The words you are searching are inside this book. To get more targeted content, please make full-text search by clicking here.
Discover the best professional documents and content resources in AnyFlip Document Base.
Search
Published by gantamir22, 2018-11-06 08:52:50

6 ba 9 - B Baiarkhuu

6 ba 9 - B Baiarkhuu

6 ба 9
Зохиолч: Б.Баярхүү

© Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай
хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг
bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь
буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах,
ашиглахыг хориглоно.

www.bookstore.mn

6 ба 9

Томас юу ч хийж чадахгүйдээ байж ядан эмнэлгийн хонгилд нааш цааш
холхино. Үнэндээ өөрийн хариуцдаг дүүрэгтээ бүхнийг зохицуулж
чаддаг чадварлаг, туршлагатай цагдаа Томас эх барих талаар юу хийж
чадах билээ дээ. Харин анх удаагаа төрж буй эхнэр Жейн нь өвдсөндөө
байдгаараа орилж байлаа. Түүний орилох дуу нь хонгилоор нэг
цуурайтан Томасын зүрхийг зүсч Жейнийгээ жирэмсэн болгосондоо
харамсан өөрийгөө буруутгаж байв. Жейн арга тасарсан байдалтай бүх
хүчээрээ орилоод таг чиг болчихлоо. Томас гайхаж сандран “Арай ...”
гэсэн бодол толгойд нь зурсхийхэд бие нь зарсхийлээ. Удалгүй дөнгөж
төрсөн хүүхдийн хорвоод ирсэнээ мэдүүлэн часхийн орилох дуу
цуурайтахад Томасын зангирч эрчилсэн бүх булчин шөрмөс, мэдрэлийн
эд эс бүр нь тавигдаж уртаар санаа алдаад сандал дээр лагхийн суув.
Гэвч чихэндээ итгэж ядан бяцхан хүүхдийн ээрэн уйлах дууг сортосхийн
чагнаад үнэн гэдэгт нь үнэмшиж хорвоод өөрөөр нь овоглож удам залгах
хүүхдийнхээ дууг уяран чагналаа. Төрөх өрөөнөөс санаснаа хийсэндээ
сэтгэл амарсан царайнд нь хөлс бурзайн ядарсан эмч гарч ирээд
ядрангуй намуухан хоолойгоор

-Танд баяр хүргэе. Та хүүтэй болсон гэж хэлэхэд Томас баярласандаа үг
хэлж чадахгүй амаа хэсэг ангалзуулж байснаа жаахан хүүхэд шиг дороо
үсрэн гуяа алгадан

-Би хүүтэй болсон. Би хүүтэй боллоо! хэмээн ориллоо. Түүний
баярласан нь тоймгүй. Энэ мөчид түүн шиг аз жаргалтай хүн энэ
хорвоод байхгүй ажээ. Эмч үл мэдэг инээмсэглээд цааш явахад өрөөнөөс
гарч ирсэн сувилагч

-Чшш! та чинь галзуураа юу? Хаана байгаагаа мартчихсан уу? Дуугаа
аядаач гэж загналаа. Томас сэхээ ороод нээрээ юу билээ гэж бодон биеэ
барихыг хичээсэн боловч чадалгүй

-Танд энэ хэвийн явдал байх л даа. Харин миний хувьд гайхамшигтай
сайхан үйл явдал болж байна! Та ойлгож байна уу? Би хүүтэй боллоо
шүү дээ гэж орилох шахам хэлээд тачигнатал инээхэд сувилагч авгай
түүнийг галзуу юм биш байгаа гэсэн шинжтэй сэжигтэй ширтэх ажээ.

Цаашаа явж байсан эмч гэнэт эргэж харан

-Та миний өрөөгөөр ороод гараарай. Тантай ярих юм байна гэхэд Томас

-Тиймээ тийм. Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би одоо эхнэр хүүхэдтэйгээ
уулзаж болох уу гэж жаахан хүүхэд шиг зөвшөөрөл авахад сувилагч эмч
руу яах вэ гэсэн янзтай харлаа. Эмч дуугүй толгой дохиод цааш явж
одлоо. Сувилагч Томасд цагаан халаад өмсүүлээд

-Чимээгүй байгаарай. Дөнгөж төрсөн нялх биетэй эхийг хамаагүй
ядрааж болохгүй шүү гэж анхааруулаад хаалга нээлээ.

Хаалга аажуухан онгойн аз жаргалаар бялхсан Томасыг орж ирэхэд Жейн
ядарч туйлдсан ч гэсэн хайр гэрэлтсэн нүдээр харан

-Чи минь аав боллоо шүү дээ гэж намуухан хэлэхэд Томас биеэ барьж
чадахаа болин

-Өө Жейн минь, хонгорхон Жейн минь хэмээн дуу алдаад тэврэн авлаа.
Томасын нүдэнд нулимс мэлмэрэн

-Чамдаа хязгааргүй их баярлалаа. Удам залгах үртэй болгосонд
баярлалаа. Баярлалаа гэж дахин дахин хэлээд духан дээр нь хайр энэрэл
дүүрэн үнслээ.

....................................................................

Рентген зураг үзэж байсан эмч Томасыг орж ирэхэд зургаа ширээн дээр
тавиад суу хэмээн урьлаа. Томас сандалд суунгаа

-Уучлаарай, би баярласандаа болоод таньд талархсанаа хэлээгүй юм
байна. Таньд маш их баярлалаа гэхэд эмч хэрэггүй гэж дохиод сандал
дээрээ суун яриагаа юунаас эхлэхээ мэдэхгүй хэсэг бодлогоширсноо
шийдэмгий байдалтайгаар

-Тэгэхлээр би яриагаа шууд эхлэе. Та эр хүн, нөгөөтэйгүүр та цагдаа хүн
тул миний хэлэх зүйлийг тайван хүлээж аваарай гэхэд Томас сэртэсхийн
юу хэлэх гээд байгаа юм бол гэж бодлогоширлоо. Ямар нэгэн муу зөн
совин татаад бөөн хар үүл дээр нь хуралдчихсан юм шиг болчихов. Эмч

-Таны эхнэр их хүндрэлтэй төрсөн. Маш их тэвчээртэй тулдаа л энэ
бүхнийг даван туулж чадлаа. Цаашдаа юу болохыг сайн мэдэхгүй тул бид
дахин сайн шинжилгээ хийнээ. Юутай ч гэсэн Жейнийг одоо маш
тайван байлгаж, биеийг нь тэнхрүүлэх хэрэгтэй. Ялангуяа сэтгэл санааг
нь тайван байлгаж гэнэтийн цочрол болон сэтгэл санааны тавгүй
байдалд оруулж огт болохгүй гэж хэлэхэд Томас аянганд цохиулах мэт
болон

-Юу? Ямар нэг юм болоо юу? гэхэд эмч

-Танд одоогоор тодорхой хэлэх зүйл алгаа. Бүх зүйл шинжилгээ хийсний
дараа л мэдэгдэнэ. Харин та миний хэлснийг огтхон ч мартаж болохгүй
шүү. За та одоо явж болно гэлээ. Томасын дөнгөж саяханы баяр хөөр, аз
жаргал нь үгүй болж хөлөө зөөж ядан эмчийн өрөөнөөс гарав.

.................................................................................

