The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.

Г.В.Плехановын нэрэмжит
Оросын Эдийн Засгийн Их сургуульд
Монгол залуусыг сургаж эхэлсний
95 жилийн ойд зориулан бүтээв.

Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by You Know, 2024-06-03 00:15:46

ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД

Г.В.Плехановын нэрэмжит
Оросын Эдийн Засгийн Их сургуульд
Монгол залуусыг сургаж эхэлсний
95 жилийн ойд зориулан бүтээв.

– 51 – Монголчууд 1950 онд М.Пэлжээ, А.Дэжээжалбуу, Даваажав, Дашдондог гэдэг дөрвөн сайхан залуу МАХН-ын Төв хороонд ажиллахаар ирсэн байлаа. Удалгүй П.Дамдинд НТХорооны дэргэдэх МХЗЭ-ийн үүрийн дарга гэсэн сонгуульт үүргийг хүлээлгэв. Тэр үед П.Дамдин нь боловсрол нимгэн байсан болохоор дээд сургуульд элсэн орохыг хүсдэг, үеийн нөхдүүд нь ч зөвлөдөг байв. 1952 оны зун Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр ЗХУ-д Эдийн засгийн дээд сургуульд дөрвөн хүн явуулах сураг дуулдлаа. Уг сургуульд арван жилийн дунд сургууль төгсөгчдөөс 2 хүн, ажиллагсдаас хоёр хүн явуулахаар шийдвэрлэсэн байсан юм. Түүний дотор Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга Б.Ринченпэлжээг ямар нэгэн болзолгүйгээр шууд явуул гэж Ю.Цэдэнбал дарга үүрэг өгсөн дуулдана. Мөн НАХЯ-ы хэлтсийн дарга Дэмчиг гуайг мөн шууд явуулахаар удирдлагууд шийдвэрлэсэн сурагтай. Тус дээд сургуульд шалгалт авч шалгаруулалт хийхээр Д.Ишцэрэн, М.Дүгэрсүрэн зэрэг тухайн үедээ нэр хүндтэй хэд хэдэн том сэхээтнүүдээс бүрдсэн комисс байгуулсан байлаа. П.Дамдин бусад шалгалтандаа тэнцсэн ч орос хэлний шалгалтандаа бүдэрсэн юм. Гэтэл нэг орой П.Дамдин ажил дээрээ сууж байхад нь Төлөвлөгөөний комиссын орлогч дарга Дулмаа гуай дуудуулж “Дэмчиг хэдийгээр шалгалтандаа тэнцсэн ч” Намын Төв хорооны дарга нар түүнийг сургуульд явуулахаас татгалзсан. Чи хөөцөлдөөд үзээч гэдэг юм байна. Хэд хэдэн хүнтэй уулзаж саналаа хэлсэн ч тодорхой шийдэлгүй ПААВАНГИЙН ДАМДИН (1931-2019)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 52 – хэд хонолоо. Нэг л өдөр НТХорооны боловсон хүчний хэлтсийн дарга Галсан гуай дуудаж “Дарга нар чиний хүсэлтийг хүлээн авч Зөвлөлтөд сургуульд явуулахыг зөвшөөрсөн шүү” гэлээ. Ингээд шинэ оюутанд өгдөг хувцасны зардлын 1500 төгрөгөө аваад явахад бэлтгэж байсан ч хувцас хунараа хийх чемодан олдохгүй, аргагүйд аавынхаа хийж өгсөн авсаархан жижиг модон чемоданд костюм, цамц гэх мэт ойр зуурын юмаа хийгээд, үеэл эгч, төв театрын мастер оёдолчин М.Дуламсүрэнгийн оёсон даалимбан чемоданд өвлийн хавар намрын пальтогоо хийгээд бас 10 литрийн битонтой шар тос, тал шуудай борц, баахан боорцог ганзагалан намрын налгар нэгэн өдөр алсыг зорин эрдмийн аянд дөрөөлж галт тэргээр явав. 14 хоног авсны эцэст Москва хотод очиход нь түүнийг Одесс хотын эдийн засгийн дээд сургуульд хувиарлалаа. Энэ үед П.Дамдин элчингийн ажилтанд хандаж “Би Б.Ринчинпэлжээ гуайгаа бараадмаар байна. Намайг Москва хотод үлдээж өгөөч” гэж учирлав. ЭСЯамны ажилтан түүний хүсэлтийг ёсоор болгож Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд суруульд оруулахаар боллоо. Хэл мэдэхгүй болохоор хааяа болдог семинарын хичээл дээр хэл мэдэхгүйгээрээ далимдуулж толгой сэгсэрч сууна. Багш нар лекц уншиж байхад тэрээр хэл мэдэхгүй болохоор тэр цагууд дээр гэр орон руугаа захиа бичиж суудаг байлаа. Эцэг эхээ, нутаг орноо их санана. Ийнхүү өдөр хоног ээлжилсээр нэг мэдэхэд эхний хагас жилийн шалгалт шүүлэг болоход сурч мэдсэн юмгүй маш хүнд байдалтай тулгарлаа. Хэсэг зуур сэтгэлээр унаж, оюутан байна гэдэг амаргүй юм байна гэдгийг ойлгож, нутаг буцах тухай ч бодож явжээ. Яг энэ үеэр улсын Төлөвлөгөөний комиссын дарга Д.Майдар гуай Москва хотод албан ажлаар ирэх үед хамт сурч байсан Б.Ринчинпэлжээ гуайд хандаж “Ингэж бүтэлгүйлэж байхаар хөөгдөөгүй байгаа дээрээ эртхэн нутаг буцъя” гэсэн миний бодлыг даргад дамжуулж өгөөч гэв. Б.Ринчинпэлжээ гуай “Чи ч дэмий л юм бодож байна даа” гэсэн хэдий ч Майдар гуайтай уулзуулсан юм. Д.Майдар гуай оюутан П.Дамдингийн саналыг сонсох нь бүү хэл үгийн солиогүй загнаж, сурахаас өөр замгүй гэдгийг хатуу ойлгуулан гаргажээ. Тэр үед Зөвлөлт, Хятад улс хоорондын харилцаа сайн байсан үе болохоор манай сургуульд Хятад оюутнууд олноороо ирж суралцаж байсан үе. Хятад оюутнуудад зориулсан хэлний бэлтгэл ангийг шинээр нээсэн байлаа. Тэр хэлний бэлтгэлд нь орчихвол цаашид сурч болмоор санагдаад тус сургуульд аспирантураар суралцаж байсан Л.Цэнд гуайтай уулзаж дээрхи санаагаа хэлбэл тэр дор нь л түүнийг дагуулан сургуулийн захиралтай уулзуулснаар маргааш нь хэлний бэлтгэлд суралцах шийдвэр нь гарч билээ. Л.Цэнд гуай орос хэлийг сайн эзэмшсэн хүн байсан учраас Орос оюутнуудад хичээл заадаг, семинар удирддаг, их нэр хүндтэй хүн байсан бөгөөд Оросын нэртэй эрдэмтэд онолын талаар хоорондоо маргаад ирэхээрээ Л.Цэндийн


– 53 – Монголчууд саналыг сонсъё гэдэг байсан гэдэг. Ингэж л П.Дамдин гуай хэлний бэлтгэл ангийг Онц дүнтэй төгссөний дараа үндсэн ангид орж бас л Онц дүнтэй төгссөн юм. Дээд курсэд суралцаж байх үед долоо хоногийн 1 өдрийг бие даах өдөр гэж байдаг байлаа. П.Дамдин гуай тэр өдрийг тэрээр “бие тоох” өдөр гэж үзээд гадуур явж, кино, ший, музей энэ тэрийг үзэх өдөр болгож, бас ч нилээд сэлгүүцэж байснаас улаан дипломтой төгсөх боломжоо алдсан юм даа гэж ярьж суудагсан. Л.Цэнд гуай аспирантураа амжилттай төгсөж эх орондоо буцаж ирснийхээ дараа Улсын төлөвлөгөөний Комиссын орлогч дарга, Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга, Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаалд дэвшиж ажилласан. Өндөр боловсролтой, мэдлэг өргөнтэй, хатуу шаардлагатай, хүний ажил санаачлагыг их дэмждэг, улсынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шилдэг удирдах ажилтны нэг байсан. Харамсалтай нь манайхан түүний эрдэм ухаан, зохион байгуулах онцгой чадварыг нь ашиглаж чадаагүй. Ю.Цэдэнбал дарга 1961 онд автын осолд ороод удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байх хугацаанд Л.Цэнд гуай Намын Төв Хорооны 2-р нарийн бичгийн даргын хувьд их санаачлагатай ажиллаж, ялангуяа удирдах ажилтны ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар хатуу шаардлага тавьж эхэлсэн. Тэр нь зарим сайд, дарга нарт таагүй сэтгэгдэл төрүүлсэн байх. Нэг үгээр хэлэхэд ажлаа олигтой хийдэггүй хирнээ зөөлөн суудалд дуртай зарим нэг матаачид Ю.Цэдэнбал даргын хүнд итгэмтгий байдлыг ашиглан Л.Цэнд гуайн талаар одоогийнхоор бол яггүй хор найруулсан байх гэж боддог. Нөгөө тамын тогооны үлгэр л болсон. Уг нь Ю.Цэдэнбал дарга түүнтэй гар сэтгэл нийлээд ажилласан бол улс оронд их л хэрэгтэй байсан байх гэж би боддог. Түүнийг намын дээд удирдлагаас гаргахад хувь хүнийх нь хувьд би их харамсаж байсан. Энэ тухайгаа би түүнд утсаар хэлэхэд “Дахиж битгий утасдаарай. Чи залуу хүн. Чамд муу юм болж мэднэ” гэж анхааруулж байж билээ гэж П.Дамдин өөрийнхөө дурсамж номонд бичжээ. П.Дамдин гуайн дурсамжаас үзвэл оюутан ахуйн өдрүүд нь үндсэндээ Б.Ринчинпэлжээ хэмээх ажил амьдралын их туршлагатай хашир хүний “Хараа хяналт” дор өнгөрчээ. Тэрээр “Ринчинпэлжээ гуай миний хичээлд ч, амьдрал ахуйн асуудалд ч их сургамжилна. Амьдрал үзсэн ахмад хүн болохоор мөнгөнд аригтай. Усан үзэм, тарвас Москвагаар дүүрэн байх. Хааяа авахаар энэ усаар яах юм бэ? үүний оронд хагас кило мах ав” гэх жишээтэй. Тэр үед Москвагийн захын дүүргийн клубуудэд гадаадын, голдуу Энэтхэгийн кино их гардаг байсан. Би нөхөдтэйгээ хэд хэдэн удаа кино үзэхээр алга боллоо. Нэг өдөр Пэлжээ надаас “Чи ингэхэд Москвад кино ший үзэх гэж ирсэн үү?, аль эсвэл эрдэм ном сурах гэж ирсэн хүн үү?” гэж их л нухацтай


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 54 – асуулаа. Эцэст нь Пэлжээ гуай “За тэгвэл хоёулаа сард 1 удаа л кино ший үзье” гэсэн журам тогтоож байлаа. Нэгэн удаа Москвад сурдаг Монгол оюутнуудын үдэшлэг зохиогдоход тэд сүрхий интернационалч хүмүүс болж ангийн дарга, комсомолын дарга хоёрыг урихад тэд их л баярлацгаажээ. Үдэшлэг болох өдөр уулзах газраа тохирч, байрандаа ирж байдгаараа гоёж аваад явах гэтэл Б.Ринчинпэлжээ гуай гэнэт “Бид хоёр Москвад ирж хоёрхон сар болж байж Монголчуудын үдэшлэгт Орос хүүхэн дагуулж очвол олны доог болох байх. Залуу хүн болохоор чамайг нэг их өөлөхгүй. Авгай хүүхэдтэй хөгшин намайг юу ч гэж хэлж мэднэ. Тэгэхээр үүнийг би аргалъя” гэж билээ. Маргааш нь хичээлдээ очиход нөгөө хоёр Орос бүсгүйчүүд маань “Та хоёр яагаад ирсэнгүй вэ? бид их хүлээсэн” гэхэд Пэлжээ гуай бид хоёр буруу гарцан дээр хүлээсэн юм байна, тодорхой зааж өгөөгүй бидний буруу, уучлаарай гэснээр хэргээс мултарсан” гэж ярьдаг байлаа. П.Дамдин гуай Москвагийн оюутны «Алексеевский» хотхонд өнгөрөөсөн оюутан ахуй цагийнхаа эхний өдрүүдийн тухай наргиантай дурсамжийг “Би анх Саша Мусханов, Вася Чистяков гэдэг 3-р курсийн хоёр оюутантай нэг өрөөнд хамт амьдарч байлаа. Манай өрөөний хоёр хоорондоо их ярилцана. Би юу ч ойлгохгүй, зарим үг нь олон дахин давтагдана.тэдгээр үгнүүдийн учрыг ойлгох гэж толь бичгээс хайгаад олддоггүй. Тэр хоёроос уг үгнүүдийг тайлбарлаж өгөхийг гуйхад “Энэ маш чухал үгнүүд, эдгээрийг мэдэхгүйгээр Орос хэлийг сурна гэж байхгүй, гэхдээ бид хэлний мэргэжилтэн биш учраас тайлбарлаж чадахгүй, чи Орос хэлний багшаараа тайлбарлуул гээд цаасан дээр 20 шахам үгсийг бичиж өглөө. Би В.И.Виноградова гэдэг залуухан эмэгтэй багшдаа тэдний бичсэн үгсүүдийг тайлбарлуулахаар өгсөн чинь багшийн царай улайж, үүнийг чамд хэн бичиж өгөв? гэхэд нь тэднийг хэллээ. Хэд хоногийн дараа Сашаа маань сургуулиас их л ууртай ирснээ” “Чамаас болж декан дээр дуудагдаж зөндөөн загнууллаа. Үүнээс хойш чамд нэг ч үг зааж өгөхгүй, Орос хэлийг чи муу л сурна биз, хохь чинь” гэж билээ. П.Дамдин нь сайн сурдаг хичээнгүй оюутан байснаас гадна олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, үеийн нөхдийнхөө манлайд гялалзаж явжээ. Тэрээр Москва хотын Монгол оюутнуудын Эвлэлийн Хорооны даргаар сонгогдож, 1955 онд МХЗЭ-ийн XII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ. Мөн Монгол улс тунхагласны 30 жилийн ойд зориулан Москва хотод болсон Монгол Зөвлөлтийн залуучуудын баярын хуралд анх удаа олны өмнө илтгэл тавьж явжээ. Ийнхүү 1958 оны зун Москва хотын улсын Эдийн засгийн дээд сургуулийг амжилттай дүүргэсний дараа сургуулийн анд Д.Салдангийн хамтаар Ленинград, Сочи, Ялта, Симферополь хотуудаар сар хиртэй аялсны эцэст Москвад буцаж ирээд нутгийн зүг жолоогоо залж байсан


– 55 – Монголчууд түүхтэй. Түүнийг их бүтээн байгуулалт, сонин учрал, хүний ёсны амьдрал, баяр жаргал угтаж байлаа. Сургуулиа төгсөж ирээд Төлөвлөгөөний комиссын нэр дээр сургуульд явсан болохоор тэндээ мэргэжилтэн хийсэн. Хагас жил орчим ажиллаад 1959 онд Төлөвлөгөөний комиссын газрын Аж үйлдвэрийн хэлтсийн дарга болоод 1960 оноос Аж үйлдвэрийн яамны сайд болсон. Бүх үйлдвэрүүдийг хариуцана. Үүнд: Уул уурхай, цахилгаан, түлш, эрчим хүч, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр гээд бүгд. Тэр үед дотоодын үйлдвэрүүд гутал, хувцас, бараа, хүнсний бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хийдэг байсан. Миний 50 насны төрсөн өдөр хэн явуулсан нь тодорхойгүй нээх гоё боодолтой юм ирлээ гэсээр туслах маань аваад ороод ирлээ. Гэтэл дотроос нь оросоор “Дамдин ахаа энэ гутлыг өмсөхөөр хөл өвдөөд байна” гэж бичсэн бичгийн хамт хүүхдийн баахан өрөөсөн гутлууд гараад ирлээ. Энэ нь хатуу арьсаар хийгдсэнээс хүүхдийн хөлийг нь өвтгөж байна, энэ алдаагаа зас “гэсэн сануулгыг Анастасия Ивановна Филатова гуай” яамны сайдын хувьд надад өгсөн шүүмж байлаа. Яамны сайд гэдэг энэ мэтийн бүхий л хариуцлагыг үүрч байлаа шүү дээ. Ингээд сууж байтал Цэдэнбал дарга дотуур утсаар “Миний өрөөнд ороод ирээч” гэлээ. Гэтэл ширээн дээр нь надад явуулсан хүүхдийн гутлуудын нөгөө өрөөсөн гутлууд нь байна. Тэр үед хүүхдийн гутлын үйлдвэр дөнгөж байгуулагдаад эхний бүтээгдэхүүнүүдээ гаргаж байсан үе болохоор ажиллагсдын ажлын дадлага, ур чадвар нь дутмаг байсан хэрэг. Дээрхи дутагдлуудыг богино хугацаанд засч Европын орнуудын стандартыг бараг давсан гоё гутлуудыг хийгээд тэдэнд явуулж байлаа. Ингэж л Аж үйлдвэрийн яамны сайдын ажлыг 1960-1968 онуудад, Хөнгөн Хүнсний үйлдвэрийн яамны сайдын ажлыг 1968-1979 онуудад хийж гүйцэтгэсэн. Дараа нь 1979-1990 онуудад Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энэ хугацаанд Монгол улсад төрөл бүрийн үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, тэдгээр үйлдвэрүүдэд Япон, Итали, ЗХУ зэрэг хөгжингүй орнуудаас орчин үеийн техник технологиудыг оруулж ирснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байснаас гадна экспортод ч бүтээгдэхүүнээ гаргадаг болж улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулсан гэж боддог. Монгол улсын ХөдөлМөрийн баатар, Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, ШУТИС-ын Хүндэт доктор П.ДАМДИН ("Аж үйлдвэрээр овоглосон төрийн сайд" Улаанбаатар хот. 2011 он) номноос түүвэрлэн бичсэн хүү Д.Баяр.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 56 – Д.Салдан нь 1934 онд Архангай амйгийн Хотонт суманд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1943-1953 онуудад суралцаж төгссөн. Улмаар Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд 1953-1958 онуудад суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Д.Салдан нь Улсын төлөвлөгөөний комисст 1958-1959 онуудад мэргэжилтнээр ажиллаж байгаад 1959-1967 онуудад УТК-н Их барилга, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, геологийн салбар хариуцсан хэлтсийн дарга, орлогч даргааар ажилласан. Д.Салдан нь 1967-1973 онуудад УТК-н Хөрөнгө оруулалт, Аж үйлдвэр, Их барилга, Геологийн салбар хариуцсан 1-р орлогч дарга, бөгөөд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын Хорооны дарга, зэрэг ажлуудыг хийж байгаад 1973-1985 онуудад Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга бөгөөд БНМАУ-ын төрийн сайдаар ажиллаж байв. Д.Салдан нь 1985-1990 онуудад БНМАУ-аас Бүгд Найрамдах Унгар Ард Улс болон Бүгд Найрамдах Австри улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, 1990-1992 онуудад тусгай үүрэгт Элчин сайд бөгөөд Монгол улс-Оросын Холбооны улсын хилийн хамтарсан Комиссын Монголын хэсгийн дарга зэрэг ажлуудыг тасралтгүй хийж гүйцэтгэж байгаад 1992 оноос өндөр насны тэтгэвэрт гарсан хэдий ДАНГААСҮРЭНГИЙН САЛДАН (1934-2014)


