МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ 22 дугаар зүйл. Хилийн зөрчил 22.1.Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно: 22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан; 22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан; 22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн; 22.1.4.хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан. 22.2.Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т заасныг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ. ЗӨРЧЛИЙН ТУХАЙ 16.1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих 1.Монгол Улсын: 1.1.хилийн болон хил орчмын дэглэм; 1.2.хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.