Царан дээр шарсан өндөг, жимсний чанамалтай талх, шинэхэн кофе
тавин унтлагын өрөөнд орж ирэх Томасыг Жейн хараад орноосоо
өндийн

-Өө Томас, миний хайрт яах нь вэ? Би өөрөө чадах л байсан шүү дээ гээд
босох гэтэл Томас хориглон болиулаад

-Хайрт минь хэрэггүй ээ. Би чамдаа хоол унд зөөлгүй яах вэ? Миний
хайрт ядарчихна. Саяхан төрсөн болохоор бие чинь сайн тэнхрээгүй
байгаа. Бие чинь тэнхэртэл би чамайгаа халамжилнаа гээд инээмсэглэн
уруул дээр нь удаан үнсээд тэвэрлээ. Томасын нүдэнд нулимс
цийлэгнэхэд нүдээ түргэн түргэн цавчлан хэвийн байдалдаа орохыг
хичээгээд

-Хайрт минь өглөөнийхөө ундыг тухтай уу. Кофе хөрчихлөө гэж зөөлөн
хэллээ. Жейн түүн рүү тэнгэрийн өнгөтэй, хайр гэрэлтсэн урсгал
сайхан нүдээрээ ширтэн

-Би эмнэлгээс гарснаас хойш 7 хоног орноосоо бараг боссонгүй шүү дээ.
Бусад төрсөн эхчүүд ингэдэгүй биз дээ. Энэ тухай би сайн мэдэхгүй ч

дуулсан юм бий шүү гэхэд Томас сандран

-Бусад хүмүүс яах нь ямар хамаатай юм бэ. Би чамайгаа хайрласандаа
ингэж байгаа юм. Намайг хүүтэй болгосонд, намайг аз жаргалтай
болгосон ачийг чинь ингэж жаахан ч гэсэн хариулж байгаа юм гэхэд
Жейн инээмсэглэн

-Гэхдээ хэдий болтол ингэж хэвтэх юм бэ? Хайрт нь зүгээрээ. Тэгээд ч
гэр орны ажил хэцүүдлээ

-Тэр талаар санаа зоволтгүй. Би маргаашнаас эхлээд чөлөө авч байгаа.

-Яалаа гэж чөлөө авч байгаа юм бэ? Миний хайрт ажлаа хийх хэрэгтэй.
Сайн цагдаа чөлөө авч болохгүй шүү дээ гээд инээхэд Томас

-Яагаад болохгүй гэж? Тэгээд ч энэ талаар дарга нартаа хэлээд
шийдчихсэн. Өнөөдөр ажиллаад л маргаашнаас чөлөөтэй. Маргаашнаас
сайн цагдаа - сайн эцэг, сайн нөхөр болноо хөө

-Миний хайрт чинь угаасаа л сайн нөхөр, сайн эцэг шүү дээ гэхэд Томас
Жейнийгээ тэврэн

-Би чамдаа хязгааргүй их хайртай. Жек та хоёр минь л миний аз жаргал
шүү дээ гээд Жейний нүдийг, духыг, дараа нь уруулыг нь үнсээд босч
тайван унтаж буй хүүгээ орноос нь зөөлөн тэвэрч аваад духан дээр нь
үнсэн

-Миний хүү, миний хайрын тасархай, миний амьд эрдэнэ минь. Чи
минь том болоод алдартай эрдэмтэн болоорой заа гэж үгийг нь сонсож,
ойлгож байгаа юм шиг өхөрдөн яриад оронд нь буцааж болгоомжтой
тавив. Тэгээд малгайгаа өмсөн Жейн рүүгээ хайр дүүрэн харцаар
ширтээд

-Түр баяртай хайрт минь. Би бушуухан явчихаад ирье гээд сайхан
инээмсэглэн гарч одлоо.

........................................................................

18 цагийн үед хаалганы хонх жингэнэхэд саяхан хөлсөлсөн гэрийн

үйлчлэгч хаалга нээсний дараа Жейний өрөөг зөөлхөн тогшиж
зөвшөөрөл аваад нэгэн залуухан цагдаагийн офицер аажуухан орж
ирлээ. Тэрээр саравчтай малгайгаа аваад толгойгоо бөхийлгөн

-Таньд эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа маш их харамсаж байна.
Таны нөхөр Томас албан үүргээ гүйцэтгэж яваад ... гэснээ хэсэг
түгдэрээд ... амь эрсэдлээ гэж хэлэхэд Жейний дээрээс тэнгэр нурах шиг
болов.

.........................................................................

Жейн ухаан ормогцоо харанхуй өрөөнд хэвтэж байгаагаа мэдэв. Гэвч
өөрийгөө хаана байгаагаа мэдэхээс илүү Томасыгаа хаана байгааг
мэдэхийг хүсчээ. Ямарч тэнхээгүй болсон биеэ хүчлэн өндийхийг
оролдоход хэн нэгэн хүн түүний мөрнөөс барин доош нь дарж оронд нь
хэвтүүлээд

-Та босох гэсний хэрэггүй. Таны бие хүнд байгаа гэж хэллээ. Дуу нь
сонсогдож, гар нь мэдрэгдээд байгаа ч Жейнд үл харагдах хүнийг хайж
ийш тийш хүчлэн харавч өрөөнд тас харанхуй агаад юу ч үл харагдана.
Ямар сонин юм бэ? Хий юм сонссон байх гэж бодоход гар нь мөрөнд
хүрч мэдрэгдэж байсан шүү дээ. Би ер нь хаана байнаа? Яагаад энд хав
харанхуй байгаа юм бол?

-Та тайвшир. Одоохон эмч ирнэ гэж түрүүний намуухан дуутай эмэгтэйн
дуу дахин сонсогдоход. Жейн байж ядан

-Би хаана байнаа? Та хэн бэ? гэж хашгирах шахам асуух гэсэн боловч
чадалгүй тэнхэл муутай шивнэлээ. Дуу нь сонсогдовч бие нь үл үзэгдэх
бүсгүй

-Та эмнэлэгт байна. Та энд ухаангүй хүргэгдэж ирсэн гэхэд Жейн

-Энд яагаад харанхуй байгаа юм бэ? Та хаана байна? яагаад харагдахгүй
байгаа юм бэ? гэж асуухад нөгөө намуухан хоолойтой эмэгтэй хэсэг
түгдэрээд

-Та харах чадвараа түр алдсан. Гэхдээ сандарсны хэрэггүй ээ, бүх зүйл

сайхан болно гэлээ. СОХОРЧЭЭ! гэсэн бодол Жейний толгойд харван
ороход орчлон хорвоо тэр чигээрээ эргэлдэх шиг болж дахин ухаан
алдав.

...........................................................................

Босохыг хориглосон боловч эрс эсэргүүцэн эмч сувилагч нартай орилж
тэмцэлдэн байж Жейн нөхрийнхөө оршуулганд иржээ. Тэргэнцэр дээр
сууж нүдээ битүү боосон Жейнийн уйлан гашуудахыг харсан хүмүүсийн
зүрх шимширч байлаа.