– 57 – Монголчууд ч 1992-2008 онуудад Монгол-Сингапурын хамтарсан ЛОТС Инвест ХХК-д захиралаар ажиллаж байлаа. Д.Салдан нь Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 2 удаа, мөн гадаад орнуудын төрийн дээд одон медалиудаар тус тус шагнагдаж байсны дээр “Монгол улсын Гавъяат эдийн засагч” цолоор шагнагдсан хүн. 1960-1990 оны үеийг манай улсын их бүтээн байгуулалтын “Алтан үе” гэдэг Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур зэрэг шинэ хотуудыг тэр олон үйлдвэр, орон сууцны шинэ хороололуудтай нь цоо шинээр байгуулах, Улаанбаатар хотод гэхэд бидний сайн мэдэх том том үйлдвэр, үйлчилгээний газруудаас гадна орон сууцны арван хэдэн шинэ хороололыг, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ахуй үйлчилгээний төвүүдтэй нь цогцоор нь барьж байгуулах, хөдөөгийн механикжсан нэгдэл, сангийн аж ахуйнуудыг шинээр байгуулах, техник тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, их бүтээн байгуулалтыг гадаадын гадаадын зээл тусламж, техникийн туслалцаагаар барьж байгуулах нөр их ажлыг Салдан сайдын удирдаж байсан “Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо” төвлөрүүлэн зангидаж байсан юм. Энэ байгууллагыг тэр үеийнхэн “Салдангийн хороо” хэмээн нэрлэж хэвшсэн байжээ. Өнөөдөр байгууллага компаниараа овоглосон эрхмүүд олон бий. Гэтэл даргаараа овоглосон улсын том байгууллага гэхээр тухайн үед Салдан сайдын эрхэлж байсан ажлын цар хүрээ, алдар хүнд ямар байсны нэгэн илэрхийлэл юм. 1960-1990 онуудад улс орны хэмжээнд нийтдээ томоохон бүтээн байгуулалтын 340 гаруй том цогцолбор төсөл хэрэгжүүлсний 1 цогцолбор төсөл нь гэхэд “Эрдэнэт”. Эрдэнэтийг барьж байгуулахын тулд бие даасан 621 дэд төслийн барилга байгууламжуудыг тусад нь хэлэлцээ хийж, гэрээ, контрактыг нь байгуулсан гэхээр тэдгээрийг барьж байгуулах, бүтээн босголтын их ажлаас өмнө ямар их тооцоо, судалгаа хийж, төсөл төлөвлөгөө боловсруулах, уулзалт, хэлэлцээ хийх зэрэг нөр их ажил явагдаж байсан нь ойлгомжтой. . . . Салдан сайдын архиваас: “Эрдэнэт” цогцолбор төслийн бүрэлдэхүүн, бие даасан 621 дэд төслийн төлөвлөлт, хэрэгжилтийн зураглал Манай ард түмний “Зууны манлай бүтээн байгуулалт” гэж өргөмжилсөн Эрдэнэтийг бүтээн босголцоход голлох үүргийг гүйцэтгэсэн Салдан сайдын зөвхөн ганц энэ ажлынх нь үр дүн гэхэд л өнөөг хүртэл манай улсын эдийн засаг, ард түмний амьдралд ямар их өгөөж, ашиг тустай байгааг хэн хүнгүй мэдэх билээ. Салдан сайд эрхэлж байсан ажил үүргийнхээ хүрээнд энэ том төслүүдийг бодит ажил болгоход оновчтой санал, бүтээлч санаачлага гарган, ихэнх гэрээ хэлцэл, төслүүдийг өөрөө гардан удирдаж, манай улсын гадаад эдийн засгийн харилцааг чанарын шинэ түвшинд гаргасан


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 58 – гэж түүний удирдлаган дор ажиллаж байсан хүмүүс, мөн хамтран зүтгэж явсан ахмадууд нь бахархан дурссан байдаг. Салдан сайд улс орныхоо хөгжил дэвшилд нэн шаардлагатай байсан олон арван үйлдвэрийг байгуулах ажлыг саначлан удирдсаны зэрэгцээ хүн ардынхаа эрүүл мэндийг асуудлыг маш их чухалчилж байсны жишээ нь “Эх нялхсын төв”, “Хавдар судлалын төв”, “Гэмтэл согогийн шинэ эмнэлэг”, 1 болон 3 дугаар шинэ эмнэлэг зэрэг орчин үеийн эмнэлэгийн томоохон цогцолборуудыг барьж, байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь манай Монголчуудын амьдралд өнөөдөр ч гэсэн ач тусаа өгсөөр байна. Аав маань өндөр насны тэтгэвэрт суусныхаа дараа ч улсынхаа төлөө зүтгэж явсан он жилүүдийн зарим хэсгийг тухайлбал түүхэн баритуудыг он, сар, өдрөөр нь тухайн үйл явдалд оролцсон хүмүүсийн нэр алдраар нь бичиж үлдээсэн өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ түшиглэн Эрдэнэт, Говь комбинатыг хэрхэн бүтээн босголцсон тухай бодит түүхэн үйл явдлын талаар “Эрдэнэтийг бүтээн босголцсон товч түүх”, “Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас” зэрэг номд бичиж хойч үедээ үлдээжээ. Аавынхаа тухай бичсэн охин: УИХ-ын гишүүн С.Одонтуяа


– 59 – Монголчууд ТҮШИГЦООДОЛЫН ДАШДЭЛЭГ Аймаг бүрээс 1955 онд 9 дүгээр ангиа онц сайн дүнтэй төгсгөсөн 24 сурагчийг улсын зардал, төсвөөр Улаанбаатар хотод ирүүлж, Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 болон 2 дугаар дунд сургуулийн бэлтгэл 10 дугаар ангид цалин, орон байрны хангамжтайгаар суралцуулж, 1956 оны хавар төгсгөж билээ. Тус хоёр сургуулийн бэлтгэл 10 дугаар ангиа сайнаас дээш дүнтэй төгсөгч биднийг 8-р сард гадаад улс орнуудад явуулж, нарийн мэргэжил эзэмшүүлэхээр Эх орон, элгэн садан минь төмөр замын вокзал дээр үдэн гаргаж байсан нь саяхан л мэт. Галт тэргээр холын замыг зорьсон хүүхдүүд бид бараг л 7 хоног үргэлжилсэн уг аяны явцад шуугилдан хөгжилдсөөр Алтан Москвад очиж билээ. Галт тэргээр очсон хүүхэд биднийг Москва хот дахь Эрчим хүчний дээд сургуулийн оюутны байранд түр байрлуулаад 1-2 хоногийн дараа Элчин Сайдын Яамны сургууль хариуцсан ажилтан, хуучин, ахмад оюутнууд ирж биднийг нэр заасан улс, хот, сургуулиудад нь хувиарлан “Метро” гээч гайхамшигт унаагаар хүргэж өгч билээ. Т.Дашдэлэг миний хуваарьт Г.В.Плехановын нэрэмжит дээд сургууль нь Стремянный гудамж, байшин 11 дугаартай, оюутны дотуур байр нь Зацепийн гудамж, байшин 43в гэсэн хаягтай байв. Шинээр хувиарлагдан очсон биднийг тус сургуулийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн декан мөн миний суралцах инженер технологийн тэнхимийн декан бас өөр хоёр ч багш хамтран хүлээн авч, зохих мэдээлэл өгч танилцуулга хийж бидэнд баяр хүргээд оюутны үнэмлэх олгосноор Европ даяар алдартай тэр сайхан сургуулийн оюутан болж, түүнийг одоо болтол “манай сургууль” гэсээр эдүгээг хүрлээ. Орхиж үл болох оюутан ахуй үе Эх орноосоо түр хөндийрсөн багахан насаа эргэж санахуй Эрдмийн уурхай төрөлх Их сургуулиа үл мартахуй


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 60 – Тус сургууль нь Худалдаа арилжааны боловсролыг дэлгэрүүлэх нийгэмлэгийн “Москвагийн худалдааны дээд сургууль” (Московский коммерческий институт) нэртэйгээр хамжлагат Оросын нэрт санхүүч 1-р зэргийн худалдаачин А.С.Вишняковын зэрэг тэр үеийн баян чинээлэг худалдаачид, жижиг үйлдвэр эрхлэгчдийн өглөг, хандивын хөрөнгөөр 1907 онд анх байгуулагдсан түүхтэй. (Московский институт Народного хозяйства-МИНХ) гэсэн нэрээ солиод 1924 оноос Оросын суут сэтгэгч Г.В.Плехановын нэрэмжит болгосон байдаг. Харин 1957 оны 3-р сард тус сургууль дээр СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошилов өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан баярын хуралд оролцож байсан маань ахмад төгсөгч Т.Дашдэлэг надад нэн дурсгалтай агаад бахархалтай. Тус алдарт сургуулийг биднээс урьд өмнө нь МАХН-ын анхны дарга Ц.Дамбадорж, МАХН-ын Төв Хорооны хоёр дугаар нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч дарга асан Л.Цэнд, Намын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Дамдин, Төрийн сайд, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Б.Ринчинпэлжээ, УТК-ын орлогч, академич П.Лувсандорж, мөн орлогч дарга эрдэмтэн Ц.Даваадорж, ахмад хоршоологч дэд эрдэмтэн П.Өлзийбат, Төрийн сайд П.Баатар, О.Дэлгэржав, Д.Загасбалдан, Д.Салдан, орлогч сайд Ө.Дорж нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд суралцаж төгсгөсөн бөгөөд миний үе болон хожим нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, төрийн сайд агсан Ч.Молом, Ц.Цогт, дэд сайд асан Ч.Цэрэн-Очир, У.Барсболд, Ж.Октябрь (Ph.D), Эрдэмтэн зохиолч Д.Урианхай, нэрт эрдэмтэн П.Нэргүй, Ж.Сүхбаатар, Н.Найдан, Р.Дарьхүү, С.Нарангэрэл зэрэг нэр цуутай зүтгэлтнүүд олон сайхан мэргэжилтнүүд сурч төгссөн, эрдмийн цол хэргэмээ хамгаалцгаасан нь үнэхээр бахархалтай. Тэр 1956-1957 оны хичээлийн жилийн шинэ оюутан Т.Дашдэлэг, Д.Доржгочоо, Ц.Цэрмаа, Н.Цэдэндаш биднийг тус сургуульд анх очиход О.Шарав, Ч.Молом, Д.Дамдинсүрэн, Н.Элбэгзаяа, Г.Довчин, М.Жамсран, Ц.Пунцагдулам, Н.Чойжамц, Б.Цэрэнханд, С.Баярсайхан, Ш.Гүрдорж нарын ахмад оюутнууд Худалдааны болон үйлдвэрийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэл санхүү, Хүнсний болон аж үйлдвэрийн бараа судлал, Хүнс нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн инженер зэрэг мэргэжлээр суралцацгааж байлаа. Хойтон жил нь буюу 1957-1958 онд хичээлийн шинэ жил эхлэхэд шинээр Л.Чулуунбаатар, Д.Чойсүрэн, Ц.Хэнмэдэх, Г.Шарав, Б.Уламбаяр, А.Чойнор, Г.Баатар, Ж.Цэдэн-Иш, Х.Бурмаа, Н.Хишигжаргал, Н.Аюур, Н.Тавантай нарын зэрэг оюутнууд шинээр ирж бид дотносон танилцаж, эвтэй найртай амьдарч, эх орноо санан санан суралцацгааж байлаа.


– 61 – Монголчууд Тэр үеийн ЗСБНХУ-ынхаа хэмжээнд өмнөө барих, зарим нь дэлхий дахинд нэр алдартай томоохон академич, доктор, профессорууд, нэрт сурган хүмүүжүүлэгчид А.А.Вышелевский (Механик тоног төхөөрөмжийн), Ковалева, Успенская (Хоолны технологи эрүүл ахуй), Г.К.Устинов (Хөргүүрийн машин техникууд), Н.Герчук (Ерөнхий болон органик хими), А.Н.Григорян (Материалын эсэргүүцэл-Сопромат), А.Я.Мицоян (Зурлагт геометр), А.М.Брейдбург (Хоол зүй шим судлал-физиология питания), Н.Авитесян (Коллойд хими), Н.Дундуков (Нябо бүртгэл), А.В.Григориева (Орос хэл) нарын олон эрдэмтэн багш, доктор профессорууд, сурган хүмүүжлүүлэгчид бидэнд хичээл ном заадаг байв. Оюутан бид нийтээрээ Диамат- (Диалектический материализм)-аа онц өгвөл онолтой улс төрч, (сопромат) (Сопротивление материалoв)-аа онц өгвөл онцгой инженер болно хэмээн Орос Монголгүй л хүүрнэн ярилцацгаадаг байж билээ. Оросод төдийгүй дэлхийд нэр цуутай тийм эрдэмтэн, томчуудын лекцийг сонсоно, өөрсдийнх нь онолын бүтээл, ном сурах бичгийг уншиж судална гэдэг ёстой л том аз завшаан билээ. Тэд өөрсдийнхөө хэмжээний боловсрол мэргэжил эзэмшүүлэхээр оюутнууд биднийг дотоодын гадаадын гэж ялгаварлахгүйгээр өндөр шаардлага тавьдаг байв. Бид ч тэр томчуудын хэмжээнд яаж ч хүрч сэтгэж, ойлгож, ухаарах вэ дээ. Гэхдээ л Зөвлөлтийн багш нар оюутан бидэнд өөрсдийн хэмжээний боловсрол мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх гэсэн тэдний маань өгөөмөр хандлага юм гэж бодогддог. Улс төр судлал, дээд тоо, онолын механик, черчение, цахилгаан техник, биохими зэрэг ерөнхий эрдмийн бусад хичээлийн багш нар ч нарийн мэргэжлийн бусад багш нараас дутахгүй өндөр шаардлага тавьдаг байсан нь тухайн үедээ хатуухан санагддаг байсан ч цэцс сүүлдээ олигтойхон инженер технологич мэргэжилтнүүд болгож төгсгөхийн төлөө санаа тавьж, шаардлагыг өндөр тавьдаг байсан нь бидэнд бүрэн ойлгогддог байлаа. Тухайлбал Черчение 12 ватум цаас, шугам зураг, төгсөлтийн дипломоо хамгаалах үед бүүр ч тод мэдрэгдэж, ач тусаа өгч байв. Миний бие 1962 оны 6-р сард дипломоо “Онцсайн” дүнтэйгээр хамгаалж, “Хоол, хүнсний инженер технологич” гэдэг цол, энгэрийн тэмдэг авч билээ. Энэ чухал мэргэжил маань миний нэрийн өмнө насан туршид овог мэт хамт хэрэглэгдэж миний ажил амьдралыг хөтлөн түүчээлсээр . . . Мартахын аргагүй ийм цол гуншинтай болсноо малчин ардын хүү би яахан бахархахгүй байх билээ. Т.Дашдэлэг би энэ мэргэжлийг бага үнээр олж аваагүй. Түүний төлөө би залуу насныхаа 5,5 жилийг зориулж, тэр хугацаандаа хичээнгүйлэн сурах, чармайн хөдөлмөрлөхийн үр шимийг үзэж, бас эрүүл мэндийнхээ зарим хэсгийг зориулан хэт ядаргаанд орж, эмнэлэгт олон хоногоор хэвтэж, эмчлүүлсний учир эмнэлэгээс 6 сарын хугацаатай амраах шийдвэр (академический чөлөө) гарч, бэлэн болгосон дипломын ажлаа хамгаалах бололцоогүй болгож билээ.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 62 – Тэр үед миний хэвтэж эмчлүүлж байсан Москвагийн “Соколинная гора” дахь эмнэлэгийн эмчлэгч, эмч доктор профессор Альфов гуайтай манай ЭСЯамны хариуцлагатай ажилтан Нанзад гуайг уулзуулан дипломын ажлаа хамгаалах зөвшөөрөл гуйлгасан чинь “Танай Монгол улсад мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй юм уу?” Аль эсвэл дипломын (Корка) хавтас хэрэгтэй юм уу? гэж загнаад зөвшөөрөл өгөөгүй гэдэг. Тэгээд би 1961 оны 6-р сараас эхлэн 1962 он гартал эмнэлэгийн чөлөөгөөр Эх орон уугуул нутагтаа ирж, бүүр хөдөө морь унаж, мад сүргээ малласаар тухтайхан амарч билээ. Би тэр үед оюутны байрныхаа 3-р давхарын 72 тоот өрөөнд Саратов хотоос ирсэн Володя Курилов, Воронеж мужаас ирсэн Николай Манжурин нартай гурвуулаа 4 жил гаруй хугацаанд нэгэн гэрийн хүүхдүүд мэт олдсоноо хувааж идээд, өлсвөл хамт өлсөцгөөгөөд, баярлавал хамт баярлаад үнэхээр эвсэг дотно амьдарцгааж билээ. Тэр үед оюутан бидний дотуур байрандаа хийж иддэг хоолны голлох хүнс нь төмс, гоймон, лууван, маргарин, гахайн өөх, хар цагаан талх, сүү, тараг, өндөг, нарийн зайдас, махан шанз, хагас боловсруулсан бэлдэц зэрэг хямд төсөрхөн бүтээгдэхүүнүүд байлаа. Оюутан ахуйн үед тохиолдсон сонин содон дурсамжууд нэн олон бөгөөд тэдгээрээс энд зөвхөн ганц тохиолдлыг л маш товчоор дурсамжлан өгүүлье. Би бээр дээд сургуулийнхаа 3-р дамжааг амжилттай дүүргээд зуныхаа амралтаар нутаг явахгүйгээр хаана, яасхийж амрах, аялахаа төсөвлөж байтал манай сургуулийн 3-р дамжааны Сурлага, сахилга, хүмүүжил сайтай оюутнуудаас цөөнийг Хар далайн Сочи хотод дадлага хийлгэхээр сонгон шалгаруулахад нь би тэнцэж тус хотын “Приморский”, “Светлана” гэдэг зочид буудлуудын ресторануудад 2 ээлжээр ажиллан дадлага хийх том аз тохиосон билээ. Хоёр дахь зочид буудалд И.В.Сталины “Света” нэртэй охин нь ирж амарснаас хойш “Светлана” гэж хочилсон домогтой. Би ажил дадлагын биш амралтынхаа нэгэн өдөр усанд улам сайн сэлж сурахаар хорхойсч хоёр хөлдөө резинэн сэлүүр (ласт) бэхлэн уяад далайн гүн рүү нилээд сэлж явтал зүүн хөлийн шөрмөс татаж, усанд живж “өөд болох” шахсан тэр эгзэгтэй мөчид хамт ажиллаж байсан дадлагажигч Лев Шнитман, Волода Лебедев нар миний хөл гараас биш “Толгойтой үс, чих”-ээс зулгаан татаж Хар далайн уснаас гаргаж, миний амийг аварсан юм. Орос, Еврей хүний гүйлгээ, сийрэг ухаан талын Монголын амь насыг ийнхүү аварсан нь миний аз, амьд явах тавилан ажээ. Даян дэлхийн гоц гоёмсог мод, ургамлын тарьц суулгац бүхий Сочи хотын Шилмэл ойн төгөл - Дендрарыйд аялан зугаалж явахдаа БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай тэнд зочлохдоо тарьж суулгасан “Магнолия” хэмээх анхилам сайхан үнэртэй, ганган гоё


