч өрнөж. Үүний дараахан Хятадын дарга Си Жин Пиний гэргий эх орны үйлдвэрийн Nubia гар утсаараа “гангарах” болсон аж. Бээжинд бидний сонирхсон газрын нэг бол Хориотой хот буюу хааны ордны цогцолбор. Гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг. 1406-1420 онд баригдсан энэхүү цогцолбор нь том жижиг 980 барилгаас бүрддэг. Найман мянга гаруй өрөөтэй. Өрөө бүрт нэг хоноод явахад 24 жил зарцуулах юм гэсэн. Хориотой хот нь 500 жилийн турш хаадын төрийн үйл хэрэг явуулдаг гол төв байжээ. Сургалт-аяллаа өндөрлөөд дурсгалын зургаа татуулав. Бээжингээс Шанхай хүртэл ойролцоогоор 1500 км зайтай. Бидний хөлөглөсөн хурдны галт тэрэг таван цаг давхиад хүрэв. 300 км/цагийн хурдтай давхиж явааг вагон доторхи хурдны заалт байнга заах нь харагдана. Газрын түвшнээс дээш 5-6 метр өндөрт тавигдсан төмөр замаар цахилгаан ашиглан утаа тортоггүй, тоос шороогүй орчинд зорьсон газраа түвэггүйхэн хүрэх нь тун амар. Санаагаар болдогсон бол Улаанбаатарын “агаар”-т ийм зам тавиад метро явуулчихвал түгжрэл, бөглөрөлгүй болох байх даа гэсэн гэнэн бодол тээж явлаа. Зам дагуух хотуудад ердөө гурван минутын хугацаатай саатна. Зорчигчид энэ хугацаанд амжиж бууж, суух ёстой юм билээ. Шанхай хот хорь гаруй сая хүнтэй. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Аргагүй л эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Бидний
1917 танилцсан худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Олон давхар замтай учир автомашины түгжрэл харьцангуй бага. Гэхдээ манайд автомашин худалдаж аваад дугаараа зүүдэг бол энд эсрэгээр. Дугаартай болсныхоо дараа машинаа худалдаж авна. Автомашины дугаар харьцангуй үнэтэй. Бээжинд дунджаар 20 мянган юань бол Шанхайд 80 мянган юань буюу манайхаар 24 сая төгрөг. Хотын төвд тэнгэр баганадсан нэгэн барилга баригдаж дуусах шатандаа орж байлаа. Энэ аварга “амьтан”-ыг өндрөөрөө гүйцэх барилга дэлхийд одоогоор байхгүй юм гэсэн. Алдарт “Forbes” сэтгүүлийн Хятад дахь салбар Шанхайд төвлөрдөг. Биднийг тус салбартай танилцаж байх мөчид Улаанбаатарт “Forbes” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдлээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав. Сужоу хот Бидний дараагийн буудал Шанхайгаас зуугаад км зайтай орших Сужоу хот. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Бас сайн чанарын торго, дурдангаараа алдартай. Италийн Венец адил зарим барилгууд нь усаар хүрээлэгдсэн. 12 сая хүн амтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Эртний, орчин цагийн, барууны хэлбэрийн барилгын архитектураар барьсан гурван өөр бичил хотыг Жижи Фу, Янжу Фу, Душу Фу гэсэн гурван нуурын хөвөөг дагуулан байгуулсан нь тун өвөрмөц бөгөөд“Тэнгэрт диваажин, газарт Сужоу” гэдэг хэлц үгтэйгээ дүйнэ. Их дээд сургуулиудын хотхонуудыг нэг дор төвлөрүүлсэн хот цэвэр цэмцгэрээс гадна нам гүм орчныг бүрдүүлжээ. Эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болон эртний барилга байгууламжтай хотод гадаад, дотоодын жуулчид хөлхөлдсөн хүн ихтэй бол, барууны хэв маягтай хот нь гоё ганган машин тэрэг хөлөглөсөн залуус, өнгө өнгийн гэрэл гялбасан паб, уушийн газраар дүүрэн. Дэлхийн хамгийн өндөр барилга Эцэст нь энэхүү сургалт аяллыг зохион байгуулсан Хятадын энхтайван хөгжлийн сангийн талаар товч танилцуулъя. Энэ сан нь 2011 онд байгуулагдсан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нийгмийн халамжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 2011 онд Монголд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан бол 2012 онд МХАҮТ-тай мэргэжлийн сургалтын төв байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Манай багийг ахалж явсан Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр тус сангийн удирдлагуудтай уулзах үеэрээ “ажлаа амжуулж” Улаанбаатарын хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шаардлагатай, хүүхдийн эмч дутагдалтай байгааг дуулгаад боломж байвал туслахыг хүссэн. Тус сангийнхан ч Монголд явуулах хүмүүнлэгийн ажлаа өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Хятадын Ардын их сургууль 1937 онд байгуулагдсан. Улсдаа тэргүүнд
1918 эгнээнд бичигддэг сургуулиудын нэг. Нийгмийн ухааны чиглэлээр голлон сургахаас гадна шинжлэх ухааны чиглэлүүдээр ч мэргэжил эзэмшүүлдэг. Одоо тус сургууль 20 мянга орчим оюутантай. Монголоос 25 оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм билээ. Б.ЭНХБОЛД Бээжин-Шанхай-Сужоу Өдрийн сонин /Цахим/ 2014.07.22 https://dnn.mn/ тэнгэрт-диваажин-газарт-сужоу/ Ц.ЭЛБЭГДОРЖ: Манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна Монгол, Японы бизнес форум өчигдөр эхэллээ. Форумын өмнө Японы Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Кейданрэн нь Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо юм. 2002 онд бий болсон энэхүү байгууллагад Японд болоод дэлхий дахинаа нэр цуутай 1600 гаруй компани гишүүнээр нь ажилладаг. Хувь хүн, байгууллага ялгахгүйгээр шударга зарчмаар ажиллахыг эрхэм болгосон энэ байгууллага гаргасан шийдвэрүүдээрээ Японы төр засгийн бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрчлөх, байгаль орчны асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм байна. Энэ үүднээсээ Япондоо хүчтэйд тооцогддог байгууллага. Харин өчигдрийн бизнес форум тус байгууллагын байранд боллоо. Хурлын эхэнд Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара үг хэлсэн юм. Тэрээр “Монголд бизнес хийх сонихолтой япон компаниуд бий. Ойрын жилүүдэд Монгол Улс ашигт малтмалаар дамжуулан эдийн засгаах өргөжүүлэх зорилготой байна. Үүнийг ч Японы хөрөнгө оруулагчид найдвар хэмээн харж, том бломж гэж үзэж байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд чөлөөтэй, тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа. Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих үедээ ирээд байна. Өнөөдрийн форум хоёр орны эдийн засгийн шинэ эринийг нээх боломж болно” гэв. Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр “Энд Монголын бизнесийн салбарын 130 гаруй төлөөлөгч ирсэн байна. Японы талаас 180-аад төлөөлөлч иржээ. Үдээс хойш хоёр талын бизнесийнхний танилцах уулзалт болно. Үүнд Японы талаас 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно гэсэн сайхан мэдээ байна. Ийм өргөн хүрээтэй анхны том уулазалт Токиод болж байгаад баяртай байна. Үр дүнд нь итгэлцлийн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна. Монгол УлсынЯпонтой харилцах харилцаа эртний түүхтэй. Түүхийнхээ онцгой мөч бүхэнд бид Япон улстай харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тодорхой жишээ дурдъя. Хубилай хаан ширээнд суусан цагтаа Японы хаантай харилцаа тогтоох захидал илгээсэн байдаг. Энэ захидлын хуулбар Японд хадгалагдаж байна. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаан тусгаар тогтнолоо
1919 хүлээн зөвшөөрүүлэхээр элч илгээж байсан. 1990 онд тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар тусламж хүссэн захиаг Япон руу илгээж байжээ. Энэ бол Японтой түүхийн чухал үеүдэд харилцаж, түнш гэдгээ бататгахыг зорьж байсан эрмэлзлэл. Монгол Улстай найрамдал хамтын ажиллагаа тогтоох гэсэн оролдлого 1960-аад оноос иргэдийн дунд хүчтэй өрнөсөн. Монгол Улстай хамтын үйл ажиллагаа өрнүүлдэг сайн дурын 70 гаруй нийгэмлэг байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье. 1990 онд ардчилал, зах зээлд шилжихэд Японы ард түмэн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улс өөрөө туслаад зогсоогүй, банк санхүүгийн байгууллагыг Монголд ажиллуулахыг эрмэлзэж иржээ. Бидний хүнд үед байнга тусалж ирсэн Японы ард түмэн, танай Засгийн газарт үргэлж талархаж явдаг. Хүний тусыг бүү март гэж бидний өвөг дээдэс сургасан байдаг. Та бүхний тусыг бид мартахгүй. Японы дэмжлэг нүдээ олсон тусламж байсан шүү гэдгийг цохон хэлье. Монголчууд өвлийн хүйтэнд гал алдахад манай цахилгаан станцид тусалж байлаа. Нийтийн тээвэр зогсч бид хөл дүүжлэх унаагүй болоход шатахуунаар тусалсан байдаг. Гал команд, түргэн тусламжийн машин хуучраад зогсоход та бүхэн урьдчилан харж тусалж байлаа. Шилжилтийн үед монголчууд хөдөөгөөс хот руу нүүж, сурах сургууль, цэцэрлэггүй болоход Япон улс тусламжаар олон арван цэцэрлэг барьж өгсөн. Өдгөө энэ цэцэрлэгт 55 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байна. Энэ мэт тусламж дэмжлэгийн сайн үйл хэрэг өнөө жилээр дуусгавар болж байна. Япон улс манайд орчин үеийн эмнэлэг барьж өгснөөр тусламжийн ажлаа өндөрлүүлнэ. Ингээд манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна. Япон улсын Монголд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухай яагаад энд онцлов гэхээр энд ирсэн та бүхний ажилладаг япон компаниудын татварын мөнгө Монголд тусламж болж ирж байсан. Та бүхний зүтгэж олсон тэр мөнгө Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас үүнийг онцолж байгаа юм. Тэр үед дөнгөж эхээс төрсөн унага тэнцэж ядаж байсан бол өнөөдөр Монголыг хөгжилд хүргэх агт болж өсчээ гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн арван жил Монголын ДНБ-ий хэмжээ олон дахин нэмэгдсэн. 1990 онд 500 сая ам доллар байсан бол өдгөө 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ босч чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын арван жилд дунджаар арван хувь байх тооцоо гарсан. Гэхдээ энэ нь уул уурхайгаас хэт хамаарсан өсөлт. Тэгэхээр цаашдаа энэ хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байна. Цаг нь алт болсон ажил хэрэгч хүмүүс ирсэн учраас энэ уулзалт руу яриагаа чиглүүлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзахад энэ уулзатлтыг хийх санаа төрсөн. Монголын Японтой харилцах хамтын ажиллагаа цөөн салбарт төвлөрч, цар хүрээ нь хэдхэн компаниас хальж чаддаггүй байлаа. Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ ч бага байна. Японы Монголд хийж байгаа хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Худалдааны хэмжээ нь 100 сая доллараас хэтрэхгүй байна. Ер нь манай эдийн засгийн харилцаа унтаа байдлаас гарах хэрэгтэй байна. Үүнд өнөөдрийн уулзалт чухал нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Япон, Монголын хувьд хамтарч судалъя, үйлдвэрлье, борлуулъя гэдэг бизнесийн харилцааг баримтлахаар зорьж байна. Мөн хувийн хэвшлийн санаачилгаар бус хоёр талын Засгийн газраас хамтарч дэмжье гэдэг чиглэл рүү анхаарлаа хандуулж байна. Монголын эдийн
1920 засаг, зах зээл бага гэдэг. Гэхдээ дэлхий дахинд бидний үлдээсэн мөр том гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс дэлхийн зах зээлд хамтдаа гаръя. Зөвхөн Монголын зах зээл рүү биш дэлхийн зах зээл рүү чиглэсэн хамтын ажиллагаа явуулъя. Монгол Улсын байршлыг та бүхэнд мэднэ. Хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хөршүүд хоёр талд маань байна. Ямар учраас өнөөдөр бид энд ирэв ээ. Цаг нь болсон, одоо хөдлөх хэрэгтэй гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. Одоо хийе, хөдөлье. Энэ ажлыг хийхэд нөхцөл байдал бүрдсэн. Нэгт хоёр орны улс төрийн түвшний, иргэд хоорондын харилцаа ойлголцлын түвшинд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай орнууд нь манай хоёр орон байна. Мөн олон талын хүчин чармайлт гарган ярьсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд байгуулах нөхцөл бүрдлээ. Хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн түншлэлийн хэлцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ хэлэлцээрийг УИХ-аар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Монголд эдийн засаг, хөрөнгө оруулалтын суурь болсон банкны харилцаа идэвхтэй сэргэж байгаа. Одоогоор Японы хоёр банк Монголд, Монголын хоёр банк Японд салбараа нээх гэж байна. Энэ бол манай банкууд нэг стандарттай, нэг зарчмаар явах боломж хангагдаж байна гэсэн үг. Цаг нь болсон гэж хэлж дөрөв дэх шалтгаан бол боловсон хүчин байгаа. Энэ чиглэлд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Цаашдаа ийм хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Японы хөнгөлттэй зээлээр Япон улсад 1000 инженер бэлтгэхээр зэхэж байна. 5000 мэргэжилтэй ажилтныг сургах талаар ярьж байна. Төгсгөлд нь хэлэхэд хоёр талын эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал. Монгол Улс сайн зүйлээ авч үлдэхийг оролдож байна. Япон улсын хувьд өндөр технологи, боловсон хүчнээ гадагш нь гаргаж, шинэ баялаг бүтээх бодлоготой байна. Энэ хоёр эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал юм. Ярианыхаа дараагийн хэсэг рүү оръё. Монголын онцлог юу байна гэдгийг хэлье. Монгол Улс өөрөө нээлттэй. Сүүдрээ, дутагдлаа нуудаггүй төр засагтай. Иргэдийнхээ хэлж байгаа, түншүүдийнхээ үгэнд чих нээлттэй. Улс төр нийгмийн салбарын өөрчлөлтийн хувьд айдгаа ардаа хийж байгаа улс. Нөгөө талаар нээлттэй нийгэм гэдэг бол суралцах үйл явц гэж боддог. Бид алдаа хийдэг, түүнийгээ засахын төлөө ажилладаг хүмүүс. Монголд хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Эдийн засгийн зурвас өсөлтийг удаан байх юм шиг санаж явжээ. Иргэддээ бэлэн мөнгө тарааж, төсвийн зарлагыг ихдүүлсэн дутагдал бидэнд байсан. Гэвч 2012 оны сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хуулиараа хориглосон. Хөнжлийнхөө хэрээр жийх ёстой гэдэг сургамж авч байгаа. Бизнест оролцох төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн. Хувьчлалыг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлээ дэжмих нь хамгийн гол хүчин зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалтад төрөөс хувь эзэмшинэ гэдэг зүйл зогссон. Жишээ нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагүй гэдэг шийдвэр гаргасан нь сайны дохио. Бид энэ зарчмыг хуульдаа тусгаж өгнө. Одоо эрх зүйн орчин Монголд ямар байгаа талаар хэлье. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Газрын тосны хуулийг шинэчилсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөр нэг сайн шинэчлэл бол хууль, шүүхийн байгууллагад ахиц гарч байгаа. Олон улсын авлигын эсрэг тооцоогоор