-Чи минь намайгаа юунд орхивоо? Чамгүйгээр би яах болж байнаа.
Амьдрал чи яасан энэрэлгүй, ямар харгис юм бэ? Чи намайг аз
жаргалаас минь салгалаа. Юунд тэр вэ? Яасан гэж чи намайг ингэж
шийтгэнэ вэ? хэмээн цөхрөн уйлж “Чамайгаа сүүлчийн удаа хармаар
байна. Бурхан минь надад туслаач түүнийг минь ядаж ганц удаа
харуулаач” гэж тэнгэр бурханаас гуйн залбирч, нүднийхээ боолтыг
тайлахад түүнийг асарч байсан сувилагчид сандран болиулахыг
оролдовч Жейнийг зогсоож чадахгүй байв. Хөл дээрээ ч тогтож
чадахгүй болтлоо сульдсан Жейн хайртыгаа сүүлчийн удаа харахын тулд
итгэмгүй их хүч гаргаж сувилагч нартай ноцолдсоор боолтоо мултлан
авсан ч түүнийгээ харж чадсангүй. Түүнийгээ байтугай тэнгэрт мандсан
алтан нарны туяаг ч мэдэрсэнгүй. Хорвоог харах нүд, хорвоог хамтдаа
туулах ханиасаа салсан Жейн цөхрөлийн нулимсаа дуслуулан мэгшинэ.
Ламтан талийгаачийг хойд насандаа диваажинд очихыг ерөөн залбирал
уншиж дуусахад их буугаар тэнгэр рүү гурван удаа буудаж хүндэтгэл
үзүүллээ. Томасын шарилыг ухаж бэлдсэн нүх рүү аажуухан хийгээд ойр
дотныхон, хамт ажиллагсад нь шарил руу нь атга атга шороо хаяж эхлэв.
Энэ үед Жейн тэргэнцэрээсээ хүчлэн боссон ч тэнхэл нь тасран газар
ойчоод

-Томас, хайрт минь намайгаа битгий орхи л доо. Би чамайгаа
үхүүлмээргүй байна. Чи минь наддаа эргээд ир л дээ гэж уйлан
хашгирлаа.

.................................................................

Ширээн дээр жижигхэн бялуунд эв хавгүй хатгасан гурван лаа асаалттай

байх бөгөөд бяцхан Жек түүнийг ширтэн сууна. Жейн

-Миний хүү хүслээ дотроо шивнээд лаагаа үлээгээрээ гэхэд Жек нүдээ
анин хэсэг сууснаа лааг үлээлээ. Жейн

-Миний хүү лаагаа үлээсэн үү? гэж асуухад Жек

-Үлээсэн гээд дараа нь юу хийхээ мэдэхгүй сууж байв. Жейн гараараа
тэмтрэн хүүгийнхээ толгойг илээд зөөлөн үнсэхэд сэвлэгнээс нь
Томасын үнэр үнэртэх шиг болжээ. Жейн сэтгэлээ хатамжлан цовоо
дуугарахыг хичээн

-За одоо бялуугаа идээрэй гэхэд Жек тавагтай бялууг өөр рүүгээ
дөхүүлээд хэсэг гайхаж байснаа

-Ээжээ, энэ лаануудыг бас идэх үү? гэж асуув. Жейн инээмсэглэн

-Үгүй дээ. Асаалттай лаанд хүслээ шивнээд үлээхээр хүсэл нь биелдэг
юм байхгүй юу. Миний хүү лаануудыг нь авчих гэхэд Жек
дуулгавартайгаар

-За гээд лаануудыг аван бялууг амтархан идэнгээ

-Ээжээ, бид хоёр яагаад дандаа ийм амттай юм иддэггүй юм бэ? гэж
асуухад Жейн ядүү зүдүү амьдралаа бодон үг хэлж чадсангүй.

...Жейн Томасыг алдсаны дараа хэдэн сар ухаан мэдрэлгүй шахам
байжээ. Түүнд зөвхөн Томас нь л бодогдож, түүний дүр төрх, хамгийн
сүүлд өөр рүү нь харан инээмсэглэж байсан нь байнга харагдаад байв.
Хараагүй болсон нь Жейнд хүнд цохилт болсон бол харин Томасыгаа
алдсан нь түүний амьдрах итгэлийг нь үгүй болгожээ. Гэвч нэг л өдөр
Жейн хүүгээ санан ухаан сэргэв. Өдөр шөнөгүй сэтгэлд нь эргэлдэх
Томасын дүр өөрийг нь зэмлэсэн шинжтэй хараад “ухаан орооч, хүүгээ
бодооч” гэж гуйгаад байх шиг болсон аж. Тэгээд «Би Жекийнхээ төлөө,
Томасын минь надад өгсөн үрийн төлөө би амьдрах ёстой» гэж өөртөө
хэлээд амьдрах итгэлээ олж авчээ. Гэвч юм гэдэг санасан зоргоор
бүтэхгүй юм даа. Жейний нүд хараа орох найдлагагүй болж үүрдийн
сохор болов. Өөрийгөө авч явах чадваргүй тул Жекийг түүнээс салгаж

асрамжийн газар өгөхөөр Хүүхдийн эрхийг хамгаалах төв шийдсэн
байлаа. Харин аз болж олон жил сураггүй байсан Жейний дүү гэнэт
хаанаас ч юм гарч ирэн шүүхээр зөндөө явсаны эцэст ямар ч гэсэн
Жекийг Жейнд өгчээ. Дүү нь Жейн, Жек хоёрыг асарч гэрт нь хамт
амьдрах болсон ч харамсалтай нь архи, мөрийтэй тоглоом хоёрт
толгойгоо мэдүүлсэн нэгэн тул тусалж дэмжих нь үгүй байв. Түүнд
Жейний гэрт хэсэг хугацаанд толгой хоргодох хэрэгтэй байсан болохоор
л тусалжээ. Жейн Томасын тэтгэмжийн жаахан мөнгө, өөрт нь улсаас
өгдөг өчүүхэн мөнгөөр л амьдралаа арай гэж залгуулдаг байлаа.

-Ээжээ лааг үлээхээр үнэхээр хүсэл биелдэг юм уу? гэж Жек хуруундаа
наалдсан бялууны кремийг долоох зуур асуухад Жейн хүнд бодлоосоо
арай гэж салан

-Тэгэлгүй яах вэ гэлээ.

-Ээжээ та намайг юу хүссэнийг яагаад асуухгүй байгаа юм бэ?

-Хүслээ хэлчихвэл биелэхээ байчихдаг юмаа миний хүү

-Тэгээд хүнд хэлэхгүй юм бол хэн хүслийг минь биелүүлэх юм бэ?

-Бурхан

-Бурханыг би танихгүй шүү дээ. Тийм юм чинь яаж биелүүлэх юм бэ?

-Бурхан бүхнийг харж байдаг юм гэж хэлснээ хэлсэн үгэндээ эргэлзэн
«Үнэхээр бид хоёрыг харж үзэж, ивээж байгаа гэж үү?» гэж өөрөөсөө
асуугаад гашуунаар санаа алдлаа. Жек ээжийнхээ хэлсэн зүйлийг огт
ойлгоогүй бололтой нүдээ анивчин бодлогоширсноо

-Үгүй ээ, миний хүслийг ганцхан та л биелүүлж чадна гэж царайчлан
гуйхад Жейн толгойгоо өндийлгөн

-Тийм бол ээждээ хэл дээ гэхэд Жек үнэхээр хүслийг нь биелүүлж өгөх
гэж байгаа юм шиг баярлан

-Ээжээ, би аавтай болмоор байна гэлээ. Жейнд хэлэх үг олдохгүй хэсэг
сууж байгаад

-Миний хүү, энэ боломжгүй ээ гэхэд Жекийн урам хугаран

-Бусад бүх хүүхдүүд аавтай байхад надад л байхгүй юм. Хэрвээ би
аавтай байсан бол өдөр бүхэн гоё чихэр идэж, бас гоё тоглоом тоглоно.
Бас намайг хүзүүн дээрээ суулгаад явах байсан даа. Ээжээ, миний аав
хаачсан юм бэ? гэж гоморхон хэлэхэд Жейнд хэлэх үг олдсонгүй,
хүүгийнхээ толгойг элгэндээ наан мэгшин уйллаа.