– 63 – Монголчууд модыг үзэж, «Г.Н» хоёр үсэгнийх нь байрыг сольчихвол “Монголия болох юм байна” гэж хамт аялагчдаа хөхрөлдүүлж, тэдэнд Эх орноо, унаган нутгийнхаа хөвч ногоон ой, говь, хангайгаа дурсан, товч боловч таниулж билээ. Харь оронд, дэлхийд алдартай “Дендрары” ертөнцийн шилмэл ургамал, ойн төгөл үзэж явахад ч гэсэн төрөлх Эх орон, унаган нутаг, унасан газар шороо маань зүрхэнд уяатай, зүүдэнд харагдаатай байдгийн нэгэн илрэл нь энэ ажгуу . Өлзий хутаг өнөд орших болтугай. Боржигон овогт Түшигцоодолын Дашдэлэг (Нийтийн хоолны инженер-технологич, МУ-ын Худалдааны гавъяат ажилтан) Г.В.Плехонавын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийн 2 дугаар курссын оюутнууд ангидаа Мартын 8 тэмдэглэж байгаа нь: Москва 1957 он. Урд эгнээнд баруун гар талаас: 2 дахь нь Т.Дашдэлэг


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 64 – Чуваандорж овогтой Молом нь Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөртөд 1932 оны 07 сарын 17-ны өдөр төрсөн. Түүний төрж өссөн нутгийг тухайн үед Цэцэрлэг Мандал аймгийн Зая-ын шавь хошуу гэж нэрлэгддэг байв. Тэрээр 1944-1951 онуудад Улаанбаатар хотын Худалдааны техникумыг “Худалдааны эдийн засагч” мэргэжил эзэмшсэн. Улмаар 1955-1959 онуудад ЗХУын Москва хот дахь Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд суралцаж “Онц” дүнтэй төгссөн. Ч.Молом нь ажил хөдөлмөрийн гараагаа Завхан аймгийн Хоршоодын холбоонд ажиллаж эхлүүлсэн бөгөөд улмаар 1959-1962 онуудад худалдаа бэлтгэлийн яамны Санхүүгийн хэлтсийн дарга, 1962- 1963 онуудад мөн яамны орлогч сайд, 1963-1968 онуудад Хүнсний яамны сайд, 1968-1972 онуудад ЗХУ-д Монгол улсын элчин сайдын яаманд “Худалдааны төлөөлөгч”, 1972-1980 онуудад МАХН-ын Төв Хорооны “Худалдаа тээвэр, холбоо хариуцсан хэлтэс” -ийн эрхлэгч, 1980-1984 онуудад Худалдаа бэлтгэлийн яамны сайд бөгөөд Монголын Эд хэрэглэгчдийн хоршоололын Төв Холбооны даргаар тус тус ажиллаж байв. Ч.Молом нь Монгол улсын Худалдаа Эдийн Засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Иймд ч учраас түүнийг БНМАУын Ардын Их Хурлын Депутат, Намын Төв Хорооны бүгд хурлын ЧУВААНДОРЖИЙН МОЛОМ (1932-2008)


– 65 – Монголчууд орлогч гишүүн, Засгийн газрын гишүүн, Монголын Эд хэрэглэгчдийн хоршоололын төв Холбооны дарга, Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн Төв зөвлөлийн 1-р орлогч дарга, 1992 онд Монгол улсын бага хурлын гишүүнээр тус тус сонгогдож байснаас гадна Шинэ үндсэн хуулийг батлахад өөрийн хувь нэмрийг оруулж байсан хүн. Ч.Моломын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж "Сүхбаатарын одон”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон Ардын Хувьсгалын ойн медалиудаар шагнажээ. Т.Дашдэлэг дурсамж: Алтан нар баруунаас ташиж, сэвэлзээ зөөлөн салхинд улиасны шаргал навчис хөглөрөн унах намрын тэр нэгэн өдөр ЗХУ-д суралцахаар Москва хотод анх очиж бид хоёр (Т.Дашдэлэг, Д.Доржгочоо) -г тус хотын Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуулийн ахлах курсын оюутнууд (О.Шарав, Ч.Молом, Ш.Гүрдорж, С.Баярсайхан, Д.Дамдинсүрэн Б.Цэрэнханд Г.Довчин, Н.Элбэгзаяа) элгэмсэгээр хүлээн авч, хичээл, сургууль, орос хэл, амьдрал ахуй, соёл хүмүүжлийн талаар чин сэтгэлийн зөвлөгөө өгч, харилцан танилцацгааж, сургууль хичээлийн байрууд, ном уншлагын танхим зэрэгтэй танилцуулж байсан нь тэртээх 1956 он билээ. Бид аав ээжийн захиас, явуулсан яам байгууллагынхаа үүрэг даалгавар, ахмад нөхдийн үг зөвлөмжийн дагаж хичээлийн бус чөлөөт цагаараа оюутны дотуур байр-сургууль- номын сан гэсэн гурамсан замналтайгаар чармайн хичээсээр бүтэн, хагас жил өнгөрч бид багш профессорууддаа гурван удаа шалгалт шүүлэг өгч, хичээл номондоо “гайгүй” гэх үнэлгээтэй шинэ биш хуучин оюутнууд болцгоолоо. Гэтэл Монгол эх оронд минь 1957 оны өвөл газар хүчтэй хөдөлж Өвөрхангай, Баянхонгорын нутгийг дамнасан хагарал үүсч, байгалийн гамшиг болсны зэрэгцээ Т.Дашдэлэг миний ар гэрт гай зовлон эмгэнэлт явдал тохиолдсон тухай мэдээлэл бүхий захидал 1958 оны эхээр надад ирж билээ. Уг захидлыг аваад харь оронд суралцаж буй оюутан надад ёстой л “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч нь болж ер нь “нутаг буцъя” гэсэн шийдвэрийг өөрөө гаргаж, Элчин сайдын яаманд өгөх өргөдлөө бичээд Москвагийн гурван дээд сургуулийн (Эдийн засгийн дээд сургууль, Мах сүүний дээд сургууль, Г.В.Плехановын Дээд сургууль) Монгол оюутнуудыг харъяалдаг Оюутны зөвлөлийн даргатаа нутгаас ирсэн захидлын хамт үзүүлж, ар гэрийнхээ гачигдалтай байдлыг танилцууллаа. Монгол оюутны зөвлөлийн дарга маань тэдгээрийг уншиж танилцсаныхаа дараа надаас “Дашдэлэгээ өрх гэрээ унтраахгүй, эхийгээ зүдрээхгүй байх ямар ажил хийх вэ?” гэж асуухад нь би “Нутагтаа очоод адуучин болноо" гэж хариулав. Тэгтэл тэрээр “Дүү чи хуучин хүүгийн урьд эртийн ач тус арга ухааныг л ярьж байна. Одоо


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 66 – үед эцэг эхийгээ утаатай гэрт нь биш хот суурингийн шилэн цонхтой байр байшинд суулгаж, жаргаахаар залуучууд эрдэм номд шамдан суралцацгааж байна. Чи ч гэсэн энэ л зорилгоор дэлхийд данстай энэ сайхан сургуульд суралцахаар ирсэн. Эхний шалгалтууд “Сайн” өгч зорьж ирсэн хэргээ ч бүтээж л явна. Тийм учраас “нутаг буцъя” гэдэг чинь ерөөсөө буруу. Чи энэ сургуулиа төгсгөж, манай улсад ховор нарийн мэргэжил эзэмшээд ээжийгээ баярлуулж, дээр хэлсэнчлэн асран хамгаалах хэрэгтэй. Ээжид чинь хоёлулаа хамт сууж байгаад сэтгэлийг нь сэргээхүйц дэлгэрэнгүй сайхан захидал бичиж явуулъя “гэж чин сэтгэл гарган ахын ёсоор зөвлөснөөр би нутаг буцахаа больж, зорьж очсон сургуульдаа 5 жил амжилттай сурч, миний нэрийн өмнө байнга хамт бичигдсээр яваа “Хоол-Хүнсний инженер технологич” болсон билээ. Би сургуулиа амжилттай төгсгөөд 1962 оноос БНМАУ-ын Худалдаа, бэлтгэлийн яаманд мэргэжилтэн, хэлтэс газрын дарга, 1981 оноо Улс орны удирдлага, зохицуулалтын төв штаб гэгдэж байсан МАХН (МАН)-ын Төв Хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр хүртэл ажиллаж, ачит эхийгээ асарч, ах эгч нар болон үр хүүхэд үеэл дүү нартаа өөрийн чадамж бололцооныхоо хирээр тус дэм болсоор өнөөг хүрлээ. Алс хүний нутагт ар гэрээсээ эмгэнэлт захидал аваад сандарч тэвдсэн шинэхэн оюутан надад эцэг ёсны үнэт зөвлөгөө өгч, намайг ажил амьдралын зөв замд хөтлөн оруулсан Монгол оюутнуудын зөвлөлийн дарга нь хэн байсан бэ? гэвэл Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуулийг 1959 онд "Худалдааны эдийн засагч" мэргэжлээр төгсгөж, эх орондоо ирээд Худалдаа бэлтгэлийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайд, 1963 оноос Хүнсний яамны сайд, 1968 оноос БНМАУ-аас ЗХУ-д суух Худалдааны төлөөлөгч, 1972 оноос МАХН (МАН)-ын Төв Хороонд хэлтсийн эрхлэгч, 1980 оноос ХБЯ-ны сайд, 1984 оноос Ардын Хянан Шалгах Хорооны дарга, 1990 оноос Монголын Эд хэрэглэгчдийн хоршоололын Ерөнхийлөгч (тэргүүн) зэрэг өндөр үүрэг хариуцлагатай албыг 40- өөд жил үр бүтээлтэй, үлдэх мөртэй хашиж, БНМАУ-ын Ардын Их Хурлын 5, 6, 9, 10, 11, 12 дахь сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдон, Монгол улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийг 1992 онд батлалцсан, нам, төр, нийгмийн нэртэй зүтгэлтний нэг Чуваандоржийн Молом гуай юм. Ч.Моломын ажлын үр дүнгийн талаар товч дурьдвал: 1. Хүнсний яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа Атрын анхдугаар аяны эхний 10 жилийн ажлын ачаалалын хүндийг үүрэлцэж, их бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулж, 7 аймагт гурил тэжээлийн үйлдвэр, Дархан, Дорнодын мах комбинатууд, Улаанбаатар хотын Талх Чихрийн, Сүүний


– 67 – Монголчууд болон талхны үйлдвэрүүд, Зүүнхараагийн бал бурмын үйлдвэр зэргийг байгуулалцаж, аймгуудын Хүнсний комбинатуудыг өргөтгөж, шинэчлэхэд тодорхой хүч нэмж, эх орныхоо гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаад, Вьетнам, Афганистан зэрэг гадаад орнуудад экспортонд гаргах боломж нөхцлүүдийг бүрдүүлж байв. 2. Худалдаа бэлтгэлийн яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа худалдаа бэлтгэл, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний материал техникийн баазыг бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэх, Хүнсний болон эх орны үйлдвэрүүдийн бараа материалын хангамжийг тасалдал доголдолгүй зохион байгуулах, үйлчилгээг соёлч шуурхай болгох зорилгоор аймаг хотуудын худалдааны байгууллагуудад “Иж бүрэн оновчтой шинэтгэн зохион байгуулах аян”-ыг орон даяар өрнүүлж, аймаг хот бүрийг 12 худалдагчтай төв дэлгүүртэй, 100 хүний суудалтай ресторантай болгож, төмс хүнсний ногоог хадгалж хүрэлцэхүйц зоориудтай, Улаанбаатар хот болон хэд хэдэн аймгийн төвийг махны мөсөн болон амиакан хөргөлттэй зоорьтой, бүх сумдыг барааны төрөлжсөн агуулахуудтай болгож, бөөний худалдааны тогтолцоог шинээр бүрдүүлж, мах түүхий эд бэлтгэлийн уламжлалт системийг тууштай үргэлжлүүлэн, эх орныхоо үйлдвэрүүдийг түүхий эд, материалаар тасалдалгүй хангаж байлаа. Худалдааны тэргүүний ажилтан ажилчдын Улсын 3-р зөвлөлгөөнийг “Ажил үйлчилгээний чанар, соёлч байдлыг улам сайжруулъя” уриан дор 1981 онд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Ч.Молом гуай ардаараа овоглосон Ардын Хянан Шалгах Хороонд ажиллахдаа Улс хоршооллын болон үйлдвэр аж ахуйн газар, байгууллага нэг бүрт Ардын Хяналтын хороо салбар, анхан шатны нэгжээ ажиллуулж, улсын хэмжээний нийт үзлэг, шалгалтын 90 орчим хувь, илрүүлсэн хохирол зөрчлийн 60 гаруй хувь, нөөц бололцооны 80 орчим хувийг Ардын Хянан шалгах анхан шатны байгууллагууд нь хийж гүйцэтгэж байсан мэдээ байдаг. Тэр үед Ардын хяналтыг эрхт төрийн анисгат мэлмий хэмээн үзэж, бүх нийтээр дэмжин аливаа үзлэг шалгалтанд нь ямар нэгэн саад учруулдаггүй байлаа. Тэгэхдээ л хоноц хонцондоо дургүй гэгчээр шалгуулагч бүр шалгагчдаа, ялангуяа дутагдал зөрчил илрүүлэгчдээ хэзээ ч дотно, хүндэтгэлтэй ханддаггүйн учир 1990 оны ардчилал, шинэтгэлийн хөдөлгөөнөөр (Ардаар) овоглосон Ардын Хянан шалгах хороо гэдэг тэр их нэр хүндтэй, хүчирхэг том байгууллага (Даваацэрэн даргын үед) татан буугдаж билээ.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 68 – Энэ товч дурсамжийн бичвэрээс үзэхэд Ч.Молом сайд бол нам төрөөс “Оч” гэсэн яам байгууллага бүрт нь очиж, үр бүтээлтэй, үлдэх мөртэй ажиллаж чаддаг, нам төрдөө үнэхээр хэрэгтэй “Зээрэн” зүтгэлтэн (түшмэл) болох нь илт харагддаг. Түүний ажил хөдөлмөр, бүтээл, зүтгэлийг нь нам, төр өндрөөр үнэлж, 1982 онд 50 насных нь ойгоор "Сүхбаатарын одон"-гоор шагнасан. Ч.Молом сайдынхаа ажил хэрэгч, зарчимч, хүнлэг чанарын талаар ихийг бичихгүйгээр зөвхөн түүний ярих илтгэхээсээ бодох, нягтлах, тооцохыг чухалчилдаг, хашир, тооцоот чанарыг нь тодотгоод энэ бичвэрээ цэглэе. Тэгээд ч гавъяатай, сайн хүний нэр алдар цаасан дээр биш, хүмүүний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлддэг билээ. Ийм зүтгэлтнээ нам, төр, ялангуяа худалдаа, Хүнсний салбарынхан мартах учиргүй. Хүн хүнээ дурсах нь хүмүүний ёс билээ. Ум сайн амгалан болтугай. Сэтгэлийн зул өргөгч, өндөр настан Хоол, хүнсний инженер-технологич Т.Дашдэлэг.