1921 авлигын түвшин байнга буурч байгаа оронд манай улс тооцогдож байгаа. Энд байгаа хөрөнгө оруулагчид сонссон байх. Оюу толгой, Таван толгойн талаар дуулсан байх. Оюу толгойн талаар мэдээлэл өгье. Одоогоор дэлхий дээр ажиллаж байгаа их нөөцтэй ордын нэг гэдгийг та нар мэднэ. Оюу толгой 2014 онд 2.6 тэрбум ам долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийхээ 1.2 тэрбумыг нь хийсэн байна. Оюу толгой ашиглалтад орохоос өмнө Эрдэнэт үйлдвэр байсан. Одоо ч амжилттай ажиллаж байна. Гэтэл Оюу толгой Эрдэнэтээс 40 хувиар илүү байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтворжсон гэдгийг хэлье. Таван толгойтой холбоотой мэдээлэл өгье. Энэ бол коксжих нүүрсний том орд юм. Үүнийг хувийн хэвшил хариуцах нь зөв гэсэн байр суурь ойлголтод хүрч байгаа. Таван толгойд оролцох сонирхолтой компанитай манай хувийн хэвшлийн компани гэрээ хийгээд, шаардлагатай бол төр дэмжих бодлого барьж байна. Таван толгойг эргэлтэд оруулах ажил удааширсан нэг нөхцөл нь дэд бүтэцтэй холбоотой. Удахгүй тавдугаар цахилгаан станцыг барина. Энэ баригдвал Таван толгойг эрчим хүчээр хангана. Таван толгой, Оюу толгойн бүтээгдэхүүнийг зөөх авто зам дуусч байгаа. Төмөр замын асуудлыг нэлээд хэлэлцсэн. Одоо УИХ шийдвэрээ гаргана. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс Японы хөрөнгө оруулагчдад ямар боломж байна гэдгийг хэлье. Манай Засгийн газрын түвшинд эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ бодлогуудыг ямар зарчмаар өрнүүлэх вэ гэдгээ Абэ Ерөнхий сайдтай уулзаж ярина. Мөн уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахаар бид сонирхож байгаа. Үйлдвэр худалдааны байгууллагын бааз суурийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс банк санхүү, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилга хот байгуулал, аялал жуулчлал, дамжин өнгөрөх тээврийн түшиц газар байх боломжтой. Монголчууд Японы зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлээд Японы бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд хамтарч оролцох сонирхолтой байна. Японы хөрөнгө оруулагчдаас болгоомжлох салбар бидэнд бараг байхгүй. Японы хөрөнгө оруулалт орох тусмаа сайн гэж үзэж байгаа. Монгол Японы эдийн харилцаанд нэг онцлог байдаг. Яагаад гэвэл бидэнд хоёр хөршийг дамжиж харилцах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харилцах нь хамгийн чухал. Бид хоёр хөрштэйгээ ижил түвшинд харилцахыг эрмэлздэг. Хөрөнгө оруулалт эдийн засаг худалдааны хувьд манай гурван улсад дамжин өнгөрөх тээврийн асуудал чухал байдаг. Энэ талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдсэн. Ерөнхий асуудлууд шийдэгдэж байгааг хэлье. Хятадын дарга Си Жинпин ирэх наймдугаар асард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сард Монголд ирнэ. Хятад улсын хувьд нүүрс боловсруулах, дэд бүтцийн салбарт манайхтай хамтран ажиллахаар бэлтгэж байна. ОХУ-тай төмөр зам, хоёр улсын иргэдийн визгүй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааны зураг гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгая. Монгол, япон хүмүүсийг нэтгэдэг нэг зүйл байдаг. Тэр бол хөх толбо.Үүнийг монголчууд тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Эхээс төрөхөд тэнгэр тамгалж өгдөг ийм хүмүүсийн үр хойч юм аа. Тиймээс дэлхийд нэг мөртэй явцгаая. Дэлхийн өнгийг газарт буулгаж, дархлах ажлыг хамтдаа хийцгээе. Хөх толбо бол тэнгэрийн өнгө. Энэ уулзалтаар
1922 бид дэлхийд хамт мөрөө гаргаах үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэ мөр дэлхийн зах зээлд мянга мянгаараа дурайх болтугай”гэсэн юм. Түүнийг ийн үг хэлсний дараа Японы Мицүбиши банкны ажилтан ингэж ярилаа. “Таны ярианаас тодорхой мэдээлэл авлаа.Манайх Японы хамгийн том банк. Гадаад харилцааг өргөн хөгжүүлдэг. Монголтой албан ёсны тусламжийн харилцаа өрнүүлж байсан. Манай банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ерөнхий сайд Абэгийн уриалж байгаагаар ардчилал, энх тайван, харилцан туслалцах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гэж та ярилаа. Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалыг татах бодлого баримталж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас болж Монголд гадаад валютын нөөц багаслаа. Энэ тал дээр бид санаа зовж байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ. Япон, Монгол хамтдаа дэлхийн зах зээлд гаръя гэж байна. Аливаа гадаад орны зах зээлд оролцоход хүлээж авч байгаа орны идэвх зүтгэл маш их шаардлагатай байдаг. Монголын тал Японыг халуун сэтгэлтэй хүлээж байгааг ойлголоо. Мөн Япон Улсад Монголын хөрөнгө оруулалтын агентлагийг нээх талаар бодохгүй юу” гэв. Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмрийг халуун дээр нь давт гэж үг бий. Ийм үе Монголд иржээ. Ялангуяа Япон улсад Монголд хөрөнгө оруулах боломж байна. Олон улсын зах зээлийг судалдаг байгууллагуудын үнэлгээ бол Монголд өгч байгаа анхааруулга гэж үзэж байна. Алдаатай явуулж ирсэн бодлогуудаа зас, түншүүдтэйгээ ажлаа эхэл гэсэн анхааруулга. Монголын хөрөнгө оруулалтын орчин нээлттэй байдлаасаа сайжрах чиглэл рүү орно. Засгийн газрын хамтын ажиллагааг хангах байнгын механизмтай болох талаар Абэ Ерөнхий сайдтай ярина. Өнөөдөр энд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай алба хашдаг хүмүүс ирсэн байна. Гадаад валютын болон бусад асуудлаар тодорхой хариулт өгөх байх” гэлээ. Я.МӨНГӨНЦЭЦЭГ Өдрийн сонин. 2014.07.22 Хятад монголын хамтарсан төрийн өмчит компани байгуулахаар төлөвлөжээ Уул уурхайн яамны мэдээлснээр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай хамтран нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд наймдугаар сард хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах юм. Түүнчлэн ирэх сард багтаан энэхүү компанийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа боловч ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа илүү нарийвчилсан байдлаар хөрөнгө оруулалтыг тодорхойлох аж. Монгол хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ
1923 Монгол Улс Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцээрийг ирэх сард хийхээр төлөвлөж байна. Ингэснээр гадаад худалдаанаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлэхдээ "Нүүрснээс газ гаргах үйлдвэр барьж, Хятад руу нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байна" гэжээ. Тэрээр үйлдвэрлэл 2019 онд эхлэхээр төлөвлөгдсөн байгаа гэлээ. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Ирэх сард Монголд болох Хятадын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Sinopec Group-тэй урьдчилсан гэрээ байгуулахаар зорьж байна. Харин зардал, хэмжээ, хэн нь нүүрс олборлох вэ гэх зэрэг нарийн асуудал хараахан шийдэгдээгүй байна” гэв. М.Эрдэнэ Өдрийн сонин. 2014.07.26 Хятадтай хийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна БНХАУ-тай ирэх сард хийн төсөл болон хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар манай улс төлөвлөж байна. Ингэснээр дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог БНХАУ нь Монголын эрчим хүчний нийлүүлэлтийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд туслах боломж бүрдэх юм. Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээр нь дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт н Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хятадын “Sinopec” газрын тос-химийн корпорацийн захирал Фу Ченгю нар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Хүрэн нүүрсийг гүн боловсруулж, шатах хий гарган авах хоёр үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийх нь 95 хувийг БНХАУ руу хийн хоолойгоор нийлүүлнэ. Тодруулбал, 2019 оноос Монгол Улсад шатах хий үйлдвэрлэж эхэлнэ” гэж мэдэгдсэн юм. Ирэх наймдугаар сард Хятад улсын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр “Sinopec” групптэй урьдчилсан гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Токио хотноо ярилцлага өгөхдөө мөн хэлсэн. Гэхдээ үнэ өртөг, хэмжээ, үйлдвэрүүдэд шаардлагатай нүүрсийг хэн олборлох зэрэг асуудлаар хараахан зөвшилцөлд хүрээгүй байгаа ажээ. Өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд гадаад улсуудаас хий аван, нөөцөлж буй Хятад улсад байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын гэрээг өнгөрсөн тавдугаар сард ОХУ байгуулсан билээ. Хятадтай хийн гэрээ байгуулах дараагийн улс нь Монгол болох гэж байна. Өдрийн сонин. 2014.08.06
1924 Цахиагийн Элбэгдорж: БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал хоёр орны харилцаанд дэвшил гаргаж, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ өчигдөр /2014.8.15/ БНХАУ-ын сэтгүүлчидтэй уулзаж, ярилцлага өглөө. БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийхийн өмнө хүрэлцэн ирсэн, Хятадын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: 1. Сун гуанюун (Sun Guangyong) “Renmin ribao” сонины олон улсын газрын олон улсын мэдээллийн редакцийн 2-р хэлтсийн дэд дарга 2. Фэн Жань (Fengjian) Шинхуа Агентлагын олон улсын газрын ахлах сэтгүүлч 3. Шяо Умин (Xiao Wuming) CCTV-ийн редактор 4. Тун Лагэ (Tong Lage) Хятадын олон улсын Радиогийн зуун хойд Ази, төв Азийн бүс нутгийн радио төвийн байнгын орлогч дарга 5. Чю Бо (Qiu Bo) “China Daily” сонины олон улсын газрын сэтгүүлч 6. Ма Жинхуа (Ma Zhenhua) “Guangming Daily” сонины харъяат ажлын газрын дэд дарга 7. Чи Пин (Qi Ping) “Economic Daily” сонины ерөнхий редакцийн газрын дэд дарга 8. Бай Тяньтянь (Bai Tiantian) “Global Times” сонины англи хэлний хэвлэлийн дотоод мэдээллийн сэтгүүлч, редактор 9. Ше Кайхуа (Xie Kaihua) “Reference News” сонины тусгай сэдвийн редакцийн газрын дэд дарга 10. Фан Юан (Fang Yuan) Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн газрын 3-р нарийн бичгийн дарга 11. Ян Тао (Yang Tao) “China Daily” сонины сурвалжлагч 12. Лей Хао (Lei Hao) CCTV-ийн сурвалжлагч 13. Ван Нинь (Wang Ning) Шинхуа Агентлагын сурвалжлагч нар байлцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-оос ярилцлага авлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхэн хоёр орны харилцааны асуудлуудыг сонирхож байгаа байх. Хамгийн гол нь энэ сард хийх гэж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний төрийн айлчлал та бүхний анхаарлын төвд байгаа байх. Ингээд та бүхэнд асуух боломж олгоё. Сэтгүүлч: -Таны энэ өдрийн амгаланг айлтгая. Та цаг зав гаргаж манай сэтгүүлчдийн төлөөлөгчдийг хүлээн авч ярилцлага өгч байгаад баяртай байна. Энэ онд Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа зогсолтгүй, тогтвортой хөгжиж ирлээ. Бас хоёр орны харилцаа хамгийн их хөгжиж байгаа сайхан үе ирээд байна. Бүх салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн. Хоёр орны хооронд дээд хэмжээний харилцан айлчлал нэмэгдэж байгаа нь стратегийн түншлэлийн харилцаанд сайн суурь болж байна. Төрийн тэргүүний хувьд та хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар ямар бодит саналтай байна вэ. Ямар тодорхой арга хэмжээ авах вэ? Баярлалаа.