......................................

Хорвоог харахаа больсон сайхан нүднээс нь дуслах нулимс хацрыг нь
зүсэн урсаж газарт унасаар 9 жил өнгөрчээ. Энэ 9 жил Жейн болон
Жекийн хувьд хүндхэн жилүүд байсан ч тасралтгүй эргэх амьдралын
жамаар тэд амьдарсаар. Томасын нас барсаны тэтгэмжийн мөнгө нь 3
жилийн өмнө хаагдаж ямар ч тэтгэмж, тэтгэвэр авахаа байсан ажээ.
Жейн төгөлдөр хуур тоглодог байсан нь их хэрэг болж нэгэн багавтар
ресторанд цөөн хэдэн долларын хөлстэйгээр тоглодог болжээ. Түүний
тоглох төгөлдөр хуурын аяыг анхаарч сонсдог хүн бага ч өрөвч зантай
рестораны эзэн Жейнийг ажиллуулсаар байдаг байв. Жейн түүнд нь
хязгааргүй их баярлаж Жекийгээ эрдэм номтой хүн болгохын тулд шүд
зуун ажилдаг байлаа. Жейн Томасынхаа хэлсэн сүүлчийн үгийг байнга
санаж хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээн шаргуу ажиллаж олсон
мөнгөнөөсөө идэж уух, өмсөж зүүхээ ч хасан гэрийн багш хөлсөлөн
Жекийг сургаж байв. Жек ч ээжээсээ аавыгаа нэхдэг байсан жаахан
хүүхэд байхаа хэдийн больж ээжийнхээ байнга захиж сургамжлах ёсоор
хичээл номондоо шамдах боловч аль болох ээждээ туслахыг хичээнэ.
Гэвч ээж нь түүнийг хичээл хийхээс өөр юунд ч үл хөдөлгөх санаатай.
Энэ гэр бүлийн орлого нэмэгдэхгүй хирнээ зарлага нь өдөр өдрөөр л
нэмэгдээд байлаа. Хувцас муутайдаа хүүхдүүдээс ичих Жек хичээлдээ
явах нэг л дургүй болсоноос гадна илүү цагаар хичээл заадаг хөлсний
багш нь хичээл заах гэж ёстой л оромдож орхидог байв. Энэ бүхнийг
Жейн анзаарах сөхөөгүй байлаа. Жек өглөө хичээлдээ явлаа гэж гэж
гараад өдөржин гудамжаар тэнэдэг болов. Уг нь гутал тослож, сонин
борлуулж мөнгө ольё гэж бодсон боловч тийм амар биш болохоор нь
больсон байв. Нэг өдөр Жек аанай л гудамжаар тэнэж явлаа. Гэтэл урд
нь явж байсан тарган эр гудамжнаа зарах зайдастай талхнаас нэгийг
аван явуут дундаа идэнгээ зүүн гараараа түрийвчээ өмднийхөө арын

халаасанд хийх гэж байгаад санамсаргүй унагаачихав. Тарган эр
түүнийгээ ч мэдэлгүй гич түрхсэн зайдастай талхаа хээв нэг идэн цааш
алхсаар. Жек газар унасан түрийвчийг нь авч араас нь гүйн

-Эрхэмээ гэж дуудсанаа гэнэт өлөн зэлмүүн, дутуу гуцуу амьдралаа
санан түнтийсэн мөнгөтэй түрийвчийг буцааж өгөхөд харам санагдлаа.
Бусдад бүдүүн, тарган гахай гэж чичлүүлж, шоолуулсаар байгаад
хүмүүсийг үзэн яддаг болсон хэгжүүн, хэнэггүй царайтай тарган эр “Юу
гээв” гэсэн байдалтай эргэн харахад Жек түгдэрэн

-Ахаа, биш ээ эрхэмээ цаг хэд болж байна? гэж ээрэхэд бүдүүн эр
унтууцан

-Хөөе чи намайг Санта-Клаус гэж бодоо юу? Асуусан, гуйсан болгонд
туслаад байдаг сайн санаатан гэж бодоо юу? гэж уурсахад Жек
түрийвчийг нь гартаа чанга атган ардаа нуугаад

-Уучлаарай гэж хэлчихээд цааш эргэн хурдлан алхлаа. Тарган эр хараал
урсган

-Нохойн гөлөгнүүд, огтхон ч амар заяа үзүүлэхгүй шүү гэж амандаа
үглэн зайдастай талхаа идсээр цааш одов. Жек биеэ барин аль болох
тайван алхахыг хичээн хэсэг алхаж байснаа бүдүүн эрээс холдосноо
хурдлан гүйж эхлэв. Бүдүүн эр араас нь

-Хулгайчийг бариад аваарай гэж орилон хөөх юм шиг, тэгээд хотын бүх
цагдаа нар түүнийг баривчлахаар хөдөлж байгаа юм шиг санагдахад
улам хурдлан гүйлээ. Хоёр гурван гудамж өнгөртөл гүйн бахардах
шахаад мухар гудамжинд орон амьсгаадан зогсов. Гүйсэндээ ч болсон
уу, шударга бус юм хийсэндээ ч тэгсэн үү зүрх нь хүчтэй дэлсэн, хөл нь
сөхөрчих шахна. “Би шударга бус юм хийчихлээ. Би бараг хулгай
хийснээс өөрцгүй юм хийчихлээ” гэж гутравч бүдүүн эрийн бүдүүлгээр
загнасан нь санаанд орж өөрийгөө зөвтгөхийг дэмий л оролдлоо. Тэгээд
сэтгэл хөдөлснөөс байдгаараа салгалсан гараар түрийвчийг нээн харвал
урьд нь харж байгаагүй их мөнгө байлаа. Жекийн нүд байдгаараа
томрон «нэг хүнд ийм их мөнгө байдаг гэж үү?» хэмээн гайхан
алмайрав. Түрийвчинд ердөө л 475 доллар байсан боловч мөнгө
төгрөгөөр дутуухан өссөн Жекд асар их мөнгө шиг санагдана.

Түрийвчинд байсан жолооны үнэмлэхнээс нөгөө уцаар зантай бүдүүн
эрийн малигар тарган нүүр өөдөөс нь мэлийж хэгжүүн янзтай ширтэхэд
Жек эвгүйцэн доторх бүх мөнгийг нь аваад түрийвчийг бушуухан хаяв.
Гэр рүүгээ явах замдаа Жек аль хэдийн өөрийгөө зөвтгөжээ. Танихгүй эр
өөрт нь туслах гэж байгааг мэдээд ердөө л «баярлалаа» гээд хэлчихсэн
бол, ядаж л хүн шиг харсан бол Жек түүнд мөнгийг нь огт бодолгүй
өгчих л байсан. Харин өөрийг нь бүдүүлгээр загнаж, дайрсанд гомдож,
муухай аашилсаных нь хариуг өгөх ёстой гэж шийджээ. Гэртээ иртэл
ээж нь ажлаасаа хараахан ирээгүй байв. Хөргөгчинд нь хатсан
бяслагнаас өөр юм байхгүй тул крантнаас хүйтэн ус аяганд хийж нэг
амьсгаагаар залгилаад өрөөндөө орлоо. Халаасанд нь байх 475 доллар
их хүнд санагдаж гараа шургуулан тэмтэрвэл халуу оргиж байх шиг
санагдана.