– 69 – Монголчууд ЦЭДЭНЖАВЫН ЦЭРМАА Миний бие Хэнтий аймгийн Дадал сумын нутагт малчин Цэдэнжавын найм дах охин болж 1936 онд төрсөн. 1956 онд Нийслэлийн 10 жилийн 3-р дунд сургуулийг 1956 онд, Г.В.Плехановын нэрэмжит Москва хот дахь Улс Ардын аж Ахуйн Дээд сургуулийн бараа судлалын факультетэд Бараа судлагчийн мэргэжлээр суралцаж 1960 онд төгссөн. Тус сургуульд сурч буй үед манай тэнхимийн эрхлэгчээр М.С.Алексеев, нэхмэлийн эдлэлийн үйлдвэрлэлийн хичээлийг Хорошев, Поладов, Ивановна, цахилгаан бараа, хөргөлтийн технологийг В.Г.Зайцев, арьс шир, гутлын хийц хичээлийг Кезран, үслэг эдлэл, ангийн үсний хичээлийг Б.Ф.Цереватин зэрэг багш нар төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний талаар ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг, сургуулийн дэргэдэх лабораторид сорилт туршилт хийдэг байлаа. Бидэнд нарийн мэдлэг өгч байсан Б.Ф.Церевитан багш маань удам дамжсан шинжлэх ухааны гавъяат цолтон байсныг сүүлд ном зохиолоос уншиж мэдэж авч билээ. Мөн В.Г.Зайцев багшийн удирдан зохион байгуулж ажиллуулдаг хөргөлтийн лабортори нь Хөдөө Аж ахуйн Үзэсгэлэнгийн шагнал хүртэж байснаас гадна хөргөлтийн ажлыг онц зохион байгуулсны төлөө “Алтан медалиар” шагнагдаж байсан юм билээ. Манай сургууль эх орны болон иргэний дайны хүнд жилүүдэд ч оюутнуудын сургалтыг үргэлжлүүлсээр, шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээ хийсээр байсны зэрэгцээ Москва хотоо Гитлерийн фашистуудын довтолгооноос хамгаалалтанд оролцож байсан тухай яригддаг л байсан. Биднийг (Оюутан нас, ажил хөдөлмөрөө эргэн дурсахуй)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 70 – оюутан байх үед Худалдааны эдийн засгийн, Аж үйлдвэрийн болон Хүнсний бараа судлалын, Нийтийн хоолны үйлдвэрлэлийн зэрэг факултеттэй байсан бөгөөд сургуулийн захирлаар А.И.Ферилов гэдэг хүн ажиллаж байлаа. Надтай цуг тус сургуульд Ш.Гүрдорж, С.Баярсайхан, Элбэгзаяа, Ч.Молом, Ц.Пунцагдулам, Б.Цэрэнханд, Ж.Цэдэн-Иш, Г.Баатар, Д.Чойсүрэн, Ц.Хэнмэдэх зэрэг 10 гаруй оюутнууд, мөн Өлзийбат гэдэг хүн аспирантурт суралцаж байв. Монгол болон зарим гадаад орны оюутнуудад Орос хэлний багш нарыг томилон ажиллуулж, бидний хэлний мэдлэгийг нэмэгдүүлдэг байв. Бидэнд Орос хэлний хичээлийг Ада Васильевна Климовна багш заана. Багш чөлөөт цагаар бидний дагуулан төрөл бүрийн музей, үзэсгэлэнгүүдийг үзүүлдэг байв. 1957 онд манай сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж сургууль маань Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнуулж, хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд гадаад дотоодын оюутнууд биднийг оролцуулж байлаа. Тэр үед сургуулийн материаллаг бааз ихэд хөгжсөнөөр түүхий эд бараа материалын чанарыг сорьж турших коллеги хими, аналетик хими, микробиологийн лаборатори зэрэг төрөлжсөн лаборториудтай, оюутны дотуур байр, нийтийн хоолны газартай, рабфак-н тэнхимтэй, номын сан, уншлагын танхим, цайны газар, сонин сэтгүүл худалдах газартай байснаас гадна Монгол улсаас ирсэн оюутнуудыг үздэг эмчтэй, мөн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардагдах эм, эмчилгээний багаж хэрэгсэлээр хангагдсан байв. Шаардлагатай бол дүүргийн эмнэлэгээр үйлчлүүлдэг, гутал хувцас засах болон дэд бүтцийн үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээ нь сургуулийн орчинд байснаас дутагдах гачигдах зүйлгүй зөвхөн сурч боловсроход анхаарлаа хандуулах боломж нөхцлүүдийг бүрдүүлсэн байсан. Тус сургуульд биднийг очих үед Дэлхийн 2-р дайны дараах хүнд жилүүд байсан болоод ч тэр үү, оюутны цайны газар, Москва хотын гуанз, хоолны газруудад хоолны гол хольц болох зүссэн хар цагаан талхнууд үнэгүй байснаас гадна метронд суухад 5 копеек төлдөг байлаа. Энд тэндгүй л нурсан байшингууд байх бөгөөд тэднийг сэргээн босгох ажил ид өрнөж байсан. Мөн гудамжинд болон сургууль дээр гар хөл нь гэмтсэн хүмүүс их тааралддаг байлаа. Тэр үед Монгол оюутнууд 2 жил суралцсаны дараа зуны амралтаар гэртээ буцах эрхтэй, хэрэв жирэмсэн болбол шууд сургуулиас хөөгддөг журамтай байв. Биднийг сурч байх үед 1957- 1958 онд зуны амралтын хугацаанд гэртээ харилгүй хотдоо үлдсэн оюутнуудад тэтгэмж олгож, Волга мөрнөөр усан онгоцоор аялуулж, Волгорград, Астрахан, Татарс хотуудыг үзүүлж байв. Тэдгээр хотуудад сэргээн босголт ид явагдаж байсан. Одоо эргээд бодоход ЗХУын төр засаг нийт ард иргэд нь дайны гамшгаа арилгаж амжаагүй


– 71 – Монголчууд байсан ч гэсэн Социалист орнуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, сэтгэл харамгүй тусламжаа үзүүлдэг байжээ гэж бодогддог. 1961 оноос ЗХУ-ын Засгийн газрын шийдвэрээр манай сургууль хөршилж оршдог Эдийн засгийн дээд сургуулийг нэгтгэснээр санхүүгийн тэнхимийг сэргээж, 1967 оноос бусад сургуулиудаас ялгарахуйц олон төрлийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бааз сургууль болон өргөжсөн юм. 1907 оноос эхэлсэн сургалтын бүтцийг хадгалан орчин үед Улс ардын аж ахуйн бүхий л салбарын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор техникийн, технологийн, бараа судлалын, нийтийн хоолны, хөргөлтийн технологийн, худалдааны эдийн засгийн, нягтлан бодох бүртгэлийн, эрх зүйн, байгаль орчин, экологийн, мэдээлэл зүйн, менежментийн чиглэлээр бэлтгэсэн төгсөгчдөө төрийн, хувийн өмчийн, аль ч бүс нутгийн хэмжээнд ажиллах шаардлагыг хангасан мэргэжилтнүүдийг бэлтгэдэг түүхэн чухал сургууль болон өргөжин хөгжсөөр өнөөг хүрэхдээ 1991 оноос Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн академи болж цар хүрээ нь улам өргөжсөн. Тус академийн сургалтын түвшин, чанар нь АНУ, Англи, Франц, Швецари зэрэг хөгжингүй орнуудын жишигт нийцэхүйц болж санхүүгийн сургалтаар ОХУ-ын шилдэг 100 дээд сургуулийн 4-рт, Эдийн засгийн чиглэлийн шилдэг сургуулиудын 2-рт жагсдаг болж түүхийн туршид 100 гаруй мянган мэргэжилтнийг 20 гаруй мэргэжлээр сургаж бэлтгэсний дотор Монгол улсад 500 гаруй мэргэжилтнийг бэлтгэж манай улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулсан юм. Эдгээр төгсөгчдийн нэг нь Цэрмаа миний бие бөгөөд энэ сайхан сургуулийг төгссөнөөрөө бахархаж явдаг. 1960-1970-аад оны үед манай улсын хот, хөдөөгийн худалдааны байгууллагуудад дээд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан. Иймд намайг сургуулиа төгсөөд ирэнгүүт төрийн бодлогоор Эдийн засгийн дээд сургуулийн Худалдааны эдийн засгийн тэнхимд Аж үйлдвэрийн бараа судлалын багшаар томилон ажиллуулж билээ. Би 1960-1965 онуудад 40 гаруй оюутнуудад хичээл зааж байв. Дөнгөж оюутны ширээний араас гарсан надад энэ ажил тэр үедээ их л хүндэдсэн ачаа мэт санагдаж байсан боловч тэнхимийн эрхлэгч дэд эрдэмтэн Өлзийбат болон бусад ахмад багш нарынхаа санал зөвлөлгөөг авч, оюутан үеийн ном сурах бичиг, лекцүүд зэргийг ашиглан 5 жил шахам хугацаанд уг үүргийг гүйцэтгэсэн. Сүүлд шавь нарынхаа зохион байгуулсан уулзалтанд оролцоод сууж байхдаа тэдгээр шавь нар маань ихэнх нь хөдөө орон нутагт худалдаа удирдах газрын дарга нар болцгоож худалдаа үйлчилгээг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм билээ. 1965 оноос Улсын стандарт хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын Бүтээгдэхүүний чанар шалгах хэлтэст улсын байцаагчаар ажиллав. Тус байгууллага нь арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүд, нэхий эдлэл, гутал хувцас, нэхмэл үйлдвэрүүдээс


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 72 – экспортонд гаргах бүтээгдэхүүний чанарт экспертиц хийж, баталгаа олгодог байв. Экспертицийн үр дүнд угаасан ноос ноолуурын баазуудаас гаргах түүхий эдийн гологдол багасч чанар нь сайжирсан. Энэ нь тэнд ажиллаж байсан 6 байцаагчдын ажлын үр дүн байсан гэж боддог. Миний ажиллаж байсан Стандарт хэмжил зүйн газар нь өнөөдөр тус улсад мөрдөгдөж буй 6000 гаруй улсын стандартыг хянаж баталгаажуулсан байдаг. 1975 оноос Стандартын хэлтсийн даргаар 7 жил гаруй хугацаанд томилогдон ажилласан хугацаандаа 2000 гаруй стандартыг хянан баталгаажуулж, стандарттай холбогдох “Хүнсний бүтээгдэхүүний шим тодорхойлох”, “Чанарын үзлэгийн гарын авлага” зэрэг 5-6 дүрэм журам, аргачлалыг боловсруулж, баталгаажуулж үйлдвэр аж ахуйн байгууллагуудад нэвтрүүлсэн маань ажил үйлчилгээний чанарыг сайжруулахад эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж боддог. Тухайлбал: 1973-1980 -аад оны үед “Ур гоо зүйг хянах зөвлөл” -ийг байгуулж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний загвар чанарт үнэлгээ өгдөг болж өндөр үнэлгээ авсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эрх олгодог болсон, мөн шилдэг зохион бутээгчийг шалгаруулах зорилгоор “Гоёл” уралдааныг Залуучуудын Эвлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулж шилдэг загвар зохион бүтээгчдийг урамшуулдаг болсон нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал нөлөөлөл үзүүлсэн гэж боддог. 1979 онд надаад ахлуулан 5 хүнийг Герман улсын Стандартчилалын удирдах газар руу туршлага судлуулахаар явуулж билээ. Бид Дрезден хотын хэд хэдэн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд экспертец хийдэг байр, тоноглол, аргачлал, үйл ажиллагаатай танилцаж байв. 1987-1991 онуудад Чанар стандарт хэмжил зүйн захирлын ажлыг хашиж байх хугацаанд багш, мэргэжилтнүүдийн хамтаар 1000 гаруй мэргэжилтнийг чанар стандарт, сорилт, хяналт экспертец хийх арга чадвар, дадлагад сургаж мэргэшүүлсэн билээ. Улс орондоо он удаан жил үр бүтээлтэй ажилахад сургуулийн маань сургасан, багш нарын маань бидэнд олгосон мэргэжлийн маань үр нөлөө их байсан түүнийхээ ч үрээр байгууллагын тэргүүний ажилтнаар олон удаа шалгарч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол тэмдгээр шагнагдаж Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80, 90, 100 жилийн медалиуд, “Алангадас одон”-гоор шагнагдаж байв. Ц.Цэрмаа


– 73 – Монголчууд Нэг. Цэргээс халагдав Миний бие Төв аймгийн Авдарбаян сумын бага сургууль 1940 онд байгуулагдахад 12 настайдаа элсэн орж 1944 онд төгсөв. Алтан номын “А” үсгийг таниулж, “гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд” хүргэсэн ачит багш нар Алгаа, Ч.Дугар, Балжир, Батмөнх, Дагвадорж нараа насан турш санаж биширч явдаг билээ. 1944 онд Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, 1950 онд Цэргийн Ерөнхий сургуулийг тус тус төгсөж, Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Дорнод аймаг Баянтүмэн хотод байрлаж байсан хошууч генерал Б.Доржийн командалсан 6-р мотомеханикжуулсан бригадад батрейн улс төрийн орлогчоор томилогдон ажилласнаас хойш цэргийн анги нэгтгэлүүдэд ээлжлэн алба хашиж явсаар 1956 оны тавдугаар сард орон тооны цомхотголоор чөлөөлөгдөж хотод ирсэн. Цэрэг армийн тоог цомхотгож, халагдсан офицерүүдийг МАХНын Төв Хорооны боловсон хүчин мэдэлдээ авч улс ардын аж ахуйн хэрэгцээт байгууллагуудад томилон ажиллуулж байсны дагуу Төв Хорооны мэдэлд ирэв. Боловсон хүчний хэлтсийн орлогч “Хар” хэмээх Жадамбаатаай уулзахад намайг Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн намын хорооны даргаар яв” гэсэн. ДАНДАРЫН ГОНГОР


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 74 – Би олон жил зүүн хязгаарт цэрэг дагаж явлаа, нас хэтэрч, сургуульд явахгүй бол оройтлоо гэж учир явдлаа удтал тайлбарласны эцэст суралцах сургуулиа өөрөө ол гэж хэлээд гаргав. Хоёр. Эзэнтэй болов. Хотод танил хүн байхгүй, сургууль соёлын элсэлт яаж авдагийг мэдэхгүй, нэгэн тэнэмэл амьтан Батлан хамгаалахын яам хавиар эргэлдэх болов. Гэтэл нэг өдөр Ж.Лхагвасүрэн жанжинтай засгийн газрын ордны зүүн талд тааралдав. Жанжин надаас юу хийж явааг минь сонирхож асуув. Лхагвасүрэн жанжин бол ер бусын эгэл жирийн, хүнийг ялгаж үздэггүй, сайхан хүн билээ. Би учир байдлаа ярьж ойлгуулахыг хичээв. Тэрээр миний ярихыг сонсоод “За мэдлээ. Өөрт чинь тусалнаа. Маргааш чи төлөвлөгөөний комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга (одоогийн төрийн нарийн бичгийн дарга) Дондог гэдэг хүнтэй утсаар яриад уулзаарай” гэчихээд яваад өглөө. Би баярласан гэж тоймгүй, бараг л сургуульд орчих шиг санагдав. Маргааш нь үдээс хойш утсаар Дондог гэдэг хүн рүү залгавал намайг мэдэж байгаа бололтой. “Пропуск бичүүлээд ороод ир” гэв. Дондог гуай миний тухай ойлголттой болчихсон байж байлаа. Тэгээд нутаг, ус, эцэг эхийн тухай товч асууж танилцаад “За чамайг Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр сургуульд явуулахаар бүртгэж авлаа. Өнөөдрөөс эхлээд чи манай их гэр бүлд багтлаа. Шалгалтын хувиарт нэр чинь байх болно. Шалгалтаа амжилттай өгөөрэй, асуух лавлах юм гарвал надтай холбоо бариарай” гэв. Тэр үеийн албан хаагчид ямар сайхан хүмүүс байсныг одоо санахад гайхмаар. Одоогийн ноёд түшмэд “Бяруу бололгүй бух болов” гэгчээр биеэ тоосон, авилга горьдсон, их зантай, хүнд сурталтнууд гэдгийг жирийн хөдөлмөрчид яс махаараа ойлгож буйг өгүүлэх юун. 6-р сард элсэлтийн шалгалтаа өгч тэнцсэн, эрүүл мэндийн үзлэгийн дүнгээ Дондог гуайд өгөхөд “8 дугаар сарын 20-нд бэлэн бай. Одоо явж болно, амрах хэрэгтэй” гэв. Гурав. Москваг зорив. Ийнхүү ажил үйлс сайхан бүтэж, Улаанбаатараас Москва орохоор 600 гаруй оюутан залуус суусан галт тэрэгний 15 дугаар вагонд сууж хөлгийн жолоог залав. Бид долоо хоног явж Москвагийн Ярославль галт тэрэгний буудалд ирэхэд элчин сайдын яамны оюутан залуучуудын асуудал хариуцсан Нанзад, Намсрайдорж, МХЗЭ-ийн хорооны ажилтан Ч.Хүнжав, ЗХУ-аас дээд, дунд, тусгай хорооны хүмүүс угтан авч яриайтал эгнэсэн автобусанд суулгаж, Маленковын нэрэмжит Энергетикийн институтын оюутны байранд буулгав. Хэдэн өдөр оюутнуудыг суралцах сургуулиудад хувиарлаж, Их, дээд, сургуулиудын гадаад оюутнуудыг хариуцсан деканууд, нарийн бичгийн дарга нартайгаа ирж, хувиарлагдсан оюутнуудыг авч явж байв.


– 75 – Монголчууд Пагмын Нэргүй, Шушмаагийн Санжаадорж, Дандарын Гонгор, Гомбосүрэнгийн Лувсанцэрэн бид дөрөв ЗХУ-ын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын эдийн засгийн институтад хувиарлагдав. Дөрөв. Оюутны он жилүүд Бид дөрвийг тус сургуулийн гадаад оюутны асуудал эрхэлсэн декан, тэр сургуулийн 3-р курсын оюутан Шаравнямбуу багшийн охин Оюун гэдэг эмэгтэй хүлээн авч, сургууль дээр очиж, Нэргүй, Лувсанцэрэн хоёрыг эдийн засгийн төлөвлөлтийн ангид, Ш.Санжаадоржийг хөдөө аж ахуйн ангид, намайг материал техник хангамжийн ангид оруулж, биднийг сургуулийн байр, танхимтай танилцуулж салбарын деканы нарийн бичгийн дарга нарт хүлээлгэн өгч, мөн Оюун биднийг дагуулан явж «Строминка» гэдэг оюутны байранд байрлуулж, сургуульд ирэх, буцах унаа, тролейбус, метрог зааж, дагуулан явж зүгшрүүлэв. Манай сургуулийн ахлах ангид Бямбын Ринчинпэлжээ, Паавангийн Дамдин, Ханджавын Дашдондов, Равдангийн Цагаанхүү нар суралцаж байв. Ринчинпэлжээ дарга бидэнтэй уулзаж, сургуулийн тухай, олны газар биеэ хэрхэн авч явах, сургууль хичээлдээ хэрхэн суралцах талаар зөвлөгөө өгч, сахилга баттай, гадуур тэнэхгүй байх, хүмүүстэй хэрхэн харилцаж байх талаар сургамж зөвлөгөө өгдөг байв. Манай сургуулийн анхны төгсөгч Лувсанцэрэнгийн Цэнд гэдэг хүн сургуулиа “Онц” төгссөн, тэндээ үлдэж аспирантурт суралцаж, Монгол улсыг үйлдвэржүүлэх сэдвээр докторын зэрэг хамгаалж, Монгол хүний оюуны чадамжийг гайхуулж, тус сургуулийн эрдэмтэн багш нарын сэтгэлд “Монгол хүн бүр ийм чадвартай” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн нь биднийг суралцаж байх үед багш нар хичээл заах явцад Цэнд гуайг дурсаж, “Монголчууд та нар авъяаслаг, чадвартай” гэдэг байлаа. Манай сургуулийг төгссөн олон хүмүүс төр, улсад өндөр алба хашиж, эрдмийн зэрэг хамгаалж, доктор болсон байдгийн дотроос өөрийн мэдэх зарим нэг хүмүүсийг дурьдахад: Б.Ринчинпэлжээ, П.Дамдин нар олон жил төрийн сайдын алба хашиж, Монгол улсын “Гавъяат эдийн засагч”, “Хөдөлмөрийн баатар” болсон. Р.Цагаанхүү төрийн сайд, АИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, Х.Дашдондов мөн ХАА-н шинжлэх ухааны доктор, П.Нэргүй эдийн засгийн ухааны доктор, Г.Лувсанцэрэн дэд эрдэмтэн болцгоож, эх орондоо ихийг бүтээсэн хүмүүс билээ. Энэ бүхнийг эргэн харахад манай сургууль оюутнуудыг маш сайн сургадаг, алдартай сурган хүмүүжүүлэгч, ЗХУ-ын нэр алдартай эрдэмтэн, багш, доктор, профессор, Сталины шагналтай мундаг хүмүүс байсантай холбоотой. Тэр үеийн оюутнууд маш олон нэр төрлийн хичээл заалгаж, бэрхшээлээс үл шантран эрдэм мэдлэг олж авахын төлөө үргэлж чармайж, биеэ дайчлан суралцахын зэрэгцээ нэг нэгэндээ үргэлж тусалж, дэмждэг сайхан хүмүүс байлаа.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 76 – Оюутан байх үеийн анхны хичээл маань санаанаас огт гардаггүй юм. 9-р сарын 1-ний өдрийн анхны хичээл нийтийн лекц байлаа. Уг хичээл нь газар зүйн хичээл байсан. Газар зүйн хичээлийг нэг өвгөн профессор заав. Би багшийн яг өмнө ширээн дээр суув. Завсарлах хонх дуугарахад өвгөн профессор лекцээ дуусгаж, оюутнууд бужигнаад гарч одов. Тэд дараачийн хичээлд өөр өөрийн бүлэг ангиараа нэгдэж тус тусын анги руугаа явцгаасан байлаа. Би танхимд ганцаараа үлдэж, хаашаа явахаа мэдэхгүй нэг хэсэг хугацааг өнгөрөөв. Тэгээд доош бууж факультетийн нарийн бичиг дээр очиж, танхим, группээ мэдэж, ангийнхаа оюутнуудтай учирч билээ. Тэр үед математикийн хичээл орж байсан тул багш оюутан нэг бүрийг нэрээр нь дуудаж бүртгэж байв. Би хувьдаа ангийнхаа хүүхдүүдийн нэрсийг багшийн дуудсаны дагуу Александр, Новиков, Петровна, Иванов, гэх мэтчилэн нэрлэхэд нь багшийн дуудсаны дагуу бичиж авч, зүс царайгаар нь, таних хувийн тэмдэглэгээ хийж авав. Хичээл завсарлахад оюутнууд тамхи татах нь тамхи татаж, бие биестэйгээ танилцаж, ярилцаж байв. Гэтэл миний бичсэн нэр тэдний өөр хоорондоо дуудах нэртэй тохирдоггүй. Коля, Ваня, Женя, Вася гээд л байдаг. Ингэж хичээлийн анхны өдөр будилсаар нэг юм дуусгаж билээ. Байрандаа ирээд хуучин оюутнуудаас асууж лавлавал Оросууд нэрээ товчилж дууддаггийн учрыг мэдэж билээ. Би 3-р курсын оюутан байхдаа Москвад суралцагч Монгол оюутнуудын зөвлөлийн даргаар томилогдон ажиллав. Тэр үед Москвагийн 149 их, дээд, болон тусгай мэргэжлийн дунд сургуулиудад 1000 гаруй оюутан суралцаж байлаа. Би Москвагийн 149 их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын суудаг байрны хаяг, ямар унаа, автобус, метрогоор очдогийг нэг нэгэнгүй мэддэг, сургуулийн оюутан бүр оюутны зөвлөлтэй холбоотой, оюутны зөвлөл нь тэргүүнтэй байлаа. Москвад суралцдаг гадаад оюутны зөвлөл цөм Москвагийн залуучуудын хороотой нягт хамтран ажилладаг, оюутнуудын дунд уулзалт, цуглаан, хурал, зөвлөлгөөн, экскурсыг зохион байгуулдаг байсны зэрэгцээ Москвагийн комсомолын хороотой олон олон ажлуудыг хамтран зохион байгуулж байв. Тэр үед Москвад суралцдаг Хятадын 2000 гаруй оюутны зөвлөлийн даргаар Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуулийн хуулийн ангийн Норов гэдэг Өвөрмонгол залуу ажилладаг байлаа. Бид сайн танилууд байсан. Харамсалтай нь түүнийг Соёлын хувьсгалын үеэр эрэмдэг болгож, зүйл дуусгасан гэдэг. Жил бүр ЭСЯ-ны оюутны асуудал хариуцсан нөхөд Иркутск хотын Монгол оюутны зөвлөлийн дарга Ё.Очир, Алма-Ата хотын Монгол оюутны зөвлөлийн дарга О.Тлейхан, Ленинград хотын Монгол оюутны зөвлөлийн дарга С.Цэвээнпүрэв гэсэн нөхдийг цугларуулж илтгэл сонсгол авч, ажил байдалтай танилцаж, зөвлөлгөө өгдөг байв.