1925 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс нь БНХАУ-тай анхлан дипломат харилцаа тогтоосон, БНХАУ-тай хиллэж буй орнуудаас хамгийн урт хугацаанд дипломат харилцааны түүхтэй явж ирсэн цөөхөн орны нэг гэж хэлж болно. Сая тэмдэглэж хэлснээр 65 жил болж байна. Монгол Улс БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн. Одоо БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Стратегийн түншлэлийн харилцаа гэдгийг бид ойлгохдоо энэ харилцааны онцлог нь хоёр ард түмний язгуур эрх ашигт нийцсэн харилцаа гэж ойлгодог. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол энэ харилцааг агуулгын хувьд улам баяжуулж байна гэж ойлгож болно. Энэ чиглэлд би таван зүйл харж байгаа. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг утгыг авахад, нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд бид ажиллах нь ээ. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих нь ээ. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гарах нь ээ. Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэр улам баяжих нь ээ. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гарах нь ээ. Саяын хэлсэн энэ чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг Си Зиньпин даргын айлчлалын үеэр байгуулна гэж итгэж байгаа. Сэтгүүлч: -Өнөөдрийн байдлаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болж байна. БНХАУ нь 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс төдийгүй гадаад худалдааны томоохон түнш байсаар ирлээ. Манай хоёр улс гадаад худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтрахаас гадна нэг нэгийнхээ сул талыг нөхөх бүрэн боломжтой юм. Энэ үүднээс БНХАУ нь Монгол Улстай гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт харилцан ашигтай хамтдаа тэргүүлж ажиллая гэсэн саналтай байгаа. Үүний хүрээнд БНХАУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн бодлогыг анхаарч байна. Си Зиньпин даргын айлчлалтай холбоотойгоор та хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх болон томоохон хэрэгжих гэж буй төслүүд дээр хамтран ажиллах талаар ямар байр суурьтай байгаа вэ. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Асуусан асуултад хариултын нэлээд хэсэг байх шиг байна гэж ойлгож байна. БНХАУ нь Монгол Улсын хувьд худалдааны болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш орон юм. Үүнийг ойрын жилүүдэд эрс нэмэгдүүлэх боломж байгаа гэж бид харж байгаа. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах явдал бол Монгол Улсын худалдаа, эдийн засгийн бодлогын нэг гол чиглэл байгаа юм. Энэ чиглэлээр саяхан УИХ-аас тодорхой хууль, шийдвэрүүд гарсан. Цаашдаа ч бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах талаар
1926 идэвхтэй ажиллана. Хөрөнгө оруулалт, худалдааны хувьд бид нар адил тэгш, харилцан ашигтай байх гэдэг зарчмыг голчилж баримтална. Сэтгүүлч: - Си Зиньпин дарга хөрш орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Түүний санаачилсан элэгсэг, шударга, ашигтай, хүлээцтэй гэсэн дөрвөн үндсэн бодлогыг өөринй хөрш орнуудтай харилцах гадаад харилцааны үндсэн бодлого болгож баримталдаг. Монгол Улс болоод БНХАУ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хөгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Үүний хүрээнд хоёр улс нь Азийн итгэлцлийн өндөр дээд хэмжээний хурал болон ШХАБ-д идэвхтэй оролцож байна. Тус бүс нутгийн хамтын ажилагааг өргөжүүлэхэд манай хоёр улс цаашид хэрхэн нягт хамтран ажиллах боломжтой вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хоёр орны бүс нутаг дахь харилцааны талаар Си Зиньпин дарга маш тодорхой томъёолж хэлсэн байгаа. Манай хоёр орны харилцаа нь энэ бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чадсан гэж хэлсэн. Би энэ дүгнэлттэй санал нэг байгаа. Зүүн хойд Азийн бүс нутгийн харилцаа, ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар гаргаж байгаа Монгол Улсын санаачлагыг БНХАУ-ын зүгээс дэмжиж байдагт талархаж байгаагаа энд бас хэлье. Сэтгүүлч: -Та БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй олон удаа уулзаж найз нөхөд болсон байх аа. Түүний Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр ямар хүлээлттэй байгаа вэ. Мөн хоёр орны найрсаг харилцааны урт хугацааны хэтийн төлөв дээр ямар төлөвлөгөө байгаа вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Си Зиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд онцгой ач холбогдол өгч ихээхэн анхаарал тавьж байдагт би хувьдаа их баяртай байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард Бишкект ШХАБ-ын уулзалтын үеэр тусгайлан уулзалт хийсэн. Мөн энэ оны тавдугаар сард Шанхайд болсон олон улсын хурлын үеэр Си Зиньпин дарга өглөөний цай тусгайлан барьж, хамт уулзаж, олон хүрээний сэдвээр бид ярилцсан. Си Зиньпин дарга хоёр орны харилцааны асуудалд маш их элэгсэг, чин сэтгэлээсээ асуудлыг шийдэх чиглэлийг барьж ханддаг. Энэ айлчлалын үеэр олон жил яригдсан томоохон гэрээ, хэлэлцээрүүд, манай хоёр улсын хоорондох, Засгийн газрын хоорондох гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурагдана гэдэгт итгэж байгаа. Хамгийн гол нь манай улс далайд гарцгүй улс гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тийм учраас дамжин өнгөрөх тээврийн асуудал их чухал. Дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр их амжилттай болж, зурагдах шатандаа явж байгаад баяртай байна. Си Зиньпин даргын айлчлалын үеэр энэ хэлэлцээрүүд зурагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэнэ гэж итгэж байгаа. Бас манай хувийн хэвшлийнхний хооронд тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж, тодорхой ажлууд эхлэх байх гэж найдаж байна. Сэтгүүлч: -Ерөнхийлөгч та жирийн үед чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Чөлөөт цагаа мэдээж гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ
1927 өнгөрүүлдэг. Сэтгүүлч: - Си Зиньпин даргын айлчлалын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах гэж байгаа. Монгол Улс олон улсын хүрээнд их анхаарал татаж байгаа. Монгол Улс Хятадтай харилцах харилцаа, ОХУ-тай, АНУ-тай харилцах харилцааны талаар ямар бодлого баримталдаг вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улс бол их өвөрмөц байршилтай орон. Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын хооронд дангаараа, бүхлээрээ байрладаг, дэлхий дээр байгаа цорын ганц орон. Тийм учраас манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт гэж томъёолсон байдаг. Би Монгол Улсын хувьд хоёр үнэн байдаг гэж боддог. Бид нар хөрш улсууд. Энэ бол хөдлөшгүй үнэн. Хоёр дахь нь, хөрш улсууд учраас байнга бидэнд шийдвэрлэх асуудлууд гарч ирдэг. Тиймээс бидний үед гарч ирж байгаа асуудлуудыг бид аль болохоор ард түмнийхээ эрх ашигт, мөн хөрш орнуудынхаа тавьж байгаа эрх ашигт нийцүүлж шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Бусад улстай харилцах бодлогоо бид нар гурав дахь хөршийн бодлого гэж томъёолдог. Гурав дахь хөршийн бодлого гэдэгт хоёр хөрштэй харилцах харилцаанд ямар нэг сөргөлдүүлэх юм уу, аль эсвэл хоёр хөрштэй харилцах харилцаанд тэнцүүлэх гэсэн агуулга байдаггүй гэдгийг энд хэлэх нь зөв байх. Ер нь дэлхийн бүх улс орнуудтай ижил тэгш харилцах нь мэдээж Монгол Улсын өөрийнх нь бодлого гэдгийг та бүхэн ойлгох байх гэж найдаж байна. Сая хариулсан хариултаасаа халиад хэлэхэд миний хувьд өнөөдөр БНХАУ-ын хэвлэл, мэдээллийн олон төлөөлөгчидтэй дангаар нь уулзаж байгаа бараг анхны боломж учраас асууж сонирхох зүйл байвал албан ёсоор хандсанаас гадна боломж олгоё гэж бодсон юм. Миний үндсэн мэргэжил сэтгүүлч учраас сэтгүүлч хүмүүс ийм боломжийг ашиглаад асуугаад авах юмсан гэсэн хүсэл, сонирхол байдгийг би үргэлж хүндэтгэхийг хичээж явдаг. Сэтгүүлч : -Ойрын жилүүдэд Монгол Улсын худалдаа, эдийн засаг хурдацтай хөгжиж байгаад би маш баяртай байдаг. Монгол Улс үйлдвэрлэлийн талаар ямар бодлого явуулдаг вэ. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний гүн боловсруулалтын тал дээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сул тал байгаа. Бараг нэг салбар, уул уурхайн салбараас хэт их хамааралтай байгаа. Энэ хамаарлыг багасгах явдал бол бидний эдийн засгийн бодлогод барьж байгаа бас нэг гол зорилт. Үүнийг хийхийн тулд таны асуусан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн орлогын эх үүсвэрүүдийг төрөлжүүлэх, олон болгох асуудал чухал байгаа. Бид БНХАУ-ын анд нөхөдтэйгээ уулзахдаа ч хэлдэг. Монголыг зөвхөн түүхий эд экспортлогч гэдэг байдлаар харж болохгүй. Энэ бол манай ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна. Ийм учраас Монголд байгаа байгалийн баялаг, хөдөө аж ахуйн баялгийг бид боловсруулж, үйлдвэрлэж, нэмүү өртөг шингээж зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх нь Монголын эрх ашиг юм. Мэдээж Монголд бүх зүйлийг үйлдэрлэх боломжгүй. Гэхдээ тодорхой зүйлүүдийг үйлдвэрлэх, боловсруулах
1928 бүрэн боломж байгаа. Монголын энэ бодлогыг БНХАУ-ын зүгээс ойлгож, дэмжиж, хамтран ажилладагт бид нар талархаж байдгийг цохон тэмдэглэе. Сэтгүүлч: -Ерөнхийлөгч та сая “Бид Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар тодорхой баримт бичигт гарын үсэг зурна” гэж ярьсан. Энэ хүрээнд тодорхой ямар чиглэлээр ажиллаж байгаа юм бол оо. Агаараас эсэргүүцэх талаар хамтын ажиллагаа явуулж байгаа юм болов уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдгийг бид Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудын дунд харилцан ойлголцлыг бэхжүүлэх гэдэг өргөн хүрээгээр авч ярьдаг. Монгол Улс бүс нутагтаа, ялангуяа Зүүн хойд Азид байгаа улс орнуудтай ямар нэгэн асуудал, зөрчилгүй хамгийн тааламжтай харилцаатай орон. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэдэг санаачилгыг ноднин жилээс эхэлж дэвшүүлж ажиллаж байгаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдал гэж юуг хэлэх, үүнийг яаж хангах талаар бид эрдэмтдийн дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Мөн зарим орнуудын Засгийн газрын хүсэлтээр хоёр талын уулзалтыг зуучилж зохион байгуулсан. Иймэрхүү байдлаар Монгол улс Зүүн хойд Азийн орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох боломжтой байгаа. Үүн дээр БНХАУтай стратегийн иж бүрэн түншлэлийг байгуулснаар энэ боломж улам нэмэгдэнэ гэж өргөн хүрээтэйгээр харж байгаагаа юуны түрүүнд хэлье. Манай хоёр орны хооронд цэрэг, батлан хамгаалахын болон аюулгүй байдлын, тусгай байгууллагуудын хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Гэхдээ ийм хамтын ажиллагаа аль нэг орны эрх ашгийн эсрэг чиглэдэггүй гэдгийг энд онцлон тэмдэглэе. Монголын Батлан хамгаалахын бас нэг хамгийн гол бодлого бол дэлхийн энх тайвны үйл ажиллагаа, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох чиглэлийг барьж ажилладаг. Сэтгүүлч: -Та хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр Монголын УИХ-ын зарим нэг гишүүдийг зэмлэх, зарим үйлдлийг шүүмжлэх байдалтайгаар гарч байсан. Үүн дээр БНХАУ руу гаргах төмөр замын царигийн асуудал яригдаж байсан. Энэ талаар ямар бодлого баримталж байгаа вэ. Дээрээс нь БНХАУ-ын талаас “Торгоны зам” төсөл, Монголын талаас болохоор “Тал нутаг”, таван том хоолойг холбох төсөл хэрэгжүүлэхийг ярьж байгаа. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой юу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улсын төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого их тодорхой байгаа. Монгол Улс байршлын хувьд Ази, Номхон далайн орнууд, Европ тивийг төмөр зам, дэд бүтцээр холбох голд нь байгаа ийм байршилтай юм. Азиас Европт хүрэх хамгийн дөт зам Монголоор дайрч өнгөрч байгаа. Үнэхээр энэ салбарт Монгол, Орос, Хятад гурван улсын хувьд асар их том өргөн боломж байна. Энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй л байна. Манайд төмөр замын үндсэн нэг л цариг байгаа нь хуучин ЗХУ-ын стандартаар тавигдсан цариг байгаа. Монгол Улс хоёр хөрштэй учраас хоёр хөршийнхөө эрх ашгийг бодолцох ёстой. Хамгийн гол нь Монгол Улсын өөрийнх нь эрх ашиг байгаа. Үндсэн царигийн дагуу тавигдах цариг үндсэн царигтай холбогдохоор болбол