Хаалга пид пад хийтэл цохих чимээнээр Жек бондогос хийн цочоод,
хамаг биенийх нь хөлс цутган Цагдаа! гэж бодоод айхын дээдээр айв.
Урьд нь цагдаа нарыг харахад нэг л дотно санагдаж, аав минь ч бас
цагдаа байсан шүү гэж бахархдаг байсан бол одоо тэднээс ухаангүй айж
байлаа. Хаалга цохисоор. Жек хөлөө арай ядан зөөж тавин хаалга руу
дөхөөд дагжтал чичрэн байж хаалгаа онгойлговол гэрийн багш залуу
байжээ. Өлөн хир сууж үрчийсэн саарал костюмаа эв хавгүй өмсөж, үс
нь сэгсийсэн нойрмог нүдтэй эр сугандаа навсайсан хэдэн ном
хавчуулсан байх бөгөөд томдсон бас тэлээгүй тул үргэлж доош шувтрах
өмдөө дээш нь татаад

-Яагаад үүдээ онгойлгодоггүй юм бэ? Чи муу оюун ухааны хомсдолтой
хог юм сурахгүй гэж албаар тэгээ биз гэж уухилан хэлээд гэрийн эзэн
мэт хажуугаар нь түрэн гэрт нь оров. Долоо хоногийн гурван өдөрт
оройн цагаар хичээл заасан нэр зүүгээд ээжээс нь чамгүй мөнгө
салгадаг энэ эр Жейний хажууд хонь шиг номхрон Жекийг үргэлж
магтах мөртлөө байхгүйд нь жинхэнэ төрхөө ил гаргаж, үргэлж харааж
загнадаг юм. Цагдаа биш байсанд Жек баярлаж сэтгэл нь онгойсон
боловч хэзээнээс үзэн яддаг энэ эрийг хараад зэвүүцэн хялаав. Гэрийн
багш нэртэй луйварчин эр хэдэн навсархай номоо ширээн дээр
чулуудаад

-За аутизмтай дэбийл минь өчигдрийн үзсэн хуудаснаасаа эхлээд уншаад

бай гээд гэр дотуур дураараа алхлан энэ тэр зүйлийг эрээ цээргүй
барилан үзэнгээ

-За хурдал, хурдал. Би бас яарч байна. Ер нь чамтай ингэж заваарч
суугаад байх хэрэг ч алга. Чи хэзээ ч ном сурахгүй. Яахав ээж чинь
гуйгаад байгаа болохоор л юм заасан болж байна гэж үглэв. Жек энэ эрд
үнэн голоосоо дургүй. Хичээл заасан болж оронцоглоод ээжээс нь
хичээл заасны хөлсийг ичих ч үгүй авдаг болохоор ч биш, ээжийг нь
хараагүйг далимдуулан эрээ цээргүй ширтэж хааяа завхай, зайдан үг
шидэлдэгт нь дургүй хүрдэг аж. Ээжийг нь харахаар их л эелдэг байдал
гарган

-Жек ч их ухаалаг хүүхэд шүү. Бид хоёр шаргуу хичээллэж байгаа. Энэ
янзаараа бол Жек коллеж дараа нь их сургуульд төвөггүй орно доо гэж
худлаа зална. “Надад гэрийн багш хэрэггүй ээ” гэж Жек хичнээн хэлэвч
ээж нь

-Дан ганц сургууль дээр үзсэн зүйл хангалтгүй. Бусдаас илүү байж
аавынхаа захиасыг биелүүлэхийн тулд ингэх хэрэгтэй гэдэг байлаа.

Жек уураа арай гэж барин сандалд суусан боловч номоо дэлгэсэнгүй.
Тэгээд зориг гарган

-Таныг ээж дахин битгий ирээрэй гэсэн. Та одоо яв гэхэд багш эр
сортосхийн

-Юу? гэж чихэндээ итгэж ядан асуув.

-Та дахин манайхаар ирэх хэрэггүй болсон гэж арай чанга шийдэмгий
хэллээ. Багш эр үг хэлж чадахгүй амаа ангалзуулж байснаа

-Чи муу нусгай юу гэнээ? Өө муу ... муусайн гуйлгачид их болжээ. Би
тэгж яривал Харвардын их сургууль төгссөн дипломтой хүн шүү. Та нар
шиг гуйлгачингуудтай заваарч суух хэрэг алга гэж орилоод хаалга руу
ухасхийснээ зогтусан эргэж хараад

-Үгүй ээ. Тийм ч амар явахгүй шүү. Хичээл заасан энэ сарынхаа хөлсийг
авч байж л явна гэж гөжихөд Жек хармаандаа гараа хийн нөгөө

мөнгөнүүдээс имрэн нэгийг нь сугалан гаргавал 20 долларын дэвсгэрт
байв. Жек мөнгийг сарвайн мань эрийн нүд рүү эгцлэн ширтэж

-Май, энэ заагаагүй хичээлийн чинь хөлс. Одоо эндээс бушуухан тонил
гэхэд багш эр мөнгийг шүүрэн аваад

-За яах вэ, та нар харамсана даа гэж амандаа үглэсээр ширээн дээрх
навсгар хэдэн номоо аваад хаалгыг нь саван гарч одов. Жекд саяны болж
өнгөрсөн үйл явдал зүүд шиг санагдан сандал дээр лагхийн суугаад
уртаар амьсгаа авлаа. Тэрээр мөнгөний хүч чадлыг дөнгөж сая
мэдэрлээ. Мөнгөтэй бол үзэн яддаг хүнээсээ салах ямар амархан юм бэ?
Гэхдээ байз, багшийгаа хөөж явуулсаныг ээждээ юу гэж хэлнээ гэсэн
бодол Жекийг зовоож эхлэв. Тэгээд ээжийгээ тосохоор гадагшаа гарлаа.
Өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг халуун зайдасны мухлагийн дэргэдүүр
гарахад халуун зайдасны таатайхан үнэр сэнхийв. Урьд нь шүлсээ
залгиад аль болох харахгүйг хичээн өнгөрдөг байсан тэр мухлаг руу
бардам алхлан очоод хоёр ширхэгийг авлаа. Идэхийг хүсдэг ч авч идэж
чаддаггүй байсан олон амттаны нэг болох шарсан сонгино, гичээр
амталсан халуун зайдасыг заналтайгаар идэж дуусгаад гэдэс нь цадав.
Тэгээд баяртай нь аргагүй ээжийнхээ ирдэг замыг тосон алхаллаа. Төд
удалгүй ээж нь гудамж тойрон гараад ирэв. Элэгдэж хуучирсан даашинз
өмсөж, ядрал цөхрөлдөө нүүр нь үрчлээтсэн Жейн хараагүй хүний таяг
барин тэмтэчсээр айсуй. Бараг анх удаа л Жек ээжийгээ бусад
хүмүүстэй харьцуулан харвал дэгжин хувцаслаж, толгой өндөр, харц
дээгүүр алхалах хүмүүсийн дэргэд ээж нь гандаж хорчийсон мод шиг
санагдан ээжийгээ маш их өрөвджээ. Жек тэсэлгүй ээж дээрээ гүйн
очоод тэврэн авахад ээж нь гараараа тэмтэрэн толгойг нь бариад

-Өө миний хүү юу? гэхэд Жек

-Тиймээ, таныг тосох гээд хүрээд ирлээ гэв.