– 77 – Монголчууд Мөн жил бүр Улаанбаатар хотоос яамдын боловсон хүчний асуудал эрхэлсэн дарга нар ирж, өөрийн байгууллагын нэр дээр суралцаж буй оюутнуудтай уулзаж, хичээл, сурлага, ахуй амьдралтай нь танилцаж, хаана дадлага хийх, юуг илүү анхаарч суралцахыг зөвлөдөг байсан. Ингэж тэр үеийн төр засгаас боловсон хүчнээ бэлтгэдэг байсан түүхтэй. Орчин үед борооны дараах мөөг шиг олон их, дээд сургууль байгуулагдаж, чанар, чадвар дулимагхан “дипломтой” хүмүүсийг бэлтгэж байгаа нь ажил дээр гараад гологддог, лангуу сахиж, бохь зажилсан хүмүүсийг буй болгосон нь нүдэн дээр ил байгаад харамсдаг. Тав. ЗХУын нутгаар аялсан анхны аян Москва хотын Комсомолын хорооноос гадаадын оюутнуудыг зуны амралтаар ЗХУ-ын өмнөд нутгаар аялуулах ажлыг зохион байгуулж, Хятад, Албани, Солонгос, Монгол зэрэг орны 100 гаруй оюутнуудыг тэдний дотор Монголын Г.Лувсанцэрэн, Ш.Санжаадорж, Жамц, Нямбуу, Гонгор бид тав явлаа. 1957 оны 7 дугаар сард Москвагаас галт тэргээр гарч Орджанихидзе хот хүрээд тэндээсээ автобусаар Трех голын дагуу Военно- Грузинские моссе гэдэг замаар Кавказын уулсыг давж, уг уулын орчимд «Эльбрус»-ын хажуугаар гарч Тбилис хотод хүрч, тэндэхийн их сургуулийн оюутны байранд бууж, хотын байдал, их сургуулийн танхим, ойролцоох Хамтралаар орж их юм үзэж билээ. Мөн тэндээсээ галт тэргээр явж Армений нийслэл Ереван хотод очиж хотын байдалтай танилцаад, бас хамтралын ажил байдалтай танилцах явцад анх удаа “Абрикос” жимсний тариалалтын талбайд очиж цадатлаа идэж байж билээ. Бас болоогүй уг жимснээс хоёр кармаандаа дүүртэл чихээд буцаж билээ. Ереванаас хар далайн эрэг дээрх Гагра хотод очиж, тэр хавийн үзэсгэлэнт газруудаар аялж явсаар “Рица” нуур хүрч, И.В.Сталины амарч байсан зусланг үзсэн. Гагра хотоос Сочи хот орж А.Гитлерийн хувийнх байсан маш гоёмсог “Россия” нэртэй болсон хөлөг онгоцонд сууж нэг хоног яваад Одессо хотод очиж бүтэн нэг өдөр тэр хавийн үзсэгэлэнт газрууд болох “Ливадия” ордон, “Ласточное гнездо” зэргийг үзээд тэндээсээ машинаар Симферополь хот орж, тэндээсээ Москвад ирж билээ. Энэ аялалын бүх зардлыг Москвагийн Комсомолын хороо хариуцаж, бид зөвхөн идэх хоолонд л мөнгөө зарцуулж байв. Зургаа. Төрийн албанд зүтгэсэн он жилүүд Би сургуулиа төгсөж ирээд УТК-н материал- техник хангамжийн Дожоохүү даргатай хэлтэст ажилд оров. 10-р ангиа төгсөөд гадаадад явж монгол орны амьдрал ахуйгаас холдсон биднийг эхний 2-3 жилд нэг ахмад ажилтанд даалгаж, тэд зааж, сургаж, залуу мэргэжилтнүүд эхний жилүүдэд судалгааны материал түүвэрлэх, эихэтгэж нэгтгэх, хувилж машиндуулах, зэрэг ажлыг гүйцэтгэж, хавар мал төллөх, үеэр шеф нэгдэлд, тариа тарих үед САА-д үр суулгах ажилд, зун


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 78 – хашаа, саравч барих, худаг, ус гаргах, намар тариа ногоо хураах, хадлан бэлтгэх зэрэг ажлуудад 45 хоногоор явж, орон нутгийн амьдрал, хар бор ажилд сурч, бие биестэйгээ сайн танилцаж, нөхөрсөг сайхан холбоо тогтоож, ажил амьдрал, сурлага хүмүүжлийн замыг туулсан. Ажил амьдрал, сурлага хүмүүжлийн замыг туулсан Плехановын нэрэмжит эдийн засгийн дээд сургууль төгссөн олон сайхан залуучууд Паавангийн Дамдин, Равдангийн Цагаанхүү, Жамцын Дорлигжав, Сүрэнжавын Балбар, Дангаасүрэнгийн Салдан, Хуваагийн Буд, Дуламын Бордух, Дандарын Гонгор зэрэг олон хүмүүс яамдын сайд, хотын дарга болцгоож, улс орны бүтээн байгуулах, үйлст хоёргүй сэтгэл, ховдог шуналгүй, үнэнч шударга, хоосныг амалж биеэ тоолгүй, улс эх орныхоо ашиг тусыг дээдлэн өнөөгийн хөгжлийн бат суурийг тавьж, хүчин зүтгэж ирснийг түүх гэрчилнэ. Миний бие хөдөлмөрийн гараагаа Ардын цэргийн албан хаагчаар эхэлж, 1944 оны 9-р сарын 1-ний өдрөөс 1956 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн албанд алба хашсан бэлтгэл офицер хүн. 1956 оны 9 сарын 1-ний өдрөөс 1961 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сургуульд суралцсан ба 1961 онд Н.С.Хрушев манай сургуулийг Плехановын нэрэмжит их сургуультай нэгтгэсэн билээ. Сургуулиа төгсөж ирээд 1961.06.04-1961.07.18-ны өдрүүдэд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1961.07.18-1964.07.10-ны өдрүүдэд БНМАУ-ын сайд нарын зөвлөлд эдийн засгийн асуудал хариуцсан референт, 1964.01 сараас - 1968.07.10 хүртэлх хугацаанд Москва хотод Эдийн засгийн Харилцан туслах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт эксперт, 1968.07.10-1973.02.20-ны өдрүүд хүртэлх хугацаанд Улсын төлөвлөгөөний комисст хариуцлагатай нарийн бичгийн дарга, (одоогийнхоор төрийн нарийн бичгийн дарга), 1973.02 сараас 1984 оны 11 сар хүртэлх хугацаанд Улсын материал хангамжийн хороонд орлогч дарга, (Одоогийнхоор дэд сайд), 1984.11 сараас 1989 оны 7 сар хүртэлх хугацаанд Москва хотод Монгол улсын элчин сайдын яаманд зөвлөх зэрэг албыг хашиж яваад 1989 оны 8 сарын 1-ээс тэтгэвэртээ гарсан. Би улсад ажиллах хугацаандаа томилогдож очсон байгууллага бүрийн дэргэдэх үүр, хорооны орон тооны бус нарийн бичгийн даргаар 30 гаруй жил ажилласан. Нам, төрийн зүтгэлтэн, ахмад дипломатч гэсэн нэрийг зүүж явдаг хүн. Дурсамж бичсэн: Д.Гонгор


– 79 – Монголчууд 1938 онд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. 1960 онд Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуулийг “Бараа судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн. Төв бараа баазад одоогийн Бөөний худалдааны нэгдэлд ахлах мэргэжилтэн, худалдаа эрхэлсэн орлогч даргаар 1962-1972 онуудад ажиллаж байсан бөгөөд 1972-1980 онуудад Гадаад худалдааны импорт нэгдэлд орлогч даргаар ажиллаж байгаад 1980-1987 онуудад БНМАУаас ЗХУ-д суух Худалдааны төлөөлөгчийн орлогчоор ажилласан. Дараа нь “Баянгол” зочид буудлын дарга, Гүйцэтгэх захирал, дэд захирал, компаний зөвлөхөөр 1987-2023 онуудад ажилласан бөгөөд нийтдээ 60 гаруй жил улс нийгэмдээ ажиллаж хөдөлмөрлөж яваа хүн. Улсад ажиллахын зэрэгцээ мөн Гадаад худалдааны мэргэжил эзэмшсэн. Улс төрийн дээд боловсролтой. Москвагийн олон улсын худалдааны дээд сургуульд ичнээгээр суралцсан. Тайвань, Нидерланд зэрэг улсад зах зээлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Би оюутан сурагчдад зориулж олон арван сурах бичиг, гарын авлага бүтээсэн бөгөөд шинээр үүсч хөгжиж байгаа аялал, жуулчлал, зочид буудлуудад олон шавь нарыг бэлтгэхэд бие, сэтгэл, эрдэм ухаанаа зориулсан хүн. Хөдөлмөр бүтээл, худалдаа үйлчилгээний салбарт оруулсан гавъяа зүтгэлийг маань төрөөс үнэлж Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, Худалдааны болон Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Засгийн Газрын хүндэт жуух бичиг, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаснаас гадна 1997 онд ЦАГААНЫ ХЭНМЭДЭХ


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 80 – Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан” цолоор шагнагдсан. Миний олон талт үйл ажиллагааг тэмдэглэж Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн “Хүндэт профессор” цолыг олгосон. Би Монгол улсад “Зочид буудлуудын холбоо”-г үүсгэн байгуулж, одоо хүндэт Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Г.В.Плехановын сургуулийг төгсөгчийн дурсамж: Би 1958 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөөд Москвад Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд бараа судлаачийн мэргэжлээр сурахаар зорьсон. “Бараа судлаач” гэж ямар мэргэжил байдгийг мэдэхгүй амьтан Гадаад худалдааны яамны нэрээр суралцахаар явлаа. Бараа судлалын хичээлд хамгийн түрүүд хими, физик үзнэ. Хүний иддэг, уудаг, өмсдөг, хэрэглэдэг тэр бүгдийг хими, физикийн томъёогоор илэрхийлнэ. Зүгээр лекц уншаад байхгүй. Хичээл бүр айхавтар том лабораторитой. Барааг юугаар хийдэг, хаанаас авдаг, ямар агуулга, ямар чанартай юм, хүнд эргээд юу өгдөг юм, ямар технологи, машин техникээр хийгддэг юм, ууталж савлаад дэлгүүрт яаж зардаг юм, үнийг нь яаж хэрхэн тогтоодог юм гээд маш нарийн шалгууртай. Хажуугаар нь нягтлангийн, статистикийн хичээлүүд орно. Түүх, газар зүйн хичээлүүд орно. Газар зүйн хичээлд зөвхөн зам харилцаа гэхэд л усан зам, агаарын зам, төмөр зам гээд нарийвчилж ярина. Энэ бүхэн нь худалдаатай холбоотой болоод тэр. За тэгээд худалдааны зохион байгуулалт гэж айхавтар хичээл орно доо. Дадлагат гаргана. Би гэдэг хүн нэг захаас нөгөө захыг нь олохгүй шахам тийм том Москвагийн мах комбинатад дадлага хийж байлаа. Нарийн боовны үйлдвэрт бас дадлага хийсэн. Энэ мэтээр хүнийг тал бүрийн мэргэжилтэй болгож, хүнд их юм сургадаг сургууль шүү. Тэр агуу сургуульд бид би 4 жил сурсан. Нэг зүйлийг сонин болгоход: 1961 оны 4-р сарын 12- нд Ю.А.Гагарин огторгуйд ниссэн тэр өдөр би “Худалдааны зохион байгуулалт” хичээлийн шалгалт өгч байв. Миний бие билетээ авчихаад яг хариулахын үед багш минь “Сурлагын дэвтрээ аваад ир” гээд шууд дүнг минь тавьж байсан. Ю.А.Гагарины тэр алтан мөч надад тэгж сайнаар нөлөөлсөн. Амьдрал гэдэг баян юм шүү. Кавказ гаралтай багшийн минь баяртай алаг нүд одоо ч надад харагддаг юм. Харин төгсөж ирээд Дотоод худалдааны яамны нэр дээр “Төв бараа баазад” хувиарлагдсан. Төв бараа бааз гэдэг бол Монгол улсын өргөн хэрэглээний бүхий л бараа, ялангуяа эх орны үйлдвэрийн барааг бүгдийг нь шалгаж хүлээн авдаг газар. Мөн гадаадаас ирж байгаа барааг төмөр замаар хүлээж аваад хувиарлана. Хөдөө орон нутаг, аймаг, сумдад хэрэгцээт барааг нь хүргэж өгнө. Би чинь Намын Төв Хороогоор орж байж ажилд томилогдсон