1929 манайд өнөөдөр мөрдөгдөж байгаа царигаар төмөр зам холбогдох ёстой гэсэн бодлого байгаа. Хэрвээ уул уурхайгаас явж байгаа болон бусад замыг өөр царигаар тавихаар болбол Засгийн газар болон УИХ-аар оруулж шийдвэрлүүлэх боломж байгаа. Стандарт цариг гэгддэг БНХАУ-д мөрдөгдөж байгаа тэр царигаар байж болох юм гэж үзэж Засгийн газар дээр яриад, УИХ-д тодорхой асуудал оруулчихсан байгаа. Бид хоёр хөрштэй, хоёр хөрш маань төмөр замын өөр өөр царигтай учраас бид үүн дээр уян хатан бодлого явуулах нь зүйтэй юм гэсэн бодолтой байдаг. Энэ бодлого төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод их тодорхой туссан байгаа. Бид нээлттэй, ямар нэгэн сүүдэр, дутагдлаа нуудаггүй системтэй учраас бидний хооронд, улс оронд яригдаж байгаа асуудлууд ард иргэдэд нээлттэйгээр хэлэлцэгдэж шийдвэрлэгддэг, хүн бүхэн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломжтой. Ийм учраас энэ асуудлыг шийдэхэд бага зэрэг хугацаа алддаг тал байгаа. Хэдийгээр хугацаа алддаг ч гэсэн сайн ярилцаж байгаад шийдвэрлэх юм бол тэр шийдвэрийн хэрэгжих боломж нь баталгаатай, нийт хүмүүст ойлгомжтой байдаг нь бас нэг давуу тал гэж хэлж болно. Торгоны замын санаачилга манай бүс нутгийнхны дунд идэвхитэй яригдаж, хэрэгжиж байгаа. Түүхээс авч үзэх юм бол Торгоны зам гэдэгт Монгол улс, Хятад улсын хувьд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн улсууд гэж боддог. Торгоны замын энэ төслийг Монгол, Хятад улсын оролцоогүйгээр төсөөлөх бараг боломжгүй гэж би хувьдаа бодож байгаа. Бид Хятад улстай 4710 км хил хуваалцаж оршдог. Гэтэл өнөөдөр төмөр замын хөгжил, хийн хоолой тавьж байгаа, авто замын хөгжил гээд Хятад улстай хөрш байгаа зарим нэг орнуудтай Монгол Улсын энэ чиглэлийн хөгжлийг харьцуулж харахад үнэхээр хоцорч яваа. Энэ чиглэлийн хөгжлийг идэвхжүүлэх шаардлага манай хоёр оронд үнэхээр байгаа. Манай хоёр орон үүнийг хийж чадна гэж би итгэж байгаа. Таван хоолой гэснээс энэ хоолойн бодлогыг бид шат дараатай, гэхдээ хамгийн боломжтой байгаагаас нь хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхнийх нь төмөр замын асуудал. Мөн Монголд эрчим хүч үйлдвэрлээд бас экспортлох хоолой татах боломжтой. Сэтгүүлч: -Монгол, Хятадын соёлын харилцаа амжилттай хөгжиж байна. Бид хөөмэй, уртын дууг хамтраад ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн байгаа нь маш сайхан хэрэг билээ. Хоёр улсын уламжлалт соёлыг хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ байдаг уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь уламжлалт соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхдээ хоёр талдаа мэдэгддэг, зөвшилцөж ярилцдаг, ийм механизм тогтооё гэж бид ярилцаж байгаа. Энэ чиглэлээр ажил явж байгаад бид баяртай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байгаа учраас дээрээс нь нэмж хэлэхэд Монгол Улсад бидний байнгын барьдаг зарчим байдаг. Улс орны дотоодын асуудлаар хүмүүс, ард иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн санал бодлоо ямар нэгэн хориг саад байхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Харин гадаад бодлого дээр улс орон тууштай нэгдмэл байр суурьтай байх ёстой. Сүүлийн жилүүдэд Хятад улсад, ялангуяа зарим нэг вэб сайтуудаар Монгол Улсын бие даасан байдал, мөн түүхтэй холбоотой асуудлаар гуйвуулсан мэдээллүүд, баримт бичгүүд, бичлэгүүд нэлээд гарч байна. Бид энэ байдлыг боломжийн хэрээр харж, ажиглаж судалж байгаа. Хятад улсад хэвлэл мэдээлэл, вэб
1930 сайтын үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа хатуу хяналттай байдгийг бид сайн мэднэ. Түүхэн үйл явцыг гуйвуулсан байдлаар бичих, түүнийг ялангуяа ирээдүйн, өнөөдрийн үйл явцуудтай холбогдуулж янз бүрийн дүгнэлт хийх нь хоёр орны ард иргэдийн дунд, бидний хамгийн гол эрмэлзэж байгаа ард иргэдийн итгэлцлийг бэхжүүлэхэд тус болохгүй байгаа гэдгийг энд хэлье гэж бодсон юм. Бас нэг зүйлд санаа зовж байгаагаа хэлье гэж бодсон юм. Си Зиньпин даргын зүгээс хуулийг чанга хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх, мөн төрийн албаны зүй бус хэрэглээг багасгах чиглэлд явуулж байгаа бодлогыг би хувьдаа дэмждэг. Би ч гэсэн Монгол Улсад энэ чиглэлийн үйл ажиллагааг тууштай явуулахыг хичээдэг. Гэхдээ бид хил дамнасан, улс төрийн хүрээнд гаднаас орж ирж байж магадгүй авлигын асуудал дээр хоёр талаас анхаарах цаг болсон гэж бодож байна. Дараачийн бас нэгэн асуудал бол БНХАУ-аас ажиллах хүчин, иргэд орж ирж ажилладаг. Энд Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдөх явдал бий. Үүн дээр аль ч орон хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Үүнийг ойлгож хамтарч ажиллаж байгаа, ажиллана гэдэгт би итгэж байгаагаа хэлэх нь зөв байх. Сэтгүүлч: -Монголд ирээд хэдэн өдөр болохдоо Монголын аялал жуулчлалын талаар анзаарлаа. Монгол Улс гадаадын жуулчдыг илүү татах ямар бодлого явуулж байгаа вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Аялал жуулчлал бол Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой чухал салбарын нэг юм. БНХАУ-ын иргэд бол дэлхий дээр хамгийн их, олон тоогоороо аялж жуулчилдаг хүмүүсийн нэг. Энэ чиглэлд байгаа боломжийг ашиглаж, улам өргөтгөж ажиллаасай гэж би үнэхээр боддог. Далайд гарцгүй орны хувьд мэдээж агаарын харилцаа маш чухал. Энэ чиглэлд агаарын харилцаагаа хөгжүүлэх талаар идэвхитэй ажиллаж байгаа. Мөн БНХАУ-тай ч гэсэн гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Монголын ард түмний ёс заншлыг хүндэтгэдэг, Монголын байгалийн сайхныг үзэх, Монголын ард түмний ёс заншлын өвөрмөц байдлыг үзэх гэсэн хүн бүхэнд Монгол Улс нээлттэй гэдгийг энд хэлье. Сэтгүүлч: -Өнөөдөр тантай уулзаж байгаа, мөн таныг өмнө нь сэтгүүлч байсан гэдгийг сонсоход маш таатай байна. Хүн болгонд асуулт асуух боломж олгож байгаад талархаж байна. Энэ бол бидэнд үзүүлж байгаа маш том хүндэтгэл юм. Та сая хэллээ. Хоёр улсын ард иргэдийн дунд зарим нэг үл ойлголцох байдал байгаа нь зарим нэгэн байдлаар бие биеэ бүрэн ойлгохгүй, харилцаа дутмаг байгаагийнх болов уу гэж бодож байна. Ойрын жилүүдэд Хятадаас энэ хүрээнд Монгол Улсад, Улаанбаатарт Күнзийн танхим байгуулаад илүү олон хятад хэлтэй боловсон хүчнийг бэлтгэж харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар ажиллаж байна. Үүнтэй адилхан Монголын талаас энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг их чухал гэж боддог. Тиймээс Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас аль болохоор олон хүн Монголд ирж, бодит байдлыг үзэж, хүмүүстэй уулзаж, ярилцаж, асуудлыг баримтад тулгуурлаж Хятадын ард түмэнд хүргээсэй гэсэн бодол байдаг. Улс төрд ч адилхан, жирийн хүмүүсийн харилцаанд ч адилхан, ам
1931 дамжсан янз бүрийн цуурхал төдийлөн үнэн байдаггүй. Яг уулзаад ярилцахад их олон зүйл ойлгогддог. Хамгийн гол нь бид сэтгэлдээ юмны сайн талыг харж, тэр харилцааг аль болох боломж байна гэж харж, түүнийг ажил болгохын төлөө л явах юм бол аль ч салбарын харилцаа бие биеэ хардах шаардлагагүй зөв байна. Монгол, Хятадын харилцааны талаар гол мэдээлэл өгдөг, гол хэвлэлийн байгууллагын хүмүүс энд байна. Би хувьдаа монгол хэлээр, англи хэлээр гарч байгаа та бүхний нийтлэл, энэ бүхнийг уншихыг хичээдэг. Сэтгүүлч хүний хөдөлмөр цаг наргүй хэцүү хөдөлмөр. Энэ ажлыг ийм өндөр түвшинд хийж яваа та бүхэнд талархаж, өнөөдрийн энэ боломж олдсонд баярлаж байна. Би та бүхэнд өнөөдөр бяцхан бэлэг бэлдсэн. Өөрийнхөө зүүж байгаа цагтай адилхан цаг өгье. Сэтгүүлчдэд цаг маш хэрэгтэй гэж бодож байна. Манай хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, хоёр орны харилцааг улам идэвхжүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү. Та бүхний үзэг хурц байж, үзэл санаа цагаан байж, та бүхний ажил амжилттай байг гэж ерөөж байна. Би 1989 оны сүүлчээр улс төр, нийгмийн амьдралд их идэвхтэй оролцож эхэлсэн. Тэр үеэс хойш БНХАУ-ын олон удирдлагуудтай уулзаж ярилцах сайхан боломж гарч байсан. Надад бол олон сайхан дурсамж байдаг. Гэхдээ Си Зиньпин даргатай тогтоосон уулзалт, чин сэтгэлээсээ хоёр орны харилцаанд ханддаг энэ хандлага үнэхээр онцгой гэдгийг энд хэлье. Ингээд Си Зиньпин даргын энэ айлчлал үнэхээр амжилттай болно гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Өдрийн сонин. 2014.08.17 ЭЛЧИН САЙД ВАН ШЯОЛУН: Айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон гэрээ хэлцлүүдийг баталгаажуулна БНХАУ-ын дарга Си Жиньпин тун удахгүй манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолунтай ярилцлаа. -Си Жиньпин даргын айлчлалын тов албан ёсоор гарсан уу. Айлчлал ямар хугацаатай үргэлжлэх вэ? -Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй. Урьдчилсан байдлаар энэ сарын 21-22- нд айлчилна гэж яригдаж байна. Хоёр тал анхны түвшинд зөвшилцөж байгаа. -БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлан ирэх гэж байгаа нь түүхэн ач холбогдолтой. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын талаас өндөр ач холбогдол өгч байна. Хятадын тал энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ? -Си Жиньпин даргын айлчлалаар Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад 11 жилийн дараа дахин айлчилж буй чухал ач холбогдолтой үйл явдал. Хоёр улсын харилцааны онцгой чухал жилийн хамгийн оргил үе болж байна. Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрсөн. Эхний үед ах дүүгийн найрсаг харилцаа бол хоёр талын
1932 харилцааны гол үндэс байсан. Харин XXI зуунд нийтлэг хөгжлийн ашиг нь хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэх гол хөдөлгүүр болсон. Манай хоёр улс хөгжиж, ард түмэн сайхан амьдрах хэрэгтэй. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол ард түмний хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал хүчин зүйл юм. Монгол Улс уул уурхай, эрчим хүчний баялаг нөөцтэй орон. Хятадын асар том зах зээл, хангалттай хөрөнгө мөнгө, тэргүүлэх техник технологи Монголд хэрэгтэй. Хоёр улс бол газраар хиллэдэг ойрхон хөрш бөгөөд зам тээвэр, ложистик хийхэд тун давуу талтай. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түншлэл, хөрөнгө оруулалтын улс юм. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болсон. Өнөөдрийн байдлаар Хятад улс Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Бид хамтын ажиллагаагаа бүрэн ашиглаж чадах юм бол дээр дурдсан хоёр тоог богинохон хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой. -Та энэ тухайгаа тодруулахгүй юу? -Миний хувьд үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараахь ажлуудыг хийх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт, хоёр талын хооронд нэгэнт тохирсон уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогц байдлаар хөгжүүлэх зарчмыг чанга баримтлах ёстой. Хоёрдугаарт, бүх талаасаа хамтын ажиллагаанд таатай орчин нөхцөл бүрдүүлж, том дэвшил гаргах хэрэгтэй. Хятадын зүгээс хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд санхүү, бодлого, хүний нөөцийн дэмжлэг үзүүлж, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих бодлого баримтлах болно. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагаанд эрх зүй, бодлого, нийгмийн өнцгөөс дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч байна. Гуравдугаарт, хэд хэдэн зөв төслийг сонгож нэн түрүүнд бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Аль болох богино хугацаанд эдийн засгийн ашгийг гаргаж, Монголын ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах хэрэгтэй байна. Жишээлбэл, шинэ төмөр зам хамтран барьж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өөрийн үнэ өртгийг бууруулна. Монголын эрчим хүчний нүүрсийг хамгийн зохистой хэлбэрээр ашиглах газын төслийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ төслөөс юун түрүүнд Улаанбаатарт нүүрсний хий нийлүүлэх болно. Мөн Улаанбаатарын иргэдийн амьдралыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. -Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, манай хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн арга хэмжээг тохиолдуулан Си Жиньпин дарга манай улсад айлчилна. Тэрбээр баярын арга хэмжээнд оролцохоор хязгаарлагдахгүй байх. Айлчлалын гол зорилго юу вэ? -Түүхэн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар 2014 оныг найрсаг солилцооны жил болгон зарласан. Тиймээс манай хоёр улсын хувьд түүхэнд тэмдэглүүштэй онцгой жил болж байна. Си Жиньпин даргын айлчлалын үеэр Хятадын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулна.