-Яах нь вэ миний хүү. Ээж нь өдөр болгон явсаар байгаад ирэх замаа
бараг гэр шигээ мэддэг болчихсон юм. Ингэхэд чи чинь өдийд хичээлээ
хийж байх ёстой биш билүү? гэж асуухад Жек юу гэхээ мэдэхгүй хэсэг
түгдэрснээ

-Багш ирээд одоо заах хичээл дууссан гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн

гэхэд Жейн гайхан

-Юу гэнээ? Дууссан гэж үү? Багш чинь надад чамайг дунд сургууль
төгстөл хичээл заана гэсэн шүү дээ

-Нөгөө юу ... багшид ажил ... тиймээ ажил гараад завгүй болсон юм шиг
байна лээ гээд хэсэг түгдэрэн

-Намайг их сайн сурчээ гэсэн гээд доош тонгойлоо. Анх удаа ээждээ
худлаа хэлсэндээ сэтгэл нь шаналж нүүр нь байдгаараа улайхад түүнийг
нь ээж нь харах юм шиг нүүрээ нуув. Ээж нь гайхсан хэвээр

-Нээрэн үү? гэж асуухад Жек улайсан хэвээр

-Та надад итгэхгүй байгаа юм уу? гэж гоморхох мэт хэлээд шилэн
хүзүүгээ өөрийн эрхгүй маажлаа. Жейн

-Миний хүү ээждээ хэзээ ч худлаа хэлдэггүй шүү дээ. Ээжийгээ
уучлаарай. Ээж нь хүүдээ итгэхгүй бол өөр хэндээ итгэх билээ гээд
шүүрс алдан хүүгээ хөтлөн алхах зуураа

-Миний хүү хичээл номоо сайн хийгээд эрдэмтэй хүн болох ёстой шүү.
Талийгаач аавын чинь эцсийн хүсэл тэр л байсан юм гээд уртаар санаа
алдан Томасынхаа амьдралын эцсийн мөчийг нүдэндээ харлаа.

Жейн Жек хоёр хөтлөлцөн явсаар гэртээ ирэв. Жейн гар нүүрээ угаан
гэрийнхээ халаадыг нөмрөх зуураа

-Миний хүү өлсөж байгаа биздээ? Ээж нь одоохон хоол хийгээд өгье,
харин миний хүү хурдхан дэлгүүр руу гүйгээд ир гээд халааснаасаа
өдрийнхөө цалин болох цөөн хэдэн задгай мөнгөө гарган талыг нь
ширээний нүдэнд байдаг жигнэмэгийн төмөр хайрцагт хийн далд
хийгээд талыг нь Жект өгөн “1 талх, 1 уут хуурай шөл аваад ир” гэж
явууллаа. Жек ээжийнхээ өгсөн бутархай мөнгийг халаасандаа хийгээд
ээждээ зөндөө амттай идэх юм авч өгнө дөө гэж бодон дэлгүүр руу
баяртай нь аргагүй гүйв. Жек дэлгүүрт бардам орж сагс аваад урьд нь
харж байсан ч идэж үзээгүй амттан бүхнийг хүссэнээрээ авч касс руу
очин зогслоо. Санамсаргүй олдсон их мөнгө нь хүрэх байгаадаа гэж

гэнэт санаа зовон халаасаа гаднаас нь тэмтэрхэд тэвхийсэн дэвсгэртүүд
халаасны цаанаас түнтийнэ. Харин нөгөө талын халаасанд байх
ээжийнх нь өгсөн бутархай мөнгөнүүд хангир жингэр дуугарах бөгөөд
яагаад ч юм нөгөө талын халааснаас илүү хүнд санагдаж байв.
Худалдагч элдэв юм хэлсэнгүй түүн рүү сэжигтэй харснаа авсан барааг
нь уутанд хийж өгөөд мөнгөө авчээ.

Хоёр тор дүүрэн элдэв янзын идэж уух юмсыг ширээн дээр
бахдалтайгаар гаргаж тавих зуураа Жек ээж уруугаа баясан харж «ээж
минь энэ бүхнийг хардаггүй нь ямар харамсалтай вэ. Хэрэв харсан бол
лав их баярлана даа” гэж сэтгэл гундуу бодов. Ээж нь тэрхүү учир нь
олдохгүй чимээг чагнан

-Хүү минь юу вэ? Чи юу ширээн дээр тавиад байна гэхэд Жек ээж
рүүгээ зальтайгаар жуумалзан харж

-Та хэрэв ширээн дээрхийг харсан бол лав их гайхна даа гэхэд Жейн
ширээ рүү гараараа тэмтрэн төрөл бүрийн амттан зэргийг үзсэнээ
халуун галд гараа хүргэсэн мэт болж яаран гараа татаад

-Энэ чинь юу вэ? гэхэд Жек бардмаар

-Идэх юм. Та энийг хардаа, энэ шинэхэн бяслаг байна. Энд бас хиам
байна, бас жимсний чанамал. Ай даа та минь энэ бүхнийг хардаг ч
болоосой гэж дуу алдав. Жейн гайхаж, санаа зовон

-Чи энэ бүгдийг хаанаас аваа вэ? гэхэд Жек

-Дэлгүүрээс гэв.

-Ямар мөнгөөр авсан юм бэ? Би чамд талх, хуурай шөл л захиа биз дээ
гэхэд Жек хамраа шуухитнуулан юу гэхээ түр зуур бодоод

-Ээжээ би газраас мөнгө олсон юмаа гэж бувтнав. Ээж нь хүндээр
амьсгаадан

-Чи яагаад эзэнд нь буцааж өгсөнгүй вэ гэж түүнийг хараагүй ч гэсэн
байгаа чигт нь зөнгөөрөө харан хөмсгөө зангидахад Жек сандран

-Эзэн нь байхгүй байсан юм чинь гэж дорой дуугаар хэллээ.

-Тэгсэн ч гэсэн чи авах ёсгүй байсан юм. Тэнд нь орхихгүй яасан юм бэ
гэж ширүүхэн хэлэхэд Жек тэсэлгүй нулимс унаган чимээгүй уйллаа.
Ээж нь ингэж хэлнэ гэж тэр даанч санасангүй. Хүүгээ тэврэн үнсэж
“муу хүү минь овоо доо, одоо л ээжийгээ тэжээдэг болох нь” гэж хэлнэ
хэмээн сэтгэл хангалуун бодож байсныг яанаа.

-Одоохон мөнгийг нь буцааж олсон газраа аваачиж тавь. Үгүй байз, чи
мөнгөнөөс нь хэдийг үрсэн бэ? гэхэд Жек нусаа татан

-25 доллар гэв.