– 81 – Монголчууд хүн. Ю.Цэдэнбал дарга “Энэ барааны мэргэжлийн хүүхэд байна. Энэ хүүхдийг сургаж ав. Худалдааны асуудал хамгийн чухал. Та бүхэн сайн ажиллуулах хэрэгтэй шүү” гэж хэлж байсан. Толгойтын бараа бааз Таван шарын урд 2-р цахилгаан станцын баруун талд байсан. Олон салаа төмөр зам явсан барааны том дөрвөлжин агуулахуудтай, зарим бараанууд нь гадаа хураалттай, берзинтээр бүтээчихсэн, нүсэр том аж ахуй. Бараа үнэлдэг ахлах мэргэжилтэн гэдэг албанд эхлээд очлоо. 800 төгрөгийн цалинтай. Гэр бүл болоогүй ганц бие надад ямар их цалин бэ? гэж бодогдож байлаа. Миний албанд худалдаа, эдийн засгийн сургууль төгссөн, ихэнх нь техникум төгссөн 30-аад мэргэжилтэн харъяалагдаж байв. Хийдэг ажил маань ирж байгаа барааг олон улсын гэрээ контактын дагуу тоо ёсоор нь хүлээн авах, гарал үүсэл, чанар нь таарч байгаа эсэхийг тулгаж, шалгаж үнэлээд орлогод оруулах. 60-аад нягтлантай байлаа. Гурил будаа, тамхиас өгсүүлээд бүхий л зүйлүүд байсан. Нисэх онгоц, цэргийн зэвсэг техник, нефть шатахуун л байгаагүй. Өөрийн гэсэн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгтэй, ёстой нэг вант улс гэдэг чинь тэнд байсан. Улсын төсвийн 60-70 хувийг бүрдүүлдэг. Тэр үед үйлдвэр хөгжөөгүй, худалдаагаар дамжиж эдийн засгийн эргэлт хийгддэг байлаа. Ийм л хариуцлагатай албанд анх томилогдсон хүндээ би. Жил гаруй хиртэй ажиллаж байтал Худалдаа эрхэлсэн орлогч дарга гэсэн албан тушаалд намайг томиллоо. Их л айж эмээж байлаа. Гэхдээ Г.В.Плехановын сургуульд сурсан зүйл, эзэмшсэн мэргэжил маань үнэндээ хэрэг болсон. Манайхаас Европын орнууд руу бараа гаргадаг байлаа. Тэгтэл нэг удаа замаас нь гадны орны нөхдүүд барааг авчихсан байсныг араас нь нэхэж явж, улсаас улс дамжин, тивээс тив дамжин явж байж олж авч байлаа. Сургуулиа төгсч ирээд анхны томилолт өмнийн говиос эхэлсэн юм. Худалдаа, бэлтгэлийн яамны сайд Доржготов гэж сайхан хүнтэй хамт явсан . Сэлэнгэ аймгийн Хушаатын хүн. Дараа нь Дарханд очсон. Дархан хот дөнгөж байгуулагдаж байхад Төв Хорооны төлөөлөгч нэг сүрхий амьтан хавар очоод намар ирж байлаа. Дарханы худалдаа бэлтгэлийн ангийг хотын дайтай болгож зохион байгуулах, худалдаа удирдах газар бий болгох гээд олон ажилтай. Баруунхараа, Зүүнхараа болон тэр хавийн сумдын худалдаа бэлтгэлийн барааг Дарханд төвлөрүүлэх нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан. Албан контор, Хүнсний дэлгүүр, Зоогийн газар, Барааны дэлгүүр, мөн ногооны зоорь, Хүнсний зоорь, бараа хадгалах агуулах, барилцаж байлаа. Талхны цехээс аваад байгуулж босгоогүй юм ховор. Оросын худалдааны трест ороод ирчихсэн үе. Тэр бүхний зохион байгуулалтыг хийнэ. Оросуудтай, Монголчуудтай харилцана. Дараа нь 1964 онд Болгарт очлоо. Анх удаа гадаадад албан томилолтоор явж байгаа нь тэр. Экспорт, импортын гэрээ байгуулах ажилтай. Болгараас манайх тухайн үед тамхи, мөн алаг салат, консерв авна.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 82 – Үйлдвэр дээр нь очно. Үнэ ханшаа тохирно. Нэг авдарт хэд байх уу?, нэг вагонд хэдийг ачуулах вэ? зэргийг гэрээнд нарийн заана. Тэгж анх гадаадад Монгол улсаа төлөөлөн явж байсан түүхтэй. Бидний урьдчилсан гэрээ, контакт бэлэн болсны дараа Засгийн газар хоорондын төлөөлөгчид, яамдын сайдууд ирж гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Түүнээс хойш Монголынхоо гадаад паспортыг бариад энэ дэлхийгээр мөн ч олон удаа явсан даа. Гадаад худалдаагаар орж ирж байгаа алим чанарын баталгаагүй байсан учир түүний хохирлыг барагдуулах гэж Орос хэл дээр акт үйлдээд Хойд Солонгос руу явж байлаа. Вьетнамд экспортын бараа саатчихсан түүнийг ачуулах гэж Алс Дорнодын хамгийн том усан замын боомтод очиж байлаа. Төв бараа бааз гэж тэр том вант улсыг би арван жил удирдсан. Тухайн үеийн том сайд, дарга нар, аймгуудын дарга нар гээд бүгдтэй нь танил, дотно болчихсон. Гэхдээ элдэв юманд орооцолдоогүй, цэх шулуун, шударга явсан. 1972 онд Төв бараа бааз дээр Улсын Төлөвлөгөөний комисс, Худалдааны болон гадаад худалдааны яамнаас иж бүрэн шалгалт ирж, шалгалтын дүнг хэлэлцээд манай удирдлагын багийн ажлыг өндөрт үнэлж, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринчинпэлжээ гуай намайг төвдөө татан авлаа. Тэнд нэг их удаан ажиллаагүй. 1966 оны үер буюу Ю.Цэдэнбал даргад тоогдсон минь: Үер ус гэдгийг мэддэг ч үгүй, ёстой хүүхдээрээ байждээ. 1966 оны наадмын тэр өдөр нэг найзтайгаа хоёул замын мухлагаас айраг аваад голын зүлгэн дээр очиж уусан юм. Амарч байгаа царай нь тэр. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн хүмүүс гүйлдээд, сүйд боллоо гэцгээв. Үерийн маргааш өглөө эрт Их дэлгүүрийн тэндээс машинд суугаад Толгойт руу ажилдаа очлоо. Бааз руу орох арга алга. Таван шарын тийшээ айлуудын эрээн авдар, ор хөнжил, цагаан бүрээс усанд хөвж байна. Төв Хорооны худалдаа эрхэлсэн Цагаан Дорж гэж хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч Гомбожав гуай, Гадаад худалдааны яамны Очир, Худалдаа бэлтгэлийн яамны сайд Доржготов, Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Т.Рагчаа гуай зэрэг аваргууд ирчихэж. Хүзүү цээжээр татсан их усан дотор би долоо хоног байсан. Гурил чинь бараг нордоггүй юм билээ. Харин шар будаа, цагаан будаа, элсэн чихэр холилдохоор бараашиг болчихдог юм билээ. Аль агуулахад ямар бараа байгаа, гадаа хаана хаана ямар бараа хураалттай байгааг надаас өөр нэг бүрчлэн мэдэх хүн байгаагүй. Тэр хүнд цаг мөчид надад өөрийн зурж тэмдэглэсэн кадастрийн зураг аминд орсон. Тэрхүү зурган дээр аймаг, сум бүрийг тэмдэглэсэн. Улаанбаатараас хичнээн км зайтайг нь, мөн хүн амын тоог нь, сум хоорондын км-г нь маш нарийн тэмдэглэсэн байсан. Тэрхүү тэмдэглэгээнийхээ хүчинд аймаг сумдууд руу бараагаа ачуулж, гурил будааг нь, хүн амынх нь тоонд тааруулан өгч, шатахууныг нь тооцдог байсан. Үерийн дараа мэдээж хамгийн их


– 83 – Монголчууд алдагдал орсон газар нь манай байгууллага байсан. Цэдэнбал дарга ирж байсан. Самбуу дарга ч ирсэн. Гэнэтийн үерт ихээхэн хохирол амссаны дараа би цагдаад баригдлаа. Намайг төв сэргийлэхэд аваачиж өдөржин суулгаад орой болсон хойно Сэргийлэхийн дарга “Та буц даа. Үл ойлголцол гарсан байна. уучлаарай” гэв. Би тэр үед айгаагүй. Ямар хулгай хийчихсэн биш, худлаа хэлчихсэн биш. Сүүлд сонсох нээ “тэр хүүхдээр битгий оролд, хамгийн их ажилласан хүүхэд” гэж Цэдэнбал дарга хэлсэн юм билээ. “Үерийн дотор цэлдгэр нүцгэн хүүхэд л яваад байсан. Өөрийн гэр орон гэж юу байна?, авгай хүүхэд байна уу?” гэж асууж сурсан байдаг. Намайг шоронд хийх биш, бүр байраар шагнасан. Төв бараа баазад цоо шинэ жаран ес машин, ажилчдын автобусыг төрөөс өгсөн. Нэг өглөө хотын намын хорооны дарга Алтангэрэл дарга дуудаж уулзаад 10-аад хүнд байр өгөх тухай албан бичиг гардуулсан. Түүний хамгийн эхэнд миний нэр байсан. Одоо эргээд бодоход Ю.Цэдэнбал дарга хүний ажил хөдөлмөрийг үнэлдэг, ахуй амьдралыг нь мэддэг тийм хүн байж. Гадаад худалдааны сайд Очир гуай нэг өдөр намайг дуудаж “Разноимпорт нэгдэл”-д орлогч даргаар хэсэгхэн хугацаанд ажиллуулаад Москва хот дахь Худалдааны төлөөлөгчийн газрын орлогч даргаар томилуулан, дипломат ажилтан болгов. Төлөөлөгчийн газрын даргаар ажлаа арван хуруу шигээ мэддэг нөмөр нөөлөгтэй Төмөр гуай байсныг хэлэх нь зөв. Очир гуай, Б.Ринчинпэлжээ гуай, Д.Содном гуай гурав “Энэ хүүхдийг гадаад худалдаа чиглэлээр нь явуулъя” гээд ярьчихсан байсан юм билээ. Москвад Худалдааны төлөөлөгчийн газар очоод Оросын 15 Бүгд найрамдах улсууд, тэдний Монголтой харьцдаг яамдууд, төлөвлөгөөний комисс, Хангамжийн газруудтай харилцаа тогтооно. Монголоос ирсэн том захиалгыг тэр улсуудад, үйлдвэрүүдэд тараана. Мөн гадаад худалдааны нэгдлүүдтэй харилцана. Элчин сайдын яамнаас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Алтайн хязгаараас манайх гурил будаа авна. Тэнд боломжгүй бол Казакстан, Киргиз рүү очно. Тэд их сайхан хүлээж вана. Мөн Латви, Литв, Эстони зэрэг улсууд руу жилдээ 2-3 удаа явдаг байлаа. Тэд их нарийн хэцүү улсууд. Эстоноос гэхэд Зэф радио, Темп-1, Темп-2 зурагт авна. Гозгор шилтэй юмаа ганзагалаад явна даа. Кавказын 3 улс Гүржээс вино, дугуй булантай цайгаа авна. Ган боллоо л гэнэ, өртөг үнэ нэмэгдлээ л гэнэ. Зөндөөн зовлон гарна. Башкираас сонингийн цаас авна. Зарим үед тоо хэмжээ зөрнө, ачааны даац хэтэрнэ. Москвад 1987 он хүртэл ажиллахдаа архаг дипломатч болсон доо. Ажлаа өгөхдөө ЭСЯ-ны дипломатуудын зөвлөгөөнөөр орж тайлангаа тавьсан. Мөн Намын Төв Хороонд бас нэг хувиа үзүүлж тайлангаа тавиад ашигтай худалдаа хийсэн байна гээд бүгд л магтаад байсан.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 84 – “Баянгол зочид буудал”-ын тухай товчхон Би “Баянгол зочид буудал”-ыг хөл дээр нь босгож олон улсын жишигт хүрэх үндэс суурийг нь тавьсан юмаа. Анх яаж хөл дээр нь босгох вэ? гэж бодоод Засгаас мөнгө зээлэхээр болов. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай, Да.Ганболд, Д.Дорлигжав хоёр шадар сайд, хүүгүй зээл, 3 жилийн дотор валютаар төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын Ерөнхий компани руу шууд очлоо. Тэд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэдэг нөхөр байсан. Түүнтэй уулзаад засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн 7 хүн авчирч, архитектурын зургийг нь гаргуулсан. Давхардсан тоогоор Хятадаас 360 хүн ирж ажилласан. 1992 онд “Баянгол”-д хамгийн анх өнгөт телевизор тавьж байлаа. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаж, 3-р цахилгаан станцтай ярьж дулаан, усны асуудлаа шийдсэн. Манай Төв шуудан холбооныхон тэр үед “Баянгол”-ын үүдэнд үүрэн телефонтойгоо сууж байсан үе шүү дээ. Гадаад руу, мөн хөдөө орон нутаг руу ярих утасны тарифийг би өөрөө тогтоож байлаа. Дэлхийн хоолны том сүлжээ болох Бээжингийн компанитай яриад “Бээжин нугасны газар” ажиллуулсан. Ёстой өдөр шөнөгүй хүн шавдаг газар болгосон. Мөн валютын дэлгүүр нээсэн. Бүх тооцоог автомат кассын системд оруулсан маань түүхэн гавъяа гэж боддог. Монгол улсын “Үйлчилгээний гавъяат ажилтан” Ц.Хэнмэдэх


– 85 – Монголчууд Дулам овогтой Бордух нь 1940 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. 1960 онд Нийслэлийн 10 жилийн 5 дугаар сургуулийг “Алтан медаль”-тай төгсч улмаар 1960-1965 онуудад ЗХУ-ын нийслэл Моква хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн дээд сургуульд суралцан төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, алба, хэлтсийн даргаар ажиллаж байхдаа манай орны материал техникийн хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргасан түүхэн хүмүүсийн нэг юм. Тэрээр 1970-аад онд Улсын хангамжийн тогтолцоог боловсронгуй болгох, мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажлаар БНАГУ-д ажиллаж байгаад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт шилжин ирж тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн референтээр, 1980-1990 онуудад Монголын Техник хангамжийн улсын хорооны 1-р орлогч дарга, Монгол улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Консулын газарт Худалдааны төлөөлөгч зэрэг албан тушаалуудыг хашиж байгаад гавъяаны амралтандаа гарсан юм. Л.Дугаржавын хувийн архиваас ДУЛАМЫН БОРДУХ (1940-2018)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 86 – Өнгөрсөн зууны 1959 онд надад шийдэхэд хэцүү сонголт тулгараад би яах аа мэдэхгүй алмайх, “Ацан шалаа”-нд уналаа. Би Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгслөө. Сургуулийнхаа бүх ахлах ангиуддаа “Онц сурлагатан” нэртэй л суралцаад жил бүр магтуулаад явсан бузгай хүү дуулдаад байдаг байсан чинь аравдугаар анги төгсөх “Улсын шалгалт” - нд “ Гуулиа цухуйлгаад “Сайн” дүнтэй аравдугаар ангиа төгслөө. Ангийнхаа жигтэйхэн хөөрхөн, адтай цовоо сэргэлэн охин С.Чанцалд дурлаад улмаар эмчийн мэргэжлийг хамтдаа эзэмшихээр хоорондоо сэм тохироод “Анагаахын дээд”-д элсэхээр санал өглөө. Түүнийгээ гараасаа алдахгүй бөхөлсөндөө бөөн баяр болоод гүйж явтал түүхийн багш “Улаан” Шагдар багш намайг “Багш нарын өрөө”-нд дуудлаа. Шагдар багшаас эмээсхийсээр яваад очлоо. Ашгүй, ганцаараа сууж байна. Багш надад аминчлан хэллээ. “За Урианхай”, чи буруу юм хийж байнаа. Чи С.Чанцалыг дагаж л эмчийн мэргэжил сонгож байна. Чи яагаад ч эмч болж чадахгүй, чиний төрх, натур эмчид огт таарахгүй, мэдэв үү?. Хоёрдугаарт гэвэл: Чанцал чамд ер хань болохгүй, хотод очоод л чамайг хаяна, хотод зөндөөн гоё “Стеляг” залуус дүүрэн, Чанцал тэднийг хараад л чам шиг нурмагар, амьтныг голно. Чи хувиараа соль. Гадаадад явж сур! Зөвлөлтөд “Эдийн засгийн дээд сургууль”-д нэг хуваарь ирсэн. Хүүхдүүд авахгүй байна. Чи ав. Зөвлөлтөд сурч Орос хэл сайн эзэмш. Орос хэл хэт нь чамд С.Чанцалаас илүү хэрэгтэй” гэв. "Улаан" Шагдар багшийн хэлсэн үгсээс нэг үг нь их үнэн, зөв үг ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ (Эргээд бодоход . . .)


– 87 – Монголчууд байсан. Тэр үг нь “Орос хэл хэт нь чамд С.Чанцалаас илүү хэрэгтэй” гэсэн үг нь, харин нэг үг нь худлаа, буруу үг байсан, тэр үг нь, “С.Чанцал чамд хань болохгүй” гэдэг үг нь. С.Чанцал надад 32 жил шөнийн нар, өдрийн од болж, аманд минь аягатай хоол барьж, өглөө оройд өмд, цамцыг минь өмсгөж, гутлын минь шороог арчиж, дөрвөн сайхан үр төрүүлж, арай л намайг бүүвэйлж ундуулах нь холгүй ханилсан. Ингээд би улаан Шагдар багшийн зөвлөснөөр гадаадад суралцах хуваарь аваад орхисон чинь ЗХУ-ын Иркутк (Эрхүү) хотын “Санхүү зээлийн дээд сургууль” -ийн хуваарь байлаа. Булганаас Улаанбаатар хот орж ирэхээр ээжтэйгээ, С.Чанцалтайгаа гурвуулаа онгоцонд суугаад, “Муу нохойд шар тос зохихгүй” гэгчээр байн байн дотор эвгүйрч 45 минут огьж, өнөө хоёроо сандаргасаар (Одоо ч би онгоцонд суухаараа дандаа бөөлжих гээд байдаг . Архи уугаад хөлчүүдүү явбал арай дээр яваад байдаг) хотод орж ирлээ. Хотод миний авга ах “Улсын төв Цагдан сэргийлэх” -ийн ахмад Р.Раднаабазарынх байсан. Раднаа ах надад бас зөвлөлөө. “Миний дүү” хувиараа солиул. Иркутск хот бол Сибирийн бүдүүлэг, хоцрогдсон хот. Чи шууд Москвад ямар нэг эдийн засгийн дээд сургуульд очиж сур. Жадамбаа гуай (МАХН-ын Төв Хорооны “Боловсон хүчний хэлтэс”- ийн зааварлагч, гадаадад суралцах оюутнуудын хуваарь хариуцдаг байсан) дээр дахиад пропуск бичүүлээд ор. Тэгээд ингэж хэл, “Би Монгол улсынхаа эдийн засгийг түргэн хөгжүүлэх гарамгай эдийн засагч болохын тулд ЗХУ-ын нийслэл Москвад очиж суралцахыг хүсч байна” гэж хэл. Их цоглог хэлээрэй, битгий нусаа татаад байгаарай “ гэж захилаа. Би ахын зөвлөснөөр “Хар” Жадамбаа гуайд пропуск бичүүлэн аваад Засгийн газрын ордны хоёрдугаар давхарт, Жадамбаа гуайн өрөөнд ихэд зүрхшээн ороод өнөө “Коммунист” үгээ ёстой “мундаг” хэллээ. (Одоо бодоход Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж байгаа юм шиг л дуржигнуулсан байхаа) Жадамбаа гуай над руу анхааралтай харж, бодолхийлэн сууснаа юу ч асуусангүй, - За чамайг хүүхээ Иркуткээс Москва руу шилжүүлье. Москвагийн “Улсын эдийн засгийн дээд сургууль”-д (Московский Государственный Экомический институт) “Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр суралцуулахаар хувааръя” гэв. Раднаабазар ахын зөвлөгөө, даалгавар зорьсноор яг биелэгдлээ. Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр Москвад миний очих сургуульд хуваарилагдсан хүүхдүүдийг Улсын төлөлвлөгөөний комиссын боловсон хүчин Өлзий-Утас гуай (Булган аймгийн төлөвлөгөөний комиссын дарга байсан) хүлээн авч, барилгын хэлтсийн дарга Д.Салдан гэдэг залуухан, ганган ах яаж Орос хэл сурах, хэрхэн биеэ дайчилж мэргэжлээ чанартай эзэмших тухай туршлагаа ярьж