1933 Айлчлалын зорилгыг ярилцахад юуны өмнө энэ удаагийн айлчлал ямар байдалд болох гэдгийг, өөрөөр хэлэх юм бол хоёр улсын харилцааны одоогийн байдал болон сайхан боломжийг онцолмоор байна. Одоо Хятад, Монголын харилцаа сайн хөгжиж байгаа. Хоёр улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол болж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн. Хоёр улсын харилцааны хөгжлийг төлөвлөхөд аль аль талдаа саадгүй хэлхээ холбоотой байсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас хоёр орны төрийн тэргүүн олон улсын тавцанд хоёр ч удаа уулзсан. Мөн энэ оны тавдугаар сард Шанхай хотод болсон СИКА-гийн төрийн тэргүүн нарын хурлын үеэр Си Жиньпин дарга түүний хуучин танил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тусгайлан өглөөний цай барьсан. Тэд тун элэгсэг дотноор хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар нэлээд удаан ярилцсан. Мөн өнгөрсөн оны сүүлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад амжилттай айлчилсан. Энэ онд хоёр орны Гадаад хэргийн сайд харилцан айлчиллаа. Харин Си Жиньпин даргын айлчлалын зорилго бол хоёр улсын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүрэн чиглэсэн. -Энэ удаагийн айлчлалын үеэр ямар ямар гэрээ хэлэлцээрүүдийг батлахаар төлөвлөсөн бэ? -2011 онд Монгол Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлахдаа Стратегийн түншлэлийн урт, дунд хугацааны хөтөлбөрийг баталснаар хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилготой. Си Жиньпин дарга айлчлахдаа хоёр улсын хамтын ажиллагааны салбарт тодорхой баримт бичгүүдийг баталгаажуулна. Жишээлбэл, соёл боловсролын салбар, газрын төсөл, дэд бүтэц барих, зам тээврийн төслүүд бий. Айлчлалын үр дүнд банк санхүүгийн салбарт тодорхой ахиц гарна гэдэгт найдаж байна. -Си Жиньпин даргын айлчлалд Монголын талаас шаргуу бэлдэж байгаа. Ноён Элчин сайд таны хувьд айлчлалд хэрхэн бэлдэж байна вэ? -Хоёр талын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд айлчлалын бэлтгэл ажил амжилттай болж байна. Одоогоор 80 гаруй хувьтай байгаа. Монголын талаас Си Жиньпин даргын айлчлалын хүрээнд аюулгүй байдлыг бүрэн хангахаар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад талархаж байна. -“Bank of China” буюу Хятадын банк Монголд салбараа нээхээр Засгийн газарт хүсэлт гаргасантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл тархсан. Тухайлбал, энэ банк Монголд орж ирвэл арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүснэ гэж байсан л даа. Та үүнд тайлбар өгөхгүй юу? -Санхүүгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын үндсэн үүрэг юм. Үнэхээр Хятад Монголын хамтын ажиллагаа бүрэн сайжирвал Монголын эдийн засаг тэр хэрээр дээшилнэ гэж үзэж байна. Хоёр тал хамтран ажиллаж своб гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгаа. Валют солилцох гэрээг хүртэл шинэчлээд шинэ гэрээ байгуулах болно. Монголбанктай хамтарч байгуулах энэ гэрээ Монголын микро эдийн засагт төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн санхүүгийн салбарт хамтран ажиллах юм.
1934 БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм. -Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар та ямар бодолтой байна вэ? -Эртнээс улбаатай Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөөр ирсэн. Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн бүтэц бие биеэ нөхөх шинжтэй бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт хурдацтай хөгжиж байгаа. Харин дэлхийн эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр Хятад, Монголын худалдааны эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үед буурсан. Энэ оны эхний хагаст хоёр улсын худалдааны эргэлт 2.8 тэрбум ам.доллар болсон бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сарын байдалтай харьцуулахад 10 хувь нэмэгдэж, сэргэх хандлага харагдаж байгаа. 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл Хятадаас Монголд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2.5 тэрбум болсон. Өнгөрсөн арваад жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын улс байсаар ирсэн. Ялангуяа хоёр тал уул уурхай, дэд бүтцийн салбарт хэд хэдэн томоохон төслүүдийг ярилцаж хэрэгжүүлж байгаа. Тус төслүүдийг хэрэгжүүлэх нь Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлж, чанарын өөрчлөлт гаргаж болно. Хоёр улсын иргэдийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоо идэвхтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд Хятадад зочилсон Монголын иргэд давхардсан тоогоор нэг сая давсан. Үүнээс гадна соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг салбарт хоёр талын солилцоо маш нягт байдаг. Энэ оны Хятад, Монголын найрсаг солилцооны жилд бүх салбарын солилцоо нэн идэвхтэй явагдаж байна. Найрсаг солилцооны бүх арга хэмжээ дэс дарааллаар хийгдэж байгаа бөгөөд Хятадын зуу гаруй төлөөлөгч Монголд айлчилсан. Үүнд Монголын нийгэм таатай уур амьсгалтай байгаа. Олон улс, бүс нутгийн тавцанд хоёр улс нягт уялдаж, хамтран ажиллаж байна. Монголын талыг олон улс болон бүс нутгийн үйл явдалд идэвхтэй оролцож энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн үйлст хувь нэмрээ оруулахаар зүтгэж ирснийг Хятадын тал сайшааж дэмжиж байдаг. НҮБ, ШХАБ, АСЕМ, СИКА, АСЕАН болон бусад олон талт хамтын ажиллагаанд хоёр тал саадгүй уялдаа холбоо, сайхан хамтын ажиллагааг хадгалсаар ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын Улаанбаатар хэлэлцээг дэмжиж байгаа байр суурийг Хятадын тал хамгийн түрүүнд
1935 илэрхийлсэн. Хятадын талын дэвшүүлсэн торгоны зам, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг санаачилгыг дэмжиж, нааштай хариу өгсөн Монголын талд талархаж байна. Хоёр улсын харилцааны хөгжилд дараахь том боломжууд гарсан. Нэгдүгээрт, Монгол Хятадын хөгжил нь хоёр талын харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхийг шаардаж байна. Хятад улс "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхээр зүтгэж байгаа. "Хятадын мөрөөдөл" зөвхөн Хятад улсын өөрсдийн мөрөөдөл биш юм. Цаад гол утга санаа нь дэлхийн бүх орнуудтай хамт мөрөөдлийг нь хэрэгжүүлэх, сайхан амьдралыг бүтээх зорилготой. Монголын мөрөөдлийг хөрш орнууд нь хамтдаа биелүүлэх түнш улс байх ёстой. Хятадын хөгжилд энх тайвны хойд зүгийн орчин хэрэгтэй болохоор Монголтой хамтран ажиллах нь чухал. Хятадын хувьд хөгжихийн тулд заавал Монголтой харилцаагаа сайн хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хурдацтай хөгжиж байгаа. Улсаа хөгжүүлж, ард түмнийг сайхан амьдруулах юм бол юуны өмнө гадаад хамтын ажиллагааг явуулах нь юу юунаас илүү. Монголын гадаад хамтын ажиллагааны хамгийн чухал түншлэл бол Хятад улс гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх байх. Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцах бодлого улам тодорхой, идэвхтэй болсон. Хоёр талын харилцаа бол өөрсдийн гадаад бодлогын тэргүүлэгч чиглэлийн нэг гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Монголын хөрш зэргэлдээ улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд Хятадын тал "Элэгсэг дотно, шударга үнэнч, ашигтай, хүлээцтэй" гэдэг бодлого дэвшүүлж хэрэгжүүлж байгаа. Си Жиньпин дарга Монголын удирдлагуудтай уулзаж ярилцахад Хятад улс, Монголын талтай харилцан ашигтай, хамт хожих зарчмаар хамтран ажиллахад бэлэн байна. Бид ихийг авч, танд багыг гаргахгүй. Тодорхой төслүүд дээр Монголын талд илүү ашиг өгч болно гэдгээ илэрхийлж байгаа. Монголын Засгийн газар хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч хоёр талын хамтын ажиллагаанд, ялангуяа томоохон төслүүдэд нээлттэй, идэвхтэй, бүтээлч байдлаар хандаж байгаад Хятадын зүгээс талархдаг. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд хоёр талын санаачилгаар хоёр улсын харилцаанд том ахиц дэвшил гарсан. Манай хоёр орны харилцаа түүхэнд хамгийн сайхан үед хөгжиж байгаа. Хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагаанд бат бэх суурь тавигдсан. Талуудын харилцааг хөгжүүлэх талаар хоёр төр засаг улс төрийн түвшинд нэлээд өндөр тохиролцоонд хүрсэн. Хоёр талын хамтын ажиллагааг дэмжих олон нийтийн үзэл санааны орчин бий болсон. Хятад, Монголын харилцаа цэцэглэж жимслэх үе ойртож байна. Дээр дурдсанаас дүгнэхэд Си Жиньпин даргын айлчлалын зорилго нь хоёр талын харилцааны сайхан боломжийг бүрэн ашиглаж, найрамдлыг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж байгаа юм. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана. М.МӨНХЦЭЦЭГ Өдрийн сонин. 2014.08.18 10:08