-Тэгвэл цаас аваад бич. Мөнгөө хаясан хүн ирж авна уу гээд гэрийхээ
хаягийг бич. Тэгээд мөнгө олсон газраа хүнд харагдахаар газар наа гэхэд
Жек гомдлын хар нулимсаа дуслуулан

-Гэхдээ ээжээ гэж зөрөх гэтэл ээж нь үгийг нь таслан

-Би чамайг идэх уухаар дутаахгүй юмсан гэхдээ зовлогоо зовоон
ажиллаж байхад харин чи бусдын мөнгийг хэнэг ч үгүй аваад тэр
мөнгөөрөө идэх юм аван намайг дайлах гэж суух ч гэж дээ. Намайг энэ
бохир мөнгийг авч, иднэ гэж яаж санаанд чинь оров оо? Аав чинь
шударга зүйлийн төлөө тэмцэж байгаад амь насаа алдсан гэдгийг чи
мэдэж байгаа. Гэтэл хүү нь эцгийнхээ тэр нэр төрийг уландаа гишгэжээ
гэхэд Жекийн зүрх рүү энэ үг ширхийн орж нулимсаа гарынхаа араар
арчин

-Бид шударгаар амьдраад ийм зүйл идэж үзсэн гэж үү? Бусад хүмүүс энэ
идэх зүйлсийг өдөр бүр идэж байхад бид яагаад идэж болдоггүй юм бэ?
Бид яагаад тэднээс дутуу амьдрах ёстой юм бэ? гэж уйлагнан хэлэхэд
ээжийнх нь нүд гунигтай болсон хэдий ч хөмсөгөө зангидан дуугаа огт
хувиргалгүй

-Бид ядуу зүдүү амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхний буруутан нь
мөнгөө алдсан тэр хүн болох хэрэг үү? Энэ мөнгийг алдсан тэр хүн ч
гэсэн одоо зовж шаналж, идэх хоолгүй хоосон сууж байгаа гэж чи
бодохгүй байна уу? гэж зандарлаа. Жекд хэлэх үг олдсонгүй. Тарган

дээрэнгүй эрийг идэх хоолгүй зовж байгаа гэж төсөөлөгдөхгүй байсанд
дэмий л нусаа татан гөжүүдлэн зогссоор байхад ээж нь

-Чи олсон мөнгөө өгөхгүй гэж бодож байна уу хэмээн бодлыг нь уншсан
мэт асуухад Жек гайхан ээж рүүгээ харлаа. Ээж нь энэхэн мөчид сохор
биш яг нүд рүү нь хараад бүгдийг харсан мэт санагдав.

-За яахав. Би цагдаад хэлэхээс. Тэд л учрыг нь олно доо гэхэд Жекийн
зүрх үхэн

-Би зарлал наачихъя гэж дорой дуугаар хэллээ. Ээж нь тэр үдэш идэх
зүйлд ам байтугай гар ч хүрсэнгүй. Хуурай шөл авчраагүй болохоор хоол
ч хийж идсэнгүй, гунигтайгаар явсаар орондоо оржээ. Жек ширээний
ард суун золгүй амттанг харсаар суув. Амттан хорхой хүргэм сайхан
харагдавч түүнээс авч идэх зүрх хүрсэнгүй. Энэ амттан ээжийнх нь зүрх
шиг санагдаж хэрэв энэ идэх юмсыг идвэл ээжийгээ идэх юм шиг эвгүй
санагдаад байв. Маргааш нь ээж нь түүнийг ширээний ард суулган үг
үгээр нь хэлж өгөн зарлал бичүүлээд түүнийгээ арав орчим хувь хувилан
хуулуулж “мөнгө олсон газрынхаа ойр орчим наа” хэмээн явуулахад Жек
урамгүйхэн гэрээсээ гарч хаачихаа мэдэхгүй дэмий л хотоор тэнэв.
Зарлал наах сонирхол түүнд байсангүй. Халаасанд нь үлдсэн мөнгө
түүнээс салах дургүй байх шиг түүнд санагдана. Жек гудамжаар тэнэж
яваад зайрмаг зарж байгаа мухлагт худалдааг олж харав. Урьд нь Жек
зайрмаг идэхийг маш их хүсэж байсан ч мөнгөгүй тул шүлсээ залгиад л
харцаа буруулан холдон оддог байжээ. Харин өнөөдөр бол өөр. Жек
хүсэх юм бол энд зарж байгаа бүх зайрмагийг авч идсэн ч чадна.
Гагцхүү ээжийнх нь царай нүдэнд нь харагдаж хөлийг нь тушсан мэт
болгожээ. Хүүхдүүд хүссэнээрээ улаан, ногоон, шар өнгөтэй зайрмаг авч
амтархан иднэ. Үсээ ардаа годойтол боосон охин ванилтай ногоон
зайрмаг аван долоох зуураа Жек рүү хяламхийн гайхуулж байгаа аятай
зайрмагаа улам амтархан идлээ. Жек руу тэр охин яг л зайрмаг авч идэж
чадахгүй гудамжны тэнэмэл рүү харж байгаа юм шиг дээрэнгүй харж
байх шиг Жекд санагдахад тэрээр шийдэн дээрээ томоо гэгчийн
зайрмагны загвартай цагаан өнгийн мухлагт машин руу ихэмсгээр алхан
очиж худалдагч хар арьст залууд мөнгөө сарвайн

-Арван зайрмаг авъя гэж бүгдэд сонсогдохоор чанга хэллээ. Хүүхдүүд
түүн рүү гайхан харж зарим нь атаархаж байх шиг Жекд санагдахад зүрх

нь баяр хөөрөөр дүүрч амт бүрээс нь хоёр хоёрыг захиалан тэвэр дүүрэн
зайрмаг аваад ойролцоох модон сандал дээр суугаад идэж эхэллээ.
Нөгөө годгоносон охин түүн рүү цөхрөнгүй хараад холдон оджээ. Жек
ам хамраа зайрмаганд халтардуулан тэрхүү хүслэн болсон зайрмагийг
шунамхайран идэхэд амт нь хэлэхийн аргагүй гайхалтай байлаа.
Хажуугаар нь өнгөрөх хүмүүс түүн рүү шоолж, өхөөрдсөн янзтай харан
өнгөрнө. Тэгтэл үеийнх нь хоёр жаал хажуугаар нь өнгөрөн зайрмагны
машинд очиж нэг нэг зайрмаг аван эргэснээ Жекийг харан түүн рүү
дөхөн ирэв. Жек тэдэн рүү бардам харан үлдсэн гурван зайрмагаа
долоож гарахад дунд сургуулийн ногоон өнгийн ноосон цамц, цагаан
даавуун өмдтэй тэрхүү хоёр хүү түүнийг сониучирхан ширтэв. Алтлаг
шар үсээ хажуу тийшээ нямбай самнасан махлагдуу хүү түүнийг
жоготой харан

-Хөөе би чамайг таних юм байна гэхэд Жек хариу хэлсэнгүй. Таниа л
биз, Жекийг танихгүй хүн энэ гудамжинд цөөхөн юм чинь.

-Чи манай сургуульд сурдаг байсан биз дээ гэж нөгөө хүү асуухад Жек
сая л түүнийг тогтож сайн харлаа. Гэвч хичнээн хараад ч түүнийг
таньсангүй. Жек сургуульдаа явахаа болиод уджээ. Сургууль дээрээ ч тэр
бусадтай нийлдэггүй байв. Ангийнхан нь түүний хуучин хувцас, дорой
царай, хэтэрхий туранхай биеийг нь хайр найргүй шоолох тул тэр хэн
рүү ч эгцэлж хардаггүй байжээ. Нөгөө жаал хажууд нь суунгаа

-Намайг Ник гэдэг. Чи намайг танихгүй байна уу? гэж хэлсэн ч Жек
түүнийг таньсангүй. Тэр ямар хүүхдүүдтэй танилцаж байсан биш. Тэд ч
өөрийг нь тоож найзалдаггүй байсан. Харин тэвэр дүүрэн зайрмагны
ачаар тэд түүнтэй анх удаа л ярилаа. Ник

-Чи сургуульд явдаггүй гэдгээ ээждээ хэлээгүй юмуу гэхэд Жек барьж
байсан зайрмагаа алдах шахав. Жек сургуульд явахаа больсноо ээждээ
хэлээгүй байв. Ээжээсээ нуун өдөр бүр сургуульдаа явлаа гэж хэлээд
гэрээсээ гардаг байжээ. Ээж нь сургууль дээр нь очих гэхэд эвтэйхэн
заль зохион аргалж дөнгөөд байсан юм. Гэтэл энэ жаал тэр нууцыг нь
мэдчихсэн байдаг. Жек түүн рүү хялайн харахад нөгөө жаал хамт яваа
хөвгүүнийхээ чихэнд ямар нэг юм шивэгнэн хэлэхэд цаадах нь тэсгэл
алдан хөхөрлөө.