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 88 – өглөө. Гадаадад суралцах оюутнуудад тус бүр 1000 төгрөг улсаас талбин олгож, тэр үеийн улсын Төв дэлгүүр (Өндөр хоршоо) тусгай хуваарьтай өдөр гаргаж, биднийг гадаадад очоод өмсөх хувцас хунар, бас тэр үед худалдаанд ховор гарч байсан Монгол чеодан (том зузаан ширэн гадартай, голдоо бахим, дугуй гуулин нууц цоожтой, болхидуу хийцтэй ч хөдөөний надад их гоё юм байсан) зэрэг бараа авахуулсан. Би нэг Чех шар бадийнка (ботинк) нэг гоё Хятад ноосон цамц (худалдагч нь надад “жээнпер” гэж хэлсэн), өргөн саарал Орос өмд, хотын хүүхдүүд “бирүүк” (брюк) гээд авч би ч бас авсан. Өндөр хоршоо (одоо Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей) хоёр давхар жигтэйхэн том байшин байсан тул би гарахдаа дотор нь төөрөөд арай гэж доод давхарт нь буутал нэг газар нь гайхалтай, сайхан, хамар цоргисон үнэртэй, бод малын өвдгөрхүү том жимс байсан, авч идмээр санагдсан ч мөнгөө гамнаад аваагүй. Сүүлд мэдэх нь ээ Хан боргоцой “Ананас” байсан юм билээ. Яагаад тэр үед 1959 онд Өндөр хоршоонд Хан боргоцой зарагдаж байсан юм бүү мэд. Сургуульдаа очоод нэгдүгээр курс (анги), хоёрдугаар ангидаа бэрх хичээнгүй суралцаж, бүүр Элчин сайдын Яамнаасаа нэмэгдэл стипенд хүртэл авч, хичээлийнхээ сурах бичгүүдийг уншихын дээр К.Маркс, В.Лениний зохиолуудаас конспектолдог, “Правда”, “Комсомольская правда”, Вчерняя Москва “сонинууд ч уншчихдаг ч”пээдгэр “оюутан болоод тэр үед манай сургуульд суралцаж байсан Д.Гонгор, (Барга судлалтан, Монгол билиг зүйч), П.Нэргүй (доктор), “Хар” Цагаанхүү (доктор, Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байсан), М.Шарав (Улсын төлөвлөгөөний комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан), Намсрайжав (Орчуулагч, Э.Золягийн “Санхүүч” романыг орчуулсан байх), Д.Бордух (орчуулагч, Улсын Хангамжийн хорооны нэгдүгээр орлогч дарга байсан), нарын хүмүүсээс зарим нь намайг ятгаж байгаад “МАХН-ын орлогч гишүүн” -ээр хүртэл элсүүлж орхисон. Гэтэл би гуравдугаар курсээсээ, яагаад ч юм, гэнэт хачин өөр оюутан болоод хувирчихдаг юм. Хуучнаасаа огт өмнөө сонирхолтой, тэс өөр үзэл бодолтой, эдийн засгаас өөр шинжлэх ухаанд дур татагддаг, оюун санааны өөр өвөрмөгц төрөл-урлаг, уран зохиолын бүтээл шүтдэг “маанаг гайхал” болчихлоо. Сонирхдог, шүтдэг юм нь эдийн засаг бус, философи, уран зохиол болоод “Эдийн засгийн ухаан бол шинжлэх ухаан биш, материаллаг ахуйн ухаан, хүний хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэхгүй, харин ч чөдөрлөнө” гэж “эсэргүү” юм ярьдаг оюутан болчихдог юм. Ингээд сургуулиа төгсөн төгстлөө зарим хичээлийнхээ шалгалтанд унаж, зарим онолындуу хичээлийн нь шалгалтанд сайн авахдаа ч авч, онц авахдаа ч аван дэнжигнэсээр “Төлөвлөгч” (плановик) гэдэг мэргэжлийн диплом өвөртөлж, ромбо тэмдэг зүүхдээ эдийн засгийн мэргэжлээ өөдтэй эзэмшээгүй ч сургуулийнхаа болон оюутнуудынхаа


– 89 – Монголчууд “Общежитие”-ийн номын сангаас салдаггүй байсны (Оюутны байрны номын сан)-аас шөнийн 23:00 цагт гурван Вьетнам оюутан, хоёр Хятад оюутан, нэг Герман оюутны хамт хөөгдөөд гардаг, “Номын санч “бабушка” Ребята, уже пора закрыт, Идите спать. Досвидание гэж хэлдэг байв. Ачаар оросоор их сайн уншдаг, сайн ойлгодог болоод Хегель, Маркс, Ленин, Г.В.Плеханов, Герцен, Белинский, Чернышевский, Пушкин, Лерментов, Есенин, Гоголь, Чехов, Андерсон, Короленко, Паутовский, Куприн, Шекспер, Гёте, Шиллер, Стендаль, Толстой, Достоевскийн зохиолуудаас ногоортлоо уншсаар философийн сэтгэлгээ, уран зохиолд хорхойсон, дотроо “Хэн надтай зэрэгцэхэв” гэсэн бодолтой хээхгэр залуу болчихов шүү, хөөрхий. Нэг сониныг, зүгээр, инээдэм болгож дуулгахад гуравдугаар курс төгссөн жилээ нэг “солио”-той алхам хийлээ. Москвагийн М.Ломоносовын Их сургуулийн философын анги руу шилжиж суралцмаар санагдаад, зуны амралтаар нутагтаа ирэнгүүтээ Намын Төв Хорооны Боловсон хүчний хэлтэст хүсэлтээ тавихаар пропуск бичүүлээд орлоо. Гурван жилийн өмнө уулзаж нүүр, төрх нь нүдэнд үлдсэн “хар” Жадамбаа гуайн оронд тун нухацтай албаны яриатай Энэбиш гэдэг хүн (сүүлд, Дээд боловсролын хорооны дарга болсон) сууж байв. Бидний яриа маш товчхон, хэдхэн асуулт, хариултанд багтлаа. - Яагаад чих сургуулиа солих гэж хүсэж байгаа юм бэ? - Эдийн засаг сонирхолгүй байна, ялангуяа миний эзэмших мэргэжил-Хөдөө аж ахуйн салбарын төлөвлөлт, Үхэр, хонины аж ахуй, Гахайн аж ахуй, “тахианы аж ахуй”, “нягтлан бодох бүртгэл”, “Тариа ногооны хөрс боловсруулалт”, “Трактор комбайн”, “Хамтрал, Сангийн аж ахуйн зохион байгуулалт” гээд цааших мэдлэг нь миний сэтгэлгээг хөгжүүлэхгүй, надад хэрэггүй байна. - Яагаад мэдлэг боловсрол хүнд хэрэггүй байдаг юм бэ? - Хэрэгтэй хүндээ бол хэрэгтэй л дээ. Надад бол эдгээр мэдлэг шинжлэх ухааны мэдлэг биш! - Хөдөө аж ахуй манай Монголын эдийн засгийн хөгжлийн гол салбар шүү дээ. - Хөдөө аж ахуйгаар ямарч улс хөгжихгүй. Тэгээд ч эдийн засаг судалдаг ухаан шинжлэх ухаан биш, “ Ходоодны ухаан “ ! - Философи л шинжлэх ухаан уу? - Философи бол сэтгэлгээний шинжлэх ухааны “математик”! - Чи Ломоносовын Их сургууль руу шилжихийг хүсч байгаа чинь чиний хувийн сонирхол уу?, Улсын хэрэгцээ юу? - Миний хувийн сонирхол. (Энд би муухай гэндсэн) - Социалист нийгэмд хувийн сонирхол Улсын эрх ашигт захирагддаг. Чамайг улсын хөрөнгө, зардлаар, улсын


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 90 – төлөвлөгөөгөөр эдийн засгийн мэргэжил эзэмшүүлж байгаа. Чи нас залуу байна. сургуулиа төгсөөд ажил дээр гараад философио сонирхоход амьдрал чинь хангалттай, залуучууд хувиараа ямар ч шинжлэх ухаан сонирхоход бүрэн чөлөөтэй. Уулзалт дууслаа . . . Би сургуулиа хаяад Монголдоо ирж Улсын Их сургуулийн философийн ангид оръё гэж бодлоо. Гэртээ хариад санаагаа эхнэртээ (Чанцал)-д хэллээ. Чанцал хоёулаа үгслээ. (Бодвол, Чанцал дотроо миний санааг дуртай дэмжиж байсан байх) Аавд шууд хэлэхээсээ айгаад С.Чанцалын амаар дамжууллаа. Аав урдаас нь бид хоёрыг зад загнаад (миний аав Цэрэндашийн Дамдинсүрэн хүүхэддээ маш хатуу захиргаатай, жолоог нь чанга атгадаг, эгэл боргил Монгол эцэг байсан ). Хэрэв цаад “эрваа чинь сургуулиа хаяж ирдэг юм бол би улаан нүүрэн дээр нь тань улаан суга руугаа хутга дүрчинхнэ шүү” гэжээ. Москва руу сургуульдаа буцахаас өөр аргагүй боллоо. Манай Московский Государственный Экономический институт нь социалист орнуудын нам, засгийн удирдах ажилтнуудыг бэлтгэх зориулалттай институт байсан бөгөөд 1963 онд Г.В.Плехановын нэрэмжит Москвагийн худалдааны институттэй (Московский Коммерческий Институт) нэгтгэн “Москвагийн Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль” (Московский Институт Народного Хозяйства имени Г.В.Плеханов) гэж нэрлэсэн юм. “Московский Коммерческий институт” нь Оросын нэрт санхүүч, 1-р гильдийн худалдаачин А.Вишняковын хөрөнгө, хандиваар 1907 онд байгуулагдсан сургууль бөгөөд энэ хоёр институтыг нэгтгэх яриа эртнээс яригдсаар байсан ч манай институтыг СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга А.Микоян төгссөн байсан тул зөвшөөрөхгүй түдгэлзүүлсээр А.Микояныг том эрхэт албанаасаа халагдсаны дараа нэгтгэсэн гэдэг. Би 1964 онд сургуулиа төгссөн. Дипломын ажлаа “БНМАУын мал аж ахуйн зохион байгуулалт” сэдвээр хамгаалсан, гэхдээ, би өөрөө бичээгүй. “В.Лениний” нэрэмжит Номын санд сууж байгаад яг энэ сэдвээр Эдийн засгийн дэд эрдэмтний зэрэг хамгаалсан хүний диссертацны аннотацыг бараг бүхлээр нь хуулаад өгчихсөн. 1964 онд сургуулиа төгсөж ирээд Завхан аймгийн Төлөвлөгөөний комиссын орлогч даргаар томилогдсон ч ар гэрийн гачигдлаар явж чадаагүй тул Улсын төлөвлөгөөний комиссын Материал техникийн хангамжийн хэлтэст мэргэжилтнээр эхэлж цалинд хүрээд “Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслах зөвлөл” (СЭВ) -ийн “Төлөвлөгөөний хороод”-ын Монголын бюро, Комитетын нарийн бичгийн дарга, Улсын төлөвлөгөөний комиссын даргын нарийн бичгийн дара, туслах зэрэг үүрэгт ажилд 13 жил сандрав. Материал техникийн хангамжийн хэлтэст мэргэжилтэн байхдаа Улсын төлөвлөгөөний комиссын дарга Т.Рагчаа гуайд нэг өдөр дуудагдлаа. Хөдөө аж ахуйн яамнаас, хаврын тариалалтанд


– 91 – Монголчууд дутагдалтай трактор, сэлбэг захиалах хүсэлт тавьсан яаралтай албан бичиг Улсын төлөвлөгөөний хэлтэст ирүүлсэн нь бичиг хэргээр дамжаад манай хэлтсийн дарга Дожоохүү гуай намайг хариу төлөвлөөд үзүүл! гэж надад даалгаад өгснийг нь би ширээндээ хийгээд таг мартчихжээ. Т.Рагчаа дарга руу мартсан бичгээ бариад ухаан алдталаа айсаар ортол Т.Рагчаа дарга их ширүүн царайтай, -Чи хэн гэдэг сүг вэ? Чи “Улсын төлөвлөгөөний комисс”-ын архив уу? гээд загнаж гарлаа. Т.Рагчаа дарга уран цэцэн үгтэй, Монгол аман хэл их сайтай, загнуулж байгаа хүндээ хэдий аймшигтай ч “Дүүрсэн хэрэг загнуулаад байя! Юу гэж хэлэх нь вэ? сонсоод байя !” гэж бодогдохоор “гоё” загнадаг “эцэг дарга” байсан. Би айсандаа балмагдаад юун хариу дуугарахтай манатай, арай л “өмдөө норгочихолгүй” шиг тэсээнээд, өнөө бичгээ гартаа тас базаад саа туссан хүн шиг чичрээд зогсож байжээ. Т.Рагчаа дарга намайг яаж зогсоог хараад, инээд нь гэнэт хүрсэн байх. Ширээнийхээ араас босож ирээд миний толгойг илж, тайвшрангуйгаар, Хойшид ажилдаа алмай цалгай хандаж болохгүй, миний хүү. Чи энэ удаа цалин авч суугаа ажлынхаа үүрэг, хариуцлагыг “гэртээ орхисон”-оос Монгол улсын хаврын тариалалтад учирч болох хохирлыг тооцвол чи шоронд орох байлаа. Наадах хумхисан бичгээ тэнийлгээд надад орхиод яв! Очиж ажлаа хий . . . гээд гаргасан. Рагчаа даргыг Сайд нарын зөвлөлийн Нэгдүгээр орлогч даргаар дэвшсэний дараа “Улсын төлөвлөгөөний комисс” ын даргаар Б.Ринчинпэлжээ гуай томилогдлоо. Ринчинпэлжээ гуай Монгол төрийн нэг аварга туршлагатай, мэргэн сартваах, манай эдийн засгийн хөгжлийн түүх, үе шатууд, тоо баримтын “Амьд лавлах” практик мэдлэг нь л олон удаа ажлынхаа үүрэг хариуцлагыг “гэртээ орхидог” байсан минь эргээд дурсахнээ гэмшилтэй л санагдаж сууна. Хэдэн жилийн дараа би Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга Д.Содномын нарийн бичгийн дарга, туслахаар ажиллалаа. Д.Содном даргад миний «тус» юу байхав дээ., шалихгүй, “шаазгайн сангас”-наас ихгүй, харин “гадуур”, “дотуур” утсаа л найдвартай “манан” Д.Содном даргад ирсэн бичгүүдийг дамжуулна., хам хум танилцуулна., “дууд” гэсэн хүмүүсийг нь дуудна, үүрэг өгсөн үгийг нь үг гээлгүй “шуудандана”, тэгээд л даргадаа туслахын оронд хувиа хичээгээд л өөртөө л хэрэгтэй элдэв ном уншаад л, орчуулга хийгээд л шүлэг, нийтлэл бичээд л сууна. Д.Содном дарга намайг хаа нэг зэмлэнэ., нэг удаа би ширээн дээрх албан бичгүүдээ далд хийлгүй хавтастай нь ил орхиод явчихсан байсанд, “Чи бид хоёр ч эндээс хоёулаа шорон руу туугдаж салцгаах байхаа даа!” гэж зэмлэсэн. Харин “СЭВ”-н чуулганд явах гэж аахилуу байх үедээ л тун бухимдангүй, «Би чамайг ажилд сайн болохоор чинь дэргэдээ аваагүй, ажилд муу болохоор чинь сургах гэж авсан! «Тебе


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 92 – надо бы выйти в люди» гэж аашилж байсан. Д.Содном дарга Монголын эдийн засгийн зангилаа асуудлуудыг маш сайн мэддэг, мэдэрдэг, санхүү, балансын өндөр мэргэжилтэн, ажлын баялаг туршлагатай тул асуудлуудыг шуурхай, ултай, зоригтой шийддэг, нягт нямбай, хатуу, шударга хүн байсан. Болохоор ажилдаа хайнгадуу би их эмээдэг байсан. 1977 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос намайг Москвад М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургууль”-ийн “дээд курс”-д суралцуулах хүсэлтээ Д.Содном даргад танилцуулахад нь, “Урианхай, өөрөө л зөвшөөрөх юм бол, би зөвшөөрнө” гэж Зохиолчдын хорооны орлогч дарга Д.Наваансүрэн гуайд хэлсэн гэдэг. Тэгээд намайг Москва руу явах болоход “Зуут”-ын шар халзан дэвсгэрт надад бариад халуунаар тэврээд үлдэж байсан. Миний, зохиолч, найзууд, ахмадууд надаар тоглон, “Нам, засгийг хамгийн их хуурч, хамгийн “Өндөр алба” хашсан хүн ганцхан чи шүү “ гэж хөхрөлддөг юм. Эл дурсамжаа өгүүлэхийн далимд эргээд одоо бодохноо матеиатикийн бодлогод “хасах үйлдэл” хийсний дараа ялгавар буюу үлдэгдэл гэдэг тоо гардаг. Хүний амьдрал ч математикийн бодлогын “хасах үйлдэх”, “дэх үлдэгдэлтэй” төстэй юм. Хүн хэд насалсан ч бай, амьдралд нь зөндөө үйл явдал болж өнгөрдөг. Эдгээр үйл явдлуудаас хүнд өөрт нь санагдах нь ч байдаг, мартагдах нь ч байдаг. Хүний амьдрал гэдэг хийсвэрээр бясалгахад “дурсагдахуй”, “мартагдахуй” хоёрын л өрсөлдөөн, тэмцэл юм. Хүний амьдралыг математик бодлого дээр шилжүүлэн төсөөлбөл, хүний амьдралын “дурсагдахуй”, математикийн “хасах үйлдэл”-ийн “үлдэгдэл” мэт бөгөөд хүний насалсан нас нь бүхэлдээ “хасагдагч”, “мартагдахуй” нь “хасагч”, “дурсагдахуй” нь “үлдэгдэл” байх болно. Нийгмийн амьдрал, түүхийн өрнөл, явцаас ажиглахад, хүн эх орон, ард түмэндээ мартагдахгүй, дурсагдах бодит үнэ цэнтэй бүтээлээ үлдээхээр амьдрах буюу “мартагдах” нь бага “дурсагдах” нь их байхаар харьцаатай амьдрахын төлөө хийсэн тэмцэл л хүний насалсан урт, богино хугацааг “хүний амьдрал” болгодог юм шиг санагдана. Үгүй байхыг ч эс үгүйсгэнэ. Д.Урианхай 2022.12.10 “Хүн чулуу”-ны хөндий


– 93 – Монголчууд 1940 онд Говь–Алтай аймгийн Дарви сумын нутаг “Яргайт” гэдэг газар малчин ард Чойнжуурын анхны хүү болон төржээ. 1957 онд дунд сургууль төгсөж 1957-1960 онд худалдааны техникумын бараа судлалын анги төгсөж улмаар 1964-1968 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд орж бараа судлал, худалдаа зохион байгуулалтын мэргэжлээр төгссөн. Дараа нь Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуульд, Ард түмний их сургуульд суралцаж улс төрийн дээд боловсрол эзэмшсэн. 1960-1961 онд Худалдаа бэлтгэлийн яамны тусгай дэлгүүрт мэргэжилтэн, 1961-1964 онд Улаанбаатар хотын худалдаа удирдах газарт мэргэжилтэн, 1968-1969 онд Худалдааны техникумд багш, 1969-1974 онд Худалдааны 1 дүгээр конторын дарга, 1974-1978 онд Улсын их дэлгүүрийн намын үүрийн нарийн бичгийн дарга, 1978-1984 онд Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын орлогч дарга, 1984- 1990 онд Худалдаа бэлтгэлийн яаманд худалдаа эрхэлсэн орлогч сайд, 1990-2016 онд “Яргайт эх” ХХКомпанид Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв. Нам, олон нийтийн байгууллагын орон тооны ба орон тооны бус сонгуульт ажлыг 20 гаруй жил хийсэн хүн. Худалдааны байгууллагад төлөвлөлт, эдийн засгийн урамшуулалын шинэ системийг туршин нэвтрүүлэх, хамтын ба бригадын журмаар эд хариуцах, өөртөө үйлчлэх дэвшилтэт хэлбэр, гаригийн болон цагийн цуваа график, кассын ялгаварлалгүй үйлчилгээ, жижиглэн худалдаалах цэгүүдийг барааны групп, хэрэглээний иж бүрдлээр төрөлжүүлэх, урьдчилан захиалга авч үйлчлэх, худалдааг иж бүрэн оновчтой зохион байгуулах зэрэг олон дэвшилтэт арга хэлбэрүүдийг тухайн үеийн ажлын шаардлага, онцлогт тохируулан ЧОЙНЖУУРЫН ЦЭРЭН-ОЧИР (1940-2016)