1936 “Наньжин-2014”-ыг Хятадын тамирчид тэргүүлж байна Хятадын Наньжин хотноо өнгөрсөн бямба гарагт эхэлсэн “Наньжин-2014” дэлхийн залуучуудын II наадмын нээлтийн ёслолыг Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин нээж үг хэлсэн юм. Энэхүү наадамд 204 орны 14-18 насны 3808 тамирчин спортын 30 төрөлд өрсөлдөж байна. Уламжлал ёсоор наадмын эхний өдөр усанд сэлэлт, спортын гимнастик болон туялзуур сэлэмний төрлийн тэмцээнээр эхэлж, медалиуд гардуулсан. Австралийн тамирчин Бриттани Даттон тритлион буюу эмэгтэйчүүдийн гурван төрөлт тэмцээнд түрүүлж “Наньжин-2014” залуучуудын II наадмын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр 0.75 км зайд сэлж, 20 км замд дугуйгаар уралдаж, таван км зайд гүйхдээ нийт 59 минут 56 секундын хугацаа зарцуулсан амжилтаар алтан медалийн эзэн болсон. Бриттани Даттон “Дугуйн уралдаанд түрүүлж явахдаа тэргүүлэх байраа алдахгүйг хичээх хэрэгтэй” гэж бодож байсан. Би их баяртай байна” хэмээн хэлжээ. Наадмын хоёр дахь өдөр хүндийг өргөлтийн тамирчин хятад бүсгүй Жянь Сюхуа улсдаа анхны алтан медалийг авч ирсэн байна. Жянь Сюхуа эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гурван оролдлогоор нийтдээ 193 кг өргөсөн амжилтаар тэргүүллээ. Өдгөө 16 настай бүсгүй “Хятадын тамирчдаас эхний алтан медалийг хүртсэндээ сэтгэл ихэд хөдөлж байна” гэжээ. Мөн ОХУ-ын туялзуур сэлэмний тамирчин Иван Ильин залуучуудын наадмаас улсдаа анхны алтан медаль авч иржээ. Тамирчин залуу “Алтан медаль хүртсэн нь миний хувьд том бахархал болж байна. Би энэ тэмцээнд их удаан хугацаанд бэлтгэсэн. Рио-де-Жанейрогийн олимп миний хувьд хол санагдаж байна” хэмээн ярьсан байна. Өчигдрийн байдлаар Хятад улс дөрвөн алт, нэг мөнгө, таван хүрэл медальтайгаар медалийн чансааг тэргүүлж, ОХУ дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар удаалсан бол Унгар улс дөрвөн алт, хоёр хүрэл медальтайгаар гуравдугаарт орсон байна. Өдрийн сонин. Цахим. 2014.08.20 Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурна БНХАУ-ын дарга Си Жинпинь өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ. Хятад улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар бид юу хожиж, юуг амжуулах вэ гэдэг хамгийн чухал ач холбогдолтой асуудал болоод буй. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хамгийн гол гэрээ хэлэлцээрийг Монгол Улсын Зам, тээврийн яам эцэслэн шийдэх гэж байна. Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас дөрөв нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах гэнэ. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн
1937 асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын найман боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм. Өдрийн сонин. Цахим. 2014.08.21 Хүлээлт Хоёр хөршийн тэргүүн дараалан айлчлах гэж байгаа энэ өдрүүд дотоодын улс төр, эдийн засгийн асуудалдаа бухимдалтай байгаа Монголын олон нийтэд дотоод асуудлуудаас анхаарлаа түр ч гэсэн хөндийрүүлж, томоор бол олон улсын тавцан дахь, тодруулж хэлбэл хоёр хөршийн дундах улс орныхоо байр суурийн талаар эргэцүүлэх боломжийг олгож байх шиг. Монгол, Орос, Хятад гурван үндэстэн хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хэдэн зуун, мянганаар тоологдох харилцаа¬ны түүх өнөөгийн бидний ой санамжийг биежүүлж, харилцан бие биедээ хандах хандлагыг тодорхойлж иржээ. Дэлхийн хүчний төв гэж тооцогддог Евроазийн эх газрын дийлэнх хэсгийг эзлэн оршдог энэ гурван үндэстэн Монголын эзэнт гүрний үеэс бие биеийнхээ хувь заяанд харилцан хүчтэй нөлөө үзүүлж, хэдэн зууны турш ээлж дараалан дэлхийн геополитикт гол нөлөөтэй улс үндэстнүүд байсаар ирэв. Өнөөгийн монголчууд бидний өвөг дээдэс хоёр хөрш орныхоо газар нутгийг нэгтгэж, урьд байгаагүйгээр тэлж, өнөөдрийн хүчирхэг хоёр гүрэн байгуулагдах үндэс суурийг баттай тавьж өгсөн гэж бахархдаг. Бас хожим Манжийн бүрэлдэхүүнд, мөн Зөвлөлтийн хараанд байсан үеэ ч тод санадаг. Манжийн эзэнт гүрэн нуран унахад монгол, хятад үндэстэн аль аль нь колоничлолоос салж, тусгаар тогнолоо тунхагласныг зүй ёсны өрнөл байсан гэж үздэг. Түүнээс хойшхи хэдэн 10 жилийн туршид тусгаар тогтнолоо баталгаажуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл явц хоёр хөршийн харилцааны өрнөл дунд хэрхэн үргэлжилж, биелэлээ олсныг нийтээр ойлгодог бөгөөд энэ нь ч Орос-Хятадын харилцааны үнэ цэнийг мэдрэх суурь болдог гэж болно. Энэ бол монголчуудын түүхэнд ханддаг хандлага, түүхээс улбаалан өнөөдөр хоёр хөршдөө харах үзэл бодлын суурь юм. Гурван сая хүрэхгүй хүн амтай атлаа энэ дайны хүн амтай аль ч улс үндэстнээс илүү гэж болохоор нэгдмэл төр, үндэсний гал голомт, тусгаар тогтнол, соёл уламжлалаа шүтэж дээдлэх хүчтэй эрмэлзэлтэй монголчуудын үзэл санаа, сэтгэл зүй ийм түүхээс эхтэй.
1938 Дэлхий ЗХУ, АНУ-ын хоорондын зөрчлөөр хоёр хуваагдаж байсан цаг үед Монгол үнэн хэрэгтээ социалист, капиталист хоёр лагерийнхаас илүүтэй хоёр хөршийнхөө хоорондын хүйтэн дайны талбар болж байлаа. Хөрш орнууд харилцан зөрчилд ороход аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн аль ч утгаараа ямар таагүй байдал үүсч болохыг Зөвлөлт-Хятадын сөргөлдөөний жилүүд бидэнд мэдрүүлсэн. 1980-аад оны сүүлчээс хоёр хөршийн харилцаа сайжирч эхэлсэн нь Монгол Улсад амар тайван амьдрал, хөгжил дэвшлийн олон боломжийг нээсэн юм. Аюулгүй байдлын үүднээс хоёр том хөршийн дунд оршдог ямар ч үндэстэнд байх сэтгэлзүйн дотоод зөрчлийг монголчуудаас олж харах тийм ч хэцүү биш. Хоёр хөрш хоорондоо зөрчилдөхгүй байгаасай гэж хүснэ. Бас хоорондоо хэт ойртож бидний эрх ашгийг наймаалцчих вий гэж болгоомжилно. Энэ бүх хүсэл, болгоомжлолын цаана монголчуудад хоёр л тодорхой ашиг сонирхол бий: Тусгаар тогтнол, хөгжил дэвшил. Олон улсын харилцааны өнөөгийн хувьсал өөрчлөлтийн дунд тэр тусмаа хоёр хөрш хоорондоо ихээхэн ойртон дотносож байгаа цаг үед монголчууд удахгүй болох Хятадын тэргүүний айлчлалаас юу хүлээж байна вэ? ЮУНЫ ТҮРҮҮНД ИТГЭЛЦЭЛ Айлчлалын өмнөх энэ өдрүүдэд Хятадын интернетийн сүлжээгээр тархаж байгаа Хятад улс Монголыг өөртөө нэгтгэх тухай хэн нэг нь санаатай түгээж байна уу гэмээр яриа хэлэлцүүлгүүд Монголын мэдээллийн сүлжээгээр амархан тархаж, монголчуудын хөршдөө үл итгэх уур амьсгалыг дэврээхэд хүргэж байна. Одоогоос арван нэгэн жилийн өмнө болсон Ху Зинтаогийн айлчлалын үеэр хоёр тал сайн хөршийн харилцан итгэлцсэн харилцаагаа бэхжүүлэх зорилт тавьсан ч энэ чиглэлд лав л Монголын нийгэмд тийм том дэвшил гарч чадаагүй. Үе үе Монголын сонин хэвлэлээр орчуулагдан тавигдах Монгол Улсгүй газрын зурагтай түүхийг гуйвуулсан мэдээлэл, Монголын УИХ 43 дахь удаагаа Хятадад нэгдэх асуудлыг авч хэлэлцлээ гэх цуурхал... энэ бүхэн өмнөд хөршөөсөө өөрийн эрхгүй жийрхэх үзэл, зай барих эрмэлзлийг хүмүүсийн далд ухамсарт буй болгосоор байгаа нь харамсалтай. Монгол бол бидний ядарч явахдаа алдсан газар нутаг бөгөөд хэзээ нэгэн цагт буцааж авах ёстой гэсэн бодолтой жирийн хятад хүн, Монгол бол хэзээнээсээ Хятадын нэгэн адил Азийн бие даасан үндэстэн байсан гэсэн гуйвшгүй үнэмшилтэй Монголын жирийн иргэн хоёрын хооронд харилцан итгэлцсэн харилцаа үүсэх үү гэдэг хариулахад хэцүү асуулт юм. Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд үндэсний үзэл, үл итгэлцэл газар авч, улс орнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргэж ч болзошгүй уур амьсгал буй болгож байгаа нь хөгжил дэвшлийн асар их нөөцтэй энэ бүс нутгийн хувьд харамсмаар зүйл юм. Иймээс өнөөг хүртэл амжилттай хөгжиж байгаа Монгол-Хятадын харилцааг ухраахгүйгээр найрсаг харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр орны төрийн тэргүүн, Засгийн газар дээрх эмзэг асуудлаас тойрч зугтах бус, нүүр тулж, хамтарч шийдэл хайхаас өөр гарц харагдахгүй байна. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө энэ асуудлыг онцлон дурдсаныг цагаа олсон зөв алхам гэж үнэлүүштэй. Энэ бүхний цаана монголчуудын хувьд өмнөд хөршөөсөө хүсэн хүлээх хамгийн чухал зүйл бол бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний гүрэн болж өсч тэлж байгаа том орны хувьд
1939 хөрш зэргэлдээ жижиг улс үндэстнүүдийн түүх соёлд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг, ёс суртахуун, соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай их гүрэн байх. Гэхдээ итгэлцэл гэдэг бол нэг урсгалтай хандлага бус, харилцан бие биедээ итгэх тухай асуудал. Монголын нийгэмд үе үе цухалзах болсон Хятадын эсрэг үндсэрхэг үзлийг өдөөн турхирах, Монголд байгаа хятад иргэдийн аюулгүй байдалд халдах үйлдлүүдийг таслан зогсоож, хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байх нийгмийн зөв уур амьсгалыг хадгалахад Монголын Засгийн газар ч мөн үүрэг хүлээж илүү анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ удаагийн айлчлалаар хоёр орны удирдлага итгэлцэл бэхжүүлэх тухай уриа лозун дэвшүүлэх бус, үл итгэлцэл буй болгож байгаа бодитой шалтгааныг арилгахад ахиц дэвшил гаргана гэж найдъя. ДАЛАЙН ГАРЦ, ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР, ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, БАНК... Монгол, Хятад хоёр тал эдийн засгийн харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч буй. Монголын тал эдийн засгаа хөгжүүлэхийн тулд өмнөд хөршийн зах зээлийг түшиглэх, хөрөнгө оруулалт татах, Хятадын нутгаар дамжин далайд гарч гуравдагч оронд бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Хятадын тал өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн эрэлтээ хангах, олон улсын өрсөлдөөнд давуу байр суурьтай байхын тулд Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн, эрчим хүч авах шаардлагатай гэж үзэж буй. Хоёр орон хоёулаа харилцан ашигтай эдийн засгийн харилцаа нь тогтвортой байдал, сайн харилцааны суурь болно гэж үзэж байна. Монгол Улс далайд гарцгүй орон. Энэ нь гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулах нэгэн бодитой хүчин зүйл болдог. Хятадын тал 1990-ээд оны эхэн үеэс манай улсад Тяньжингийн боомтоор гадаад худалдаа хийх боломж олгосон нь өнгөрсөн хугацаанд монголчуудын ахуй амьдралд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлохгүй байх аргагүй. Си Зиньпиний айлчлалаар хоёр орны хооронд харилцах боомтын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад ганц Тяньжин бус, Зүүн хойд Хятадын олон боомтоор далайд гарах боломжийг олгох, олон жилийн хугацаатай, Монголд таатай нөхцөл олгосон дамжин өнгөрөх төмөр замын тээврийн хэлэлцээрийг байгуулахаар ярилцаж байгаа нь хоёр талын харилцаанд гарах маш бодитой ахиц дэвшил болохоор харагдаж байна. Түүнчлэн манай уул уурхайн бүтээгдэхүүнийг өмнөд хөрш рүү шууд гаргах Таван толгой - Гашуун сухайт, Сайншанд – Замын Үүд, Хөөт – Бичигтийн гурван чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавих асуудал талуудын хооронд яригдаж, Хятадын тал энэ асуудлыг шийдвэрлэхийг манай Засгийн газраас хүсч буй. Олон жилийн турш талцал, улс төржилт дагуулсан царигийн асуудал өнөөдөр ч монголчуудыг хуваасан маргааны сэдэв хэвээр байна. Гэвч УИХ-ын хаврын чуулганы хуралдаан Хятадын тал дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцлийг баталгаажуулж гэрээ хэлэлцээр байгуулсан нөхцөлд дотоодын зөрчлөө сөрөн дээрх гурван газарт нарийн царигийг баталж болох юм гэсэн нэлээд өргөн хэмжээний ойлголцолтойгоор завсарласан. УИХ асуудлыг барьцаалж байгаа хэрэг бус, харин нарийн царигийг эсэргүүцэж байгаа нийгмийн нэг хэсгийн бухимдлыг намжаахын тулд хөрштэйгээ