-Чи ч их мөнгөтэй юм байна даа. Хичээлээ тасалж энд зайрмаг идэж
суухад чинь ээж чинь сургууль дээр ирээд явсаныг чи мэдэх үү? гэхэд
Жек айх, гайхах зэрэгцэн зайрмагаа гараасаа алдчихав. Хажууханд нь
хөгжим хангинахад бондгосхийн цочиж ийш тийш харвал зайрмагны
машин аялгуут дуугаа хангинуулан явж одож байв.

-Танай ээж чинь сохор юм уу? гэж нөгөө жаал жуумалзан хэлэхэд
Жекийн толгойд аянга ниргэх шиг боллоо. Ээж нь сургууль дээр нь
очсон юм байжээ. Тэгвэл өөрийн нь өдий хүртэл хуурч явсаныг ээж нь
мэджээ. Жек дөнгөж саяхан баяр хөөртэй байснаа мартан доош тонгойн
сэтгэлээр уналаа. Ээжийгээ хурсан нь түүнд маш их ичгэвтэр байв.
Хуучин хувцаснаасаа ичихдээ ч ингэтлээ сэтгэлээр унадаггүйсэн. Нөгөө
жаал зайрмагаа долоох зуур түүн рүү тэсч ядан харах нь түүнийг ганц
сайн чадлаа гэж бодож суух мэт.

-Чи ч их сэргэлэн юмаа. Аягүй бол ээждээ худлаа хэлээд эндхийн ямар
нэг дээрмийн бүлэгт ажилдаг биз гэж тавлахад цуг явж байсан хөвгүүн
адганатал инээд алдав. Жекийн уур цухал хүрэн тэрхүү хоёр хүүг
нүдээрээ тасар татах шахам харлаа. Гэвч тэр хоёр түүнийг тоосон
шинжгүй

-Хөөх, ямар ширүүн харцтай юм бэ? Аргагүй л дээрэмчин байна даа.
Танай аав цагдаа байсан гээ биз дээ. Харин хүү нь хулгайч, дээрэмчин
болчих гэж хэмээгээд зэрэг инээд алдахад Жек ухасхийн босч тэрхүү
хүүгийн үснээс зууран газар унагав. Уур хилэн түүнд асар их тэнхээг
хайрлажээ. Жек түүний дээрээс тонгойн толгой руу нь нударгалахад гар
нь хэтэрхий хүчгүй юм шиг санагдан түүнийг сайн хашрааж цустай нь
холих юмсан гэх адийн бодол төрөн ийш тийш харвал хажууд нь атга
хэрийн чулуу хэвтэж байв. Шаргал үст хүүтэй цуг явсан хөвгүүн түүний
араас зуурах боловч Жек нэг гараараа цээж рүү нь түлхэн унагалаа.
Тэгээд газраас чулууг шүүрэн авч өөрийг нь тавласан хүүгийн толгой руу
цохиж гарав. “Энэ л ээжид минь бүгдийг хэлсэн, энэ л ээж бид хоёрыг
муудалцуулсан” гэж дотроо бахардан бодоход тэнхээ нь улам нэмэгдэж
түүний хэлсэн “аав нь цагдаа, хүү нь дээрэмчин” гэх үг ухааныг нь
мансууруулжээ. Хэн нэгэн эмэгтэйн айж хэлмэгдэн дуу алдах чимээнээр
л Жек сэхээ орлоо. Өөрийг нь тавалж, хорноор жуумалзаж байсан
хүүгийн толгой цусанд хутгалдан бие нь амьгүй гулдайж хэвтэв. Жек дуу

гарсан зүг рүү харвал ээж нь түүнийг ширтэн газар сөхрөөд сууж
байлаа. Түүний нүд хязгааргүй их шаналж нулимс нь гол мэт урсаад,
балмагдсандаа амаа ангайлган өөр рүү нь харжээ. Жек айж хиртхийн
ээж рүүгээ харав. Нүд рүү нь харав. Ээж нь хараа оржээ. Хараа орохдоо
хүүгээ анх олж харжээ! Алуурчин хүүгээ! Жейн асар их айдас, сэтгэлийн
их хөдөлгөөнөөс болж ухаан алдан унав...

...10 жилийн өмнө. Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг нь эмнэлгийн таван
давхарт байрлана. Дөнгөж төрсөн хүүхдүүдийг энд тусгаарлан, жинлэж
бүртгэн үзээд цаг нь болмогц эхэд нь өгдөг байлаа. Ажилдаа түүртэж
ядарсан сувилагч бүсгүй нялх хүүхдүүдийн тасагт орж ирэн өлгийнд нь
уясан дугаарыг шалгаж үзсээр 6 гэсэн дугаартай хүүг олон, эвтэйхэн
тэвэрч аваад гарав. Тэрхүү хүүг саяхан энгийн өрөөнд шилжүүлсэн
бүсгүй дээр оруулж ирэхэд ядарч туйлдсан ч эх хүн болсон баяр хөөрт
умбасан бүсгүйн нүд хайр энэрлээр дүүрээд

-Миний хүү хэмээн угтав. Эцэг нь камераар бичлэг хийх зуураа

-Би хүүдээ аль хэдийн нэр олчихсон гэхэд ээж нь хүүгээ энхрийлэн
тэврэх зуураа

-Хэн гэж нэр өгөв дөө гэвэл эцэг нь

-Никол. Ямар сонсогдож байна? Никол Жейфри гэхэд ээж нь нялх
үрийнхээ хацар дээр үнсээд

-Бяцхан Ник гэв. Сувилагч тэднийг баяр хөөртэй нь үлдээн буцаж
хүүхдийн тасаг руу орон саяны хүүхэнтэй зэрэг шахам төрсөн эмэгтэйн
хүүхдийг авахаар тэмдэглэл рүүгээ шагайн

-Жейн. 9 номер гэж амандаа үглээд хүүхдүүдийн дундуур яван нэгэн
хүүгийн өлгийн дэх дугаарыг харав. Тэрхүү дугаар нь 9 гэсэн бичигтэй
байлаа. Сувилагч хүүг тэврэн эхэд нь өгөхөөр явав. Харин нойрмог
сувилагч 6-гийн тоог буруу харуулан уншсанаа анзаарсангүй.

Төгсөв

Уншигч таны магтаалд урамшиж, шүүмжлэлд баярлан илүү сайныг

бүтээх хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэгдэх тул
[email protected] хаягаар саналаа илгээнэ үү.

Table of Contents

6 ба 9


Click to View FlipBook Version