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 94 – санаачлан хийж, биечлэн зохион байгуулж, амьдралд хэрэгжүүлсэн хүн юм. “Бараа судлалын сурах бичиг”, “Худалдаа зохион байгуулалтын сурах бичиг” зэрэг 4 сурах бичгийг бие дааж болон бусадтай хамтран бичсэн нь худалдааны салбарт ажиллагсад болон худалдааны ТМС, Техникум, Монгол улсын Их Сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын сургалтанд зохих ач холбогдлоо өгснөөс гадна эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэд хэдэн нийтлэлүүдийг гадаад дотоодын хэвлэлүүдэд бичиж олон түмэнд сурталчилж байв. Түүний идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг төр засгаас үнэлж Алтан гадас одон, Засгийн газрын Хүндэт жуух, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байснаас гадна “Худалдааны гавъяат ажилтан” цолоор шагнуулахаар тодорхойлогдож байв. Монголын худалдаанд 33 жил ажиллах хугацаанд ажилд дадал хэвшил болсон хуучирсан, захиргаадсан удирдлагын арга барилыг халах, худалдаанд оновчтой зохион байгуулалт, технологийг нэвтрүүлэх ажлыг анх санаачилж эхний ээлжинд Улаанбаатар хотод үүнээс улбаалан улсын хэмжээнд салбарт мэргэжлийн удирдлагын шинэ арга барилыг хэрэгжүүлэхэд гол нөлөөлөл үзүүлсэн боловсон хүчин байлаа. 1969-1974 онд Худалдааны 1 дүгээр конторын даргаар ажиллаж байхдаа хамтын бригадын тооцоог эд хариуцагч нарт нэвтрүүлэх ажлыг санаачилсан худалдааны анхдагч болсон бөгөөд улмаар худалдааны нийт салбарыг хамарсан бүтээлч ажлын эхлэл суурийг тавьсан хүн юм. 1969 онд энэ дэвшилтэт хэлбэр манай улсад огт байгаагүй бөгөөд 1980 он гэхэд Улаанбаатар хотын худалдаа нийтийн хоолны салбарт 3000 гаруй эд хариуцагчид дээрхи дэвшилтэт хэлбэрт шилжсэнээр үйлчилгээний нэвтрүүлэх чадвар эрс өсч жилд 1,0 сая төгрөгийн өр төлбөр шинээр гарч, 5.0-6.0 сая төгрөгийн өр он дамждаг, 1,0- 2,0 сая төгрөгийн найдваргүй өрийг улсын алдагдал болгодог явдал Улаанбаатар хотын нийт худалдааны байгууллагуудад болон Улсын их дэлгүүр, бараа бааз зэрэг 18 байгууллагад байнга гардаг байсан бол өр төлбөргүй, цэвэр тайлан гаргадаг эхлэл суурь нь тавигдсан юм. Бригадад эд хариуцагч нарыг хамруулснаар бүртгэлийн ажилтны хэрэгцээ хэд дахин, хүн амд үзүүлэх үйлчилгээний чанарт эргэлт гарсан билээ. Худалдаа үйлчилгээний ажилчдын цалин хөлс дэндүү доогуур, нийгмийн нөхжлийг сайжруулах боломжгүй байсныг өөрчлөх зорилгоор төлөвлөлт эдийн засгийн урамшуулалт системийг өөрийн конторт анх туршиж, энэ ажил хожим салбарын хэмжээнд хэрэгжиж, 1971 онд худалдааны 1 дүгээр контор улсын хэмжээнд социалист уралдаанд худалдааны байгууллагуудаас анх удаа тэргүүн байр эзэлж байлаа.


– 95 – Монголчууд Тэрээр өөртөө үйлчлэх хэлбэрийг хүнсний үйлдвэрийн барааны 33 дугаар дэлгүүрт анх эхлүүлсэн нь хожим нийслэл хотын бараа гүйлгээний 70 гаруй хувийг өөртөө үйлчлэх хэлбэрээр хийх эхлэлийг тавьсан юм. 1974-1978 онд Улсын их дэлгүүрийн орон тооны намын үүрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бригадын сичтемийг улам гүнзгийрүүлж, 40 хүнтэй торго хөвөн бүс барааны бригадыг анх байгуулж, дээрхи барааны илүүдлээр жилд одоогийн ханшаар тогтмол 10 орчим сая төгрөгийн орлогыг улсад оруулж, байв. Дээрхи тасагт ганцаарчилсан тооцоотой ажиллаж байсан хүмүүс нэг ч төгрөгийн илүүдэл гаргалгүй 30, 40 жилийн туршид ажиллаж байсныг энд дурьдахад ойлгогдоно биз ээ. Улсын их дэлгүүрийг өөртөө үйлчлэх хэлбэрт бүрэн оруулах, эд хариуцагчдыг 100 хувь бригадын тооцоонд хамруулах, өргүй цэвэр хамт олон болох талаар намын байгууллагын зүгээс онцгой анхаарч , ухуулан таниулах бүхий л арга хэлбэрийг чадмаг ашиглаж, Х.Гангаа, Д.Цагаан, зэрэг Худалдааны гавъяатуудыг төрүүлж чадсан юм. Худалдааны дээд мэргэжил эзэмшсэн хүний хувьд онол мэргэжлээрээ худалдааны инженер техникийн ажилтнуудад ямагт үлгэрлэж, санаачилсан зүйлийнхээ эцсийн үр дүнг үзэхийн төлөө халамж, хатуу шаардлагыг хослуулж, чаддаг гарамгай удирдах ажилтан хүн байсан. 1978-1984 онд Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын орлогч даргаар ажиллаж байхдаа барааны шат дамжлагыг цөөрүүлэх, дэлгүүрийг агуулахгүй болгох ажлыг гардан зохион байгуулалцсан юм. Ингэснээр 200 орчим орон тоог хэмнэн, жилд өнөөгийн ханшаар 1 тэр бум төгрөгийн өр гардаг Нийслэл хотын худалдааг өр төлбөргүй байгууллага болгох нөхцлийг бүрдүүлсэн. Худалдаа, бэлтгэлийн яамны орлогч сайдаар ажиллаж байхдаа Монголын худалдааг иж бүрэн оновчтой зохион байгуулах, өөртөө үйлчлэх салбарт шилжүүлэх, болон бригадын тооцоог аймгуудад нэвтрүүлэх талаар их санаачлага гаргаж байсныг тэр үед худалдааны байгууллагад ажиллаж байсан ажилтнууд мэддэг бөгөөд хүндэтгэдэг удирдлагын хүний маань нэг байсан гэж дурсан ярьдаг. Ч.Цэрэн-Очирын зээ охин Баярнямын Болор-Эрдэнэ Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын филиалын дунд сургуулийг 2010 онд төгссөн. Одоо АНУ-ын Калифорн мужийн Улсын Санфранцискогийн их сургуульд суралцаж байна. Мөн түүний ач охин Мэндсайханы Золзаяа мөн л тус сургуулийн 2011 оны төгсөгч. Одоо МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуульд сурч байна. Мөн зээ хүү Баясгалангийн Хүслэн мөн сургуулийн бэлтгэл ангид сурч байна. "Худалдаа 100 жил" номноос товчлон бичсэн Х.Бямбасүрэн


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 96 – Д.Тогтуур нь 1944 оны намар Увс аймагт Дэлэгийн 12 дахь охин болж төрсөн, 1963 онд Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг "Онц" төгсч, Москвагийн Г.В.Плехановын нэрэмжит УАААДС-д 1963-1968 онд Технологийн факультетэд суралцаж Нийтийн хоолны инженертехнологич, зохион байгуулалтын мэргэжилтэй эзэмшсэн. Мөн гар бөмбөгийн 1-р зэрэгтэй, дугуйн спортын 2-р зэрэгтэй тамирчин байжээ. Сургуулиа төгсч ирээд Яамны томилолтоор Дархан хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ирж хоолны үнэ зохиогчоор ажлын гараагаа эхэлсэн байна. Дараа нь нийтийн хоолны мэргэжилтнээр, төдөлгүй дэвшин Дархан хотын Намын хороонд үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан зохион байгуулагч, 1978-1992 онд Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хариуцлагатай нарийн бичгийн даргаар 14 жил ажиллажээ. Тэрээр 1993-2012 он хүртэл Монголын Тогооч нарын холбооны Дархан дахь салбар зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд бурханы оронд дэвшсэн. Түүний ажил хөдөлмөрийн үнэлж Монголын эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг", Лениний 100 жилийн ойн "Хүндэт тэмдэг", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" тэмдэг, "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч", "Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан", "Аймгийн тэргүүний ажилтан", "Төр захиргааны албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг, "Алтан гадас одон"- гоор шагнагдаж мөн Дархан хотын 2002 оны "Манлай ээж", 2004 онд "Зуу зуунд дуурсагдах гайхамшигт эмэгтэй", "2003 оны шилдэг гэр бүл", "2005 оны улсын тэнгэрлэг гэр бүл" болжээ. Охин З.Чулуунцэцэг ДЭЛЭГИЙН ТОГТУУР (1944-2012)


– 97 – Монголчууд Оюутан байхаасаа олон нийтийн ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж Элчин сайдын яамны залуучуудын эвлэлийн байгууллагын даргаар ажиллаж, Москва голын эрэг дээр байрлах “Игуменко” хэмээх олон улсын оюутны амралтанд амарч тэнд зохион байгуулсан концертонд оролцож дөрвүүл дуулж 10 рублийн шагнал авч байсан гэдэг.


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 98 – Би 1947 онд Улаанбаатар хотод төрөөд ерөнхий боловсролын 10 жилийн 3 дугаар сургуулийг 1965 онд төгссөн. Сургуулиа төгсөөд тэр үеийн Худалдаа бэлтгэлийн Яамны нэр дээр ЗХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд “Худалдааны зохион байгуулалт, аж үйлдвэрийн бараа судлал” мэргэжлээр суралцах хуваарь авч явж байлаа. Тэр жил тус яамны нэр дээр манай сургуульд хувиар авсан 2 хүүхэд байсны нэг нь Цэрэнбадам бид хоёр, 8 сарын 16-нд Улаанбаатар хотоос галт тэргээр яваад 2-р сарын 20-ны өдөр тэр үеийн ярьдаг хэллэгээр “Алтан Москва” хотод хөл тавьж, сургууль дээрээ очиж байснаа тодхон санаж байна. Бид хоёрыг Москва хотын Плехановын нэрэмжит УАААДСургуулиас хүн тосож, сургуулийн талаар товч танилцуулаад хаана амьдрах, хичээл хэзээ эхлэх, деканат дээр очиж уулзах талаар хэлж, ярьж өгч байсныг тодхон санаж байна. Цэрэнбадам маань өөр мэргэжлээр суралдцахаар ирсэн болохоор оюутны байрны 4-р давхарт хувиарлагдсан юм. Намайг оюутны байрны 2-р давхарын нэг өрөөнд төгсөх ангийн 3 охин, Люсягийн өрөөнд оруулсан юм. Хэд хоногийн дараа Хишигжаргал гэдэг охин Увс аймгаас хувиар аваад миний мэргэжлээр суралцахаар ирлээ. Тэр маань ч бас 2-р давхарт өөр 3 оюутантай өрөөнд орсон юм. Манай өрөөний Люся нар хөдөө тосгоных бололтой их даруухан ааш зан сайтай, надад дүү шигээ их хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Ялангуяа Люся Седова нь байнга надад анхаарал тавьж, өглөө зарим өглөө миний хацрыг илээд л аяархан дуугаар нэрээр минь дуудаад сэрээдэг байж билээ. ДУГАРЫН ЛХАМ


– 99 – Монголчууд Тэр гурав үргэлж “Чи хоолоо идсэн үү?, хичээлээ хий” гээд л санаа тавьдагсан. Люся Шербакова нь манай Монгол орны талаар сонирхож, янз бүрийн юм асуудаг байлаа. Шинээр ирсэн оюутнуудыг ахлах курсын оюутнуудтай нэг өрөөнд оруулдаг нь тэр үеийн сургуулийн бодлого ч байсан юм уу, ямарч байсан миний хувьд анхаарал халамжтай эгч нартай хамт нэг өрөөнд орсон нь их завшаантай болсон билээ. Миний сурч байсан 10 жилийн 3 дугаар сургуульд манай орос хэлний хичээлийг Климов Климова гэсэн гэр бүлийн хоёр багш 6-р ангиас заадаг байсан болохоор өөрийгөө орос хэлэнд гайгүй гэж боддог байлаа. Тэгтэл бас чихний сонсгол дадаагүй, мэдэхгүй юм байсан байдаг юм. Өрөөний гурван Люсягаасаа ярианы хэл болон орос эмэгтэйчүүдийн талаар их ч юм сурч, мэдэж авсан. Манай Хишигжаргал маань Увс аймагт 10 жилээ төгсөөд шууд Москвад ирсэн байдаг юм. Нэг өдөр деканатаас бид хоёрыг дуудаад та хоёр хэлний бэлтгэлд суух шаардлагатай байна гэдэг байгаа. Би ч бүр айгаад эмэгтэй хүнд жил уртасгах нь тийм ч таатай санагдахгүй учир деканаасаа чадах ядахаараа бэлтгэлгүй суралцмаар байна гээд л гуйлаа. Тэгвэл та хоёр орос хэлний дүрмийн шалгалт өг гэж байнаа. Тэгээд шалгалтаа орос хэлний дүрмээр, бичгээр нэг юм өглөө. Тэгсэн чинь Декан дуудаад за чи найзыгаа орос хэлэнд сайн болгоно шүү гэж хэлээд хэлний бэлтгэлгүй суралцахаар болж билээ. Сүүлд бодоход Монголчууд бүгдээрээ орос хэлний дүрмэндээ гайгүй байдгийн ач тус тэр үед харагдсан байх гэж боддог юм. Манай Хишигжаргал ч ЗХУ-ын нэр хүндтэй сургуулийн хувиарт тэнцээд ирснийг бодоход орос хэлний дүрмээр гайгүй сайн л байсан болоод бичгийн шалгалтыг нь боломжийн өгсөн байх гэж боддог. Түүнээс хойш бэлтгэлд орчихгүйн тулд орос хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын төлөө хоёулаа их хичээж, байнга номын санд сууж, хичээлээ хийдэг байж билээ. Баруун гар талаас: Д.Лхам, Д.Тогтуур, Хишигжаргал, Надмид


ХӨГЖИЛД ТҮҮЧЭЭЛЭГЧ ПЛЕХАНОВЧУУД – 100 – За ингээд л хичээл эхлээд сургуультайгаа танилцах ажил эхэлсэн юм. Анхандаа сургуулийнхаа корпус, анги танхимыг олохгүй, тунель хоолой, энэ тэрээр эрж, хайж явахаас залхаад, лекц, хичээлээсээ хоцрохгүйн тулд манай ангийн Вера гэдэг царайлаг, содон охиныг гол хаалган дээр амдаж байгаад дагаад хичээлдээ ордог байлаа, инээдтэй мөртлөө их гоё дурсамж байдаг юм. Сургуульд тэр үед Африкийн орнуудаас маш их оюутнууд суралцдаг байж билээ. Сургуулийн хэмжээнд 1-р курсын бүх гадаад оюутнуудыг биеийн тамирын хичээлээс чөлөөлөөд, орос хэлний хичээл ордог байлаа. Манай Орос хэлний хичээлд 4 Монгол хүүхэд бусад олонхи нь африк гаралтай оюутнууд байв. Монгол гурван охин маань сүүлдээ багштайгаа сайн танилцаж, дасал болсноор гэрт нь очиж цай ууж, амьдралынх нь тухай ярилцдаг болсон байв. Манай орос хэлний багш маань ганц бие, мууртайгаа хамт амьдардаг байсан эмэгтэй байв. Би муурнаас айгаад ойртохгүй байхад багш үнсэж үлгээд л хоолны ширээн дээр хамт суулгана. Багшийн маань аав, ээж, ах, дүү, үр хүүхдээ хүртэл бүгдийг Дэлхийн II дайнд алдсан, амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулсан, тэр үеийн бүх Oросын зовлон үзсэн нийтлэг эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл байсан юм. Тийм учраас багш маань бидэнд дайны үеийн орос орны хүнд хэцүү амьдрал, хүмүүний амьдралын үнэт зүйл, хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөрч чанар, гэх мэт олон зүйлийн талаар ярихаас гадна бидний үед харагдаж байгаа Зөвлөлт нийгмийн хөгжил, дэвшил, ард түмний амьдралын сайн сайхан үе ирсэн байгааг харамгүй ярьдаг байлаа. Сүүлд бодоход үнэхээр миний сурч байсан үеийн Зөвлөлт нийгэм хамгийн тайван, хамгийн гоё байсан гэж би тэр үеэрээ бахархдаг юм. Эхний жилийн хичээлийн жилийн дунд үе дөхөөд ирэхэд чихний сонсгол дадаад, лекц хичээлээ овоо үг нэг бүрээр нь сонсдог болоод ирэхээрээ ангийнхаа охидуудтайгаа нэг юм янз бүрийн сэдвээр харилцдаг болж эхэлдэг юм билээ. Жишээ нь: Хичээл дээр багш нар оюутнуудыг бүртгэх явцад Хишигжаргал бид хоёрын нэрийг хэлэх гэж бөөн юм болноо. Тэгэхэд нь би охидууддаа Харж байна уу?, зөвхөн нэр хэлэхэд л ийм хэцүү байгаа биз, тэгэхэд бид 2 бүхэл бүтэн хүний хэл дээр юм сурах гэж байна ш дээ?, гэх мэтээр хэлд ороод л тоглоом, наадам эхэлж байгаа юм даа. За тэгээд хэлд орохоос гадна эхний хагас жилд (бараг эхний жилд бүтнээрээ) гэрээ санана гэж аймаар байлаа. Гэр бүлтэйгээ захидлаар харилцана. Нэг сар гаруй болж шуудангаар нэг юм захиа ирнэ. Захианы хариу бичихдээ захиа бичсэн цаасан дээрээ үйлсан нулимсаа дусааж байгаад л захиагаа явуулдаг байв. Шуудангийн салбар дээр очиж, утсаар ярих захиалгаа өгөөд, хүлээж байгаад кабинд орж ярина. Кабинд ороод утсаар ярихдаа бараг ярихаасаа илүү уйлсаар байгаад хамаг минутаа дуусгадаг байлаа шүү дээ.


Click to View FlipBook Version