1940 сайн тохиролцоо хийх шаардлагатай гэж үзсэнийх юм. Улс төрчид олон нийтийн шаардлагыг тэнцвэржүүлэхийн тулд ийм сонголт хийж байгааг ойлгохоос аргагүй. Мөн Монголын нүүрсний ихээхэн нөөцийг түшиглэн нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих чиглэлээр хамтран ажиллах, Хятад руу хоолой тавьж Хятадын зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотыг ч бохирдол багатай эрчим хүчээр хангах асуудал яригдаж байгаа нь шинэ бөгөөд нэн дэвшилттэй сонсогдож байна. Гол нь ийм хамтын ажиллагаанд Монголын үндэсний хөрөнгө оруулагчдын оролцоог хангаж чадвал Монгол Улс Хятадад эрчим хүч экспортлогч орон болно. Ингэснээр хоёр орны хоорондын стратегийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тогтвортой харилцааны суурийг бэхжүүлэх нэгэн чухал алхам болно. Монгол Улсын эрчим хүчний баялаг эх үүсвэрийг тооцон үзвэл энэ нь бүтэшгүй зүйл биш юм. Мөн хөршийн зүгээс Хятадын Банкны салбарыг Монголд байгуулах асуудлыг тавьж байгаа. Жижиг эдийн засагтай, банк санхүүгийн салбар эмзэг хэвээр байгаа монголчууд харин энэ саналд болгоомжтой хандсан хэвээр байна. ХӨРШИЙН ХҮЛЭЭЛТ Дээр дурдсан улс төр, эдийн засгийн асуудлуудаас нэлээд нь айлчлалын хүрээнд нааштайгаар шийдвэрлэгдэх боломжтой. Тэдгээрийн цаана айлчлалын яриа хэлэлцээрийн явцад хөршүүдийн зүгээс хөндөхгүй байж болох ч цаанаа хадгалж үлдэх битүү болгоомжлолууд байгааг энд хөндөхгүй байхын аргагүй. Юуны өмнө Монголын дотоод амьдралыг сайн мэдэх хөрш орны хувьд Монголын талд тохирсон гэрээ хэлцлээ биелүүлэх эсэхэд эргэлзээ тээж үлдэхэд гайхах зүйлгүй. Энэ асуудлыг өмнө нь хоёр хөрш хоёулаа, түүний дотор умард хөрш илүүтэй хөндөж тавьсаар ирсэн. Өнгөрсөн он жилүүдийн Монголын улс төр хөрш орнуудад ийм эргэлзээг бий болгосонд бид өөрсдөө л буруутай. Өнөөдөр Монголын дотоодын амьдрал ч, гадаад орчин ч биднээс энэ байдлаа яаралтай засч залруулахыг шаардаж байна. Аливаа тусгаар улс нэг төртэй, нэг зангидсан гадаад бодлоготой, хөрш түнш орнуудтайгаа нэг цонхоор хэлэлцэж ойлголцдог, ойлголцож тохирсон бол хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэж байж тогтвортой, найдвартай түнш байна. Ийм түвшинд ажиллахын төлөө бид хичээх, хөрш орнуудаасаа ч ойлгож хамтран ажиллахыг хүсэх нь чухал. Хятадын ч, Оросын ч хувьд өөр нэгэн болгоомжилдог зүйл бол Монголын “гуравдагч хөршийн” бодлого. Хэдэн мянган километрээр хил залган оршдог Монголыг өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах гуравдагч орны түшиц газар болон хувирах вий гэдэг болгоомжлол. Геостратегийн нэн онцлог байрлалд орших Монгол Улсыг дэлхийн их гүрнүүд сонирхож харьцдаг нь нууц зүйл биш. Гэхдээ бусад улс орнууд Монголыг ямар өнцгөөс сонирхохоос үл хамаараад Монголд өөрийн бодлого бий. Хоёр хөрш хийгээд бусад улс оронтой харилцах талаар Монголын төр өнгөрсөн хориод жилд ухаалаг бодлого барьж ирсэн бөгөөд Монголын олон нийт ч үүнийг үнэлж дэмждэг. Монголын аюулгүй байдал, гадаад бодлогын хамгийн чухал баримт бичгүүдэд хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байхыг эн тэргүүний зорилго болгосон байдаг. Энэ бол хоёр талдаа таалагдах гэсэн тунхаглал бус, ерөөсөө хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь
1941 Монголын аюулгүй байдлын суурь шаардлага болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан хэрэг юм. Үүний цаана дээрх бодлогуудад Монголтой улс төр, эдийн засгийн бодит харилцаатай хэсэг бүлэг орныг нийлүүлж нийтэд нь “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон. Гуравдагч хөршийн бодлого бол монголчууд өөрийнхөө үндэсний эрх ашиг, хөгжил дэвшлийг урагшлуулахын тулд бусад улс оронтой харилцаа хөгжүүлэх бодлого болохоос бус хэн нэгний эсрэг зорилго агуулсан зүйл огтоос биш. Гадны зарим судлаачид төдийгүй монголчуудын дунд хүртэл гуравдагч хөршийг ганц нэг улсаар төлөөлүүлж ойлгох, мөн хоёр хөрштэй тогтоосон харилцаатай сөргөлдүүлж тавих хандлага байдаг. Үүнийг аюулгүй байдал судлалд “нийлбэр нь тэг” буюу “чиний нөхөр бол миний дайсан” гэх хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй зүйрлүүлж үздэг. Монголын үндэсний язгуур эрх ашигт юуны өмнө Монголын ард түмний амар амгалан амьдрал багтдаг. Эндээс хоёр хөршийн эсрэг чиглэсэн гуравдагч хөршийн бодлого байж болохгүй бөгөөд байлаа ч энэ нь эргээд үндэсний эрх ашигтайгаа харшилна гэдэг нь харагдана. Монгол Улс хоёр хөршийн дунд, мөн бүс нутгийн бусад улс орнуудтай харилцахдаа ч “тэнцвэр” хэмээх ойлголтыг ихээхэн чухалчилж ирсэн нь олон улсын тавцанд хутган үймүүлэгч бус, бусдад хэрэгтэй зөв тоглогч байх, үүгээрээ дамжуулаад улс төрийн аргаар үндэсний эрх ашгаа хамгаалах гэсэн бодлоготой холбоотой. Финлянд, Швейцар зэрэг Европын зарим орнуудын бусдад аюул тарихгүй, хэн нэгний талд орж үгсэхгүй байх, бусдын яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж өгөх замаар аюулгүй байдлаа ч, олон улсын тавцан дахь нэр нөлөөгөө ч хадгалж хамгаалж ирсэн бодлогыг Монголын үе үеийн дипломатууд, шийдвэр гаргагчид манай улсын хувьд хамгийн тохиромжтой үлгэр жишээ гэж үздэг. Зүүн хойд Азийн бүс нутаг бол улс орнуудын харилцан үл итгэлцэл, шийдвэрлэгдээгүй түүхийн маргаантай асуудал ихтэй, олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд амаргүй бүс нутаг. Монгол Улс Зүүн хойд Азийн бүх оронтой хоёр талын зөрчил маргаангүй ганц орон бөгөөд үүгээрээ бүс нутгийн орнууд уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлэх хамгийн таатай газар гэж болно. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улаанбаатарт Зүүн хойд Азийн яриа хэлэлцээг өргөжүүлэх санаачилага гаргасныг бүс нутгийн орнууд нааштай хүлээж авсны дотор БНХАУ-ын Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд онцлон талархууштай. Товчоор дүгнэхэд, Монгол Улс гадаад бодлогын хувьд хөршүүдийнхээ итгэлийг хүлээж, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой, ийм ч эрмэлзэлтэй орон. Олон мянган километрээр хаяа залган орших Монгол орон үг хэлээ ололцож, итгэж хамтарч ажиллаж чаддаг тогтвортой түнш байх нь Орос, Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхолд ч нийцэх учиртай. Бид харин хөршүүдийнхээ болон олон улсын итгэлийг хүлээсэн орон байхын тулд дотоодын улс төрөө эрүүлжүүлж, засаглалаа сайжруулах, үндсэн хуулийн институцүүдээ бэхжүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай байгаа. Монгол Улс бүс нутагтаа аюулгүй оршиж, ардчилал, чөлөөт эдийн засгийн
1942 тогтолцоогоо бэхжүүлж хөгжин цэцэглэх ирээдүй биднээс өөрсдөөс ихээхэн хэмжээнд хамаарах болно. Бид зөвхөн өнөөдрөөр амьдрах ёсгүй. М.БАТЧИМЭГ (УИХ-ын гишүүн) 2014.08.19 Өдрийн сонин. Цахим. 2014.08.21 Хятадын талтай “Ялтан шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурна Хятад улсын дарга Си Зинпиний айлчлал өнөөдөр эхэлж байгаа билээ. Төрийн ордонд 16:00 цагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар хоёр улс "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протоколд гарын үсэг зурах юм байна. Манай улс “Ялтан шилжүүлэх гэрээ”-г 2011 оны зургаадугаар сарын 16-нд үзэглэсэн ч түүнийг дагалдах тусгайлсан гэрээг байгуулаагүй байсан тул өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байсаар иржээ. “Ялтан шилжүүлэх гэрээ”-нд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд гарын үсэг зурснаар 30 хоногийн дараанаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна. Манай улсын иргэд өнөөдрийн байдлаар дэлхийн 21 орны шоронд ял эдэлж байгаа аж. Үүнээс Хятад улсад 40 орчим хүн ял эдэлж байгаа бөгөөд Хятадын бүс нутаг дотор Хонконгод 16 хүн ял эдэлж байна. Нийт ял эдэлж буй 40 хүнээс 36 иргэн нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг ажээ. Өдрийн сонин. Цахим. 2014.08.21 Хятад, Монголын харилцаа: “Хүлгээ давиран гэрэлт ирээдүй рүү давхицгаая” БНХАУ-ын дарга Си Жиньпин Найрсаг хөрш Монгол Улсын тухай өгүүлэхэд Хятадын хүмүүсийн сэтгэлд: Тэнгэр огторгуй цэнхэрлэн бөмбийгөөд Тэнүүн тал тэнгэрийн энгээр алсарч Салхи сэнгэнэн сэвэлзэж өвсөн толгой бөхөлзөн Сүрэг сүргээр хонь мал өөдөөс бэлчин айсуй мэт, эсвэл морьтон үндэстний хөдөлмөрч зоримог зан, наадмын тэмцээн уралдаан, дуу бүжгийн тоглолт шууд дүрслэгддэг билээ. 2008 онд миний бие Монгол Улсад айлчлахдаа ч бас ийм сайхан дурсамжтай болсон билээ. Түүнээс зургаан жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж, дахин энэ сайхан оронд хөл тавина. Хөрш айлд зочлох шиг айлчлал хийхэд туйлаас баярлаж, айлчлалыг сэтгэл догдлон хүлээж байна. Айлчлалын таатай боломжийг ашиглан хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч байна.
1943 Энэ онд БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, “Найрсаг солилцооны жил” зэрэг тэмдэглэлт үйл явдлууд давхцаж байгаа нь хоёр орон, ард түмний хувьд чухал ач холбогдолтой билээ. Хятадад "Сайн морьтой байвал замын холоос айдаггүй, сайн найзтай байвал хүчир бэрхшээлээс эмээдэггүй" гэдэг зүйр үг бий. Дипломат харилцаа тогтоосноос хойших 65 жилийн түүхийг эргэн харахад хоёр орны харилцааны үндэс суурь найрсаг хамтын ажиллагаа байв. Ялангуяа өнгөрсөн зууны ерээд оноос хойш хоёр улсын харилцаа хурдацтай замд ороод дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжин бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирлээ. БНХАУ бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч бөгөөд энэхүү статусаа олон жилийн турш хадгалж байна. 2013 онд хоёр талын 1 сая 300 мянган иргэн харилцан зорчсоны дотор Монгол Улсын 1 сая гаруй иргэн Хятад улсад зорчжээ. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр улсын ард түмний хамтын хүч чармайлтын үр дүнд Хятад-Монголын стратегийн итгэлцэл улам гүнзгийрч, нийтлэг эрх ашиг, ард түмний найрамдал нөхөрлөл улам бүр нэмэгдэж, эрхэм зүйлсийг бий болгож байна. Дэлхий дахин хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед энх тайванч хөгжил дэвшил, хамтдаа хожих хамтын ажиллагааны төлөв чиглэл давамгайлах боллоо. БНХАУ 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүрэн цогцлоож, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эв зохицонгуй орчин үеийн социалист улс болох хэтийн зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилгоо хятад үндэстний сэргэн мандах “Хятадын мөрөөдөл” хэмээн төсөөлөн томьёолсон. Монголын ард түмэн хөгжил шинэчлэлийн замд хүч чармайлт гарган урагшилж, нийгэм, эдийн засгаа цэцэглүүлэн хөгжүүлэх сайхан ирээдүй харагдаж байна. Өнөө үед Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь цаг үеэ олсон, газар зүйн давуу талтай, эв зохицонгуй хүмүүнлэгийн харилцаанд нийцсэн үйл хэрэг мөн. Цаг үеэ олсон гэдэг нь Хятад, Монголын стратегийн түншлэлд нийцэж байгааг хэлнэ. Хятад улс өөрийн хөрш орнуудтайгаа харилцахдаа найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй гэсэн үзэл баримтлал дэвшүүлж, Хятадын хөгжлийн үр өгөөжийг хөрш орнуудтайгаа түүний дотор Монгол Улсад илүү хүртээхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар өргөн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрч гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон билээ. Манай хоёр улс хөрш зэргэлдээ оршдог газарзүйн байршлын хувьд давуу талтай, эдийн засгийн харилцан нөхөх чадвартай билээ. Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, арвин их байгалийн баялагтай. Хятад улс хурдацтай хөгжиж байгаа бөгөөд хөрөнгө санхүү, техникийн давуу талтай. Монголд хөрөнгө санхүү, техник, гадаад гарц, зах зээл зэрэг бүх талын дэмжлэг үзүүлэх боломжтой юм. Нэг үгээр хэлэхэд хоёр тал хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломж ихтэй. Эв зохицонгуй харилцааны хувьд гэвэл хоёр улсын найрамдал нөхөрлөл эрт үеэс уламжлалтай, ард түмэн хооронд найрсаг харилцаа зузаан байдаг билээ. Ялангуяа сүүлийн
1944 жилүүдэд хоёр талын хүмүүнлэгийн солилцоо тасралтгүй нэмэгдсэн. Манай хоёр ард түмэн бодит ашиг тусыг нь хүртэж, хоёр улсын харилцааны ирээдүйг улам сайхнаар төсөөлөн харж байна. Монголын тал миний энэ удаагийн айлчлалд чухал ач холбогдол өгч, харилцааны энэхүү таатай боломжийг ашиглан хоёр ард түмэн бие биедээ улам ойр дотно хандаж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг хүсч байна. “Холын саднаас ойрын хөрш дээр” гэдэг үг бий. Хятад, Монгол хоёр улсын хил 4700 гаруй км урт бөгөөд энэ нь Хятадтай хиллэдэг бусад хөрш орнуудаас хамгийн урт хуурай замын хил юм. Энэхүү геополитикийн харилцаа нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд онцгой давуу боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд хоёр улсын Засгийн газар болон ард түмний тууштай дэмжлэг Хятад, Монголын харилцааны хөгжилд хүчтэй түлхэц үзүүлж байна. Бид газар зүйн хувьд хөршүүд төдийгүй хамтын ажиллаагааны сайн хөрш, сэтгэлийн найрсаг хөрш байх ёстой гэж би боддог. Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ гараан дээр ирээд байна. Энэ дашрамд миний бие Хятад, Монголын харилцааны талаар дөрвөн зүйлээр санал бодлоо хуваалцахад таатай байна. 1. НАЙДВАРТАЙ, ХАРИУЦЛАГАТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШ БАЙЯ Хятад, Монголын харилцаа өнөөгийн түвшинд хүрэхдээ амар хялбар байгаагүй. Энэхүү харилцааг бид нандигнан хамгаалах ёстой. Хоёр тал стратегийн түвшинд, алсын хараатай харилцааны чиг хандлагыг тодорхойлон ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн оноос хойш миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзаж, санал бодлоо солилцож ирсэн. Монголын анд нөхөдтэйгөө уулзах бүртээ БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэгийг би онцлон тэмдэглэдэг. БНХАУ бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим баримталж, өөрийн хүсэл сонирхлыг бусдад хүчээр тулгахыг хүсдэггүй билээ. БНХАУ, Монгол Улстай гар нийлэн өөр өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзэж, тус тусын язгуур эрх ашиг, хүсэл сонирхлыг дэмжих үндсэн дээр энх тайван, хөгжлийн замаар тогтвортой, амжилттай урагшлах нь бидний чин эрмэлзэл мөн билээ. 2. ХАМТРАН ХҮРТЭЖ, ХАМТДАА ХОЖИХЫГ ХИЧЭЭДЭГ ХАРИЛЦАН АШИГТАЙ ТҮНШ БАЙЯ Хоёр улсын эдийн засгийн харилцан нөхөх байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагаа харилцан үр өгөөжтэй, харилцан ашигтай байх үндсэн онцлогтой. Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлэхдээ Хятадын тал хамтдаа хожих бодлого баримталдаг. Түүнээс биш би их хожно, чи бага хожно, би ихийг авна, чи бага ав гэсэн байр сууринаас хандахгүй. Харилцан ашигтай байх зарчмыг баримталж байж хамтын ажиллагаа урт хугацаанд тасралтгүй үргэлжилж хөгжлийг гүнзгийрүүлэх хөдөлгөгч хүч байх болно. Энэ нь Хятад, Монголын хамтын ажиллагааны давуу тал мөн. Хоёр улсын хооронд төмөр зам, авто замаар холбогдох, бүтээн байгуулалт, эрдэс баялгийн олборлолт, ашиглалт, гүн боловсруулалт зэрэг төслүүдийн хамтын ажиллагаанд нааштай ахиц гарч хамтын ажиллагааны давуу талыг эдийн засгийн үр өгөөж болгох, хоёр улс, хоёр ард түмэнд сайн
1945 сайхны төлөө илүү ихийг бүтээхийг Хятадын тал хүсч байна. Хятадын талын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын Энх тайвны гүүр, Их дэлгүүр зэрэг олон төсөл өнөөг хүртэл Монголын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсээр байгаад баяртай байна. Цаашид ч Хятадын талаас Монгол Улсын хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтад зориулан дэмжлэг үзүүлсээр байх болно. 3. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЙНГА ХАРИЛЦАХ НАЙРСАГ ТҮНШ БАЙЯ Манай хоёр ард түмэн найрамдал нөхөрлөл, чин сэтгэлийн харилцааг чухалчилж ирсэн уламжлалтай. Тиймээс бид хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийг хүсч байна. Энэ жилийг Хятад, Монголын найрсаг солилцооны жил болгон зарласны дагуу хоёр тал харилцан Соёлын долоо хоног зохион байгуулж, Хятад, Монголын найрсаг солилцооны тухай мэдлэг сорьсон тэмцээн, хятад, монгол дууны уралдаан, ханз үсгийн уран бичлэгийн тэмцээн, спортын зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Манай хоёр ард түмэн цаашид улам их харилцаж чин сэтгэлийнхээ орон зайг улам ойртуулахыг хүсч байна. Хятадын талаас Монголын талтай хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах, Хятад хэлний сургалт зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллаж улам олон монгол иргэд Хятад улсад тавтай зорчихыг урьж байна. 4. ЭНХИЙН ТӨЛӨӨ ГАР НИЙЛЭН АЖИЛЛАХ БҮС НУТГИЙН ТҮНШ БАЙЯ БНХАУ, Монгол Улс аль аль нь хөгжиж байгаа улсууд билээ. Олон улс, бүс нутгийн олон асуудлаарх хоёр талын байр суурь адил байдаг. Хятадын талаас Монгол Улсыг олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хамтын хөгжлийг урагшлуулахыг дэмждэг. Хятадын тал Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орохыг дэмжинэ. Монголын талтай НҮБ, ШХАБ, АСЕМ, АХАИББХ, “Их түмэн” санаачлага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Монголын талаас дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг чухалчлан үзэж энэ талаар Монголын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Түүхэн дэх "Талын торгоны зам" болон "Цайны зам" бүгд Монголоор дайран өнгөрдөг байсан. Хятадын талаас дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс", "21 дүгээр зууны далайн торгоны зам" санаачилга нь Монголын талаас дэвшүүлсэн "Талын зам" санаачилгатай адил төстэй талууд дээр хэрхэн хамтран ажиллахыг хамтдаа судалцгаая. Айлчлалын үеэр миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсын бусад удирдлагатай хамтын анхааралд байгаа асуудлуудаар санал бодлоо сайтар солилцож хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжлийг хамтран төлөвлөж харилцааг шинэ дээд түвшинд гаргах болно. Бид Хятад, Монголын ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх учиртай, үүнд итгэл төгс байна. Хятад, Монголын өнө мөнхийн найрамдал нөхөрлөлийг ариун цагаан хадгаар уламжилъя, Хятад, Монголын хамт хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё!
1946 Өдрийн сонин. Цахим. 2014.08.21 Хятадын даргын айлчлал стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэв -Тэд бидний тухайБНХАУ-ын дарга Си Жиньпин Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Ийнхүү Хятадын төрийн тэргүүний Монголд хийх хоёр хоногийн айлчлал эхэллээ. Сүүлийн 11 жилд БНХАУ-ын дарга Монголд айлчилж байгаа юм. Энэ нь Си Жиньпиний БНХАУ-ын даргын хувь хийж буй хоёр дахь тусгай айлчлал. Тэрээр Монголын улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тус улсын бусад хариуцлагатай ажилтнуудтай уулзаж, УИХ буюу парламентад үг хэлэх юм. Энэ жил БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулсны 20 жилийн ойг тэмдэглэж байгаа. Мөн 2014 он “Хятад Монголын найрамдалт солилцооны жил” юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Си Жиньпиний айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Синьхуа Өдрийн сонин: цахим 2014.08.21 Хятад 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлсэн. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна. Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Тэгвэл “Хөгжлийнхөө ид үед яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч энэ үеэр мэдэгдлээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, харин одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэж онцолсон байна. Уг уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад
1947 төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чаджээ. БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, ЗамынҮүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар Орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна Өдрийн сонин: цахим 2014.08.21 Хэлэлцээр үргэлжилж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээрийн дүнд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа Стратегийн түншлэлээс иж бүрэн стратегийн түншлэл болон өргөжих юм. Энэ нь бүхий л асуудал дээр хоёр улс хамтран ажиллах бололцоо нээгдэнэ гэсэн үг. Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаагийн айлчлалаар Хятадын удирдагчид авлигатай тэмцэхэд хоёр улс хамтран ажиллах, Хятад улсад ял эдэлж байгаа монгол иргэдийг цаазаар авахгүй байх хүсэлтийг тавина гэж байгаа билээ. Мөн Монголын түүхийг мушгин гуйвуулсан мэдээлэлд хатуу хориг тавих зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцээрийн үеэр тавих юм байна. Өдрийн сонин: цахим 2014.08.21 Хүндэтгэлийн чуулган хуралдав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Зиньпинд өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхав. Мөн УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэллээ. Уг хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар, албаны бусад хүмүүс, БНХАУ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан зочид төлөөлөгчид оролцов. БНХАУ-ын дарга Хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жилд Хятад-Монголын харилцаа Иж бүрэн стратегийн харилцааны түвшинд шилжин шинэ түүхээ эхлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.
1948 Өдрийн сонин: цахим 2014.08.22 МОНГОЛ УЛС, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзав. Хоёр улсын удирдагчид найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрэв. Талууд Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинд хөгжиж буй таатай үндэс суурь болон бодит шаардлагад үндэслэн, хоёр улс, хоёр ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх хамтын хүсэл эрмэлзлэлийн дагуу мөнхөд итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн анд байхын тулд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцов. Үүний тулд Талууд дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлнэ. Нэг. Улс төрийн харилцаа: Талууд “Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ” болон бусад баримт бичгийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов. Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй, тэдгээрийн нөгөө улсын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд оролцохгүй, нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг онцлон тэмдэглэв. Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой, харилцан ашигтай, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжүүлэх нь өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлийн нэг болохыг дахин нотлов. БНХАУ хөрш орнуудтайгаа “илүү дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай хүртээмжтэй байх” зарчмын дагуу хөгжлийн үр дүнгээ хуваалцан, харилцан ашигтай хамтдаа хожих
1949 бодлого баримталж байгааг монголын тал өндрөөр үнэлэв. Энэхүү зарчим нь Монгол, Хятадын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд илүү таатай боломжийг бүрдүүлж байгааг талууд тэмдэглэв. Монголын тал БНХАУ-ын Засгийн газар нь нийт Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үздэгээ нотлов. Монголын тал Тайвань, Төвд, Шинжааны асуудлаарх хятадын талын байр суурийг тууштай дэмжинэ. Талууд хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, олон улсын арга хэмжээний үеэр уулздаг уламжлалыг үргэлжлүүлж, бусад арга хэлбэрийг ашиглан стратегийн хэлхээ холбоогоо улам бэхжүүлнэ. Талууд хоёр улсын парламент, засгийн газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Талууд хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулахыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улс дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагатай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж буйд баяртай байдаг бөгөөд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэн олон улс болон бүс нутгийн түвшинд дэмжинэ. Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал аливаа хэлбэрээр оруулах, байрлуулахын эсрэг хамтран ажиллахаар тогтов. Талууд Гадаад хэргийн яамдын хооронд “Стратегийн яриа хэлэлцээ”-ний механизмыг байгуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, гадаад бодлого болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож байхаар тохиролцов. Талууд хоёр улсын улс төрийн намуудын хооронд туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг дэмжинэ. Талууд батлан хамгаалах салбарт харилцан айлчлалыг тогтмолжуулж, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ боловсон хүчин сургах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Талууд хоёр талын хуулийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, түүний дотор хил хамгаалах, цагдаа, авлигатай тэмцэх зэрэг байгууллага хоорондын өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Талууд терроризм, хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов. Талууд хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхээр тохиролцов. Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: Талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хоёр улс, ард түмний сайн сайхны төлөө чиглүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Хятадын тал цаашид ч харилцан ашигтай